Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00186

 

 

О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01047 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01243 дугаар магадлалтай,                                                                                                                               

О ын нэхэмжлэлтэй,

Д эд холбогдох

2021.06.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргаснаас үүдсэн хохирол 12,218,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээнээс учирсан хохиролд 16,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О  нь хариуцагч Д эд холбогдуулан 2021.06.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргаснаас үүдсэн хохирол 12,218,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 16,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01047 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 334 дүгээр зүйлийн 334.2.2, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д ээс франчайзийн гэрээний төлбөрт 5,600,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О т олгож, мөн нэхэмжлэгч О оос гэрээнээс учирсан хохиролд 3,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д эд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, мөн алданги 1,154,400 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1,864,400 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 5,018,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх Өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,550 төгрөг, хариуцагч Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ээс 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О т, нэхэмжлэгч О оос 70,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д эд тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01243 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д ээс 7,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О т олгож, үлдэх 5,018,800 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч О оос 16,000,000 төгрөг гаргуулах Д ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нэхэмжлэгч О оос 70,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д эд тус тус...” гэснийг хасч, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн боловч Давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэж хууль болон хэргийн нотлох баримтыг зөрүүтэй байдлаар үнэлэлт дүгнэлт өгсөн байх тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, хэргийг бүхэлд нь хянаж, О ын үндэслэлгүй хөрөнгөжсөн байдалд мөн Д эд учирсан хохиролд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан “Франчайзийн гэрээ”-г хүчин төгөлдөр буюу О  нь франчайз эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй байсан гэж нотлох баримтыг үнэлэн хуулийн холбогдох заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүх нь О  болон ОХУ-ын “К ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр О т гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхийг олгоогүй буюу гуравдагч этгээдтэй хамтран ажиллах болон гуравдагч этгээдэд эрх шилжүүлэх гэдэг эрх зүйн тусдаа ойлголт болох дээр үнэлэлт, дүгнэлт өгч талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав” гэж дурдсан. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд үнэлэлт өгсөн боловч тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэний хууль зүйн үр дагаврын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, мөн хэрэглэвэл зохих ёстой хуулийн зохицуулалт хэрэглээгүй нь хэргийг бүхэлд нь хянаагүй, хуулийг нэг мөр хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Д э нь франчайз эрхийг О оос 25,000,000 төгрөгөөр худалдан авсан мөн сар бүр 800,000, үйл ажиллагаандаа зориулж У.Хулангаас зээлсэн мөнгөний хүү, алданги болон түрээсийн төлбөр зэрэг Д эд учирсан хохирол мөн О ын үндэслэлгүй хөрөнгөжсөнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Франчайз гэрээний төлбөр болох 5,600,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг Д ээс гаргуулах шийдвэрт Давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхисон нь хэргийг бүхэлд нь хянаагүй буюу талуудын хооронд үүссэн харилцаанд бүрэн дүүрэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар өгөөгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 492.1.1, 56.5 дах хэсэгт энэ хуулийн 56.1 мөн хуулийн 56.6 зэрэг талуудын харилцаанд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй буюу хэргийг бүхэлд нь хянан үзээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд, Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, талуудын хооронд үүссэн харилцаанд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн 210/МА2023/01243 тоот магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул дараах үндэслэлүүдээр гомдлыг гаргаж байна. үүнд: Магадлалын хянавал хэсэгт давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав гэжээ. Магадлалын хянавал хэсгийн 4-т дурдагдсан 24 тоот Түншлэлийн гэрээ болон түүний нэмэлт гэрээг ОХУ-ын “К ” ХХК-аас О т “Крези ..” ХХК-ийн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварыг ... гуравдагч этгээдэд шилжүүлэн ашиглуулах эрхийг олгоогүй байна. О ын тус компанитай байгуулсан гэрээнд “франчайз” гэх үг үсэг ороогүй байгаа нь Иргэний хуулийн 198.1-ийг зөрчсөн хэмээжээ. Гэтэл Иргэний хуулийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 198.3-т гэрээний зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр агуулгаар тайлбарлаж болохоор байвал гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд нь өөр өөр газар оршин суудаг бол гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана, 198.5-д холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу хэдий О ын 24 тоот Түншлэлийн гэрээний нэмэлт заалтуудад Франчайз гэх үг үсэг ороогүй ч тус гэрээг бүхэлд нь авч үзвээс гэрээний нэмэлт заалтын 2 дугаарт “эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй хамтран ажиллах бол 24 тоот гэрээнд заасан хэмжээгээр нэг удаагийн төлбөр болон роялти төлбөрүүдийг төлж байх үүрэгтэй”, түүнчлэн тус гэрээний 3 дугаарт төлбөр тооцоог хэрхэн хийх талаар тодорхой тусгасан нь тус гэрээг франчайз гэрээ болохыг тодорхой илэрхийлж байгаа билээ. Мөн хамгийн гол нь нэхэмжлэгч, хариуцагч нар тус гэрээг Франчайзийн гэрээ биш гэдэг дээр маргаагүй, гэрээнд оролцож буй 2 тал 2-лаа тус гэрээг франчайзийн гэрээ гэж хүлээн зөвшөөрөөд байхад Давж заалдах шатны шүүх “гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заадаг байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэгчийн ч эрх ашгийг, хариуцагчийн ч эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргаад байгаа нь Иргэний хуулийн 199.1, 196.1.2-ыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь гэрээг бид юу ч гэж нэрлэж болно гагцхүү талууд түүнийг хүлээн зөвшөөрч, тус гэрээгээр тохиролцсон тохиролцоондоо хүрэхгүй бол яах вэ гэдгээ бичгээр үйлдэн харилцан тохиролцсоноо баталгаажуулахыг хэлдэг. Үүнийг “Иргэний хуулийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар талууд гэрээг байгуулсанд тооцно” гэж томьёолсон байдаг. Мөн Магадлалын хянавал хэсгийн 5 дугаар заалт 6 дугаар заалттайгаа эрс зөрчилдөж байх бөгөөд магадлалын 5 дугаар хэсэгт О ын ОХУ-ын “К ” ХХК-тай байгуулсан гэрээ нь Франчайзийн гэрээ биш байна гэж тодорхойлсноо 6 дугаар хэсэгт хэрвээ О ын ОХУ-ын “К ” ХХК-тай байгуулсан гэрээ нь Франчайзийн гэрээ биш юм бол яагаад тус гэрээ Иргэний хуулийн 334.2.4 дэх зүйлийн шаардлагыг хангах ёстой гэж? Тодруулбал, магадлалд О ын ОХУ-тай байгуулсан гэрээ нь Франчайзийн гэрээ биш байх тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарласнаа дараагийн хэсэгт энэ гэрээ нь Франчайзийн гэрээний шаардлагыг зөрчсөн буюу Франчайзийн гэрээ байна гэхдээ гэрээний үндсэн шаардлага нөхцөлийг зөрчсөн байх тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдож байна гэх тайлбар нь өөр хоорондоо зөрчилдөж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 334.2.2 дахь хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.05-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01077 тогтоолоор зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч О  нь хариуцагч Д эд холбогдуулан 2021.06.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргаснаас үүдсэн хохирол гэж гэрээний дагуу төлөх төлбөр 8,354,400 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 2,000,000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1,864,400 төгрөг, нийт 12,218,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...О  нь ОХУ-ын “К ” ХХК-тай байгуулсан франчайзийн гэрээний дагуу 2021.06.16-ны өдөр Д этэй хамтран ажиллах гэрээг байгуулсан боловч тэрээр гэрээг ноцтой зөрчсөн, ... ОХУ-ын “К ” ХХК-ийн эрхийг гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн франчайзийн гэрээ бөгөөд Иргэний хуулийн 338 дугаар зүйлийн 338.2-т заасан эрх хүлээн авагч гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид учруулсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-т заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...гэрээ нь хамтран ажиллах гэрээ нэртэй боловч оюуны өмчөөр хамгаалагдсан бараа, ажил үйлчилгээний тэмдэг, загвар, баглаа боодол, удирдлагын тогтолцоог шилжүүлэх, түүний төлбөрийг төлөхтэй холбоотой Иргэний хуулийн 333 дугаар зүйлд заасан франчайзийн гэрээ, эрх шилжүүлэгч нь тухайн эрхийн шударга эзэмшигч байх ёстой, нэхэмжлэгч нь ОХУ-ын “К ” ХХК-тай байгуулсан франчайзийн гэрээний дагуу оюуны өмчийг ашигладаг ба тухайн эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй гэсний дагуу гэрээ хийсэн, О  нь гэрээний төлбөрт авсан 25,000,000 төгрөгийг үндсэн эрх эзэмшигчид хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй, ...гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа” гэж маргаад, Иргэний хуулийн 334 дүгээр зүйлийн 334.1, талуудын байгуулсан гэрээний 2.1.1, 4.2.6-д заасныг үндэслэл болгож, эрх шилжүүлэгч О ын франчайзийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас эрх хүлээн авагч буюу өөрт учирсан хохирол гэж өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, зээлийн хүү 10,500,000 төгрөг, 7 сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

8.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч О  нь ОХУ-ын “К ” ХХК-тай 2019.09.15-ны өдөр №24 тоот “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, тус компанийн барааны тэмдэг ба үйл ажиллагааны чиглэлийг ашиглан өөрийн оронд дангаараа үйлдвэрлэл явуулах, ингэхдээ тус гэрээнд оруулсан нэмэлт гэрээний дагуу гуравдагч этгээдтэй хамтран ажиллах эрхтэй болох нь хэргийн 88-93, 110 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин зохигчийн хооронд байгуулагдсан 2021.06.16-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр “А” тал буюу О  нь ОХУ-ын “К ” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заасан шалгуур, шаардлага, удирдлага, менежментийн тогтолцооны дагуу шинээр байгуулагдах салбарын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эдийн бус хөрөнгийг хэрхэн ашиглах, салбарын үйл ажиллагааг барааны тэмдгийн хүрээнд хэрхэн хөтлөн явуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах, “Б” тал буюу Д э нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо, Мишээл волкинг стрийт-д байрлах байранд О ын өгсөн удирдамж, хөтөлбөрийн дагуу “К  ..” барааны тэмдэг бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах байр, хүний нөөц, эргэлтийн хөрөнгө гэх зэрэг салбарын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтын ажлыг хариуцаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар, түүнчлэн хамтран ажиллах эрх олж авсны төлбөрт нэг удаа 25,000,000 төгрөгийг Б тал нь А талд төлөх, цаашид сар бүр тогтмол 800,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор А талд төлж байхаар, үйл ажиллагааны цэвэр ашгийн 5 хувьтай тэнцэх шагнал олгох нөхцөлийг тус тус тохиролцсон байна.

9.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д заасан “Франчайзийн гэрээ” гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийг 4 үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргасан байна гэж дүгнэхдээ: 

9.1.Б тал нь ОХУ-ын “К ” ХХК-ийн шаардлагын нэгдүгээрт тавигддаг технологийн картын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байгаа нь гэрээний 2.1.2, 5.1.1, 5.2.3-т тус тус заасныг зөрчсөн гэсэн боловч хариуцагч Д э ямар стандартын аль заалтыг зөрчсөн, ямар картын дагуу үйлдвэрлэх ёстой бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй болох тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний дээрх заалтын зөрчил гэх үйл баримтад шүүх дүгнэлт хийх боломжгүй байна гэж,

9.2.Б тал нь гэрээний 5.2.4-т заасны дагуу нийт ажилчидтай нууц хадгалах гэрээг байгуулаагүй байх бөгөөд шинээр ажилтан авах бүртээ гэрээний 4.2.5-д заасан сургалтыг аваагүй байгаа нь гэрээний 4.1.1-д заасныг зөрчсөн гэсэн боловч “Э ” ХХК болон Б , Э  нартай байгуулсан нууцын гэрээ болон нууцын баталгаа зэрэг баримтаас үзэхэд “К  ..” франчайз эрхийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэн ажилтан өөрийн компанид ажиллах хугацаандаа олж авсан аливаа мэдээллийг бусдад задруулахгүй байх үүргийг бүрэн хүлээсэн байна. Түүнчлэн гэрч нарын мэдүүлгээр 14 хоногийн сургалт хийгдсэн, О ын даалгасны дагуу очиж пицца хийх жор, арга техникийг зааж өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул уг гэрээний заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдсонгүй гэж,

9.3.Б тал нь гэрээний 3.1.2-т заасан тогтмол төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж байх үүргийг зөрчсөн гэсэн ба 2021 оны 10, 11 дүгээр сар, 2022 оны 3, 4 дүгээр сарын тус тус төлбөр төлөгдөөгүй байх бөгөөд шалтгааныг хариуцагч талаас “ ...О  нь Д эд пиццаны гурилыг нийлүүлдэг байсан ба тухайн үед ковидын хөл хорионы улмаас яг зориулалтын гурил нь ОХУ-аас ирэхгүй, тээвэрлэлтийн саатал гарсан гэх үндэслэлээр О  нь эхэндээ төлбөрийг хойшлуулахыг зөвшөөрдөг байсан. Энэ хугацаанд Монголд үйлдвэрлэгдсэн гурилаар пиццагаа хийхэд яг өмнөх шигээ пицца гарахгүй байна гэдэг хэрэглэгчдийн санал гомдол ирдэг байсан тул үүнийг О т танилцуулж байсан. Ингээд энэ хоёр ярилцаад тухайн саруудын үйл ажиллагаа доголдсоныг хэн аль нь хүлээн зөвшөөрч, уг саруудын төлбөрийг хойшлуулж байсан” гэж тайлбарласан, төлбөртэй холбоотой зөрчил нь үүргийн ялимгүй зөрчил байх тул гэрээг цуцлах ноцтой зөрчил болохгүй гэж, 

9.4.Б тал нь гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлэх зорилгоор өөрийн салбарын олж буй зарлагын тайланг А талд улирал бүр танилцуулах үүргийг зөрчсөн гэсэн ба нэг улирлын хэмжээнд Д ийн үйл ажиллагааны орлого нь 150,000,000 төгрөгөөс дээш давсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй гэж тус тус дүгнээд, хамтран ажиллах гэрээг цуцлах, гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

10.Хохирол 12,218,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд гэрээний дагуу төлөх үүрэгтэй байсан төлбөр 2021 оны 10, 11 дүгээр сар 2022 оны 3, 4 дүгээр сар болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаа буюу 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын төлбөр 800,000х7=5,600,000 төгрөг, алдангид 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

11.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд заасан түрээсийн төлбөр буюу “Мишээл групп” ХХК-тай Д ийн байгуулсан түрээсийн гэрээний дагуу тэрээр сар бүр түрээсийн төлбөрт 500,000 төгрөг төлөхөөр бусдын өмнө үүрэг хүлээсэн байх бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдсан тухай баримт хэрэгт авагдаагүй байгааг дүгнэж, О ын 2022.06.10-ны өдрийн мэдэгдлээс үүдэн Д э тухайн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос түүнд хохирол учирсан байх тул түрээсийн гэрээний төлбөр 3,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч О оос гаргуулж хариуцагч Д эд олгохоор шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 12.Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 331 дүгээр зүйлийн 333.1 дэх хэсэгт заасан франчайзийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ О  болон ОХУ-ын “К ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, түүний нэмэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

12.1. “...24 тоот Түншлэлийн гэрээ, 24 тоот түншлэлийн гэрээний нэмэлт заалтууд зэргээр ОХУ-ын “К ” ХХК-аас нэхэмжлэгч О т эдийн бус хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэн ашиглуулах эрхийг олгоогүй буюу ...гуравдагч этгээдтэй хамтарч ажиллаж болно... гэсэн агуулгатай, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг шууд анхаарах бөгөөд франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэх болон гуравдагч этгээдтэй хамтарч ажиллах нь хууль зүйн хувьд хоёр тусдаа ойлголт, ...нэхэмжлэгч О ыг Иргэний хуулийн 334 дүгээр зүйлийн 334.2.4-т эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх гэснийг зөрчиж хариуцагч Д этэй Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул гэрээний эрх, үүрэг шаардах эрх үүсэхгүй хэдий ч нийт 7,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэжээ.

12.2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд “...хариуцагч Д э нь ...нэхэмжлэгч О ын буруутай үйл ажиллагааны улмаас “Мишээл групп” ХХК-д 3,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн байна.

13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...Иргэний хуулийн 198.2, 198.3, 198.5-д зааснаар О ын 24 тоот Түншлэлийн гэрээний нэмэлт заалтуудад Франчайз гэх үг үсэг ороогүй ч тус гэрээг бүхэлд нь авч үзвээс франчайзийн гэрээ болохыг тодорхой илэрхийлж байгаа, ... магадлалд О ын ОХУ-тай байгуулсан гэрээ нь Франчайзийн гэрээ биш байх тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарласнаа дараагийн хэсэгт энэ гэрээ нь Франчайзийн гэрээний шаардлагыг зөрчсөн буюу Франчайзийн гэрээ байна гэхдээ гэрээний үндсэн шаардлага нөхцөлийг зөрчсөн байх тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцогдож байна гэх тайлбар нь өөр хоорондоо зөрчилдөж байна. ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 334.2.2 дахь хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэснийг, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын  “...талуудын хооронд үүссэн харилцаанд бүрэн дүүрэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, ... Иргэний хуулийн 492.1.1, 56.5 дах хэсэгт энэ хуулийн 56.1 мөн хуулийн 56.6 зэрэг талуудын харилцаанд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй,  ...шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, талуудын хооронд үүссэн харилцаанд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгнө үү” гэснийг хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хангах боломжтой гэж байна. 

13.1.Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д “Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар О  болон ОХУ-ын “К ” ХХК-ийн хооронд байгуулагдсан №24 тоот “Түншлэлийн гэрээ”-г франчайзийн гэрээ гэж үзнэ.

13.2.Иргэний хуулийн 334 дүгээр зүйлийн 334.2.4-т “эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх” гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О  нь франчайзийн гэрээгээр олж авсан эрхээ Д эд шилжүүлэх эрхтэй гэж үзэх үндэслэл нь О ын ОХУ-ын “К ” ХХК-тай байгуулсан 24 тоот Түншлэлийн гэрээний нэмэлт заалтын 2-т “эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй хамтран ажиллах бол 24 тоот гэрээнд заасан хэмжээгээр нэг удаагийн төлбөр болон роялти төлбөрүүдийг төлж байх үүрэгтэй” гэж заасан, түүнчлэн тус гэрээний 3 дугаарт төлбөр тооцоог хэрхэн хийх талаар тодорхой тусгасан байх тул талуудыг франчайзийн гэрээ байгуулсан гэж дүгнэх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах зарчмын дагуу энэ гэрээ Иргэний хуулийн 334 дүгээр зүйлийн 334.2.4-т заасныг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн нэг удаагийн төлбөрт 25,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн, гэрээнд зааснаар технологийн сургалт явуулах, нууц хадгалах, барааны тэмдэг, сав баглаа боодол зэргийг ашиглан аж ахуйн үйл ажиллагаа явуулж, эрх ашигласны төлбөрийг нөгөө талдаа төлж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

14.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д заасан франчайзийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болжээ. Хэрэгт авагдсан гэрээнүүд харилцан уялдаатай байхад давж заалдах шатны шүүх гэрээний “хамтран ажиллах” гэдэг хэсгийг дангаар нь сонгон авч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлахдаа мөн зүйлийн бусад заалтыг анхаараагүйгээс хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01243 дугаар  магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 130,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                             Д.МӨНХТУЯА

                                                                             Д.ЦОЛМОН