Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 717

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Дэвшил 2-6 тоотод оршин суух Цайдам овгийн Ганбаатарын Санждамба /РД: ДЮ81091214, утас:9981-6274/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт багт байранд байрлах Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургууль /Утас: 7037-2608, 9937-9704/-д холбогдох

 

“Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018.03.14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч О.Чимэдцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Санждамба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Г.Санждамба нь Дархан сумын 18 дугаар сургуульд 2008 оноос “Дизайн технологийн багш”-аар ажиллаж байгаад ар гэрийн шалтгаанаар буюу миний эхнэр Н.Энхчимэг тус Орхон сумын 8 дугаар сургуульд “Англи хэлний багш”-аар ажилдаг тул нэг дор амьдрахын тулд Орхон сумын 8 дугаар сургуульд 2017.09.01-ны өдрөөс эхлэн “Дизайн технологийн багш”-аар томилогдон ажиллах болсон. Ингэхдээ 8 дугаар сургуулийн “Дизайн технологийн багш”-аар ажиллаж байсан Галт-Оргил багштай болон сургуулийн удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр би Галт-Оргил багшийн ажлыг, Галт-Оргил багш миний ажлыг авах байдлаар 18 дугаар сургуулийн “Дизайн технологийн багш”-аар томилогдон ажиллах болсон. Учир нь Галт-Оргил багш бид 2-т хоёуланд маань ар гэрийн шалтгаан байсан юм. Тус 8 дугаар сургуульд ажиллах хугацаандаа өөрөөс шалтгаалах ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд зураг зүйн дугуйлан хичээллүүлж, тус хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалтанд сурагчдыг бэлдэж байсан. Гэтэл 2018.03.19-ны өдөр Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” гэсэн тушаал гаргаж тус өдрөөс эхлэн ажлаас минь чөлөөлөөд байна. Тушаалыг гардаж аваад танилцахад зөндөө олон хууль, эрх зүйн заалтыг зааж үндэслэсэн тушаал гаргасан байсан бөгөөд харин тушаалын 1 дэх заалтанд яг яамар зөрчил гаргасан болох, ямар факт шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа болох нь ойлгомжгүй ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг буюу хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн тушаал байсан. Тушаалыг албан ёсоор гардаж аваад танилцсаны дараа тус тушаал ямар шалтгааны улмаас гарсан болохыг эрэгцүүлэн тунгаахад энэ тушаалыг гаргах хувийн сонирхол, сэдэл захирал О.Чимэдцэрэнд 2018 оны 2 сараас эхлэн байсан байдаг. Учир нь 2018.02.23-ны өдөр миний бие захиралтай “Үр дүнгийн гэрээ” байгуулахаар өрөөнд нь ороход захирал “чи намайг аймгийн нэгдсэн хуралдаан дээр нүүр хийх газаргүй болголоо, чамаас болж дарга нарт загнууллаа, чамд одоо арга хэмжээ авна, танай эхнэр, та 2-ын аль нэгийг чинь ажлаас хална сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа, ямар ч хачин хоёр юм би ажилд авчихнаа” гэж учир битүүлэг зүйл хэлж загниж, доромжилсон. Үүнээс хойш эхнэр бид 2 сэтгэл санааны айдас, дарамтан дунд хэзээ, хэнийг маань захирал халах бол гэж бодож түгшүүртэй ажиллах болсон.

     Ингээд мөд удаагүй захирал О.Чимэдцэрэн 2018.02.23-ны өдөр хэлсэн ёсоороо манай эхнэр тус сургуулийн “Англи хэлний багш” Н.Энхчимэгийг ажлаас халах гэж буй тул Сонсох үйл ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна гэсэн утга бүхий бичгийг 2018.03.12-ны өдрийн 42 дугаар албан тоотоор өгсөн. 2018.03.12-ны 17.00 цаг гэхэд санал тайлбараа ирүүл гэсэн байсан. Үүний дагуу эхнэр маань холбогдох тайлбарыг бичиж өгсөн бөгөөд ажлаасаа халагдахгүйн тулд захирлын өмнө буулт хийсэн хариуг өгсөн. Учир нь эхнэрийг минь халах гэж буй шалтгаан нь ажил албатай огт хамаагүй манай хувийн амьдрал, жаргал, зовлонд хэт оролцсон шалтгаан байсан. Эхнэр бид 2 хоёулаа цалингийн зээлтэй хэн нэгэн маань ажлаас халагдвал амьдрал минь маш хүнд байдалд орох ойлгомжтой санхүүгийн хувьд эрсдэл хүлээх чадваргүй байдалтай байсан. Энэ явдлаас хойш сар шахам хугацаанд эхнэрийг ажлаас халах, чөлөөлөх шийдвэр гараагүй тул сэтгэл бага зэрэг амарсан. Гэтэл 2016.03.14-ны өдөр сургуулийн эмэгтэй багш нар цэргийн баярыг тохиолдуулан эрэгтэй багш нараа хэрхэн баярлуулах талаар хэлэлцсэн байсан бөгөөд тус хурал дээр захирал О.Чимэдцэрэн 2018.03.16-ны өдрийн хичээлээс эрэгтэй багш нараа чөлөөлж баярлуулах тухай санал гаргаж ажлын хэсэг байгуулсан байдаг. 2018.03.16-ны өдөр миний бие ажилдаа ирээд эхний цагийн хичээл зааж байхад Б.Бат-Эрдэнэ багш хичээлийн цагийг зохицуулаад явж байсан. 2018.03.15-ны орой дарханаас найзууд манайд ирж би гэртээ найзуудтайгаа муугийн биш Монголын ёсоор архи идээ задалж уусан байсан ба миний элэг муу учир өглөө ажилдаа очиход урд орой нь уусан архи үнэртэж байсан байж магадгүй. Харин би сургууль дээрээ архи уусан, согтуу очсон, асуудал гаргасан зүйл огт байхгүй юм. Тэгээд 12.00 цагаас эрчүүдээ сургууль дээр хүлээж авна гэж байсан тул би 11.00 цагт би харьж хувцас хунараа сольхоор машинаа унаад харьж явтал замд цагдаа зогсоож урд оройны уусан архитай холбоотойгоор намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн үзэж Дархан-Уул аймаг руу авч явж машиныг журамлаад, үнэмлэхийг минь хурааж, 400.000 төгрөгөөр торгосон. Сүүлд нь сонсохнээ захирал О.Чимэдцэрэн Орхон сумын хэсгийн цагдаад дуудлага өгч намайг бариулсан байсан. Эрэгтэй багш нараа баярлуулах санаачлага гаргаад 3 сарын 16-ны өдрийн хичээлээс чөлөөлж, хүлээн авалт хийж арга хэмжээ зохион байгуулсан захирал О.Чимэдцэрэн тэр өдөр баярлуулах төлөвлөгөөнд нь багтаж буй эрэгтэй багш Г.Санждамба намайг цагдаад бариулж, улмаар хариуцлага тооцуулж байгааг би маш их гайхсан. Энэ бол О.Чимэдцэрэн захирал эхнэр бид 2-ийн аль нэгийг /магадгүй хоёуланг нь/ халах шалтгийг эртнээс хайж байсныг нь тодорхой илэрхийлэх үйлдэл гэж үзэж байна.

     Би цагдаад арга хэмжээгээ авахуулчихаад 2018.03.16-ны орой сургуулийн хүлээн авалт болж байсан Дарханы үйлчилгээний төвд байрлалтай “Күен” караокед очсон. Намайг очиход 19.00 цаг болж байсан бөгөөд хүлээн авалт 14.00 цагт эхлэсэн байсан. Тэр үед О.Чимэдцэрэн захирлын нөхөр 8 дугаар сургуулийн Орос хэлний багш Цогтжавхлан согтуу надруу дайрч намайг 2-3 удаа цохиж курткийг минь урж надруу эхнэрээ өмөөрөн дайрсан. Бид 2-ын дунд үүссэн маргааныг Ц.Амарсанаа, Содбаяр багш нар болиулсан.

     Ингээд 2018.03.16-ны өдөр бусад эрэгтэй багш нар маань баярлаж байхад би гэдэг хүн захирал О.Чимэдцэрэн, түүний нөхөр Орос хэлний багш Цогжавхлан нарын буюу эхнэр, нөхөр гэр бүлийн хоёрын дайралтанд өртөж бие махбодийн болон сэтгэл санааны дарамтанд орсон. 2018.03.19-ны өглөө ажилдаа очиж хичээлээ заах гэтэл Сургалтын менежер Б.Жаргал захирал чамайг ажлаас чинь халж байгаа гэсэн хичээл заалгахгүй гэж хэлсэн. Би захиралтай уулзахаар ороход “чамтай яриад байх зүйлгүй, гар” гэж өрөөнөөсөө хөөсөн. Ийнхүү намайг ажлаас халсан шийдвэр нь ямар ч үндэслэл байхгүй, тодорхойгүй тушаал байдаг бөгөөд үүнээс үзэхэд тус шийдвэр нь захирал О.Чимэдцэрэнгийн дур зорго, хувийн сонирхолдоо хөтлөгдөн гаргасан шийдвэр гэж үзэж байна. Өмнө нь мөн түүний нөхөр Орос хэлний багш Цогжавхлан нь манай эхнэр Н.Энхчимэгийн ангийн хүүхэд болох сурагч Э.Эрдэнэбаярыг зодсон бөгөөд ангийн багшийн хувьд болсон асуудлыг эцэг эх нь тодруулж ирэхэд нь эхнэр Н.Энхчимэг эцэг эхэд нь болсон зүйлийг бодитоор нь хэлсэн ба эцэг эх нь цагдаад хандаж гомдол гаргаж байсан. Энэ явдлаас хойш захирал, нөхөрийнхөө хамт бидэнд өс санаж, өө хайж эхэлсэн юм. Г.Санждамба миний бие ажлын бус цагаар, гэр орондоо архи уусан асуудлаас болж цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр зохих хариуцлагаа хүлээсэн. Харин захирал О.Чимэдцэрэн уг асуудлыг ажлын байртай ямар нэгэн байдлаар холбож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 гэсэн заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэж тодорхойгүй, ойлгомжгүй тушаал гаргаж намайг ажлаас халж давхар давхар хохироож Монгол Улсын иргэн миний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчиж намайг болон миний гэр бүлийг хохироож байгаад гомдолтой байна.

     Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018.03.14-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Учир нь анх нэхэмжлэлийн шаардлагаа дутуу гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх юм. Нэхэмжлэгч Г.Санждамжа нь Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуульд дизайн технологийн багшаар ажиллаж байгаад эхнэр нь Орхон сумын 8 дугаар сургуульд багшилдаг учраас тус сургуулийн багштай солигдож 2015 оноос сургуульд ажиллах болсон. Ажиллаж байх хугацаанд сургуулийнх нь захирал Г.Санждамба болон түүний эхнэр Эрдэнэчимэгт сахилгын арга хэмжээ авах сонирхолтой байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Г.Санждамбыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж гардуулсан. Г.Санждамба нь уг тушаалыг гардаж аваад ямар үндэслэлээр халагдаж байгаагаа мэдээгүй. Учир нь тушаалын үндэслэлд олон хуулийн заалтыг дурдсан ч  тушаалын нэгдэх заалтад ямар ч үндэслэл заагаагүй байсан тул сургуулийнхаа захиралтай уулзаж ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа тодруулах гэтэл “чамтай ярих зүйл байхгүй” гэж хэлсэн байдаг. 03 дугаар сарын 16-ны өдөр баасан гараг байсан бөгөөд тухайн өдөр Орхон сургуулийн 8 дугаар сургуулийн эмэгтэй багш нар эрэгтэй багш нараа баярлуулна гээд тухайн өдөр ажлаас нь чөлөөлж үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан учраас 3 дугаар сарын 16-ны өдөр Г.Санждамбын орох ёстой эхний хичээлийн цагийг өөр багшаар оруулсан. Г.Санждамба нь тухайн өдөр гэртээ харьж хувцсаа солиод ирэхэд нь цагдаа зогсоож, түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж арга хэмжээ авсан. Энэ асуудлаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ сүүлд мэдсэн. Г.Санждамбын хувьд согтуугаар буюу архи хэрэглэсэн үедээ хүүхдүүдэд хичээл заагаагүй. Харин 3 дугаар сарын 15-ны өдөр найзууд нь ирсэн гээд архи уусан учраас архи үнэртэж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбартай танилцахад Г.Санждамбыг архи хэрэглэсэн үедээ буюу согтуугаар сурагчдад хичээж заасан учраас ноцтой зөрчил гаргасан гэж тайлбар өгсөн байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд архи хэрэглэсэн үедээ сурагчдад хичээл заагаагүй. 03 дугаар сарын 16-ны өдөр ажлын байранд архи хэрэглэсэн, хичээл заасан гэж тогтоосон зүйл байхгүй. Энэ асуудлаар ажлаас чөлөөлж ноцтой зөрчил гэж үзэж халсан байсан.  Тиймээс захирлын гаргасан Б/05 тоот тушаал үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.  Мөн нэхэмжлэгч нь 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан үйл ажиллагаанд оролцож байхдаа захирал цагдаа дуудаж намайг торгуулсан гэх асуудлаас болж Чимэдцэрэн захирлын нөхөртэй маргаан үүсгэсэн байдаг. Үүнтэй холбогдуулж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Сургуулийн захирлын зүгээс Г.Санждамбыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас өмнө өөрийг нь эсвэл эхнэрийг нь ажлаас чөлөөлнө гэдэг байсан нь нотлох баримтаас харагдаж байгаа. Г.Санждамбын ажлаас чөлөөлөгдсөн асуудал нь зөрчил гаргасан гэхээс илүүтэй хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэж үзсэн учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийг архи уусан гэж байгаа бол уг асуудлаараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан. Нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж нотлох баримт байхгүй. Гаргасан алдааг нь далимдуулж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь тушаалын үндэслэл дээрээс харагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хавтаст хэрэгт Зөрчлийн хэргийн материал авагдсан. Түүнтэй холбогдуулж хэлэхэд уг баримтыг харахад Г.Санждамба нь 9 дүгээр цэцэрлэгийн хажууд байсан гэдэг нь харагддаг. Тиймээс сургууль дээрээ байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн Г.Санждамба нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу буруутай үйлдэлдээ арга хэмжээ авахуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг үндэслэж тушаал гаргасан гэж байгаа боловч Г.Санждамбыг ажилдаа согтуу ирсэн гэдгийг Чимэдцэрэн багш өөрийнхөө удирдлага дор ажилладаг багш нараас мэдүүлэг авахуулж нотолсон. Тиймээс Г.Санждамбыг согтуугаар ажилдаа ирсэн гэж үзэх хангалттай нотлох баримт биш. Сонсох ажиллагаа нь хэрэгт хамааралгүй боловч Г.Санждамба болон түүний эхнэрийг ажлаас чөлөөлөх шийдэл захиралд төрсөн гэдгийг харуулж байгаа. Мөн сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдах ёстой.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Чимэдцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2018  оны Монгол Улсын Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг хангах тухай 01 тоот албан даалгавар ирсэн. Түүн дээр иргэнд ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх “Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах” гэсэн заалт байгаа. Үүнийг бүх  албан хаагчдад танилцуулж гарын үсэг зуруулсан. Миний бие сургуульдаа сурагчдынхаа зөрчигдсөн эрх, сургуулийнхаа багш нарыг гэмт хэрэг гаргахаас сэргийлэх зорилгоор сургуульд согтуу ирж хичээл заахыг оролдсон Г.Санждамба багшийг Хөдөлмөрийн дотоод журам, бусад хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн. Г.Санждамба нь 3 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилд ирэхэд сургуулийн коридорт согтуу, гуйвсан, үс нь арзайсан, архи үнэртүүлсэн, нүүр нь улайчихсан явж байсан. Тухайн үед сурагчдын эцэг эхчүүд хажууд нь байсан. Тэгэхээр нь сургуулийн жижүүрийг Г.Санждамбыг олоод ир гэж хэлэхэд олдохгүй байна гэж хэлсэн учраас өрөөндөө хяналтын камерыг шалгаж хартал Г.Санждамба багш сургуулиаас гараад машиндаа суухаар нь эхнэрийг нь дуудаж Г.Санждамба согтуу юм уу гэж асуухад  “Хонгор сум руу ээжтэй хамт явсан. Архи уугаагүй.” гэж хэлсэн. Түүнийг нь миний зүгээс нөхрөө хаацайлсан үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд иргэний хувиар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүний дараа дахин цагдаа руу ярихад Г.Санждамбыг аваад Дархан руу явж байна гэж хэлсэн. 3 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй багш нарыг ажлаас нь чөлөөлөөгүй. Харин хоёр багш байгаагүй учраас хичээл зохицуулалт хийсэн. Тэгээд Г.Санждамбыг согтуу хичээл зааж байсан учраас дараагийн цагийн багшийг дуудаж хичээл заалган, түүнийг ангиас гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалын тухайд бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хэсгийг баримталж ноцтой зөрчил гаргасан гэдгээр тушаал гаргасан юм. Мөн ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг дурдсан. Учир нь багш хүн биеэ зөв авч явах, хариуцлагатай байх ёстой. Сургуулийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж Багшийн ёс зүйн дүрэмд заасан байдаг. Багш хүн үлгэр дуурайлалтай байх ёстой. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүн согтуу хичээл зааж сургууль дээр согтуу явж байгаа нь буруу. Тиймээс зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.Санждамбыг ажлаас чөлөөлсөн асуудалд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Нэхэмжлэл дээр 2 дугаар сарын 23-ны үр дүнгийн гэрээ байгуулахаар өрөөнд нь ороход “Чи намайг аймгийн нэгдсэн хуралдаан нүүр хийх газаргүй болголоо, чамаас болж дарга нарт загнууллаа. Чамд арга хэмжээ авна. Танай эхнэр та хоёрын аль нэгийг нь ажлаас хална. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.“ гэж хэлсэн хэмээн бичсэн нь миний хэлсэн үгийг гуйвуулж, гүтгэсэн гэж үзэж байна. Хэсгийн төлөөлөгч Билгүүдэй 2 дугаар сард надтай уулзахдаа Аймгийн Цагдаагийн газарт 8 сургуулийн хоёр албан хаагч гэртээ нийлж архи уугаад нэг нь нэгнээ хүчирхийлсэн гэх дуудлага нь Аймгийн засаг дарга, Цагдаагийн газрын нэгдсэн хуралдаан дээр мэдээлэгдсэн. Тиймээс архи ууж байгаа багш нарт арга хэмжээ авмаар байна гэх санал гаргасан. Г.Санждамба нь архи уухаараа өөрийгөө хянах чадваргүй болдог. Багш нарын шинэ жилийн үеэр миний хажууд сууж байхдаа гуя илж, бусад эмэгтэй багш нарыг гуяыг мөн илээд байсан. Тэгэхээр нь өрөөндөө дуудаж цаашид өөрийнхөө байгаа байдалд анхаарах хэрэгтэй гэж хэлсэн удаатай. Миний хувьд Г.Санждамбын нийгмийн асуудлыг шийдэж, тусалсан гэж үзэж байна. Учир нь түүний эхнэр Орхон сумын уугуул иргэн бөгөөд англи хэлний багш биш орчуулагч мэргэжилтэй. Түүнийг ажил мэргэжлээ дээшлүүлээрэй гэж хэлээд ажилд авсан. Манай сургуульд өмнө нь ажиллаж байсан дизайн технологийн багшийн ээжийн бие тааруу гээд Дархан руу байнга явдаг, Г.Санждамбын хувьд эхнэр нь Орхон суманд ажилладаг учраас нөхрөөсөө тусдаа амьдардаг байсан тул Дархан сумын 18 дугаар сургуулийн захиралтай ярилцаад хоёр ажилтнаа сольж ажиллуулахаар болсон.  Г.Санждамба багшийн эхнэрт сонсох ажиллагаа явуулсан боловч арга хэмжээ аваагүй. Учир нь Г.Санждамба багшийн эхнэр нь Цагаан сарын амралтын гурван өдрийн амралт дууссаны дараа дөрвөн өдөр ажил тасалсан. Багш нар гурваас дээш хоногоор чөлөө авах бол бичгээр хүсэлт өгдөг байтал хүсэлт өгөөгүй бөгөөд Г.Санждамба багш эрхлэгчид хүүхэд өвчтэй учраас эхнэр гэртээ хүүхдээ харж байгаа гэж хэлсэн. Надаас чөлөө аваагүй. Тиймээс сонсох ажиллагаа явуулсан юм. Манай сургуулийн эмэгтэй багш нар 3 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй багш нараа хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Манай сургууль нэг ээлжээр хичээллэдэг учраас тухайн өдөр эрэгтэй багш нарыг ажлаас нь чөлөөлөөгүй. Г.Санждамба багш өөрийн гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө согтуу ажилдаа очсон. Арга хэмжээ авахуулсан гэж бичсэн байсан. Би иргэний хуваарь цагдаад дуудлага өгсөн нь үнэн. Манай нөхөр Цогжавхлан Орхон сумын 8 дугаар сургуульд багшаар ажилладаг нь үнэн. Манай нөхөр 3 дугаар сарын 16-ны өдөр “Иргэдээ сонсъё” гээд тоглолттой байсан. Уг тоглолтод нөхөр бид хоёр хоцорч очсон. Биднийг очиход Г.Санждамба багш байсан бөгөөд манай сургуульд өмнө ажиллаж байсан багштай маргалдахаар нь салгасан боловч Г.Санждамба багш уурлаж маргалдсан. Гэхдээ Г.Санждамба багшийн хувцсыг урж, цохисон үйлдэл гаргаагүй. Би Г.Санждамба багшид өс санаж, ямар нэгэн өө, шалтаг хайж ажлаас нь чөлөөлж, цагдаад мэдэгдээгүй. Цагдаад дуудлага өгсөн асуудлын хувьд бол иргэний үүргээ л биелүүлсэн.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Г.Санждамбыг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил олгогчийг ойлгомжгүй тушаал гаргасан гэж байгаа боловч миний хувьд харин ч ойлгомжтой тушаал гаргасан гэж үзэж байна. Г.Санждамба нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээгээр Орхон сумын 8 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ нь эрх тэгш байдлын үндсэн дээр үүсдэг. Гэрээн дээр гарын үсэг зурахдаа ажил олгогч болон ажилтан нь уг гэрээг уншиж танилцаад буюу хөдөлмөрийг гэрээний 5.2, 5.4 дэх хэсгийг уншиж танилцан гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрцгөөсөн. Уг гэрээн дээр ажилтанг согтуу ирсэн гэдгийг ямар нэгэн тусгай төхөөрөмжөөр шалгасны үндсэн дээр шалгаж тогтоон түүний дагуу ажлаас чөлөөлнө гэж заагаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилдаа согтуу ирсэн бол ажлаас чөлөөлөх эрхийг хөдөлмөрийн гэрээгээр сургуулийн захиралд олгосон. Г.Санждамба багшийг ажил дээрээ согтуу байсан гэдгийг сургуулийн захирал болон бусад багш нар гэрчилж байгаа учраас сургуулийн захирал өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Г.Санждамба нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажилдаа согтуу ирсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар тусгасан. Г.Санждамба нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэл дээрээ ажлын байранд архи уугаагүй. Урьд өдар нь архи уусан учраас маргааш нь ажилдаа очиход архи гараагүй байсан гэж бичсэн байсан. Энэ нь нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаас өмнө өгсөн нэхэмжлэлийн шаардлага. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажлаасаа гараад явснаасаа хойш архи уусан байх боломжтой гэж байгаа боловч түүнийг нотолсон баримт байхгүй. Г.Санждамбыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасны дагуу хэвлэмэл хуудас хэрэглэсэн, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 Төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 .ажил олгогч санаачилсан,  40 дүгээр зүйлийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1 багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, 44.4 Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана, Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.6 багшийн нэр хүндийг ямагт дээдэлж  биеэ авч явах байдал хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан. Хичээл сургалтын явцад идэвхигүй хандах, сургуулийн орчинд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар багшийн ёс зүйн дүрэмд заасан. Гэтэл тухайн багш нь “багшийн нэр хүндийг ямагт дээдэлж биеэ авч явах байдал” дээрээ зөрчил гаргасан учраас гаргасан зөрчилдөө тохирсон хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гол заалт болох сургуулийн Дотоод журмын 9 дүгээр зүйлд багшийн ёс зүйн зарчмыг мөрдлөг болгох, ноцтой зөрчил, хөдөлмөрийн сахилга, гаргасан зөрчилтэй холбогдуулан авах арга хэмжээг дотоод журамд заасан. Тухайн байгууллагад ажиллаж байгаа бол байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Сургуулийн дотоод журмын 9.3-т ажлын байранд архидан согтуурах ба ажлын байранд согтуу ирэх гэж заасан. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болно. Мөн захирлын тушаалаар ажлаас чөлөөлнө гэж заасан. Тэгэхээр эдгээр зохицуулалтыг үндсэлж захирлын тушаал гарч Г.Санждамба багшийг ажлаас нь чөлөөлсөн.  Г.Санждамба нь тухайн зөрчлийг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан. Харин сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаал 03 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санждамба багшийг ажилдаа согтуу ирсэн гэдгийг нотлох баримт байхгүй гэж байгаа боловч ажил олгогчийн зүгээс түүнийг хараад согтуу байна гэж үзвэл ажлаас халах эрх хэмжээ нь байгаа. Мөн 03 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед Г.Санждамбын согтуурлын хэмжээг шалгахад 1.63 гарсан. Тиймээс сургуулийн захирлын тушаалыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Г.Санждамба нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 08 цаг 15 минутаас 13 цаг 30 минут хүртэл ажлын хуваарьтай байсан. Энэ хугацаанд согтуу ирсэн болохыг нь сургуулийн захирал өөрөө хараад мэдсэн учраас ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Сургуулийн захирлыг буруу тушаал гаргаагүй гэдгийг гэрч нарын мэдүүлэг нотолж байгаа. Мөн Зөрчлийн материалаас юу нь энэ хэрэгт хамааралтай вэ гэхээр Г.Санждамба нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь юм. Тиймээс зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулсан нь хэрэгт хамааралгүй тул нэг зөрчилд нэг хариуцлага гэдэг зарчим хамааралгүй. Зөрчлийн материалаар Г.Санждамба нь 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 30 минутад согтуу байсан гэдэг нь нотлогдож байгаа тул сургуулийн захирлын тушаал үндэслэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Санждамба нь хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018.03.14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Санждамба нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан дизайн технологийн багшийн албан тушаалд ажиллаж байсан ажилтан байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/05 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн “Дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч  Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас ...Багш Г.Санждамба 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа согтуу ирж багшийн ёс зүй болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуультай нэхэмжлэгч Г.Санждамбын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2-т багшийн ёс дүрмийг ноцтой зөрчсөн, 5.4-т үлгэргүй байдал гаргах, архидан согтуурах, согтуу ирэх гэсэн зөрчлийг сургуулийн захиргаанаас гэрээг цуцлах, хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл байхаар тогтоожээ.

Мөн сургуулийн дотоод журмын 9.3.1-д ажлын байран дээр согтуу ирэх зэрэг зөрчлийг ноцтой зөрчилд тооцон захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар  зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.Санждамба 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 11-а ангид 2 цаг, 7-а ангид 2 цаг, 6-а ангид 6-р цагт 1 цагийн хичээл орох хуваарьтай, сургуулийн дотоод журмын 4.3-т зааснаар хичээлийн үргэлжлэх хугацаа өглөөний 08 цаг 15 минутаас 13 цаг 35 минут байсан бөгөөд хичээлтэй байх хугацаанд буюу 12 цаг 30 минутад согтууруулах ундаа хэрэглэсэн 1.63 хувийн үзүүлэлттэй байсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /04229/-ээр тогтоогдож байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас нэхэмжлэгч Г.Санждамбыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа согтуу ирсэн,  багшлах үүргээ биелүүлэх боломжгүй байсан тул сургалтын менежерийг орлож байсан багш Ж.Бат-Эрдэнэ физикийн багш Х.Янжинлхамаар хичээлийг нөхүүлж Г.Санждамбыг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн дотоод журмын 2.5.1 /сургалтын менежерийг орлох/, 4.8 /багш хичээл заах боломжгүй болсон тохиолдолд мэдэгдэх/, 7.1 /багш нар хичээл  эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байх/, 7.1.8 /багш нарын цагийн бүртгэлийг бүртгэх/-д зааснаар Г.Санждамба тухайн өдөр ажилдаа хэдэн цагт ирсэн, тухайн зөрчлийн улмаас хичээлийг батлагдсан хуваарийн дагуу заах боломжгүй болсон эсэх, физикийн  багш Х.Янжинлхам 11-а ангид хуваарь хичээлийг орж, ангийн журналд тэмдэглэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан ...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хичээлээс эрэгтэй багш нараа чөлөөлж баярлуулах санал гарсны дагуу Б.Бат-Эрдэнэ багш хичээлийн цагийг зохицуулсан... эсэхэд хариуцагч талаас няцаалт өгөөгүй байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулийн захирал нэхэмжлэгч Г.Санждамбыг ажлаас чөлөөлөхдөө тухайн өдөр багшлах үүргээ ажлын байранд согтуу ирснээр хичээл заах боломжгүй байсан уу, эрэгтэй багш нарыг ажлаас нь чөлөөлсөн үү /үдээс хойш Дархан сум Queen каракеод болох арга хэмжээнд/ гэдгийг нотлоогүй тул ажлын байранд согтуу байсан гэж үзсэн учир дутагдалтай байна.

 Хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд  багшийн хичээл заах үргэлжлэх хугацаа 13 цаг 35 минутад дуусах байтал 12 цаг 30 минутад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж тайлбарлаж байгаа нь тушаалын үндэслэлтэй тохирохгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Санждамбыг Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн томилох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.1-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г.Санждамбын 2018  оны  03  дугаар сарын 18-ны өдрөөс хойш шүүх хуралдаан хүртэлх ажилгүй байсан 69 хоногийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор  тооцоолоход /ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 858,020 төгрөг / 2,691,062.71 төгрөг байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас 2,691,062.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Санждамбад  олгох нь зүйтэй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч  Г.Санждамбын  ажилгүй байсан 2018  оны 03  дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилд нь томилох хүртэл хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Санждамба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 2,691,062.71 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,007 төгрөгийг  хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас  гаргуулж Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Г.Санждамбыг Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 2,691,062.71  төгрөгийг Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас  гаргуулж, нэхэмжлэгч Г.Санждамбад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Санждамбын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Санждамба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг Орхон сум 8 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 58,007 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод болгосугай. 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ