Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00205

 

Ч.Т, Ч.У нарын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01503 дугаар магадлалтай,

Ч.Т, Ч.У нарын нэхэмжлэлтэй

Х.Бд холбогдох

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны ногдох хэсэг 76,160,000 төгрөг, өвлөгдөх хөрөнгө 417,576 төгрөг гаргуулах, “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Т-д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 

Хариуцагч бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Б нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, Ч.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ч.Т, Ч.У нар нь Х.Б-д холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны ногдох хэсэг 76,160,000 төгрөг, өвлөгдөх хөрөнгө 417,576 төгрөг гаргуулах, “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Т-д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Ч.Х нь орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-с 28,980,376 /хорин найман сая есөн зуун наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-д 14,490,188 төгрөг, Ч.Т-д 14,490,188 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 71,019,624 төгрөг гаргуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрхийг Ч.Т-д шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээд Ч.Х-н бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01503 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3, 532 дугаар зүйлийн 532.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Б дугаар хороо м.кв талбайтай, ... орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Х.Б-с 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д, 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрхийг Ч.Т-д шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг, мөн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х-н бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “...303,811...” гэснийг “611,052” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,048 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагч бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б хяналтын гомдолдоо: ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, тус бүрт нь 38,290,188 төгрөгийг олгохоор, Ч.Х-н хамтран өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус байрыг Г банкны ипотекийн зээлээр авснаас хойш сар бүр хариуцагч миний бие 668,000 төгрөгийг өөрийн цалингаас төлж байна. Хэдийгээр орон сууц нөхөр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй боловч надад худалдан борлуулах, захиран зарцуулах эрхгүй бодит бус хөрөнгө, зээлийн үлдэгдэл 140,816,957 төгрөгийг төлж дууссанаар миний өмч болох ч хугацаа нь 2041 онд дуусах юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзаж судлаагүй шударга бус шийдвэр гаргасанд дахин гомдолтой байна. Нөгөө талаас миний энэ орон сууцны маргаан үүссэнээс хойш орон сууцыг банканд буцаан зээлийг цуцлаад, нэхэмжлэгч нар урьдчилгаа төлбөрийн ногдох хэсгийг өгч, хэрүүл маргааныг дуусгахыг хүссэн. Энэ талаар холбогдох хууль дүрэм, журмыг судалж үзэхэд зээлийг дуусгаснаар би дахин ипотекийн зээлд хамрагдах боломжгүй, хүүхдээ дагуулаад орон гэргүй амьдрах нөхцөл байдалтай байна. Миний охин Ч.Х нь одоо 4 настай, Д.Ч, Х.Б нарын хүүхэд болж төрснөөрөө хохирох ёсгүй юм. Миний бие О-д ажилладаг. Төрийн цаг наргүй албанд зүтгэж, ганцаараа охиноо өсгөж амьдралаа залгуулж байна. Монгол Улсын Дээд Шүүх шийдвэрээ гаргахдаа миний болон охины минь бодит нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

... Хүү Ч.Т нь 2019-2021 онуудад Б дугаар хороо тоотод оршин суух хаягтай боловч амьдардаггүй, эхнэр Б.М-д амьдардаг байсан. Үүнийгээ ч анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурлуудын үеэр хэлж байсан. ... Ч.Т нь аавынхаа эмчилгээнд зориулж өөрийн зүгээс зарцуулсан 11,000,000 төгрөгийг надаас нэхэж, шүүхийн нэхэмжлэл бүртээ дурддаг. Талийгаач нөхрийн маань эмчилгээнд 2021.12.01-2022.01.16 хүртэл нийт 32,202,790 төгрөг зарцуулсан. Би нөхрөө сахиж, бүх эмчилгээнд шаардлагатай эм тариаг өөрийн Х-ны данснаас төлж байсан. Эцэг эхийнхээ төлөө мөнгө зориулж зарцуулах нь үр хүүхдийн хүн ёсны хэрэг гэж бодож байна. Тухайн үед би нөхрийнхөө эмчилгээнд зориулан өөрийн ээж, дүү нар болон зээлийн аппуудаас 18,000,000 гаруй төгрөгийг зээлж зарцуулсан. Үүнийгээ би нөхрийнхөө төлөө, охиныхоо төлөө хийсэн зүйл гэж боддог тул, зээлийг төлж барагдуулахад хэнээс ч мөнгө нэхээгүй өөрөө цалингаасаа төлж байна. Нэхэмжлэгч нар мөн С дугаар хорооны ногоон чулуутын гудамжинд амьдарч байсан хашаа байшингийн талаар нэхэмжлэлдээ дурдаж, зарсан мөнгийг байрны урьдчилгаанд зориулсан гэж бичдэг. Байрны зээлийн урьдчилгаанд дээр дурдсанчлан нөхрийн цэргийн тэтгэврийн 36 сарын тэтгэмжээр олгосон мөнгөнөөс хийсэн. Тэр хашаа байшинг 2018 оны 08 дугаар сард буюу байрны зээлд хамрагдсанаас хойш таньдаг хүндээ 13,000,000 төгрөгөөр зарсан.

Миний бие 1,600,000 төгрөгийн цалинтай, байрны зээл болон бусад зардлаа төлдөг. Үнэн хэрэгтээ цалин маань амьдралд хүрэлцээтэй биш, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Байрны зээлээ хуваарийн дагуу төлж барагдуулж байж байраа захиран зарцуулах эрхтэй болох, төлж чадахгүйд хүрвэл байраа банканд буцааж өгөх гэрээний үүрэгтэй, цаашдаа төлж чадах эсэхээ ч мэдэхгүй амьдарч байна. Иймд зээлийг өрийг бүрэн төлж дуусаагүй, бодит хөрөнгө биш байрыг хувааж нэхэмжлэгч нарт тус бүрт нь 38,290,188 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01503 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4.1.Хариуцагчийн өмгөөлөгч А.Б хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг үндэслэн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө л бол гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө байна гэж Б дугаар хороо ... орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгээ шаардсан. Гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлж байх үед буюу 2018 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Ч.Т нь 22 настай, Ч.У нь 16 настай байсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Т нь гэр бүл зохиож, гэрлэгчдээс тусдаа амьдардаг байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч нар нь хөдөлмөр эрхэлж, хамтын хөдөлмөрийн орлогоор хөрөнгө бий болгох насанд хүрсэн байсан. Хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий орон сууц нь талийгч Д.Ч, хариуцагч Х.Б нарын хамтын хөдөлмөрөөр шинээр бий болсон хөрөнгө болох нь тогтоогдсон.

Тодруулбал, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 34,000,000 төгрөгийг талийгчийн цэргийн байнгын тэтгэврийн 36 сарын тэтгэмжээр төлсөн, зээлийн эргэн төлөлтөд төлөгдсөн 25,000,000 орчим төгрөгийг хариуцагч Х.Б нь өөрийн цалингийн орлогоор төлж байгаа болох нь хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ болон зээлийн хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг “...гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, ногдол хувь, үнэт цаас, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал...” гэж тусгайлан нэрлэж, ялган зааж өгсөн бөгөөд шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг харгалзан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэхийг тогтоох учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэгт цугларсан баримтууд, талуудын тайлбартай уялдуулж үзэхгүйгээр гэрлэгчдийн үр хүүхэд л бол тухайн эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалж дундын эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Т нь гэрлэгчдийг гэрлэж байх үед хамт амьдарч байгаагүй, хүүхэдтэй болсон учраас хадмындаа тусдаа амьдарч байсан гэдгээ ч хэлдэг. Мөн энэ нь ч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Маргаан бүхий хөрөнгө нь гэрлэгчид болох Х.Б, Д.Ч нарын хамтын хөдөлмөрийн үр дүнд шинээр бий болсон хөрөнгө, мөн гэрлэгчдийн өмчлөлд бүртгэлтэй байгаа учраас тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг гэрлэснээс бий болсон үндэслэлээр гэр бүлийн бусад гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааруулах үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын маргаан бүхий эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, дээрх маргаан бүхий эд хөрөнгийг Г банкнаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр худалдаж авсан, тус гэрээний үүрэгт орон сууцыг барьцаалсан байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй...” гэж заасан бөгөөд өмчлөгчийн гол эрх нь захиран зарцуулах эрхтэй байдгаараа бусад эрхүүдээс онцлогтой. Дээрх орон сууцны зээлийн гэрээний хугацаа 2041 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн төлбөр бүрэн төлөгдснөөр дуусах бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу дээрх маргаан бүхий орон сууц нь барьцаанаас чөлөөлөгдсөнөөр өмчлөгч буюу хариуцагч Х.Б нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлж, захиран зарцуулах эрхтэй болно. Хэдийгээр дээрх орон сууц нь Х.Б, Д.Ч нарын дээр бүртгэлтэй боловч банкны барьцаанд байгаа учраас зээл дуусах хүртэлх хугацаанд орон сууцыг худалдан борлуулж, хамтран өмчлөгч нар нь хувааж авах боломжгүй буюу дээрх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, тус орон сууц нь бодит хөрөнгө биш юм.

Орон сууцыг худалдан борлуулж захиран зарцуулах боломжгүй, мөн зээлийн гэрээний хугацаа 2041 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусч байгаа, энэ хугацаанд үндсэн зээл болон зээлийн үлдэгдэл төлбөрт хариуцагч Х.Б нь нийт 140,816,957 төгрөг төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөх нөхцөл байдалтай байхад давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг мөн харгалзан үзэхгүйгээр орон сууцын хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, тэдгээрт ногтох хэсгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01503 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч нь хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.12-ны өдрийн 001/ШХТ2023/01181 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар нь хариуцагч Х.Б-д холбогдуулан Б дугаар хороо ... орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж хамтран өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг 76,160,000 төгрөгийг гаргуулах, мөн аав Д.Ч-н өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсэг 420,376 төгрөгийг гаргуулах, “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Т-д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, маргасан байна. Нэхэмжлэгч нарын “...орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага нь бие даасан эрх зүйн шинжийг агуулгаагүй, “орон сууцны ногдох хэсгийг гаргуулах” нэхэмжлэлийн үндэслэл нь болжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х нь орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргажээ.

9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-с 28,980,376 төгрөгийг гаргуулж үүнээс 14,490,188 төгрөгийг нэхэмжлэгч Ч.У-д, Ч.Т-д 14,490,188 төгрөгийг тус тус олгож, үлдэх нэхэмжлэлийг болон орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээд Ч.Хгийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...маргааны зүйл болох Б дугаар хороо ... орон сууц нь Х.Б, Д.Ч нарын өмчлөлд 2018.08.27-ны өдөр бүртгэгдсэн байх ба хамтран өмчлөгч Д.Ч нь 2022.01.16-ны өдөр нас барсан байна, тухайн орон сууц нь Ч.У, Ч.Т, гуравдагч этгээд Ч.Х нарын хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олоогүй, тэдгээрийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор бий болоогүй учир гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааруулах үндэслэлгүй, харин Д.Ч нь 2022.01.16-ны өдөр нас барснаар өв нээгдсэн ба өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө нь орон сууцны ногдох хэсэг буюу 50 хувь бөгөөд Ч.У, Ч.Т, Ч.Х нар нь Д.Чийн төрсөн хүүхдүүд, хариуцагч Х.Б нь Д.Ч-н эхнэр байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгчид хамаарна, Д.Чийг нас барах хүртэл эхнэр Х.Б, хүүхэд Ч.Т, Ч.У, Ч.Х нар нь түүнтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байх ба өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан, орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 190,400,000 төгрөгийн өвлөгдөх хэсэгт ногдох 95,200,000 төгрөгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үзвэл өвлөгч тус бүрийн ногдох хэсэг нь 23,800,000 төгрөг, орон сууцны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 74,478,497 төгрөг, үүнээс өвлүүлэгч Д.Чийн үүргийг тал хувиар буюу 37,239,248 төгрөгөөр тооцож, өвлөгч Х.Б, Ч.Т, Ч.У, Ч.Х нарын үүргийг тус тус тооцоход өвлөгч тус бүрд ногдох үүргийн хэмжээ 9,309,812 төгрөг төлөхөөр байна, иймд 23,800,000 төгрөгөөс өвлүүлэгчийн ногдох үүрэг 9,309,812 төгрөгийг хасаж, үлдэх 14,490,188 төгрөгийг нэхэмжлэгч тус бүр шаардах эрхтэй, “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрх өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх “Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар Д.Ч, Х.Б, Ч.Х, Ч.Т, Ч.У нарыг гэр бүлийн гишүүд гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах тул маргаан бүхий орон сууц нь Д.Ч, Х.Б, Ч.Х, Ч.Т, Ч.У нарын хамтран өмчлөх дундын өмч болно, иймд орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар адил хэмжээгээр хуваарилбал орон сууцны нэг гишүүнд ногдох хэсэг нь 38,080,000 (190,400,000/5) төгрөгийг нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй, өвлүүлэгч Д.Ч-н өв 38,080,000 төгрөгөөс зээлийн өр 37,239,248 төгрөгийг хасч тооцоход 840,752 төгрөг үлдэх ба үүнээс өвлөгч тус бүрд 210,188 төгрөг ногдоно...” гэж зөрүүтэй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Х.Б-с 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д, 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-д тус тус олгож,үлдэх нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

10.Хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон байна.

11.Хариуцагч Х.Б-д холбогдох Ч.Т, Ч.У нарын нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж ногдох хэсгийг гаргуулах, аав Д.Ч нь нас барснаар өв нээгдсэн тул өвийн зүйлээс ногдох хэсгийг гаргуулах өөр өөр үндэслэлд тулгуурлажээ.

11.1.Хэрэгт байгаа баримтаас үзвэл Д.Ч, Х.Б нар 2018.08.27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас 2018.09.19-ний өдөр охин Ч.Х төрсөн ба Д.Ч-н хүүхдүүд болох 1996.05.10-ны өдөр төрсөн Ч.Т, 2003.11.07-ны өдөр төрсөн Ч.У нар нь тэдгээртэй хамт амьдарч байсан, Д.Ч нь 2022.01.16-ны өдөр нас барснаар өв нээгдсэн, хууль ёсны өвлөгч, өвийн зүйл, өвлүүлэгчийн хүлээх хариуцлагын талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т нийцүүлэн, хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

Гагцхүү анхан шатны шүүх маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч нар хамтран өмчлөх эрхгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нар аав Д.Ч-н асрамжид байж, гэрлэснээс хойш хамт амьдарч байсан, орон сууцыг худалдаж авсан мөнгөний эх сурвалж, зохигч нэг гэр бүлд хамт амьдарч, уг орон сууцыг эзэмшиж байсан нөхцөл байдалд үндэслэн орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж, нэхэмжлэгч нарт ногдох хэсгийг тодорхойлсон нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсгийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн эрх зүйн алдаатай дүгнэлтийг залруулж чадсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зохигч нь нэхэмжлэгч Ч.Тийг сүүлийн 3 жилийн хугацаанд гэрлэгчидтэй хамт амьдраагүй, гэр бүлийн гишүүн биш гэсэн агуулгаар маргасан боловч давж заалдах шатны шүүх энэ талаар нотлогдоогүй нөхцөл байдлыг харгалзаж, орон сууцыг худалдан авах үед Ч.Т нь гэр бүлийн гишүүн байсан, одоо ч оршин суух нэг хаягт бүртгэлтэй, хамт амьдарч байсан гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтад нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн 5 гишүүдэд 190,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий хамтран өмчлөх дундын орон сууцны ногдох хэсгийг адил хэмжээгээр хуваарилж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 38,080,000 (190,400,000/5) төгрөг гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

Түүнчлэн хоёр шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Хг гэр бүлийн гишүүн, орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэж үзэж ногдох хэсгийг тодорхойлж буй атлаа “орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох" шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон нь буруу тул залруулах боломжтой гэж үзэв.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг “...гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар ... хувааж болно”, 130.3 дахь хэсэгт “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно”, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах ...” гэж заажээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, харин хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах үүргийг ялгамжтай тогтоосон байдаг.

Тухайн орон сууцанд зээлийн үүрэг ногдуулсан, 74,478,497 төгрөгийн үлдэгдэл өр байгаа нь Д.Ч, Х.Б нарын “Г банк” ХХК-тай 2018.06.29-ний өдрийн орон сууцны зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон байх ба орон сууц нь гэр бүлээрээ хамт амьдрах зориулалтаар бий болгосон хөрөнгө тул энэ зорилгоор авсан зээлийн үлдэх үүргийг Д.Ч-г оролцуулан гэр бүлийн насанд хүрсэн гишүүд адил тэнцүү хариуцна. Иймд нэг хүнд ногдох хэсэг 38,080,000 төгрөгөөс уг эд хөрөнгөд ногдуулсан үүрэг 18,619,624 /74,478,497:4/ төгрөгийг хасахад дундын эд хөрөнгөөс нэг хүнд 19,460,375 төгрөгийн ногдох хэсэг тодорхойлогдоно.

11.2.Өв хуваах тухайд: өвлүүлэгч Д.Ч-н өвлөгдөх хөрөнгийн хэмжээ 19,460,375 төгрөг бөгөөд үүнийг хууль ёсны өвлөгч Х.Б, Ч.Х, Ч.Т, Ч.У нарт хуваахад нэг хүнд 4,865,093 төгрөгийн өв ногдоно.

11.3.Иймд нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар нь тус бүр дундын эд хөрөнгийн ногдох хэсэг 19,460,375 төгрөг, өв хөрөнгө 4,865,093 төгрөг, нийт 24,325,468 төгрөгийг тус тус хариуцагч Х.Б-с шаардах эрхтэй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01503 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан Ч.Х-г Б дугаар хороо ... орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Х.Б-с 24,325,468 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д, 24,325,468 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,252,107 төгрөгийн шаардлагыг болон “Ю” ХХК-ийн үүрэн холбооны 88** дугаарын эзэмших эрхийг Ч.Т-д шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтын “...303,811...” гэснийг “…401,205 ...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг бүхэлд нь тус тус хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Х.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 395,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

          ШҮҮГЧИД                                                                Н.БАЯРМАА

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Д.ЦОЛМОН