Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00193

 

“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/01326 дугаар магадлалтай,                                                             

“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д ” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн “Гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан гаргасан 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “Д ” ХХК-ийн “Б ” ХХК-д холбогдуулан гаргасан 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,130,960 төгрөгийг, хариуцагч “Д ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,058,355 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 28,803,537 төгрөгийг буцаан гаргуулж “Д ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/01326 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д ” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.03-ны өдрийн 210/МА2023/01326 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хэргийн үйл баримтаас товч дурдвал: “Б ” ХХК-ийн захирал Э , “Т ” болон ХБНГУ-ын иргэн Ф нар нь оюутан цагийн найз нөхөд бөгөөд 2012 оноос эхлэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар болж, “Б ” ХХК нь сэргээгдэх эрчим хүчний төслийг амжилттай хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг өөрсдийн хүний нөөцийн хүч бололцоогоор гүйцэтгүүлж, төсөл хэрэгжүүлэгч “Д " ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллах, төсөл амжилттай хэрэгжих үед 2,000,000 ам.долларыг цорын ганц эцсийн өмчлөгчийн хувьд “Т ” болон ХБНГУ-ын иргэн Ф нар нь “Б " ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд “Д ” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг нутаг дэвсгэрт “Говь нарны цахилгаан станц"-ыг барьж байгуулан, Улсын комисст 2020.10.12-ны өдөр хүлээлгэж өгснөөс хойш төвийн эрчим хүчний сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. 2016 онд төслийн хэрэгжилтийн явцад “Т ” болон ХБНГУ-ын иргэн Ф нар нь "Д ” ХХК-ийн толгой компани болох “Д ” компанид өөрийн эзэмшиж буй хувьцааг АНЭУ-д байрлах “Ю ” компанид худалдсан. Хувьцааг худалдан авсан “Ю ” компаниас манай компанийг үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэж байхыг хүсч, төсөл холбогдож, цахилгаан үйлдвэрлэх шаардлагатай байгаа тул “Т ”-ын төлбөл зохих төлбөрийг танай компанид төлөх амлалтыг баталгаажуулж байна гэж албан бичгээр болон амаар удаа дараа мэдэгдэж байсан тул ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, төслийг амжилттай хэрэгжүүлсэн болно. Ийнхүү "Д ” ХХК болон “Б ” ХХК-ийн хооронд 2020.06.25-ны өдрийн “Гэрээ” байгуулагдсан боловч “Д ” ХХК нь 2020.06.25-ны өдрийн “Гэрээ”-гээр 1,700,000 ам.долларыг манай компанид төлөх үүргээс 350,000 ам.долларыг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж эхэлсэн учраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, нэхэмжлэгч нь шүүхэд хандсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн хуулийг хэрэглэхдээ Улсын Дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд залруулан өөрчлөлт оруулсан гэж магадлалдаа заасан боловч энэхүү өөрчлөлтийг оруулахдаа материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өөр хоорондоо зөрчилтэй ойлгомжгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийг хохироосонд гомдолтой байна.

4.1. Магадлалын 5-д “Б " ХХК болон “Д " ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ" гэж дүгнэсэн атлаа Магадлалын 8-д “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгчид 700.000 ам.доллар төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон гэрээний гол нөхцөлийг материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэн тодорхойлж, нэхэмжлэгчид илт хохиролтой шийдвэрийг гаргасан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан нь үүргийн гүйцэтгэлийн явцад маргаан гарвал үүрэг гүйцэтгүүлэгч тал эрхээ шүүхээр хамгаалуулах, үүрэг гүйцэтгэгч нь амласан үүргээ гүйцэтгээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх, шаардлагатай бол хохирлыг нөхөн төлөх явдлыг багтаасан ойлголт атал давж заалдах шатны шүүх “Төлбөр төлөх үүрэг үүссэн” эсэх агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлд “Б " ХХК нь “Т ” ба Ф нараас 1,700,000 ам.доллар нэхэмжилсэн бөгөөд “Т ” ба Ф нар нь ДСПВ компанийн шууд бус хувьцаа эзэмшигчдийн тоонд багтдаг тул ДСПВ нь Б -д 1,700,000 ам.доллар төлөх үүрэгтэй болохыг нотолж байна” гэж зааснаар хариуцагчид гүйцэтгэсэн ажлын төлбөр мөнгийг төлөх үүрэг үүссэн байгаа нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасантай нийцэж байна. Учир нь “Д ” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч “Т ” болон ХБНГУ-ын иргэн Ф нартай амаар харилцан тохиролцсон хэлцлийн гол нөхцөл нь “Б ” ХХК нь нарны эрчим хүчний цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд туслан гүйцэтгэгчээр оролцох, туслан гүйцэтгэгчийн ажлын хөлсийг 1,7 сая ам.доллараар тооцон тогтоосон болохыг дараагийн хувьцаа эзэмшигч болох “Ю ” компани хүлээн зөвшөөрч, төлбөрийн үүргийг уг төслийн өмчлөгч “Д ” ХХК нь хариуцан “Б ” ХХК-д төлөх зорилгоор 2020.08.25-ны өдрийн “Гэрээ” байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал, 2020.04.29-ний өдрөөс эхлэн “Ю ” компанийг төлөөлж А , “Б ” ХХК-ийн захирал Э  нарын хооронд WhatАрр-апп ашиглан харилцан санал солилцсон баримтуудад 2023.02.08-ны өдөр анхан шатны шүүхээс хийсэн “Үзлэгийн тэмдэглэлээр “Ю ” компанийн захирал гэх А  нь “Б ” ХХК-иас нарны эрчим хүчний цахилгаан станцыг улсад хүлээлгэн өгөхөд шаардлагатай бүх баримт бичиг эергээр нөлөөлөх шаардлагатай, 1,700,000 ам.доллараас 150,000 ам.долларыг гаргаж өгье, бид дараа нь Ф аас хэрхэн буцааж авах асуудлыг шийдэх ёстой, хэрвээ бид дараагийн 9 сарын хугацаанд багтаан үйлдвэрийг борлуулах асуудлыг амжилттай шийдвэрлэж чадахгүй бол үлдсэн 1,550,000 ам.долларыг "Б ” ХХК-д төлж барагдуулна, би чамд дарамт үүсгэхийг хүсэхгүй байгаа хэдий ч энэ шатанд шийдвэрлэх хамгийн зөв санал гэж бодож байна” хэмээн хүсэл зоригоо илэрхийлж байсан нь нотлогддог атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүсээгүй, зөвхөн санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөр үүрэг үүснэ, санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд үүрэг үүсэхгүй гэх агуулгаар хуулийг тайлбарлаж, хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн Магадлалын 7.1-д “2020.08.25-ны өдрийн “Гэрээ"-ний 4-т “...Д " ХХК-ийн үүрэг амлалт нь "Б ” ХХК-ийн зүгээс Т  групп, эсвэл Ф  фон Т  компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг гаргаж өгөхөөс хамаарна” гэж дурдсаныг Гэрээний 1-д заасантай харьцуулан үзвэл, “Б ” ХХК-ийн нь Т  групп эсвэл Ф  фон Т -ээс бодитоор 1,700,000 ам.долларын авлагатай болохоо нотлох баримтаар нотолсны дараа “Д " ХХК уг төлбөрийн үүргээ гүйцэтгэхээр байна” гэж дүгнэхдээ өр төлбөртэй холбоотой нотлох баримтыг гагцхүү санхүүгийн анхан шатны баримтууд гэж илэрхий хийсвэрлэн дүгнэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлийг орхигдуулсан алдаатай дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан “Гэрээний 4-т заасан “Б ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн төсөл хэрэгжих үндсэн бүх бичиг баримт болох Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, төсөл хэрэгжих газартай холбоотой бүх зөвшөөрөл, гэрээ, бусад холбогдох судалгаа, төслийн барилга байгууламж барих зураг төсөл, барилгын ажлын бүхий л зөвшөөрөл зэрэг асар их хэмжээний ажлыг 2012-2019 оны хооронд өөрсдийн зардал, хүний нөөцөөр хийж гүйцэтгэсэн бичиг баримтуудыг 2020.10.12-ны өдөр "Д ” ХХК-ийн дэд захирал Д т хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтад огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Дээрх хүлээлгэн өгсөн бичиг баримтын жагсаалтын 1-д “Төслийн үндсэн баримт бичиг” - 59 төрлийн бичиг баримт, 2-т “Боть” 17 хавтас, 3-д “Гэрээ” 21 ширхэг, 4-т Англи хэл дээрх гэрээ, орчуулгууд 13 ширхэг, 5-т “Албан бичиг" нийт 2 боть, бусад баримт бичгүүд 1 ботийг хүлээлгэн өгсөнтэй хариуцагч огт маргадаггүй болохыг шүүхээс анхаарахыг хүсье. Хариуцагчаас "Б ” ХХК-ийг нарны цахилгаан станцын төсөлд туслан гүйцэтгэгчээр оролцсон, өөрсдийн зардал хүний нөөцөөр төсөлтэй холбоотой бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэсэн болохыг үгүйсгэсэн, няцаасан ямар ч баримт гаргаагүйгээс гадна өмнөх хувьцаа эзэмшигч нартай тохиролцсон ажлын хөлс 1,7 сая ам.доллар гэдгийг хүлээн зөвшөөрч, эхний төлбөрүүдийг төлж байсан гэдгээ үгүйсгэсэн ямар нэгэн нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.2. Давж заалдах шатны шүүх "Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй" гэж дүгнэсэн атлаа "...хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 350,000 ам.долларын тухайд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар “төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн” байх тул буцаан шаардах эрхгүй гэж хууль хэрэглээний хувьд илт зөрчилтэй дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлээр нэг тал үүрэг хүлээх гэрээг хийсвэр байдлаар байгуулах боломжийг зохицуулсан зохицуулалт юм. Үүрэг гүйцэтгэхээр амласан амлалт болон нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрснөөр нэг тал үүрэг хүлээх гэрээ бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр үүрэг гүйцэтгэхээр амлах, эсхүл төлбөр гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрөх тухай ойлголт байдаг.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2020.08.25-ны өдрийн Гэрээ-гээр 1,7 сая ам.доллар төлөх үүргээс хариуцагчийн биелүүлсэн 350,000 ам.долларын төлбөрийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасантай нийцэж байна гэж дүгнэсэн атлаа тухайн гэрээний үлдэгдэл өр төлбөр буюу 700,000 ам.долларыг төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй гэж дүгнэж байгааг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас зөрүүтэй тайлбарласан гэж үзэхээр байна.

4.3. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч нь нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс 1,994,602,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан “Баян сагсай аудит" ХХК-ийн тайлангаар дээрх нөхцөл байдал нотлогдохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь уг аудитын.. тайлан нь санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэгдээгүй байхаас гадна нэхэмжлэгч талаас санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй" гэж нотлох баримтаас илт зөрүүтэй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нарны цахилгаан станцын төсөлд 1,910,308,567 төгрөгийг зарцуулсан болохыг нотолж “Баян сагсай аудит” ХХК-ийн “Баримтаар илрүүлсэн зүйлийн тайлан”-г шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү тайлантай хариуцагч маргаагүй. Дээрх тайлангийн 1-д “Нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой ажилд 2012-2019 онуудад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төлбөрийн баримтуудтай болон аудитлагдсан тайлангуудтай тулгасан. 2-т “Нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлын задаргааг холбогдох баримтуудыг үндэслэн түүвэрлэн нэгтгэв” гэж дүгнэсэн нь Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчөөгүй атал давж заалдах шатны шүүх чухам ямар баримтыг үндэслэж, санхүүгийн анхан шатны баримтад үндэслээгүй тайлан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.12.09-ний өдрийн 17283 дугаар шүүгчийн "Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар “Б ” ХХК-иас 2012.12.04-ний өдрөөс 2020.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөнгө оруулалт болгон зарцуулсан гэх 1,700,000 ам.долларын санхүүгийн баримтуудыг ирүүлэхийг даалгасан байх бөгөөд 2022.12.20-ны өдөр нэхэмжлэгч нь Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн газарт “Д ” ХХК-тай холбогдуулан хэрэг бүртгэлийн 201000708 дугаар хэргийг нээн шалгах үед төсөлд зарцуулсан санхүүгийн анхан шатны баримтууд, тооцоонуудыг тухайн эрүүгийн хавтаст хэрэгт өгч хавсаргуулсан болохыг бичгээр тайлбарласан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүн таслах ажиллагааг удирдан явуулах үүргээ зөрчсөн тухайд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, уг процессын зөрчлийг хэвээр үлдээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Эцэст нь гадаадын хөрөнгө оруулалттай “Д ” ХХК нь нарны эрчим хүчний цахилгаан станцын төслийг Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлэхдээ бүтэн 7 жил Монгол Улсын хуулийн этгээд болох “Б ” ХХК-иар туслан гүйцэтгэгчийн ажлыг бүхэлд нь гүйцэтгүүлсэн гэдэгтэй маргаагүй атлаа уг станцыг улсын комисст хүлээлгэн өгч, цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хийж ашиг орлого олж эхэлсэн даруй харилцан тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж, гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсоор байхад нэхэмжлэгч компанийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө мөнгөө олж авах ямар ч боломжгүй болгож, илтэд хохироосон шийдвэр, магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд гаргасан нь шударга ёсны зарчимд үл нийцэж байгаагаас гадна шүүхэд итгэх иргэн, хуулийн этгээдийн итгэлийг хөсөрдүүлж байгаад анхаарлаа хандуулахыг Улсын Дээд шүүхээс хүсч байна. Иймд 2023.04.21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэр болон 2023.07.03-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/01326 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.05-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01078 тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Э гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...”Б ” ХХК нь “Т  групп” болон “Ф  фон Т ”-тэй нарны эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлсэн ба төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Б ” ХХК хөрөнгө хүч, нөөц бололцоог ашиглан ажиллаж, төслийн хүрээнд шаардагдах 1,910,306,567 төгрөгийн зардлыг гаргаж, хөрөнгө оруулалт оруулсан. “Т  групп” болон “Ф  фон Т ” нь төсөл амжилттай хэрэгжсэний дараа 2,000,000 ам.доллар өгөх амлалт өгсний дагуу “Д ” ХХК нь 1,700,000 ам.долларыг “Б ” ХХК-д төлөх үүргийг 2020.06.25-ны өдрийн Төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн, 2020 оны 10 сарын байдлаар 350,000 ам.доллар төлсөн, үлдэгдлийг төлөөгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч “Д ” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, ... нэхэмжлэгчид 2,000,000 ам.долларын төлбөр төлөх үүрэг төслийн хүрээнд шилжиж ирээгүй, ... энэ мөнгийг шаардах үед нь төсөлд зарцуулсан гэх долларын зардлаа баримтаар нотлох тухай мэдэгдэл, албан бичгүүдийг хүргүүлж харилцаж байсан, ... гэрээнд гарын үсэг зурсан гэх А  нь 2020.06.25-ны өдөр Монгол Улсад байгаагүй учир гарын үсэг зурах боломжгүй, нэхэмжлэгч уг гэрээг фотошоп ашиглан хийсэн тул хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаад, 2020.06.25-ны өдрийн төлбөр төлөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл мөн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн “Д ” ХХК-ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч,  төөрөгдөлд оруулсан тул нийт 5 удаагийн үйлдлээр 350,000 ам.доллар төлж хохирсон, уг дүнгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. 

7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020.06.25-ны өдрийн гэрээгээр “Б ” нь Т  болон Ф компаниас 1,700,000 ам.доллар нэхэмжилсэн бөгөөд Т  ба Ф нар нь ДСПВ /Д  ХХК/-ийн шууд бус хувьцаа эзэмшигчдийн тоонд багтдаг тул ДСПВ нь Б -д 1,700,000 ам,доллар төлөх үүрэгтэй болохыг баталж, ДСПВ нь гэрээний 1-р хавсралтад заасан Төлбөрийн хуваарийн дагуу Б -д төлөх, ДСПВ компанийн үүрэг амлалт нь Б -гийн зүгээс Т  эсвэл Ф компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг гаргаж өгөхөөс хамаарна гэж талууд тохиролцсон байна.

8.Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу “Д ” ХХК нь 2020 оны 6 сараас 10 cap дуусталх хугацаанд эхний 5 удаагийн төлөлт буюу нийт 350,000 ам.долларыг “Б ” ХХК-д төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

9.Хариуцагч “Д ” ХХК нь гэрээний 4 дүгээр заалтын дагуу Т /Ф-ийн зүгээс “Б ” ХХК-д гэрээний дүн 1,700,000 ам.долларын төлбөрийг төлөх ёстой гэдгийг нотолсон албан ёсны баримт бичгийг шаардсан албан бичгүүдийг “Б ” ХХК-д хүргүүлж, төлбөрийг шилжүүлэх үндэслэл болох нотлох баримтуудыг ирүүлээгүй тохиолдолд төлбөрийг төлөхгүй, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн тухай баримтууд хэрэгт авагджээ.

10.Анхан шатны шүүх “... 2012 онд ХБНГУ-ын иргэн Ф-ийг 2,000,000 ам.доллар өгөхөөр амласан гэдгийг нэхэмжлэгч  нь баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4-т зааснаар амлалтыг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул Сайншандын нарны эрчим хүчний төсөл амжилттай хэрэгжвэл 2,000,000 ам.доллар өгөхөөр амласан гэсний дагуу үүрэг үүссэн гэж үзэхгүй, хууль болон гэрээний дагуу үүссэн болохыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020.06.25-ны өдрийн гэрээг “ ...”Д ” ХХК-ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан гэрээг байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж тодорхойлж, “...“Б ” ХХК нь хууль болон гэрээгээр “Д ” ХХК-аас 1,700,000 ам,долларыг шаардах эрхгүй атлаа төөрөгдүүлэх, цагдаа болон эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж шалгуулах замаар уг гэрээг байгуулсан, ...2020.06.25-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнээд, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, талуудын байгуулсан 20206.06.25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн, мөн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон шаардлага нь үндэслэлгүйгээр төлсөн 350,000 ам,долларыг гаргуулах шаардлагын үндэслэл тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй юм. “Б ” ХХК-д 5 удаагийн төлөлтөөр шилжүүлсэн 350,000 ам,долларыг “Д ” ХХК-ийг төлсөн гэж үзэхгүй, ... хуульд заасны дагуу хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул хариуцагч “Д ” ХХК нь нэхэмжлэгчээс 350,000 ам,доллар буюу 1,180,081,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

11.Давж заалдах шатны шүүх “...гэрээний дагуу 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй буюу 2020.06.25-ны өдрийн гэрээний 4-т заасан нөхцөлийг хангасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь уг нөхцөлийг хангасан тохиолдолд төлбөр төлөх боломжтой талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан ба нэхэмжлэгчийн нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан гэсэн тайлбар нь баримтаар нотлогдохгүй, ... “Баян сагсай аудит” ХХК-ийн тайлангаар дээрх нөхцөл байдал нотлогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ... хариуцагч “Д ” ХХК-д “700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөгийг “Б ” ХХК-д төлөх үүрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүсээгүй, анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүйг залруулна” гэж дүгнээд, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.

12.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч “Д ” ХХК-д  холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчтай 2020.06.25-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г үндэслэлээ болгосон байх бөгөөд хариуцагч нь хэд хэдэн үндэслэлээр энэ гэрээг эс зөвшөөрч тайлбар гарган, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдлийн хувьд зөв гэж үзсэн хэдий ч хууль хэрэглээний тухайд өөр дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй уг төлбөр барагдуулах тухай 2020.06.25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзсэн атлаа энэ зүйлд заасан “халхавчлагдсан ямар хэлцэл” байсан тухай ямар нэгэн үндэслэл, тайлбар хийгээгүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт юм. Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хамт хэрэглэхдээ үндэслэлийг тодорхой дүгнээгүй, шаардлагад хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс эсрэг үндэслэлээр дүгнэлт хийсэн буюу нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэдгээ баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Гэхдээ “...хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлагын тухайд хариуцагч нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн байх тул буцаан шаардах эрхгүй” гэж дүгнэснийг харилцан зөрчилтэй гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар, хоёр шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна гэж үзэх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/01326 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 10,130,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН