Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01839

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01839

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 04 хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигин овогтой Чийн Т /РД: 6/,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 04 хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигин овогтой Чийн У /РД: М4/ нарын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 04 хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигон овогтой Хүрэлбаатарын Б /РД: Н1/-д холбогдох, 

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 04 хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигин овогтой Чийн Х /РД:У/

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны ногдох хувь 80,000,000 төгрөг, өвлөгдөх хөрөнгө 20,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг гаргуулах, “Юнител” ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг Ч.Төд шилжүүлэхийг даалгах

Бие даасан гуравдагч этгээдийн шаардлага: Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.У, Ч.Т

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Мя

Хариуцагч Х.Б

Хариуцагчийн өмгөөлөгч А.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ч.Т нь 1996 оны 05 дугаар сарын 10-нд, Ч.У нь 2003 оны 11 дүгээр сарын 07-нд Д.Чийн хүүхдүүд болж төрсөн. Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол /16064/, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг аав Д.Ч нь хариуцагч Х.Бтай суухдаа худалдан авсан бөгөөд орон сууцны төлбөрт Ч.Т, Ч.У нарын хамт амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, цагаан чулуутын гудамж, 27 тоотод байрлах хашаа байшингаа зарж оролцуулсан. Энэ нь маргаан бүхий орон сууцыг анх худалдан авах төлбөрт нэхэмжлэгч нарын хувьд хүүхэд ахуй цагаасаа хамтдаа амьдарч байсан гэр бүлийн дундын өмчлөлийн хашаа байшинг зарж борлуулсан орлогоор бүрдүүлсэн нь иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 "Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна", 126.2.2."Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх хөрөнгө" байна гэж тус тус заасны дагуу дундын өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй байна.

Мөн Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол /16064/, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг одоогийн байдлаар хариуцагч Х.Б нь охин болон өөрийн төрсөн ээж нарын хамт эзэмшин амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Т нь хадам аав ээжийндээ эхнэр хүүхдийн хамт, Ч.У нь аав Д.Чийн төрсөн дүүгийнд аавын ах, дүү нарын дэмжлэг туслалцаатайгаар амьдарч байна. Нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий орон сууцанд хариуцагчтай дахин хамт амьдрах боломжгүй байгаа бөгөөд өөрсдийн төрсөн дүү Ч.Х болон хариуцагч Х.Б нарыг цаашид уг орон сууцанд амьдрахад татгалзах зүйлгүй байгаа болно. Харин орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгон өөрсдөд ногдох хувиараа цаашид амьдрах орон байрны асуудлаа шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нарт ногдох хувиа хариуцагчаас гаргуулахаар нэмэгдүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 "Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна", 129.7."Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно... " гэж заасныг тус тус үндэслэн болгон Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол /16064/, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нарт ногдох хувийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.     

1.2 Нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар нь талийгаач Д.Чийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 10 гудамж 27 тоот хаягт амьдарч байсан. Талийгаач аав маань 2018 онд Онцгой байдлын газраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэмжийн мөнгө /36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр/ авч, мөн бидний амьдарч байсан хашаа байшинг зарж борлуулан “Ариун-Очир” ХХК-аас 112,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Яг энэ үетэй давхцан аав маань Х.Б эгчтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан бөгөөд байрны зээл тэтгэвэрт гарсан хүн дээр гарахгүй учир Х.Б эгч үндсэн зээлдэгч аав маань хамтран зээлдэгчээр орж Голомт банкнаас зээл авсан байдаг. Мөн хашаа байшингаас байранд орж, шинээр гэр бүл болж байгаа учир гэртээ шинээр тавилга эд зүйл ч нийлээдгүй авч байсан. Үүнийг бид нэхэмжлээгүй. Зөвхөн урьд өмнө аавтайгаа амьдарч байхдаа өөрийн гэсэн орох оронтой байсан бөгөөд ааваасаа хойш одоо бид орох оронгүй хамаатан садныхаараа амьдарч байгаа учир ийнхүү дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүсэж байна. Хэрэв бид өөрийн хашаа байшиндаа амьдарч байсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүйгээр өөрийн гэсэн гэр оронтой санаа зовох зүйлгүй байх байсан. Мэдээж хэрэг бидний дүү болон Х.Б эгчид ногдох хэсгийг бид авна гээгүй зөвхөн шударгаар дээрх орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар нь үнэлж /одоо бол мэдээж хэрэг үнэ нь маш их өссөн байгааг хүн бүр мэднэ/ биш тухайн үеийн ханш 200,000,000 төгрөгөөр нь тооцоод нийт 5 хүний өмч гэж үзэн нэг хүнд 40,000,000 төгрөг, бид хоёрт нийт 80,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Эд хөрөнгө нь Б эгчид үлдэж дүү бид 2 өөрт ногдох хэсгийг мөнгөөр гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн дундын эд хөрөнгийг тогтоосны үндсэн дээр талийгаач аав Д.Чт ногдох хэсэг 40.000.000 төгрөгийг хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр Х.Б, төрсөн хүү охин болох Ч.Т, Ч.У, Ч.Х нарт 4 хувааж тооцвол нэг хүн 10,000,000 төгрөгийн эд хөрөнгө өвлөнө. Үүнээс нэхэмжлэгч нарт 20,000,000 төгрөгийг хууль ёсоор гаргуулах үндэслэлтэй байна. Аав маань 2022 оны 01-р сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд сая 2023 оны 01-р сарын 17-ны өдрөөс эхлэн өв нээгдсэн тул одоо энэхүү өвийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болсон. Хуульд заасны дагуу аавын маань төрсөн аав Дамдингийн Давааноров /2022 онд нас барсан, ээж Магнайн Должинсүрэн /2020 оны үед нас барсан/ нар нь нас барсан тул биднээс хууль ёсны нэгдүГээр зэргийн өв залгамжлагч байхгүй. Иймд дээрх орон сууцнаас талийгаач аав Д.Чт ногдох дундын хөрөнгө 40,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч нарт хууль ёсны дагуу өвлөгдөх эд хөрөнгө тус бүр 10,000,000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү.  Мөн аав маань 2008 оноос хойш Юнител компанийн үүрэн телфоны 8811-8719 гэсэн дугаарыг эзэмшдэг байсан бөгөөд амьд ахуйдаа зарж эмчилгээний төлбөрт хэрэглэх гэж байснаа Ч.Т миний байрны урьдчилгаанд цуглуулж байсан мөнгийг эмчилгээндээ хэрэглэж харин энэ дугаараа надад шилжүүлж өгнө гэж ярьдаг байсан. Гэвч аав маань хүнд өвчний улмаас гадуур тэр бүр гарч чаддаггүй байсан тул шилжүүлэх боломж олдохгүй байж байгаад нэг өдөр шинжилгээ хийлгэхээр хальт эмнэлгээс Б эгчтэй гарах үедээ Б эгчийн дүүд шилжүүлж өгсөн байсан. Энэ шилжүүлсэн зорилго нь тухайн үедээ ойр өөр хүн байхгүй тул дахиж гарах боломж олдохгүй тул гадуур чөлөөтэй гарч болох хэн нэгэн дээр шилжүүлээд дараа нь зарах, эсхүл миний нэр лүу шилжүүлэх зорилготой байсан. Гэтэл зарж борлуулж чадаагүй байж байгаад аав маань нас барсан. Харин дугаарыг нь эхэндээ Б эгч надад өгнө гэж байсан ч одоог хүртэл өгөөгүй. Би ааваас маань дүү бид хоёрт дурсагдан үлдсэн эд зүйл гэх юм байхгүй учир цаашид ашиглаж байсан дугаарыг нь хадгалж хэрэглээд явж байя гэсэн үүднээс энэхүү дугаарыг авах хүсэлтэй байна. Одоо энэ дугаар нь хэний нэр дээр байгааг мэдэхгүй ч Б эгч өөрөө ашиглаж байгаа болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 69а байр 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 3 өрөө, 200,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгч талийгаач аав Д.Чт ногдох хэсгийн хөрөнгө болох 40,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч нарт ногдох хэсгийн өвлөгдөх эд хөрөнгө 20,000,000 төгрөгийг /хүн тус бүрд 10,000,000 төгрөг / гаргуулах, мөн талийгаачийн эзэмшиж байсан Юнител ХХК-ний 8811-8719 дугаарыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Тийн нэр лүү шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.Б нь талийгаач Д.Чтой хамт амьдарч байгаад 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэр бүл болсны дараа охин Ч.Х төрсөн бөгөөд талийгаач Д.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүнд өвчний учир нас барсан. Хариуцагч Х.Б, Д.Ч нар нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БГД-ийн 18 дугаар хороо, 4-р хороолол, 69А байрны 31 тоот орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн урьдчилгаа төлбөрт 34 000 000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд 4 000 000 орчим төгрөг, нийт 38 000 000 орчим төгрөгийг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор Голомт банканд төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ Х.Б, Д.Ч нарын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр хариуцагч Х.Б, хамтран зээлдэгчээр талийгаач Д.Ч нар оролцон, зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх болон эргэн төлөлтийг дээрх нэр бүхий этгээдүүд хариуцан төлж байсан. Х.Бгийн сарын цалин 1,600,000 төгрөг үүнээс зээл төлж, хүүхдээ ганцаараа өсгөж байна, мөн байр банкны өмчид байгаа. Миний өмч болох болгоогүй, зээлийн үлдэгдэлтэй байр юм. Дугаарын хувьд талийгаач 2021 оны 11 дүгээр сарын эхээр бие нь муудсан. Ерөнхийдөө 45 хоног эмнэлэгт байсан. Өдрийн 1,600,000-1,700,000 төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед бид хоёрт мөнгө төгрөг байгаагүй. Төөс эмчилгээнд зориулж 11,000,000-14,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Дугаарыг манай дүүгийн нэр дээр шилжүүлсэн. Манай дүү, ээж хоёр эмчилгээ хийлгэж байхад нэг нь 5,700,00 төгрөг, нэг нь 3,000,000 гаруй мөнгө өгсөн. Тэр хоёрын мөнгийг өгөөгүй байна. Эмчилгээ хийлгэж байхад хүнээс зээлсэн мөнгө төгрөгийг өгч чадаагүй байна. Иймд дугаарыг өгч чадахгүй. Бид нэхэмжлэгч нарт тус бүрд нь мөнгө өгч чадахгүй гэжээ.

 

3. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар нь хариуцагч Х.Бд холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай БГД-ийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Х дараах хүсэлтийг гаргаж байна.  Хариуцагч Х.Б нь талийгч Д.Ч, мөн нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нарын хамт 2013 оноос НОБГ-ын харьяа БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 18-р ангийн ажилчдын байранд, 2016 оноос НОБГ-ын Аврах ангийн ажилчдын байранд хамт амьдарч байгаад 2018 оны 06 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэрлэлтээ иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр охин Ч.Х төрсөн. Гэрлэлтээ батлуулсны дараа өөрсдийн байр, орон сууцтай болох шаардлага үүссэн учраас ипотекийн 8 хувийн зээлээр орон сууц худалдан авахаар хайсны үр дүнд 2018 оны 6 дугаар сард БГД-ийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууцыг олж, тус орон сууцыг Голомт банкны зээлээр худалдан авсан. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа БГД-ийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон. Дээрх шаардлагатай холбоотойгоор X.Б, Д.Ч нарын дундаас төрсөн охин болох Ч.Х миний өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу Ч.Х намайг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж, хариуцагч Х.Б, талийгаач Д.Ч нарын дундаас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин болох Ч.Х намайг БГД-ийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ч.Уянгын сургуулийн тодорхойлолт, Д.Чийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Ч.Тийн эцэг Д.Чийн төрөл садангийн лавлагаа, Ч.Т, Ч.У нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.Тийн Төрийн банкны харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас Д.Ч, Х.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Голомт банк ХХК болон Х.Б, Д.Ч нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, Ч.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэг,  Голомт банк ХХК болон Х.Б, Д.Ч нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, орон сууцны зээлийн анкет, зээлийн дансны хуулга, 88118719 утасны дугаарын эзэмшигчийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, Д.Чийн эцэг Д.Давааноров, эх М.Должинсүрэн нарын нас барсны лавлагаа, Д.Ч, Э.Энхтуяатай гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Э.Энхтуяагийн төрөл садангийн лавлагаа, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 69а байрны 31 тоот орон сууцанд хамт амьдарч байсан талаар хорооны тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт Дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууц нь Д.Ч, Х.Б нарыг гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бөгөөд тухайн хөрөнгө Х.Б, Д.Ч нарын нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар хамтран өмчлөх эрхтэй тул орон сууцны өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй. Мөн орон сууцны хамтран өмчлөгч Д.Чийн хууль ёсны өвлөгч Ч.Т, Ч.У нар нь орон сууцны эцэг Д.Чт ногдох хэсгийг өвлөх эрхтэй. Талийгаач Д.Ч нь нас барахаасаа өмнө өөрийн үүрэн холбооны дугаар эзэмших эрхийг хүү Ч.Төд шилжүүлэхээ илэрхийлсэн. 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт Дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууц нь банкны барьцаанд байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа тул бодитой хөрөнгө биш юм. Үүрэн холбооны 88118719 дугаарын хувьд, талийгаач Д.Чийн эмчилгээний зардалд бусдаас авсан өрийг бүрэн төлж чадаагүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Гуравдагч этгээд Ч.Х дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан. Үүнд: X.Б, Д.Ч нарын дундаас төрсөн охин болох Ч.Хгийн өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй байх тул Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт Дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

   5.1. Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Х.Б, Д.Ч нарын өмчлөлд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд хамтран өмчлөгч Д.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

5.2. Хариуцагч Х.Б нь Д.Чтой 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгч Ч.Т, Ч.У, гуравдагч этгээд Ч.Х нарын төрсөн эцэг Д.Ч болох нь тэдгээрийн төрөл садангийн лавлагаа, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.  

 

5.3. Хариуцагч Х.Б нь нөхөр асан Д.Чийн хамт Голомт банктай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ1505129855 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 78,000,000 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрт Д.Чийн цэргийн байнгын тэтгэврийн 36 сарын байнгын тэтгэмжийг тус тус шилжүүлэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авсан болох нь зээлийн гэрээ, зээлийн хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгийг заасан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ч.У, Ч.Т, гуравдагч этгээд Ч.Х нарын хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олоогүй, тэдгээрийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж аваагүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгө нь гэрлэгчид болох Х.Б, Д.Ч нарын өмчлөлд бүртгэлтэй байх ба тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг тэдгээрийг гэрлэснээс хойш бий болсон үндэслэлээр гэр бүлийн бусад гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааруулах үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Ч.У, Ч.Т, гуравдагч этгээд Ч.Х нарын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч Ч.У, Ч.Т нарын дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Өвлөгдөх хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах шаардлагын тухайд, өвлүүлэгч Д.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн ба мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

7.1. Дээрх орон сууцны өмчлөгчөөр Х.Б, Д.Ч нар бүртгэлтэй байх тул уг орон сууцны өвлөгдөх хэсэг 50 хувьд нь хамаарч байна.

 

7.2. Нэхэмжлэгч Ч.У, Ч.Т, гуравдагч этгээд Ч.Х нар нь нас барагч Д.Чийн төрсөн хүүхдүүд, хариуцагч Х.Б нь нас барагч Д.Чийн эхнэр болох нь баримтаар тогтоогдсон. Нас барагч Д.Чийн эцэг Д.Давааноров 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, эх М.Должинсүрэн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус тус нас барсан байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн эхнэр, хүүхэд, төрүүлсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байна” гэж зааснаар нас барагч Д.Чийн эхнэр Х.Б, хүүхэд Ч.Т, Ч.У, Ч.Х нар нь хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Өвлүүлэгч Д.Чийг нас барах хүртэл эхнэр Х.Б, хүүхэд Ч.Т, Ч.У, Ч.Х нар нь түүнтэй хамт амьдарч байсан болох нь Ч.Т, Ч.У нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын ажлын албаны оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх ба өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

10. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц худагт дамдинбазарын гудамж, 69А байрны 31 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 190,400,000 төгрөгийн өвлөгдөх хэсэгт ногдох 95,200,000 төгрөгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар өвлөгч Х.Б, Ч.Т, Ч.У, Ч.Х нарт тус бүр ногдох хэсэг нь 23,800,000 төгрөг байна.  

 

11. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж зааснаар өвлүүлэгч Д.Ч, хариуцагч Х.Б нарын Голомт банктай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ1505129855 дугаартай орон сууцны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 74,478,497 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба өвлүүлэгч Д.Чийн үүргийг тал хувиар буюу 37,239,248 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. Өвлөгч Х.Б, Ч.Т, Ч.У, Ч.Х нарын өвлөн авсан хэмжээгээр өвлүүлэгчийг үүргийг тус тус хуваан тооцоход өвлөгч тус бүрд ногдох үүргийн хэмжээ 9,309,812 төгрөг төлөхөөр байна.

 

12. Талууд хариуцагч Х.Бд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг үлдээх эсэх талаар маргаагүй бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Т, Ч.У нар нь өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хувь болох 23,800,000 төгрөгөөс өвлүүлэгчийн ногдох үүрэг 9,309,812 төгрөгийг хасаж, үлдэх 14,490,188 төгрөгийг тус бүр шаардах эрхтэй гэж үзлээ.

 

13. “Юнител” ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг Ч.Төд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн тухайд, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дугаар эзэмших эрхийг Х.Гантуяад шилжүүлсэн байх тул уг эрх нь өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй байхаас гадна хариуцагч Х.Б нь Х.Гантуяагийн зөвшөөлөөр уг эрхийг шилжүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд Д.Ч нь өөрийн эзэмшиж байсан “Юнител” ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Төд шилжүүлэхээр хэлцэл хийсэн болох нь баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч Ч.Т нь хууль буюу гэрээгээр үүрэн холбооны 88118719 дугаарыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

14. Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Бгаас 28,980,376 /хорин найман сая есөн зуун наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Уд 14,490,188 төгрөг, Ч.Төд 14,490,188 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 71,019,624 төгрөг гаргуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, “Юнител” ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг Ч.Төд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

15. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Бгаас 28,980,376 /хорин найман сая есөн зуун наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Уд 14,490,188 төгрөг, Ч.Төд 14,490,188 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 71,019,624 төгрөг гаргуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, “Юнител” ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг Ч.Төд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээд Ч.Хгийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ