Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00180

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаар магадлалтай,

Г.С-ын нэхэмжлэлтэй

Дархан-Уул аймгийн Орхон сумын ** дугаар сургуульд холбогдох, 

Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018.03.14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагчийн төлөөлөгч О.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Орхон сумын ** дугаар сургуульд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дизайн технологийн багшаар томилогдон ажилласан. Тус сургуульд ажиллах хугацаандаа өөрөөс шалтгаалах ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд зураг зүйн дугуйлан хичээллүүлж, тус хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг бэлдэж байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай гэсэн тушаал гаргаж ажлаас чөлөөлөөд байна. Тушаалыг гардаж аваад танилцахад тушаалын 1 дэх заалтад яг ямар зөрчил гаргасан болох, ямар факт шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа болох нь ойлгомжгүй ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг буюу хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн тушаал байсан. Тушаалыг гаргах хувийн сонирхол, сэдэл захирал О.Чимэдцэрэнд 2018 оны 2 дугаар сараас эхлэсэн байдаг. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр миний бие захиралтай үр дүнгийн гэрээ байгуулахаар өрөөнд нь ороход захирал чи намайг аймгийн нэгдсэн хуралдаан дээр нүүр хийх газаргүй болголоо, чамаас болж дарга нарт загнууллаа, чамд одоо арга хэмжээ авна, танай эхнэр, та 2-ын аль нэгийг чинь ажлаас хална сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлж загнаж, доромжилсон. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн эмэгтэй багш нар цэргийн баярыг тохиолдуулан эрэгтэй багш нараа хэрхэн баярлуулах талаар хэлэлцсэн байсан бөгөөд тус хурал дээр захирал О.Чимэдцэрэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хичээлээс эрэгтэй багш нараа чөлөөлж баярлуулах тухай санал гаргаж ажлын хэсэг байгуулсан байдаг. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр миний бие ажилдаа ирээд эхний цагийн хичээл зааж байхад Б.Бат-Эрдэнэ багш хичээлийн цагийг зохицуулаад явж байсан. Тэгээд 12.00 цагаас эрчүүдээ сургууль дээр хүлээж авна гэж байсан тул би 11.00 цагт харьж хувцас хунараа солихоор машинаа унаад харьж явтал замд цагдаа зогсоож урд оройны уусан архитай холбоотойгоор намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн үзэж Дархан-Уул аймаг руу авч явж машиныг журамлаад, үнэмлэхийг минь хурааж, 400.000 төгрөгөөр торгосон. Сүүлд нь сонсоход захирал О.Чимэдцэрэн Орхон сумын хэсгийн цагдаад дуудлага өгч намайг бариулсан байсан. Эрэгтэй багш нараа баярлуулах санаачлага гаргаад 3 сарын 16-ны өдрийн хичээлээс чөлөөлж, хүлээн авалт хийж арга хэмжээ зохион байгуулсан захирал О.Чимэдцэрэн тэр өдөр баярлуулах төлөвлөгөөнд нь багтаж буй эрэгтэй багш Г.С- намайг цагдаад бариулж, улмаар хариуцлага тооцуулж байгааг би маш их гайхсан. Би цагдаад арга хэмжээгээ авхуулчихаад 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой сургуулийн хүлээн авалт болж байсан Дарханы үйлчилгээний төвд байрлалтай Күен караокед очсон. Намайг очиход 19.00 цаг болж байсан бөгөөд хүлээн авалт 14.00 цагт эхэлсэн байсан. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өглөө ...захиралтай уулзахаар ороход чамтай яриад байх зүйлгүй, гар гэж өрөөнөөсөө хөөсөн. Захирал О.Чимэдцэрэн уг асуудлыг ажлын байртай ямар нэгэн байдлаар холбож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 гэсэн заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэж тодорхойгүй, ойлгомжгүй тушаал гаргаж ажлаас халж намайг болон миний гэр бүлийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Чимэдцэрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие сургуульдаа сурагчдынхаа зөрчигдсөн эрх, сургуулийнхаа багш нарыг гэмт хэрэг гаргахаас сэргийлэх зорилгоор сургуульд согтуу ирж хичээл заахыг оролдсон Г.С- багшийг Хөдөлмөрийн дотоод журам, бусад хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн. Г.С- нь 3 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилд ирэхэд сургуулийн коридорт согтуу, гуйвсан, үс нь арзайсан, архи үнэртүүлсэн, нүүр нь улайчихсан явж байсан. Тэгэхээр нь сургуулийн жижүүрийг Г.С-ыг олоод ир гэж хэлэхэд олдохгүй байна гэж хэлсэн учраас өрөөндөө хяналтын камерыг шалгаж хартал Г.С- багш сургуулиас гараад машиндаа суухаар нь эхнэрийг нь дуудаж Г.С- согтуу юм уу гэж асуухад Хонгор сум руу ээжтэй хамт явсан. Архи уугаагүй гэж хэлсэн. Түүнийг нь миний зүгээс нөхрөө хаацайлсан үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд иргэний хувиар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүний дараа дахин цагдаа руу ярихад Г.С-ыг аваад Дархан руу явж байна гэж хэлсэн. 3 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй багш нарыг ажлаас нь чөлөөлөөгүй. Тэгээд Г.С-ыг согтуу хичээл зааж байсан учраас дараагийн цагийн багшийг дуудаж хичээл заалган, түүнийг ангиас гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалын тухайд бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж ноцтой зөрчил гаргасан гэдгээр тушаал гаргасан. Мөн ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг дурдсан. Учир нь багш хүн биеэ зөв авч явах, хариуцлагатай байх ёстой. Сургуулийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж Багшийн ёс зүйн дүрэмд заасан байдаг. Багш хүн үлгэр дуурайлалтай байх ёстой. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүн согтуу хичээл зааж сургууль дээр согтуу явж байгаа нь буруу. Тиймээс зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.С-ыг ажлаас чөлөөлсөн асуудалд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Г.С- багшид өс санаж, ямар нэгэн өө, шалтаг хайж ажлаас нь чөлөөлж, цагдаад мэдэгдээгүй. Цагдаад дуудлага өгсөн нь иргэний үүргээ л биелүүлсэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Г.С-ыг Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 2.691.062,71 төгрөгийг Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Г.С-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.С-ын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.С- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 58.007 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаар магадлалаар Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.210 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх хуулийн зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөн. Нэхэмжлэгч  ажлын байран дээр согтуу ирсэн гэж тогтоосон ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй. Хэргийн 66 дугаар талд байгаа согтуурлын зэргийг тогтоосон гэх баримт нь Г.С- ажлын байран дээр бус тээврийн хэрэгсэл унаж яваад хэмжүүлсэн баримт юм. Мөн хэн нэгэн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг ажлын  байран дээр согтуу ирсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь давхар баримтаар нотлогдоогүй гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь ажлаас чөлөөлөх тухай 2018.03.19-ний өдрийн Б/05 дугаар тушаалд ажилтан Г.С- яг ямар ноцтой зөрчлийг хэрхэн гаргасан тухай огт дурдаагүй шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж нотлуулах замаар хууль бус тушаалынхаа үндэслэлийг нотолж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг ажил олгогч хэрэглэж, ажилтны хөдөлмөрийн гэрээг санаачлагаараа цуцлах, ямар зөрчил гаргасан болох түүнтэй холбоотой ажилтан өөрийн тайлбар хүсэлт гаргах зэрэг зөрчлийг тогтоох ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй байна. Шүүх хуулийн заалтыг хэрэглэх, хуулийн урьдчилсан нөхцлийг шалгаж зохих байдлаар тайлбарлан хэрэглээгүйн улмаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарсан. Иймд хяналтын гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.С- Дархан-Уул аймгийн, Орхон сумын ** дугаар сургуулийн захирлын 2018.03.14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй талаар магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Дархан-Уул аймгийн, Орхон сумын ** дугаар сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Г.С-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр дизайн технологийн багшийн үүрэгт ажлаас халахдаа ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.4, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.6, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1, хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4-д заасныг үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болно.

Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2-т “багшийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” 5.4-т “албан тушаал дээрээ танхайрах, үлгэргүй байдал гаргах архидан согтуурах, согтуу ирэх” явдлыг ноцтой зөрчилд хамааруулсан байна.

Г.С- нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхдээ согтуу байсан, үүний улмаас тухайн өдрийн хуваарьт хичээлээ зааж, ажил үүргээ гүйцэтгээгүй нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Энэхүү үйл баримтын талаарх хэрэгт авагдсан гэрч болон тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн согтуурлын зэрэг шалгасан цагдаагийн ажилтны мэдүүлэг, согтуу үедээ автомашин жолоодсон зөрчилд торгуулийн шийтгэл хүлээсэн тухай зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материалыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлжээ.

Иймд Г.С-ыг ноцтой зөрчлийн улмаас ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Г.С-ын гаргасан үйлдлийн нотлох баримтыг хожим бүрдүүлсэн” тухай гомдол үндэслэлгүй байна.

Тухайн зөрчил гаргасан гэх өдөр эрх бүхий этгээд нэхэмжлэгчийн согтуу байсныг шалгаж тогтоосон, тухайн өдрийн болсон үйл баримтын талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч мэдүүлэг өгснийг нотлох баримтыг тушаал гаргасны дараа бүрдүүлсэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын найруулга Иргэний хэрэг шүүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагад нийцээгүй, тухайлбал давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, ...хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл, ...хангасан, эсхүл хэрэгсэхгүй болгосныг тусгана” гэснийг  зөрчсөн байх тул энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаар магадлалын 1 дэх заалтад “хүчингүй болгож,” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугар сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2018.03.14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн Г.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ