Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 94

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00504/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд холбогдох

“Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018.03.14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирал О.Ч-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч О.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Г.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.С- нь Орхон сумын 8 дугаар сургуульд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дизайн технологийн багшаар томилогдон ажилласан. Тус 8 дугаар сургуульд ажиллах хугацаандаа өөрөөс шалтгаалах ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд зураг зүйн дугуйлан хичээллүүлж, тус хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг бэлдэж байсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай гэсэн тушаал гаргаж ажлаас минь чөлөөлөөд байна. Тушаалыг гардаж аваад танилцахад зөндөө олон хууль, эрх зүйн заалтыг зааж үндэслэсэн тушаал гаргасан байсан бөгөөд харин тушаалын 1 дэх заалтад яг ямар зөрчил гаргасан болох, ямар факт шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа болох нь ойлгомжгүй ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг буюу хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн тушаал байсан. Тушаалыг гаргах хувийн сонирхол, сэдэл захирал О.Ч-д 2018 оны 2 дугаар сараас эхлэсэн байдаг. Учир нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр миний бие захиралтай үр дүнгийн гэрээ байгуулахаар өрөөнд нь ороход захирал чи намайг аймгийн нэгдсэн хуралдаан дээр нүүр хийх газаргүй болголоо, чамаас болж дарга нарт загнууллаа, чамд одоо арга хэмжээ авна, танай эхнэр, та 2-ын аль нэгийг чинь ажлаас хална сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлж загнаж, доромжилсон. Үүнээс хойш эхнэр бид 2 сэтгэл санааны айдас, дарамт дунд хэзээ, хэнийг маань захирал халах бол гэж бодож түгшүүртэй ажиллах болсон. Эхнэр бид 2 хоёулаа цалингийн зээлтэй хэн нэгэн маань ажлаас халагдвал амьдрал минь маш хүнд байдалд орох ойлгомжтой санхүүгийн хувьд эрсдэл хүлээх чадваргүй байдалтай байсан. Энэ явдлаас хойш сар шахам хугацаанд эхнэрийг ажлаас халах, чөлөөлөх шийдвэр гараагүй тул сэтгэл бага зэрэг амарсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн эмэгтэй багш нар цэргийн баярыг тохиолдуулан эрэгтэй багш нараа хэрхэн баярлуулах талаар хэлэлцсэн байсан бөгөөд тус хурал дээр захирал О.Ч- 2018 оны 03 дугаар 16-ны өдрийн хичээлээс эрэгтэй багш нараа чөлөөлж баярлуулах тухай санал гаргаж ажлын хэсэг байгуулсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний бие ажилдаа ирээд эхний цагийн хичээл зааж байхад Б.Б- багш хичээлийн цагийг зохицуулаад явж байсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой Дарханаас найзууд манайд ирж би гэртээ найзуудтайгаа муугийн биш Монголын ёсоор архи идээ задалж уусан байсан ба миний элэг муу учир өглөө ажилдаа очиход урд орой нь уусан архи үнэртэж байсан байж магадгүй. Харин би сургууль дээрээ архи уусан, согтуу очсон, асуудал гаргасан зүйл огт байхгүй юм. Тэгээд 12.00 цагаас эрчүүдээ сургууль дээр хүлээж авна гэж байсан тул би 11.00 цагт харьж хувцас хунараа солихоор машинаа унаад харьж явтал замд цагдаа зогсоож урд оройны уусан архитай холбоотойгоор намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн үзэж Дархан-Уул аймаг руу авч явж машиныг журамлаад, үнэмлэхийг минь хурааж, 400.000 төгрөгөөр торгосон. Сүүлд нь сонсоход захирал О.Ч- Орхон сумын хэсгийн цагдаад дуудлага өгч намайг бариулсан байсан. Эрэгтэй багш нараа баярлуулах санаачлага гаргаад 3 сарын 16-ны өдрийн хичээлээс чөлөөлж, хүлээн авалт хийж арга хэмжээ зохион байгуулсан захирал О.Ч- тэр өдөр баярлуулах төлөвлөгөөнд нь багтаж буй эрэгтэй багш Г.С- намайг цагдаад бариулж, улмаар хариуцлага тооцуулж байгааг би маш их гайхсан. Энэ бол О.Ч- захирал эхнэр, бид 2-ын аль нэгийг /магадгүй хоёуланг нь/ халах шалтаг эртнээс хайж байсныг нь тодорхой илэрхийлэх үйлдэл гэж үзэж байна. Би цагдаад арга хэмжээгээ авхуулчихаад 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой сургуулийн хүлээн авалт болж байсан Дарханы үйлчилгээний төвд байрлалтай Күен караокед очсон. Намайг очиход 19.00 цаг болж байсан бөгөөд хүлээн авалт 14.00 цагт эхэлсэн байсан. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө ... захиралтай уулзахаар ороход чамтай яриад байх зүйлгүй, гар гэж өрөөнөөсөө хөөсөн...Захирал О.Ч- уг асуудлыг ажлын байртай ямар нэгэн байдлаар холбож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 гэсэн заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэж тодорхойгүй, ойлгомжгүй тушаал гаргаж намайг ажлаас халж намайг болон миний гэр бүлийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Учир нь анх нэхэмжлэлийн шаардлагаа дутуу гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх юм. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Г.С-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж гардуулсан. Г.С- нь уг тушаалыг гардаж аваад ямар үндэслэлээр халагдаж байгаагаа мэдээгүй. Учир нь тушаалын үндэслэлд олон хуулийн заалтыг дурдсан ч тушаалын нэгдэх заалтад ямар ч үндэслэл заагаагүй байсан тул сургуулийнхаа захиралтай уулзаж ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа тодруулах гэтэл чамтай ярих зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. 03 дугаар сарын 16-ны өдөр баасан гараг байсан бөгөөд тухайн өдөр Орхон сумын 8 дугаар сургуулийн эмэгтэй багш нар эрэгтэй багш нараа баярлуулна гээд тухайн өдөр ажлаас нь чөлөөлж үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан учраас 3 дугаар сарын 16-ны өдөр Г.С-ын орох ёстой эхний хичээлийн цагийг өөр багшаар оруулсан. Г.С- нь тухайн өдөр гэртээ харьж хувцсаа солиод ирэхэд нь цагдаа зогсоож, түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж арга хэмжээ авсан. Энэ асуудлаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ сүүлд мэдсэн. Г.С-ын хувьд согтуугаар буюу архи хэрэглэсэн үедээ хүүхдүүдэд хичээл заагаагүй. Харин 3 дугаар сарын 15-ны өдөр найзууд нь ирсэн гээд архи уусан учраас архи үнэртэж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбартай танилцахад Г.С-ыг архи хэрэглэсэн үедээ буюу согтуугаар сурагчдад хичээл заасан учраас ноцтой зөрчил гаргасан гэж тайлбар өгсөн байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд архи хэрэглэсэн үедээ сурагчдад хичээл заагаагүй. 03 дугаар сарын 16-ны өдөр ажлын байранд архи хэрэглэсэн, хичээл заасан гэж тогтоосон зүйл байхгүй. Энэ асуудлаар ажлаас чөлөөлж ноцтой зөрчил гэж үзэж халсан байсан. Тиймээс захирлын гаргасан Б/05 тоот тушаал үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна...Г.С-ын ажлаас чөлөөлөгдсөн асуудал нь зөрчил гаргасан гэхээс илүүтэй хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэж үзсэн учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг үндэслэж тушаал гаргасан гэж байгаа боловч Г.С-ыг ажилдаа согтуу ирсэн гэдгийг О.Ч- багш өөрийнхөө удирдлага дор ажилладаг багш нараас мэдүүлэг авахуулж нотолсон гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Ч- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие сургуульдаа сурагчдынхаа зөрчигдсөн эрх, сургуулийнхаа багш нарыг гэмт хэрэг гаргахаас сэргийлэх зорилгоор сургуульд согтуу ирж хичээл заахыг оролдсон Г.С- багшийг Хөдөлмөрийн дотоод журам, бусад хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн. Г.С- нь 3 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилд ирэхэд сургуулийн коридорт согтуу, гуйвсан, үс нь арзайсан, архи үнэртүүлсэн, нүүр нь улайчихсан явж байсан. Тухайн үед сурагчдын эцэг эхчүүд хажууд нь байсан. Тэгэхээр нь сургуулийн жижүүрийг Г.С-ыг олоод ир гэж хэлэхэд олдохгүй байна гэж хэлсэн учраас өрөөндөө хяналтын камерыг шалгаж хартал Г.С- багш сургуулиас гараад машиндаа суухаар нь эхнэрийг нь дуудаж Г.С- согтуу юм уу гэж асуухад Хонгор сум руу ээжтэй хамт явсан. Архи уугаагүй гэж хэлсэн. Түүнийг нь миний зүгээс нөхрөө хаацайлсан үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд иргэний хувиар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүний дараа дахин цагдаа руу ярихад Г.С-ыг аваад Дархан руу явж байна гэж хэлсэн. 3 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй багш нарыг ажлаас нь чөлөөлөөгүй. Тэгээд Г.С-ыг согтуу хичээл зааж байсан учраас дараагийн цагийн багшийг дуудаж хичээл заалган, түүнийг ангиас гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалын тухайд бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хэсгийг баримталж ноцтой зөрчил гаргасан гэдгээр тушаал гаргасан юм. Мөн ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг дурдсан. Учир нь багш хүн биеэ зөв авч явах, хариуцлагатай байх ёстой. Сургуулийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж Багшийн ёс зүйн дүрэмд заасан байдаг. Багш хүн үлгэр дуурайлалтай байх ёстой. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүн согтуу хичээл зааж сургууль дээр согтуу явж байгаа нь буруу. Тиймээс зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.С-ыг ажлаас чөлөөлсөн асуудалд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. ...Би Г.С- багшид өс санаж, ямар нэгэн өө, шалтаг хайж ажлаас нь чөлөөлж, цагдаад мэдэгдээгүй. Цагдаад дуудлага өгсөн асуудлын хувьд бол иргэний үүргээ л биелүүлсэн гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Г.С-ыг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил олгогчийг ойлгомжгүй тушаал гаргасан гэж байгаа боловч миний хувьд харин ч ойлгомжтой тушаал гаргасан гэж үзэж байна. Г.С- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр Орхон сумын 8 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ нь эрх тэгш байдлын үндсэн дээр үүсдэг. Гэрээн дээр гарын үсэг зурахдаа ажил олгогч болон ажилтан нь уг гэрээг уншиж танилцаад буюу хөдөлмөрийг гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг уншиж танилцан гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрцгөөсөн. Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилдаа согтуу ирсэн бол ажлаас чөлөөлөх эрхийг хөдөлмөрийн гэрээгээр сургуулийн захиралд олгосон. Г.С- багшийг ажил дээрээ согтуу байсан гэдгийг сургуулийн захирал болон бусад багш нар гэрчилж байгаа учраас сургуулийн захирал өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Г.С- нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажилдаа согтуу ирсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар тусгасан. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, 44.4-т Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана, Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.6 багшийн нэр хүндийг ямагт дээдэлж биеэ авч явах байдал хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан. ...Сургуулийн дотоод журмын 9.3-т ажлын байранд архидан согтуурах ба ажлын байранд согтуу ирэх гэж заасан. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болно. Мөн захирлын тушаалаар ажлаас чөлөөлнө гэж заасан. Тэгэхээр эдгээр зохицуулалтыг үндэслэж захирлын тушаал гарч Г.С- багшийг ажлаас нь чөлөөлсөн. Г.С- нь тухайн зөрчлийг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан. Мөн 03 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед Г.С-ын согтуурлын хэмжээг шалгахад 1.63 гарсан. Тиймээс сургуулийн захирлын тушаалыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Г.С-ыг Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 2.691.062,71 төгрөгийг Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Г.С-д олгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.С-ын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.С- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 58.007 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирал О.Ч- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Багш Г.С- нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4-т заасан ноцтой зөрчил болох сургууль дээр согтуу ирж хичээл заасан үйлдэлд нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө багш Г.С- нь сургууль дотор согтуу явж байхтай нь сургуулийн захирал О.Ч- миний бие өөрийн биеэр таарч согтуу байгааг нь мэдсэн амьд гэрчүүдийн нэг нь би өөрөө, мөн согтуурлын зэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны 12 цаг 30 минутын байдлаар шалгаж 1.63 хувийн согтолттой болохыг тогтоосон байхад анхан шатны шүүх болсон үйл баримтад хийсвэр дүгнэлт хийж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж дүгнээгүйд гомдолтой байна. Түүнчлэн тус сургуулийн багш Х.Янжинлхам, Ж.Б- нар багш Г.С-ын согтуугаар хичээл зааж байсныг гэрчилж шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэгч гараараа бичиж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “...ажил дээр соггуу очсон” гэдгээ хүлээн зөвшөөрсөн буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өглөө 08 цагаас өдөр 13 цаг 35 минут хүртэл хичээл заах хичээлийн хуваарьтай байсан зэрэг болон бусад нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Хариуцагч тал багш Г.С- нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа согтуу ирж багшийн ёс зүй болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Г.С- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуульд дизайн технологийн багшийн албан тушаалд ажиллаж байжээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн Дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгч Г.С-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуультай нэхэмжлэгч Г.С-ын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2-т “Багшийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”, 5.4-т “Албан тушаал дээрээ танхайрах, үлгэргүй байдал гаргах, архидан согтуурах, согтуу ирэх гэсэн зөрчлийг сургуулийн захиргаанаас гэрээг цуцлах, хугацаанаас нь өмнө цуцлах” үндэслэл байхаар тогтоожээ.

Мөн сургуулийн дотоод журмын 9.3.1-д “ажлын байран дээр согтуу ирэх зэрэг зөрчлийг ноцтой зөрчилд тооцон захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах”-аар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.С- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хичээлтэй байх хугацаанд буюу 12 цаг 30 минутад согтууруулах ундаа хэрэглэсэн буюу 1.63 хувийн согтуурлын үзүүлэлттэй байсан нь ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр /хх-66/ тогтоогдсон байна.

Мөн багш Г.С- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа согтуу ирсэн, багшлах үүргээ биелүүлэх боломжгүй байсан тул сургалтын менежерийг орлож байсан багш Ж.Б- түүний заах ёстой байсан хичээлийг өөр багшаар нөхүүлж заалгахаар зохицуулсан гэж гэрч Х.Янжинлхам мэдүүлсэн, мөн гэрч Ж.Б-, М.Мөнсөл нар  нэхэмжлэгч Г.С-ыг архи уусан, согтуу байсан гэдгийг гэрчилжээ.

Нэхэмжлэгч Г.С- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ангиудад заах хичээлийн үргэлжлэх хугацаа өглөөний 08 цаг 15 минутаас 13 цаг 35 минут хүртэл  хугацаатай байсан нь хэрэгт авагдсан 2017-2018 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлын дунд, ахлах ангийн хичээлийн хуваарь /хх-96/-аар нотлогдсон байна.

Г.С- нь ажлын байр болох сургууль дээр архи ууж согтуу ирсэн нь хөдөлмөрийг гэрээний 5.2, 5.4, сургуулийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г.С- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон сумын 8 дугаар сургуулийн эмэгтэй багш нар эрэгтэй багш нараа баярлуулна гээд тухайн өдөр эрэгтэй багш нарыг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй нэхэмжлэгч нь тухайн өдөр ажилдаа очоод хичээл заах ангидаа байсан нь тогтоогдсон болно.

Иймд хариуцагчийн тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаал нь хэрэглэвэл зохих хуулийг удирдлага болгосон хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хүлээн авч нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заадах шатны шүүх дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.210 төгрөгийг шүүгчийн захриамжаар буцаан олгохыг дурдсугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.210 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ