Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   08   02   210/МА2023/01503

 

 

Ч.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.*******д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Хандсүрэнгийн бие даасан шаардлагатай

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны ногдох хэсэг 76,160,000 төгрөг, өвлөгдөх хөрөнгө 417,576 төгрөг гаргуулах, Юнител ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.*******өд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, Ч.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч Х.*******, түүний өмгөөлөгч А.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.******* нь 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, Ч.******* нь 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Чинзоригийн хүүхдүүд болж төрсөн. Бидний эцэг Д.Чинзориг нь хариуцагч Х.*******тай суухдаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2205068912 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 69а байр, 31 тоот хаягт байршилтай, 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд уг орон сууцны төлбөрт Ч.*******, Ч.******* нарын хамт амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Цагаан чулуутын гудамж, 27 тоот хаягт байрлах хашаа байшинг зарж оролцуулсан. Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.2-т заасны дагуу гэр бүлийн дундын өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй.

1.2. Маргаан бүхий орон сууцыг одоогийн байдлаар хариуцагч Х.******* эзэмшиж, охин болон ээжийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.******* нь хадам эцгийнд эхнэр, хүүхдийн хамт, нэхэмжлэгч Ч.******* нь аав Д.Чинзоригийн төрсөн дүүгийнд амьдарч байна. Нэхэмжлэгч нар нь тус орон сууцанд хариуцагчтай дахин хамт амьдрах боломжгүй бөгөөд дүү Ч.Хандсүрэн болон хариуцагч Х.******* нарыг цаашид уг орон сууцанд амьдрахад татгалзах зүйлгүй. Харин орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгон өөрсдөд ногдох хувиараа цаашид амьдрах орон байрны асуудлаа шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ байгаа тул нэхэмжлэгч нарт ногдох хувь тус бүр 38,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.7 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн орон сууцнаас нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нарт ногдох хувь 76,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.3. Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тогтоосны үндсэн дээр талийгаач аав Д.Чинзоригт ногдох хэсэг 38,080,000 төгрөгөөс түүнд ногдох зээлийн өр 37,239,248 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр Х.*******, төрсөн хүүхдүүд Ч.*******, Ч.*******, Ч.Хандсүрэн нарт 4 хувааж тооцвол нэг хүн 210,188 төгрөгийн эд хөрөнгө өвлөнө. Нэхэмжлэгч тус бүрт 210,188 төгрөгийг хууль ёсоор гаргуулж өгнө үү.

1.4. Мөн аав Д.Чинзориг нь амьд байхдаа эзэмшиж байсан Юнител ХХК-ийн 88118719 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.*******өд шилжүүлнэ гэсэн боловч одоо хариуцагчийн нэр дээр шилжсэн байгаа тул тус дугаарыг нэхэмжлэгч Ч.*******өд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Х.*******, Д.Чинзориг нарын дундаас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Ч.Хандсүрэн төрсөн. Иймд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч Х.******* нь талийгаач Д.Чинзоригтой хамт амьдарч байгаад 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэр бүл болсны дараа охин Ч.Хандсүрэн төрсөн бөгөөд талийгаач Д.Чинзориг нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүнд өвчний учир нас барсан. Хариуцагч Х.*******, Д.Чинзориг нар нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 69а байрны 31 тоот хаягтай орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн урьдчилгаа төлбөрт 34,000,000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд 4,000,000 орчим төгрөг, нийт 38,000,000 орчим төгрөгийг Голомт банкинд төлсөн.

Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Х.*******, Д.Чинзориг нарын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр хариуцагч Х.*******, хамтран зээлдэгчээр талийгаач Д.Чинзориг нар оролцон байсан. Х.*******гийн сарын цалин 1,600,000 төгрөг үүнээс зээл төлж, хүүхдээ ганцаараа өсгөж байна. Мөн уг орон сууц нь банкны барьцаанд байгаа, миний өмч болох болоогүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа болно.

3.2. Талийгаачийн бие 2021 оны 11 дүгээр сарын эхээр муудсан, 45 хоног эмнэлэгт байсан, өдрийн 1,600,000-1,700,000 төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед бид хоёрт мөнгө байгаагүй. Ч.*******өөс эмчилгээнд зориулж 11,000,000-14,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Талийгаас 88118719 дугаарыг миний дүү Х.Гантуяагийн нэр дээр шилжүүлсэн. Миний дүү, ээж хоёр эмчилгээ хийлгэж байхад нэг нь 5,700,00 төгрөг, нөгөө нь 3,000,000 гаруй төгрөг өгсөн. Тэр хоёрын мөнгийг өгөөгүй байгаа. Эмчилгээ хийлгэж байхад хүнээс зээлсэн мөнгө төгрөгийг өгч чадаагүй байна. Иймд дугаарыг өгч чадахгүй.

Бид нэхэмжлэгч нарт тус бүрд нь мөнгө өгч чадахгүй гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Гуравдагч этгээдийн шаардлагыг маргахгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Х.*******гаас 28,980,376 /хорин найман сая есөн зуун наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д 14,490,188 төгрөг, Ч.*******өд 14,490,188 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 71,019,624 төгрөг гаргуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Юнител ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг Ч.*******өд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээд Ч.Хандсүрэнгийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. шүүхээс нэхэмжлэгч бид нарыг болон бага насны хүүхэд болох Ч.Хандсүрэнг хөрөнгийг бий болгоход хувь нэмэр оруулаагүй, орлого олоогүй гэсэн байна. Гэвч 2018 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Ч.******* миний бие насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй байсан. Мөн дүү Ч.Хандсүрэн ч мөн адил хөдөлмөрийн чадваргүй насанд хүрээгүй. Гэтэл биднийг хөрөнгө бий болгох үед хувь нэмэр оруулах ёстой гэж шүүх дүгнэж байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 126.3.Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэсэн заалт нь насанд хүрээгүй, эсхүл оюутан байсан Ч.*******, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх эрхийг хамгаалсан заалт гэж ойлгож байгаа ч шүүх үүнийг хэрэглээгүй байна.

6.2. Мөн нэхэмжлэгч Ч.******* би хэдийгээр насанд хүрсэн байсан ч өөрийн хөдөлмөрийн орлогыг гэр бүлийн бусад хэрэгцээнд зарцуулж байсан болох нь хариуцагч Д.*******гийн дансны хуулга болон талуудын тайлбар зэргээр нотлогдож байгаа. Мөн гэр бүлийн хөрөнгө бий болгоход хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлого ороогүй гэсэн байна. Миний хувьд аав маань ээжээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш аавынхаа асрамжид дүүгийнхээ хамт амьдарч Баянхошуунд хувийн хашаандаа 15, 16 насандаа аавтайгаа хамтран байшин барьж байсан. Иймээс аав, дүү бид гурав хамтран өмчилж байсан хашаа байшингийн үнэ нь гэр бүлийн хамтран өмчлөх бусад хөрөнгийг бүрдүүлэхэд зарцуулагдсан.

6.3. Бидний эцэг Д.Чинзориг нь Д.*******тай 2018 онд гэрлэлтээ бүртгүүлсэн боловч үүнээс өмнө буюу 2013 оноос хамтран амьдарч нэг гэр бүл болсон. Гэтэл шүүх зөвхөн бүртгэл хийлгэсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш л гэр бүл болсон үүнээс хойш бий болсон эд хөрөнгө Д.Чинзориг, Д.******* нарын дундын өмч гэж үзэж байгаа нь гэр бүл болж хамт амьдарсан бодит байдалтай нийцэхгүй байна.

6.4. Мөн орон сууцны зээлийн урьдчилгааг эцэг Д.Чинзориг тэтгэврийн 36 сарын тэтгэмжээр бүрдүүлсэн. Харин Д.******* ажиллаж байгаа учир өөрийн нэр дээр орон сууцны зээл авсан. Харин энэ талаар Иргэний хуулийн 126.2.4-д зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь Ч.*******, Ч.*******, Ч.Хандсүрэн нар хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх байна.

Иймээс шүүхийн шийдвэрээс хамтран өмчлөх дундын өмчлөгчөөр тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  7. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд дундын өмчлөлийн маргаантай холбоотой гомдол гаргасан. Иргэний хуульд зааснаар өвлөх асуудал нь хууль болон гэрээслэлээр өвлөнө гэх зохицуулалттай. Талийгаач нас барсан үед тухайн хүний өмчлөлд байсан эд хөрөнгө өвлөгдөнө. Уг дугаарыг Ч.*******өд өгөх асуудал байсан тохиолдолд гэрээслэл бичигдсэн байх ёстой, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Уг асуудалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

7.2. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлт бүртгэгдсэн бөгөөд мөн оны 08 дугаар сард өмчлөх эрх Х.*******, Д.Чинзориг нарын нэр дээр үүссэн. Нэхэмжлэгч нарын зүгээс орон сууц худалдаж авах хувь нэмэр оруулсан гэх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгч нар нь тухайн хашаа байшинг худалдаж, гэр бүлийн дундын эд хөрөнгөд хувь нэмэр оруулсан эсэхийг хариуцагч мэдэхгүй. Шүүх гэр бүлийн хамтран өмчлөх асуудлыг үнэн зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нар нь хариуцагч Х.*******д холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны ногдох хэсэг 76,160,000 төгрөг, өвлөгдөх хөрөнгө 420,376 төгрөг гаргуулах, Юнител ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.*******өд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Хандсүрэн нь зохигчдод холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасныг зохигч маргаагүй байна.

3.1. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, Д.Чинзориг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан ба тэрээр 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Х.*******тай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Мөн 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Ч.*******, 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Ч.*******, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Ч.Хандсүрэн нар талийгаач Д.Чинзоригийн хүүхдүүд байна. (хэргийн 1 дэх хавтас 5, 21, 169 дэх тал)

3.2. Д.Чинзориг, Х.******* нар нь Голомт банк ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 69а байрны 31 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авч, уг орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгджээ. (хэргийн 1 дэх хавтас 38-53, 104 дэх тал)

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

4. Анхан шатны шүүх маргаан бүхий харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөд хамаарахгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дор дурдсанаар залруулах нь зүйтэй. Үүнд:

4.1. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Чинзориг, Х.******* нар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх үед охин Ч.Хандсүрэн, мөн дагавар хүүхдүүд болох хүү Ч.*******, охин Ч.******* нарын хамт амьдарч байсан болох нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж тодорхойлсон тул Д.Чинзориг, Х.*******, Ч.Хандсүрэн, Ч.*******, Ч.******* нарыг гэр бүлийн гишүүд гэж дүгнэнэ.

4.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах тул маргаан бүхий орон сууц нь Д.Чинзориг, Х.*******, Ч.Хандсүрэн, Ч.*******, Ч.******* нарын хамтран өмчлөх дундын өмч байна.

Анхан шатны шүүх маргаанд хамаарахгүй Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-ийн зохицуулалтыг баримталж, орон сууцыг гэрлэгчдийн төрсөн болон дагавар хүүхдүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаа, орлогоор олж аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

4.3. Д.Чинзориг нас барсан тул Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Д.Чинзориг, Х.******* нарын гэрлэлт дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг ... гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар ... хувааж болно, 130.3 дахь хэсэгт Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах ... гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.*******ийг сүүлийн 3 жилийн хугацаанд гэрлэгчидтэй хамт амьдраагүй гэж маргасан хэдий ч тайлбараа нотлох баримтаар нотлоогүйн зэрэгцээ уг нөхцөл байдал нь хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсгээ шаардахад саад болохгүй. Учир нь, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Чинзориг, Х.******* нар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэх үед гэр бүлийн гишүүн болох Ч.*******өд өмчлөх эрх үүссэн бөгөөд тэрээр хожим шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

Хэрэгт авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр орон сууцыг 190,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг зохигчид маргаагүй байна. (хэргийн 1 дэх хавтас 230-241 дэх тал)

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан тул орон сууцны нэг гишүүнд ногдох хэсэг нь 38,080,000 (190,400,000/5) төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч нар нь орон сууцны ногдох хэсэгт тус бүр 38,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Хандсүрэнгийн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй болно.

5. Анхан шатны шүүх өвлүүлэгч Д.Чинзоригийн хууль ёсны өвлөгчдийг зөв тогтоосон байна. Тодруулбал, эхнэр Х.*******, төрүүлсэн хүүхдүүд болох Ч.*******, Ч.*******, Ч.Хандсүрэн нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид байна. Нас барагчийн төрүүлсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгчид хамаарах боловч эцэг Д.Давааноров 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, эх М.Должинсүрэн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус тус нас барсан тухай лавлагаа хэрэгт авагдсан. (хэргийн 1 дэх хавтас 224, 225 дахь тал)

Хууль ёсны өвлөгчид болох Х.*******, Ч.*******, Ч.*******, Ч.Хандсүрэн нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өв буюу маргаан бүхий орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг хүлээн авсан байх ба энэ үйл баримтыг шүүх зөв дүгнэжээ.

6. Хууль ёсны өвлөгч нар өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэйгээс гадна өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээхээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасан.

Хэргийн баримтаар Д.Чинзориг, Х.******* нараас Голомт банк ХХК-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 74,478,497 төгрөг байх ба өвлүүлэгч Д.Чинзоригийн үүрэг 37,239,248 төгрөг болох талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий орон сууцны өвлүүлэгч Д.Чинзоригт ногдох хэсэг 38,080,000 төгрөгөөс зээлийн өр 37,239,248 төгрөгийг хасч тооцоход 840,752 төгрөг үлдэх ба үүнээс өвлөгч тус бүрд 210,188 төгрөг ногдоно.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, ... өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч тус бүрд 210,188 төгрөг хариуцагчаас гаргуулж олгох үндэстэй.

7. Нэхэмжлэлд дурдсан Юнител ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарыг талийгаач Д.Чинзориг эзэмшиж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Гантуяад, Х.Гантуяагаас 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Х.*******д тус тус шилжсэн болох нь Юнител ХХК-аас ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон байна. (хэргийн 1 дэх хавтас 216-222 дахь тал)

Нэхэмжлэгч нь эцэг Д.Чинзориг нас барахаас өмнө уг дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.*******өд шилжүүлэхээр амалсан гэж тайлбарласан.

Нэг этгээдийн өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх харилцаа нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа болох ба мөн хуулийн 276.4 дэх хэсэгт тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүсэхээр заасан.

Гэвч нэхэмжлэгчийн тайлбар, түүний үндэслэлийг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй. Харин хууль хэрэглээний хувьд, нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлох нь зөв юм.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нарыг эрхийн улсын бүртгэлийн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Х.*******гаас 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******өд, 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д тус тус олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3, 532 дугаар зүйлийн 532.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205068912 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 69а байр 31 тоот хаягт байрлах, 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Х.*******гаас 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******өд, 38,290,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх Юнител ХХК-ийн үүрэн холбооны 88118719 дугаарын эзэмших эрхийг Ч.*******өд шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг, мөн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Хандсүрэнгийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...303,811... гэснийг 611,052 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,048 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА