Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 863

 

   2020           7              02                                        2020/ДШМ/863

 

     Ч.Г-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Ч.Б,

шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Ш.Т, Д.Д,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Д, Ш.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Гөд холбогдох эрүүгийн 1905009350230 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ч-ын Г, .............. өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 124 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:;

            Ч.Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Бг дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Ц.М-ын хүзүүнд хөлөөрөө өшиглөж, хүзүүний 2 нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт,

          мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн  дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.Шг найз Б.Бг дээрэлхсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 11 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гийн цагдан хоригдсон 347 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-д зааснаар Ч.Гөөс 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.А, 2009 оны12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Төрболд, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Т, 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Одхишиг нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар тутамд 26,250 төгрөгийг гаргуулан тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон эх Д.Ст олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...тухайн хэргийг би анхнаасаа хэрэг бүрдүүлэлт болон мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хохирол болох 25,233,807 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн уг хэрэг тохиолдлын чанартайгаар хохирогч Шгийн зүй бус үйлдлийн улмаас үйлдэгдсэн. Ийм төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн гэм буруудаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн оногдуулсан хорих  ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эд мөрийн баримтаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Эргэн дурсахуй” цэнгээний газрын хяналтын камерын бичлэгийн төхөөрөмжийг хураан авсан бөгөөд Г Мыг хүзүүний хэсэгт өшиглөж амь насыг нь хохироосон эсэх нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байхад шүүх гэм буруутай хэмээн үзэж өмнөх оногдуулсан ялаа хүндрүүлэн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, цогцост хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын “хүчтэй” зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөөгүй гэх, шинжээч эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс харахад эргэлзээтэй нөхцөл байдлууд байсаар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хоёр дахь удаагаа гэм буруутай гэж тогтоосон. Хоёр дахь удаагаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн. Тухайлбал: гэмт хэрэг 2019 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гарсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд ...гэм буруутай иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ...гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байхад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан гэх үндэслэлээр ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна” гэж дүгнэсэн боловч хөнгөрүүлээгүй харин ч өмнөх шийтгэх тогтоолоор оноож байсан ялаасаа илүү хүндрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж хүний амь нас хохироосон хэмээн үзэж маш их гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг чадлаараа нөхөн төлсөн. Шүүх хуралдаан дээр ч удаа дараа харамсаж байгаагаа илэрхийлж уучлалт гуйж байсан. Ч.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25,233,807 төгрөгийг төлж барагдуулсан нь дээрх хуулийн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Ш.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Гийн холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх дор дурдсан нөхцөл байдал байхад шүүх хуульд заасан ялын доод хэмжээг багасгаж хасахгүй байлаа гэхэд эргэлзээтэй байдлуудыг анхааран үзэж хорих ялын доод хэмжээгээр өөрөөр хэлбэл, өмнө нь оногдуулж байсан ялаа шүүгчийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд бүх мөнгө болох 25,233,807 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, гэмт хэргийг тохиолдлын байдлаар үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүнийг алах санаа зорилго байгаагүй, хохирогч гэх Б.Шгийн зүй бус үйлдэл, олон нийтийн газарт бусдыг өдөж маргаан зодооныг эхлүүлсэн зэрэг болно. Гэтэл шүүх энэ бүх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт анхааран үзээгүйд гомдолтой байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, камерийн бичлэгээр шүүгдэгч Ч.Г хохирогчийн хүзүүний хэсэгт өшиглөсөн боловч оноогүй болох нь тогтоогдсон байхад хүзүүнд өшиглөж алсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, харин үгүйсгэгдэж байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв хохирогчийн хүзүүнд өшиглөсөн, оносон бол яагаад хөхрөлт, улайлт, цус хуралт үүсээгүй гэдгийг шалгаж тодруулах нь зүйтэй байна. Хохирогч хүзүүндээ өшиглүүлсний дараа хоёр гараа өргөөд Б.Ш рүү ирж байгаа бичлэг байна, хүзүү нь хугарсан хүн ийм үйлдэл хийх боломж байгаа юу гэдгийг тодруулж шалгах байсан, шүүгдэгч зүүн гараараа хохирогчийн шанаанд цохиход хүзүү хугарсан эсэх, мөн унахдаа хүзүүгээ гэмтээсэн байж болох эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байсныг шүүх огт анзаарч үзэлгүй эргэлзээтэй нотлох баримтанд үндэслэн ял оноогоод байна. Ч.Гийн ямар үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон болохыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоож чадаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтыг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийтгэл оногдуулсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гутал шүүхэд эд мөрийн баримтаар ирсэн эсэх нь мэдэгдэхгүй, шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Шүүгдэгч Ч.Г нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн хувьд маргахгүй байгаа өөрийн буруутай үйлдлээс болж хүний амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн үзэхийг хүсэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хасаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан. Сар бүр 1,230,000 төгрөг, 1 жилд 14,760,000 төгрөг олгохоор байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн дундаж цалин хөлс нэг сард 1,500,000 төгрөг байсан бөгөөд түүний тэжээх үүрэг бүхий этгээдүүд энэ хэмжээний төгрөгөөр хохирсон гэж үзвэл тэдгээр тэжээгчээ алдсан этгээдүүд энэ мөнгийг бүрэн авах эрхийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 580.3-т заасан энэхүү баталгааг гарган зааж өгсөн байна. 1,500,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад үлдсэн мөнгийг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй байхаар заасан байтал Анхан шатны шүүхийн шийдвэрт нэг хүүхэд 26,250 төгрөг авахаар заажээ. Тодруулбал, амь хохирогч эсэн мэнд байсан бол түүний асрамжид байсан хүүхэд бүр 1,500,000 төгрөг хувааж авч байсан бол амь хохирсны дараа түүний асрамжид буй этгээдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй нийлээд анхан шатны шүүхийн шийдвэрээр 375,000 төгрөг авахаар болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр амь хохирогчийн асрамжид байсан этгээдүүдийг 1,125,000 төгрөгөөр хохироосон шийдвэр гаргасан байгаа юм. Анхан шатны шүүх хохирогч нас барснаас учруулсны төлбөрийг авах эрхтэй этгээдүүдийн дунд амь хохирогчийн хууль ёсны эхнэр Д.С миний биеийг оруулаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхдийг асран хамгаалж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй эхнэр төлбөр авах эрхтэй” гэж заасныг хэрэглэлгүй орхигдуулсан. Иймд дээрх алдаануудыг засаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх энэ хэрэгт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Б.Ш, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж, хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 37, 38 дугаар тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь прокурорын эрх хэмжээний асуудал юм” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй үгүйсгэгдэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон “Эргэн дурсахуй” цэнгээнт газрын хяналтын камерын дуу дүрсний бичлэгээр яллагдагч Б.Ш нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Бгийн эрх чөлөөнд халдан хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан танхайрсан үйлдэл гаргасан ба үүний улмаас яллагдагч Ч.Г нь иргэн Мыг өшиглөж зодон амь насыг нь хохироосон, Б.Б нь Гтэй бүлэглэн Б.Шгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь туйлын тодорхой байхад хяналт тавьж байсан прокурор А.Намдаг үндэслэлгүйгээр яллагдагч Б.Ш, Б.Б нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгон ял завшуулсан байдаг. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй хохирогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж хууль ноцтой зөрчсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сийн гаргасан гомдлын хариуд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга М.Оюундэлгэрийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А.Намдаг нь Ч.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа хяналтын чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон” гэсэн албан бичгээр хууль зөрчсөн нь нотлогдож байна.

2. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Гэтэл хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, ял завшсан Б.Ш,Б.Б нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах талаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан байхад үл хайхран шүүхэд шилжүүлж, хууль зөрчсөн прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд заасан хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй орхисон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна. Яллагдагч Б.Ш нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д заасан, яллагдагч Б.Б нь Б.Гтэй бүлэглэн иргэн Б.Шгийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хяналтын прокурор А.Намдаг гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээр хариуцлага хүлээлгэлгүй өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн, ял завшуулсан байх тул энэ хууль бус үйлдлийг залруулж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Ч.Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Бг дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Ц.Мын хүзүүнд хөлөөрөө өшиглөж, хүзүүний 2 нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэг,

мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн  дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.Шг найз Б.Бг дээрэлхсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Шгийн ”...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд тухайн өдөр манай ажлын хамт олон болох Б.Са, Б.Ц, Ц.М нартай хамт миний төрсөн өдрийг тэмдэглэхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Эргэн дурсахуй бааранд 19 цагийн орчимд орж үйлчлүүлсэн байдаг. Тухайн газарт очихоосоо өмнө ажлын байран дээр бид хоёр шил архийг хувааж уусан. Ингээд бид нилээн согтолттой байсан бөгөөд болж байсан бүх үйл явдлыг ерөнхийд нь санаж байна. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад намхан нуруутай жижиг залуу надад нэг эмэгтэй хүний тухай яриад байсан бөгөөд тэр залуу надад найзыгаа аваад яв гэж хэлсэн. ... би тухайн үед асуудал үүсгэмээргүй байна, төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу миний хүзүүнээс тэвэрсэн, гарыг нь тавиулах гэж оролдох үед ноцолдож эхэлсэн. Тэр залуу миний зүүн нүд рүү гараараа цохисон бөгөөд уг нь хэд хэдэн удаа цохих гэж оролдсон боловч тухайн цохилтууд нь онохгүй байсан. Тэгэхэд жижиг залуутай хамт явж байсан өндөр нуруутай залуу нь миний толгой руу өшиглөсөн. Тэр өшиглөлт нь миний зүүн талын хацрын хэсэгт оносон. Ингээд зодоон болж байхад баарны хамгаалагч нар ирээд зодооныг салгасан. Зодоон дууссаны дараа би богино хэмжээнд ухаан балартсан бөгөөд нэг ухаан ороод харахад М газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. ...миний биед учирсан гэмтлийг жижиг нуруутай залуу буюу Б гараараа зүүн шанаанд цохиж, харин өндөр нуруутай залуу буюу Г нь баруун хөлөөрөө зүүн шанаанд өшиглөх үед үүссэн. Надад тухайн гэмтлээс болоод учирсан хохирол байхгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй” /1хх 57-58/,

            гэрч Б.С-ын “...Б.Ц бид хоёрыг ширээн дээрээ юм яриад сууж байхад бүжгийн талбай дээр хүмүүс бужигнаад эхэлсэн, би яг бүжгийн талбай руу нуруугаа харуулсан байдалтай яг юу болж байгааг харах боломжгүй сууж байсан. Ингээд би эргэж харахад бүжгийн талбай дээр хүмүүс бужигналдаж байгаад хамгаалагч нар болон үйлчлүүлж байсан хүмүүс маргааныг салгаад тараасан. Тэгтэл тайзны баруун хэсэгт буюу бүжгийн талбайн баруун талын ширээний дэргэд талийгаач дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Ингээд Б.Ц бид хоёр Ц.М дээр очсон бөгөөд түүний дэргэд Б.Ш зогсож байсан. Ингээд Б.Ц талийгаачийн цээжин дээр нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дарж хиймэл амьсгал хийж байсан. Энэ хугацаанд М ямар нэгэн хариу үйлдэл огт үзүүлэхгүй байсан. Харин талийгаачийг өшиглөсөн гэх эрэгтэй түүний дэргэд сууж байсан бөгөөд “юу болсон бэ?, яасан бэ?, хиймэл амьсгаа хий л дээ” гэж байсан бөгөөд түргэний эмч нар ирээд Мыг нас барсан талаар хэлсэн. ...” /1хх 64-65/,

гэрч Б.Цын “...харин Са бид хоёр ширээн дээрээ суугаад юм яриад үлдсэн. Тэгтэл бүжгийн талбай дээр хүмүүс шуугилдаад эхлэхэд би юу болсон юм бол гэж бодоод хүмүүсийн зүгт очиход М газарт дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Харин Ш цээжин дээр нь хиймэл амьсгал буюу зүрхний массаж хийж амнаас аманд амьсгал өгсөн боловч М ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Ингээд түргэн тусламж дуудсан бөгөөд яаралтай түргэн тусламж ирээд Мыг нас барсан гэж хэлсэн. ...” /1хх 66/,

шүүгдэгч Ч.Гийн яллагдагчаар өгсөн “...Б бүжгийн талбай дээр Сараа болон түүний найз эмэгтэй нарын хамт бүжиглэж байсан бөгөөд би тэд нарыг бүжиглэхийг хараад сууж байтал баарны тек тал руу ойрхон сууж байсан танихгүй дөрвөн залуу бүжгийн талбай дээр гараад нэг залуу нь манай найз Бг хүзүүдэж аваад жаахан дээрэлхэх маягтай үйлдэл гаргаад байсан. Би тухайн үед тэр хоёр залууг Бг боож байгаад хавирах шиг үйлдэл хийсэн, тэгэхэд Б хөл алдаад уначихсан бөгөөд дээрээс нь тэр хоёр залуу цохиод байна гэж харагдсан. Тэгэхээр нь би шууд очиж нэг залуугийн урдаас нь түлхээд өшиглөсөн бөгөөд яг хаана өшиглөсөн талаараа санахгүй байна. Мөн миний хөл ямар нэгэн зүйлийг шүргэсэн. Тэгтэл Бг боож байсан залуу түүнийг доош даран дээрээс нь цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг Бг зодоод байгаа үйлдлийг нь болиулахын тулд өшиглөсөн. Миний өшиглөлт гаранд нь оносон байх. Тэгээд би өөрөө хойш алхсан. Яг тэр үед Бг боож байсан залуу түүнийг доош тонгойлгон цохиж байсан. Харин Бг цохиж байсан залуу буюу түүнийг боож байсан залууг зүүн гараараа аль хэсэгт цохисон талаар санахгүй байна. ...хэн нэгнийх нь мөрний хэсэгт чиглүүлэн өшиглөсөн бөгөөд тэр хүн миний өөдөөс харсан байдалтай байсан, гэхдээ миний өшиглөлт тэр хүний чихийг шүргэх шиг болсон. Тэгээд Бг талийгаачийн найз нь дээрээс нь цохиод байхаар нь баруун хөлөөрөө цээжин хэсэгт нь чиглүүлэн өшиглөсөн, тэр өшиглөлт оносон эсэхийг санахгүй байна. Дараа нь Бг зодож байсан талийгаачийн найзыг зүүн гараараа биеийнх нь хэсэгт цохиж салгах зорилготой гараа далайсан, тэгэхэд талийгаач миний дэргэд байсан бөгөөд би өөрөөсөө орон зайн баримжаа алдаад далайсан байсан зүүн гараараа шанаа буюу эрүүний хэсэгт нэг удаа цохисон. ... Уг үйл явц нь 1 минут ч хүрээгүй хурдан болоод өнгөрсөн. Баарны хамгаалагч нар намайг уг баарны үүдэнд аваачаад миний хоолойг боогоод энэ тэнд цохиод байсан. Гэтэл нэг хамгаалагч нь “нөгөө чиний цохисон хүн чинь босохгүй байна, чи өөрөө оч” гэж хэлэхээр нь би очтол тэр залуу бүжгийн талбайн булан хэсэгт газарт хэвтэж байсан. Би очоод тэр залуугийн цээжин дээр хэсэг хиймэл амьсгаа хийж дарсан боловч тэр залуу сэргээгүй. ...Цэнгээний газарт болсон зодооны явцад бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна” /1хх 191-193, 195-196/,

Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...тэр залуу намайг хүзүүдэн дагуулж цагаан цамцтай залуу буюу талийгаачийн урд талд авчирсан. Тэр үед намайг хүзүүдэж байсан залуу миний хүзүүг боож гараа чангалсан. Хажуунаас талийгаач нөгөө найзыгаа боль гэсэн үйлдэл хийж гараараа дохиж байсан бөгөөд хөгжимний чимээнд хүмүүсийн яриа сонсогдохгүй байсан. Ингээд намайг хүзүүдсэн залуу намайг тавилгүй боосон чигээрээ намайг тонгорсон бөгөөд боолтын улмаас нэг хэсэг ухаан балартсан бөгөөд би тэр залууг больё гээд өөрөөсөө түлхэх үйлдэл хийж байсан. Харин тэр залуу намайг цохих гэж дайрч намайг зуурч байсан. Тэр үед талийгаач намайг зуурсан залуу бид хоёрын баруун талд гараа урагш сунгаад болиулах үйлдэл хийж зогсож байсан. Тэр зодоон маш хурдан хугацаанд болж өнгөрсөн бөгөөд намайг хүзүүдсэн залуу руу би урагш тонгойж цааш түлхэх үйлдэл хийх гэсэн боловч тэр залуу намайг дээрээс дарж байгаад хэд хэдэн удаа цохисон . Энэ үед миний ард юу болсон талаар би мэдээгүй. ...” /1хх 177-178/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2630 дугаартай “Б.Шгийн биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн эрүүний булан, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 127/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 587 дугаартай “Талийгаач Ц.Мын цогцост хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултрал, их тархины оройн болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсны цус харвалт,цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ц.М нь хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултралын улмаас тархины оройн болон суурийн хэсгийн аалзан хальсны хурц дутагдалд орж нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөөгүй байна. Сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл илээгүй байна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх биологийн шинжилгээгээр ВIII бүлгийн цустай байна” /1хх 146-147/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 727 дугаартай “Хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултрал гэмтэл нь мохоо зүйлээр толгой болон хүзүү хэсэгт хүчтэй цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их тархины аалзан хальсны цус харвалт гэмтэл нь хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултралын улмаас их тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсанд цус харваж амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байж тодорхой хэмжээний үйлдэл, хөдөлгөөн хийх ба ямар төрлийн үйлдэл хөдөлгөөн хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авснаар өөрийгөө бүрэн хянах, бусадтай харьцах, ямар нэгэн эсрэг үйлдэл хийх боломж багатай. Их тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсны харвалт, бага тархины аалзан хальсны цус харвалт гэмтэл нь хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултрал гэмтлийн улмаас үүсгэгдэх гэмтэл бөгөөд уг гэмтлийг аваад тодорхой богино хугацаанд буюу маш түргэн хугацаанд нас барах ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан дээрх гэмтлийг эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.” /1хх 157-159/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-18/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүлээн авсан “#3 тодруулсан” гэж хаягласан цагаан өнгийн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-32/,

хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-32/,

“Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газраас хэргийн газрын үзлэгээр авч эд мөрийн баримтаар тооцсон DVR төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-42/,

хяналтын камерын хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 43-49/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Гийг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Гийн найз Б.Бг дээрэлхсэн гэх шалтгаанаар Ц.Мын хүзүүнд хөлөөрөө өшиглөж хүзүүний 2 нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Б.Шг найз Б.Бг дээрэлхсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Г болон түүний өмгөөлөгч нар ”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жил 01 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.”, “... камерын бичлэгт шүүгдэгч Ч.Г нь хохирогчийн хүзүүний хэсэгт өшиглөсөн боловч оносон эсэх нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн, мөн Ч.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Ч.Г нь Ц.Мын хүзүүнд хөлөөрөө өшиглөсний улмаас хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь шүүгдэгчийн “... хэн нэгнийх нь мөрний хэсэгт чиглүүлэн өшиглөсөн ... миний өшиглөлт тэр хүний чихийг шүргэх шиг болсон. ...цэнгээний газарт болсон зодооны явцад бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна. ...” /1хх 194-196/, хяналтын камерт үзлэг хийсэн “... Ч.Г талийгаач Ц.Мын хойд талаас баруун хөлөөрөө талийгаачийн шилэн хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөх бөгөөд ...өшиглүүлсний дараа Б.Б, Б.Ш нарын урдуур алхаж урагш явах бөгөөд явах үедээ урагш бага зэрэг тонгойсон, баруун гараараа шилэн хүзүүгээ дарсан байдалтай байв.” тэмдэглэл /1хх 31-32/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэсэн “...шүүгдэгч Ч.Г хохирогч Ц.Мын хойд талаас өшиглөсөн үйлдлийн улмаас Ц.Мын хүзүүний 2 дугаар нугаламд бүрэн мултрал үүсч, улмаар их тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсанд цус харваж амьсгал зүрх судас зогсож нас барсан нь нотлогдож байна гэж үзээд Ч.Гийн үйлдлийн улмаас Ц.Мын амь нас хохирсон нь гэмт үйлдэл, үхэл хооронд шууд шалтгаант холбоотой байна. ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Мөн Ч.Гийн үйлдсэн хохирогч Б.Шгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа нэг жилийн хугацаагаар тоологдох боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт “... мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж, түүнчлэн шүүгдэгч Ч.Г гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохирсон хохирол, учирсан хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан уг гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Ч.Гийн хувийн болон ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 25,233,807 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээг 09 жил болгон хөнгөрүүлж ял оногдуулах нь гэм бурууд нь тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Б.Ш, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг тогтоохдоо буруу дүгнэлт хийсэн, тэтгэмж авах хүмүүсийн тоонд намайг мөн оруулж тооцох ёстой байсан” гэх гомдлын тухайд:

Б.Ш, Б.Б нарыг Ч.Гтэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж Ц.Мын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж танхайрсан үйлдэл тогтоогдоогүй гэж үзээд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 37, 38 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан энэ гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Харин анхан шатны шүүхийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн цалин хөлсний зөрүүг гаргахдаа алдаатай тооцсон гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Учир нь, хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулахаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо буруу тооцож, Иргэний хуулийг буруу хэрэглэж тооцсон байх тул өөрчлөлт оруулах зүйтэй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж зааснаар нас барагч, түүний эхнэр, 4 хүүхдийн тоогоор сарын дундаж цалинг хувааж /1,500,000:6=250,000 төгрөг/, үүнээс Нийгмийн даатгалын газраас тогтоосон /270,000:4=67.500 төгрөг/-ийг хүүхэд тус бүрийн мөнгөн дүнгээс хасч /250,000-67,500=182,500/ төгрөгийг хүүхэд тус бүрт сар тутамд олгохоор тогтоов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дөрвөн хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг хуульд заасан хугацаанд сар бүр гаргуулахаар болсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлйин 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 11 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 09 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 09 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

6 дахь заалтад “...хүүхэд тус бүрт 26,250 /хорин зургаа мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж ...” гэснийг “...хүүхэд тус бүрт 182,500 /нэг зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулж ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Д, Ш.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ