Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2021/00603

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .....суманд 1971 онд төрсөн, ......настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ..... сумын ....... дугаар багийн ......... тоотод оршин суух, РЭ.....угаар регистртэй, А...т овогт Ш. Д..,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ..... сумын.... дугаар багт өөрийн байранд байрлах, Хөвсгөл аймаг дахь ..........төвд холбогдох,

Сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар, ажлаас халсан тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь ...........төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/00391/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ш.Д...., түүний өмгөөлөгч Д.С., хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг дахь ......... төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Түүнээс хойш тус байгууллагад үр бүтээлтэй 6 жил ажилласан билээ. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ..............н захирлын дугаар Б/21 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь М............ төвийн захирал Н.Б...... нь Б/21 тушаал гаргасан тухайгаа мэдэгдээгүй. Тус тушаалыг надад гардуулж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09 тоот хурлын тэмдэглэл дээрээс мэдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн төвийн захирлын Б/21 тушаалыг тухайн үед мэдсэн, гардан авсан бол анхан шатны шүүхэд хандах байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .................... төвийн захирлын дугаар Б/79 тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн ерөнхий нягтлан бодогч Ш.Д......... нь өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон зөрчил гаргасан байх тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай гэсэн байдаг. Миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш хөрөнгийн үнэлгээний шинжээчийн ажлыг огт хийгээгүй билээ. Гэтэл 2020 онд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг он дуустал хийсэн мэтээр тухайн тушаалыг гаргасан нь буруу билээ. ............төвийн захирал Н.Б..ажлаас намайг халах зорилготойгоор 1 жилд 2 удаа сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан гэж үзэж байна. ............... төвийн захирал Н.Б...нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ............ төвийн захирлын Б/25 тушаалаар Ш.Д.... намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тус тушаалд ...Байгууллагын ерөнхий нягтлан бодогч Ш. Д.. нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн тушаалыг гаргасан. Б/25 тушаалд зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл уялдаа холбоогүй тушаал гаргасан гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ............ төвийн захирал Н.Б...намайг ажлаас халж байсан. Би тухай үед Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилдаа эргүүлэн орж байсан. ........... төвийн захирал Н.Б..... нь удаа дараалан намайг ажлаас хөөх, би чамтай хамтарч ажиллахгүй гэх мэтээр дарамтладаг байсан учраас сахилгын шийтгэлийг 1 жилд 2 удаа оногдуулсан бөгөөд тус сахилгын шийтгэлүүдээ үндэслэн намайг ажлаас халсан билээ. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон-ыг үндэслэсэн байдаг. Байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй байтал ямар санхүүгийн зөрчил байгууллагын удирдлага дурдсаныг хүлээн зөвшөөрхгүй байна.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь .................. төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлснийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Н.Б.., итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М........ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Д...... шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Иргэн Ш.Д........хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд авсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон болон ажил албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан эсэргүүцэж, бусдыг хэл амаар доромжлон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тухайлан заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Тушаалыг тухайн үед хүний нөөц, дотоод ажил хариуцан ажиллаж байсан ажилтан Б.П.. биечлэн хүлээлгэж өгсөн байна.

Сахилгын сануулах арга хэмжээ авах болсон үндэслэл: 1. Албан тушаалын тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг биелүүлээгүй.

1.1. Өр авлага үүсгэхгүй, хэрэв үүсвэл богино хугацаанд барагдуулж ажиллах, өр авлага үүссэн байгууллага, аж ахуйн нэгжтэй тооцоо нийлж баталгаажуулах.

1.2. Хангамж бараа материал болон агуулахад байгаа бараа материалын тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, тооцоо бодон хадгалалт эмх цэгцийг сайжруулахад анхаарах, дүнг мэдээлж байх.

1.3. Албан хаагч бүрт эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл хөтлөх.

1.4. Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлуудыг хугацаанд нь бүрэн чанартай хийж

гүйцэтгэх, тайлагнах.

1.5. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох тушаал, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрлэсэн баримт материалыг стандартын дагуу албажуулах, түгээх, мэдээлэх.

2. Удирдлагаас өгөгдсөн дараах үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй. Үүнд:

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах,

Байгууллага хооронд үүссэн өр, авлага ба төлбөр тооцоог хянах, тооцоо нийлсэн актыг танилцуулж, үлдэгдлийг баталгаажуулах,

Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийж, үр дүнг шийдвэрлэх.

Хоёр. Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07 ны өдрийн Б/79 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Ерөнхий нягтлан бодогч Ш.Д..нь манай байгуулагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 47/6-3513 тоот албан бичгээр Иргэн Ш. овогтой Д.нь Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1-д зааснаар 1 жилийн тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэдгийг мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь ажлаас халах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж, ажлаас халахыг урьтал болголгүй сахилгын Сануулах арга хэмжээг тухайн зөрчлийн тухай мэдснээс хойш 1 сарын дотор авсан болно.

Гурав. Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон тухай. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалаар тус тус гаргасан 2 өөр төрлийн зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн Аудитын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн нь санхүүгийн зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсаныг нотолж байгаа болно. Аудитын байгууллагаас ............-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд:

1. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тайлант хугацаанд оруулбал зохих 149 мэдээллээс хугацаа хоцроосон 23 мэдээлэл байна. Үүнд:

-Таван саяас дээш 883,408.8 мянган төгрөгийн 14 орлогын гүйлгээ, 323,702.2 мянган төгрөгийн 16 зарлагын гүйлгээг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлээгүй.

-Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний талаарх 293,979.8 мянган төгрөгийн мэдээллийг өссөн дүнгээр мэдээлээгүй.

-Мэдээлэл байршуулахдаа санхүүжилтын хэмжээ, нийлүүлэгчийн нэрийг алдаатай байршуулсан байна.

2. Төсвийн захирагчийн хүргүүлсэн төсвийн саналаас 179,105.4 мянган төгрөгөөр бууруулж, 1,714,717.9 мянган төгрөгөөр 2020 оны төсвийг баталсан байна. Тус байгууллага нь тайлант онд 36,669.6 мянган төгрөгийг буцаан төвлөрүүлсэн байдлаас харахад төсвийн нөхцөл байдлыг бодитой тооцож, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй байна.

3. Тайлант онд 8,591.5 мянган төгрөгийн өр, 1,015.9 мянган төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаа, зөрчлүүдийг тогтоосон байна. Санхүүгийн эрх бүхий байгууллагаас дээрх зөрчлүүдийг тогтоосон нь Ерөнхий нягтлан бодогч Ш.Д. нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Дөрөв. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдээс гадна дараах зөрчлүүдийг давтан гаргасан байна.

1. 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг /жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор хийхээр заагдсан/ цаг хугацаанд нь хийгээгүй. Удаа дараалан шаардсан боловч 2021 оны 3 дугаар сарын 3-нд хуучин загвараар хийж эсэргүүцэл үзүүлсэн.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна гэсэн заалт мөн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.4-т заасан Өмч хамгаалах зөвлөл нь ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу боловсруулж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллана заалтын дагуу өгсөн үүргийг эсэргүүцэж, хэрэгжүүлээгүй.

3. 2020 оны 11 дүгээр сард олгосон ажилтнуудын ур чадварын урамшууллын нэмэгдлийн хэмжээг сургуулийн захирал эцсийн байдлаар баталгаажуулж, шивэлт хийлгэхээр бичиг хэргийн ажилтанд өгсөнийг Ш.Д.. өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж засаж, өөрчилсөн. Өөр дээрээ 10 хувь нэмж нэмэгдэл авсан, Г.Д.., Ш.П..нараас тус бүр 10 хувийг хассан нь тогтоогдсон.

4. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 396 толгой бог малтай байсныг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж, орлогыг оноос өмнө төсвийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлэх үүрэг өгсөн боловч мөн эсэргүүцэл үзүүлж 7.300.0 төгрөгийг төвлөрүүлэн эргэн олгогдохгүйгээр татуулж байгууллагад хохирол учруулсан.

5. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ 1.513.300 төгрөгөөр бараа, материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Ш.Д.. өөрийн дураар, удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн сангийн дансанд тушааж, суралцагчдыг хохироосон. Суралцагчид мөнгөө шаардаж, байгууллагад хохирол учирсан байдалтай байна.

6. 2020 онд үүссэн өр, авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7.745.0 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн удирдлагыг гарын үсэг зурахыг шаардаж, тайлан бичсэн цаасыг захирлын нүүрэн тус газар нь шидэж ажлын байрны дарамт учруулсан. Тус өглөгийг дотоод хяналт шалгалтын багаар шалгуулж үзэхэд 774.105 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон.

Тав: Нэхэмжлэгч Ш.Д... нь ......... төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүд гаргасан болно. Дээрх нотлох баримтуудаар ............... төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалууд нь хууль, тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүд тул ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ..............шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д......шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.Б......... нь М...............төвийн захирал болсон үеэс эхлэн надтай хамтарч ажиллахгүй гэж дарамт шахалт үзүүлж эхэлсэн. 2018 онд намайг ажлаас халахад шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орж, 2019 оны 1 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сард сахилгын шийтгэл 2 удаа давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Би өөрийн ажил үүргээ алдаа зөрчилгүй, шударгаар хийж байхад 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй эсэргүүцдэг гэж сануулах сахилгын ногдуулсан байсныг мэдээгүй. Дараа нь дахин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй ажил үйлчилгээ явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн зөрчил гаргасан гэж сануулах арга хэмжээ авахуулахдаа мэдсэн. Надад энэ тушаалаар сануулах арга хэмжээ авч байгааг 12 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Дээрх зөрчлийг гаргаагүй. Гэтэл намайг дахиад 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан гэж ажлаас буруу халсанд гомдолтой байна. Би сар бүрийн тайлан гаргаж танилцуулдаг байсан. Аудитын дүгнэлтээр зөрчилгүй гарсан байхад надад хариуцлага тооц гэж манай захирал ахлах аудиторыг шахаж дарамтлаад дээд газар луу нь албан бичиг явуулж байсан. Би хуулийн дагуу ажлаа хийдэг, захирал дандаа өөрийнхөө сэтгэж, урд өмнө болдог байсан, одоо тэг ингэ гэж хууль бус зүйл шаарддаг. Энэ байдлаас болж зөрчилддөг. Би дур мэдэн хүмүүсийн урамшууллын мөнгө хасч, өөрийн цалин дээр нэмэгдэл авахаар засаагүй, захирлын зөвшөөрлийн дагуу цалинг бодсон. 2020 оноос хойш шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад дахин сахилгын шийтгэл давхардуулан олгосон тул хүлээн зөвшөөрөхгүй. Миний үндсэн цалин 859.000 төгрөг, нэмэгдэл 115.000 төгрөг, хоол унааны мөнгө 60.000 төгрөг, бүгд 1.034.000 төгрөгийн цалин хөлс авдаг. Нэг өдрийн цалин 48.544 төгрөг. Би 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, нийт 63 хоногийн цалин 3.058.272 төгрөг аваагүй.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь ..................өвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.058.272 төгрөгийг Хөвсгөл аймаг ............... төвөөс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д....... нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь М.......... төвд холбогдуулан сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар, ажлаас халсан тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь ............. төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүх хуралдаанд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны нийт 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулна гэх тайлбар гарган, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. 

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Хариуцагч Хөвсгөл аймаг дахь ............. захирал Н.Б. нь тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.М..томилсон 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 0097 дугаар итгэмжлэл олгожээ. Тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Д.. хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын болон санхүүгийн зөрчил давтан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ш.Д.Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, түүний НДД №А 595274 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

1. Сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ш.Д. нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан эсэргүүцэж биелүүлээгүй гэж сануулах шийтгэл ногдуулсан тухай тушаалын хувийг надад гардуулж өгөөгүй тул мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол тухайн үед шүүхэд гомдол гаргах байсан гэж маргаж байна.

Ш.Д... Хөвсгөл аймаг дахь ........... төвийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ш.Д..... сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, тус тушаалын хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан бөгөөд тус тушаалын хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй тул хуулинд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тушаал нь эх хувиас хуулбарласан, нотариатчаар гэрчлэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Нэхэмжлэгч Ш.Д....... шүүх хуралдаанд ...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй эсэргүүцдэг гэж сануулах сахилгын ногдуулсан байсныг мэдээгүй. Дараа нь дахин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр...сануулах арга хэмжээ авахуулахдаа мэдсэн... гэж тайлбарлаж байгаа ч дээрх асуудлаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ талаарх бусад нотлох баримтгүй тул Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ш.Д....... сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

2. Сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ш.Д... нь 2020 оноос хойш шинжээчээр үнэлгээний дүгнэлт гаргаагүй. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад дахин сахилгын шийтгэл давхардуулан олгосон тул 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын сануулах шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ш.Д........өөрийн ажилдаа ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болох нь Хөвсгөл аймаг дахь................төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 дугаар тушаал, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...Иргэн Ш....... овогтой Д......... /РЭ71100961/ нь Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1-д зааснаар нэг жил хорих ялыг тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэх бичилттэй №47/6-3513 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь .......... төвийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоол, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдов. /хавтаст хэргийн 54, 55-58, 187-200 дугаар хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацаанд гомдлын шаардлага гаргана. Ш.Д. шүүх хуралдаанд ...дахин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй ажил үйлчилгээ явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн зөрчил гаргасан гэж сануулах арга хэмжээ...авч байгааг 12 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн... гэж тайлбарласан. Гэвч тэрээр хуулинд заасан дээрх хугацааг хэтрүүлж гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дотор шүүхэд ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргаж чадаагүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ тухайгаа нотолж чадахгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь .......... төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

3. Ажлаас халсан тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь ........... төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар Ш.Д. хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.          

Нэхэмжлэгч Ш.Д. удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын болон санхүүгийн зөрчил давтан ноцтой зөрчил гаргасан зөрчлүүдтэй гэх үндэслэлээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг баримтлан үүрэгт ажлаас халсан болох нь Хөвсгөл аймаг дахь .................төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Д. ажлаас халах тухай Б/25 дугаар тушаал, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №02 дугаартай ....... төв, дотоод хяналтын багийн хурлын тэмдэглэлүүд, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, гаргасан дүгнэлт, зөвлөмж, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдов. /хавтаст хэргийн 4, 143-161 дүгээр хуудас/

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь М...... төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Д.. ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15-д заасан заалтыг тус тус үндэслэсэн байна.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тус тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй.

Ажилтан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, сахилгын дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэх бөгөөд ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна. Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байх ба тухайн сахилгын зөрчил гаргасан этгээд нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан байна.

Ажилтан Ш.Д.г ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Д. ажлаас халах тухай Б/25 дугаар тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг Ш.Д. ажлаас халах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын болон санхүүгийн ноцтой ямар зөрчил давтан гаргасан эсэх талаарх заалтыг баримтлаагүй тул ямар заалт зөрчсөн тухай ойлгомжгүй байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар байх тул бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хуулинд заасан шаардлага хангасан нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөн талаар дүгнэх боломжгүй юм.

3. Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын санхүүгийн тайлангийн аудитаар Ш.Д.. ямар алдаа, зөрчил гаргасан тухай тодорхой заагаагүй.

Ажил олгогч нь ажилтныг сахилгын зөрчил давтан болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах шийтгэл ногдуулахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь .... төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Д. ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Д.Хөвсгөл аймаг дахь ..... төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сард 1.870.949 төгрөг, 2021 оны 1 дүгээр сард 1.295.375 төгрөг, 2 дугаар сард 1.053.145 төгрөг авч байсан нь түүний 595274 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин бүгд 4.219.469 төгрөг : нэг сард = 1.406.490 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 65.418 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 61 хоногийн цалин 3.990.498 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан.

Ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 63.882 төгрөг, нийт 134.082 төгрөг төлнө. Нэхэмжлэгч нь дээрх гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134.082 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журам, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлд гаргасан хүсэлт, хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын албан бичгийн хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмж хэрэгт нотлох баримт болохгүй, ач холбогдолгүй.

2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №02 дугаар, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тэмдэглэл зэрэг бусад баримтын хуулбарууд хэрэгт ач холбогдолгүй, хуулинд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар Хөвсгөл аймаг дахь .........н захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ш.Д........ сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Д.......ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Д......г ..............төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь ......... төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.058.272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д.д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь ............төвөөс улсын тэмдэгтийн хураамж 134.082 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА