Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 225/МА2022/00008

 

 

   Ш.*******гийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Ш.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид холбогдох

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаал, “Ш.*******г ажлаас халах тухай” 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,111,558 (арван таван сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун тавин найм) төгрөгийг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Түүнээс хойш тус байгууллагад үр бүтээлтэй 6 жил ажилласан билээ. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дугаар Б/21 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир нь Б/21 тушаал гаргасан тухайгаа мэдэгдээгүй. Тус тушаалыг надад гардуулж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09 тоот хурлын тэмдэглэл дээрээс мэдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн төвийн захирлын Б/21 тушаалыг тухайн үед мэдсэн, гардан авсан бол анхан шатны шүүхэд хандах байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дугаар Б/79 тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн ерөнхий нягтлан бодогч Ш.******* нь өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон зөрчил гаргасан байх тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай гэсэн байдаг. Миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш хөрөнгийн үнэлгээний шинжээчийн ажлыг огт хийгээгүй билээ. Гэтэл 2020 онд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг он дуустал хийсэн мэтээр тухайн тушаалыг гаргасан нь буруу билээ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир ажлаас намайг халах зорилготойгоор 1 жилд 2 удаа сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан гэж үзэж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Б/25 тушаалаар Ш.******* намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тус тушаалд ...Байгууллагын ерөнхий нягтлан бодогч Шаандарын ******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн тушаалыг гаргасан. Б/25 тушаалд зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл уялдаа холбоогүй тушаал гаргасан гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир намайг ажлаас халж байсан. Би тухай үед Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилдаа эргүүлэн орж байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир нь удаа дараалан намайг ажлаас хөөх, би чамтай хамтарч ажиллахгүй гэх мэтээр дарамталдаг байсан учраас сахилгын шийтгэлийг 1 жилд 2 удаа оногдуулсан бөгөөд тус сахилгын шийтгэлүүдээ үндэслэн намайг ажлаас халсан билээ. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсоныг үндэслэсэн байдаг. Байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй байтал ямар санхүүгийн зөрчил байгууллагын удирдлага дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж 6 жил үр бүтээлтэй ажилласан. Тэгтэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал н.Баатар-Очир 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаалаар, мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Б/25 тоот тушаалаар намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Би үүнийг дэмжихгүй байгаа тул энэ тушаалуудыг хүчингүй болгож нэршил нь өөрчлөгдөж одоо Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллеж болсон тул тус коллежийн ахлах нягтлан бодогчийн ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 15,111,558 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. 3 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын нийт 231 хоног, 3 сарын цалингийн дундаж 65,418 төгрөг, 231 хоногийг 65,418 төгрөгөөр бодоход ажилгүй байсан хугацааны цалин нийт 15,111,558 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Н.Баатар-Очир, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай

Иргэн Ш.*******тэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд авсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон болон ажил албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан эсэргүүцэж, бусдыг хэл амаар доромжлон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тухайлан заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Тушаалыг тухайн үед хүний нөөц, дотоод ажил хариуцан ажиллаж байсан ажилтан Б.Пүрэвдорж биечлэн хүлээлгэж өгсөн байна.

Сахилгын сануулах арга хэмжээ авах болсон үндэслэл: 1. Албан тушаалын тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг биелүүлээгүй.

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах,

Байгууллага хооронд үүссэн өр, авлага ба төлбөр тооцоог хянах, тооцоо нийлсэн актыг танилцуулж, үлдэгдлийг баталгаажуулах,

Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийж, үр дүнг шийдвэрлэх.

Хоёр. Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07 ны өдрийн Б/79 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай

Ерөнхий нягтлан бодогч Ш.******* нь манай байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 47/6-3513 тоот албан бичгээр Иргэн Шаандар овогтой ******* нь Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1-д зааснаар 1 жилийн тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэдгийг мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь ажлаас халах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж, ажлаас халахыг урьтал болголгүй сахилгын Сануулах арга хэмжээг тухайн зөрчлийн тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор авсан болно.

Гурав. Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар ажлаас халах тушаалаар сахилгын

арга хэмжээ тооцсон тухай

Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалаар тус тус гаргасан 2 өөр төрлийн зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн Аудитын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн нь санхүүгийн зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсаныг нотолж байгаа болно. Аудитын байгууллагаас МСҮТ-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд: ...Тайлант онд 8,591.5 мянган төгрөгийн өр, 1,015.9 мянган төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаа, зөрчлүүдийг тогтоосон байна. Санхүүгийн эрх бүхий байгууллагаас дээрх зөрчлүүдийг тогтоосон нь Ерөнхий нягтлан бодогч Ш.******* нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Дөрөв. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдээс гадна дараах зөрчлүүдийг давтан гаргасан байна

1. 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг /жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор хийхээр заагдсан/ цаг хугацаанд нь хийгээгүй. Удаа дараалан шаардсан боловч 2021 оны 3 дугаар сарын 3-нд хуучин загвараар хийж эсэргүүцэл үзүүлсэн.

2.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна гэсэн заалт мөн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.4-т заасан Өмч хамгаалах зөвлөл нь ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу боловсруулж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллана заалтын дагуу өгсөн үүргийг эсэргүүцэж, хэрэгжүүлээгүй.

3. 2020 оны 11 дүгээр сард олгосон ажилтнуудын ур чадварын урамшууллын нэмэгдлийн хэмжээг сургуулийн захирал эцсийн байдлаар баталгаажуулж, шивэлт хийлгэхээр бичиг хэргийн ажилтанд өгснийг Ш.******* өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж засаж, өөрчилсөн. Өөр дээрээ 10 хувь нэмж нэмэгдэл авсан, Г.Дэлгэрмөрөн, Ш.Пүрэвдалай нараас тус бүр 10 хувийг хассан нь тогтоогдсон.

4. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 396 толгой бог малтай байсныг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж, орлогыг оноос өмнө төсвийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлэх үүрэг өгсөн боловч мөн эсэргүүцэл үзүүлж 7.300.0 төгрөгийг төвлөрүүлэн эргэн олгогдохгүйгээр татуулж байгууллагад хохирол учруулсан.

5. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ 1.513.300 төгрөгөөр бараа, материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Ш.******* өөрийн дураар, удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн сангийн дансанд тушааж, суралцагчдыг хохироосон. Суралцагчид мөнгөө шаардаж, байгууллагад хохирол учирсан байдалтай байна.

6. 2020 онд үүссэн өр, авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7.745.0 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн удирдлагыг гарын үсэг зурахыг шаардаж, тайлан бичсэн цаасыг захирлын нүүрэн тус газар нь шидэж ажлын байрны дарамт учруулсан. Тус өглөгийг дотоод хяналт шалгалтын багаар шалгуулж үзэхэд 774.105 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон.

Тав: Нэхэмжлэгч Ш.******* нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүд гаргасан болно. Дээрх нотлох баримтуудаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалууд нь хууль, тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүд тул ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ш.*******гийн давтан зөрчил гаргасныг нотлох 2020 оны Б/21, 2020 оны Б/79 дугаартай тушаалууд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тушаал болохыг дээрх тушаалуудаар давтан зөрчил гаргасан үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Шүүхэд гаргасан тайлбартаа зөрчил тус бүрийг арга хэмжээ авагдсан зөрчил, арга хэмжээ авагдаагүй зөрчлүүд гэж нэхэмжлэгч Ш.*******гийн гаргасан зөрчлийг ялган бичгээр тухай бүр маш тодорхой тайлбарлаж байсан нь иргэний хэрэг хавсаргагдсан байгаа. ... Энэ үүднээс ажлын хариуцлага сахилга бат алдаж байгаа ажилтанд хариуцлага хүлээлгэн ажиллах нь зүйн хэрэг гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Ш.******* байгууллагын удирдах албан тушаалтан болон бусад ажилтнуудтай их дээрэнгүй, ёс зүйгүй авир ааш гаргаж харьцдаг, ажлаа хүлээлгэх өгөх гэсний төлөө хамт ажилладаг ажилтнуудаа үл хүндэтгэн цагдаа дуудаж хүртэл айлган сүрдүүлсэн тохиолдол байдаг. Манай ажлын газрын бүх ажилтнуудаас Ш.*******гийн талаар асуухад хүндрэлтэй, дураараа авирлалт ихтэй хүн болохыг бүгд нотолно. Энэ гэрчийн мэдүүлгээр хавтаст хэрэгт дурдагдсан байгаа. Тиймээс захирлын 2020 оны Б/21, 2020 оны Б/79, 2021 оны Б25 дугаар тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хүчин төгөлдөр тушаалууд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох болно. Тиймээс Ш.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн үнэн зөвийг тогтоон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Ш.*******д сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/79 тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Ш.*******г ажпаас халах тухай” Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.*******г Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Политехник коллежээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 13,850,140 (арван гурван сая найман зуун тавин мянга нэг зуун дөч) төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,261,418 (нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун арван найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Политехник коллежээс 297,400 (хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “...ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдах болсон үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцэх учиртай гэж, ...2021-03-05-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн боловч тушаалд дээрх заалтыг үндэслэх болсон ажилтныг сахилгын болон санхүүгийн ямар, ямар зөрчлийг хэзээ, хэзээ гаргасан, ажил олгогчийн итгэлийг хэзээ ямар байдлаар алдсан зэргийг тусгаагүйгээс зөрчлийг давтан гаргасан эсэх, дээрх заалтад нийцэж байгаа эсэхийг тус тус тогтоох, түүнд дүгнэлт хийх боломжгүй юм”... гэж дүгнэсэн тухайд:

Ажил олгогчийн зүгээс ажлаас халсан Б/21 тоот тушаалд баримталсан хуулийн заалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчилд, ажлаас халагдах болсон үндэслэлтэй тохирч нийцэж байгаа, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаад шүүх дүгнэлт хийхгүй хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийх боломжгүй хэмээн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ажил олгогч миний зүгээс ажилтны гаргасан сахилгын удаа дараагийн зөрчлүүдэд, ажил олгогчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, хэнэггүй, үндэслэлгүйгээр эсэргүүцэж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлдэггүй, байнга ажил олгогчийн шийдвэрийг эсэргүүцэн саад учруулах, хэрүүл маргаан үүсгэх, ажилтнуудын дунд ажил олгогчийн эсрэг талцуулах гэсэн санаа зорилго байнга агуулж төрийн албан хаагчийн захирах, захирагдах ёсны зарчимд нийцэж зохицож ажиллаж чаддаггүй, шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл эдэлж байсан төрийн албан хаагчийн ёс зүйгүй сахилгын зөрчилд үндэслэн уг арга хэмжээг авсан.

Ажил олгогчийн зүгээс *******д түүний удаа дараа гаргаж байгаа сахилгын зөрчил, ёс зүйгүй үйлдлүүдийг нь анхааруулж, засч залруулах хугацаа өгч, сануулах арга хэмжээг авсан боловч тэрээр өөрийн буруутай үйлдлийг ухамсарлах чадваргүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байнга тэрсэлдэж байсан. 2021 онд байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь тухайн жилийн туршид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө цаг хугацаандаа гаргаж өгөөгүй, түүний шууд удирдах албан тушаалтны шаардлагыг эсэргүүцэж биелүүлдэггүй, хэрэлдэж маргалдсан. Ерөнхий нягтлан бодогчийн ажлын жилийн төлөвлөгөөнүүдэд үндэслэж ерөнхий нягтлан бодогчид шууд харьяалагдах бусад албан хаагчдын ажлын төлөвлөгөөний уялдаа холбоог үндэслэн батлах, түүнийг хэрэгжүүлэх ажил ерөнхий нягтлан бодогчоос болж хүлээгдэх болсон тул ерөнхий нягтлан бодогчид сахилгын хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй байдалд ажил олгогчийг оруулсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, байгууллагын ажилчдын хурлын тэмдэглэл, захирлын дэргэдэх дотоод хяналт шалгалт, дүгнэлт, хурлын тэмдэглэлүүдээр нотлогддог.

Ш.******* нь 2015 оны 07 сараас 2021 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа өөрийн эзэмшсэн нягтлан бодогч мэргэжлийнхээ тусгай мэдлэг мэргэжилд үндэслэн эд хөрөнгийн үнэлгээ гаргах, шинжээчийн ажлыг давхар гүйцэтгэж байгаад “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэсэн гэмт хэргийг үйлдэж ял шийтгэгдэж, 2020-06-08-ны өдрөөс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн. Мөн шинжээчээр ажиллах эрхээ 1 жилээр хасуулж эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаа нь ажил олгогчийн хувьд санхүү мөнгө хариуцсан төрийн байгууллагын ял эдэлж буй ерөнхий нягтлан бодогчид итгэх итгэлийг алдсан. Мөн тэрээр хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлэхгүй байгууллагын санхүүгийн шилэн дансны мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь оруулахгүй зөрчил дутагдал гаргадаг, ажил олгогчийн зүгээс ажилтнуудад ур чадварын нэмэгдлийг олгох хувь хэмжээг хурлаар оруулан баталж шийдвэрлэсэн шийдвэрийг нарийн бичгийн шивэлтийн явцад удирдлагад хэлж мэдэгдэлгүй өөрчилж шивэлтэнд оруулан өөртөө болон бусдад давуу байдал олгож урамшуулал нэмж авсан, олгосон, бусад ажилчдад олгогдохоор шийдвэрлэсэн нэмэгдлийг хасч олгосон нь санхүү мөнгө хариуцсан ерөнхий нягглан бодогч ажил олгогчийн итгэлийг энэ мэт байдлаар удаа дараа алдаж, төсвийн шууд захирагчийн эрх мэдэлтэй юм шиг дураараа аашилж авирлаж байгаа эрүүгийн гэмт хэрэгтэнд ажил олгогчийн зүгээс өөр ямар арга хэмжээ авах ёстой байсан гэж.

Төрийн албан хаагч хүн тэр тусмаа төрийн байгууллагын ерөнхий нягтлан бодогч хүний хувьд өндөр ёс зүйтэй, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах нь тухайн ажлын байрны үндсэн шалгуур үзүүлэлт байна гэж төрийн албаны хуульд, мэргэшсэн нягтлан бодогчийн ажлын байрны үндсэн шаардлагад тодорхой заасан. Тэрээр мэргэжлийн ёс зүйн болон сахилгын алдаа дутагдал санаатайгаар гаргаж, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг санаатайгаар хийж хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хийхгүй сахилгын зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад шүүх хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасан нь тушаалд тодорхой тусгаагүй, тогтоогдохгүй, түүнд дүгнэлт хийх боломжгүй гэж гэмт хэрэгтнийг өөхшүүлэн даврааж байгаа нь холбогдох ёс зүйн болон хуулийн хэм хэмжээнд нийцэхгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.8-д “ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ гэж заасан. Мөн хуульд мэргэшсэн нягтлан бодогч нь эрүүгийн ял шийтгэлгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг бөгөөд уг хуулийн шаардлагад нэхэмжлэгч ******* нь нийцэхгүй, үйл ажиллагаа явуулах эрхээ хүртэл хасуулсан ял эдэлж байгаа хүнийг шүүх урд эрхэлж байсан ажилд нь буцаан томилохоор шийдвэрлэсэн нь төрийн албаны язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэж үзэж байна.

...Анхан шатны шүүх ...тушаалд зөрчлийг хууль болон журамд ерөнхийлөн томъёолсноор тусгасан нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн тухайд.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан үндэслэлийг заавал баримталсан байхыг Хөдөлмөрийн хуульд шаардаж байгаа болохоос ажлаас халсан тушаалд ажилтны гаргасан сахилгын зөрчил тус бүрийг хэзээ, хэрхэн яаж, ямар, ямар зөрчил гаргасныг тус бүрээр нэрлэн зааж тушаалд тусгах, үндэслэх ёстой гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ гэж заасан болохоос биш ажлаас халсан тушаалд заавал ажилтны гаргасан зөрчил тус бүрийг цаг хугацааны дэс дарааллаар тус бүрт нь нэрлэн зааж тусгаж бичиж байж ажил олгогчийн тушаал хуульд нийцнэ гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүх тооцож гаргахдаа нийт 230 хоног ажилгүй байсан өдрүүд гэж тооцож 13,850,140 төгрөгийг ажил олгогчоор төлүүлэхээр үндэслэж шийдвэрлэсэн тухайд.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2021 оны 4 сарын 05-ны өдөр анх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хянан, 2021 оны 06-р сарын 01-ний өдөр 155/ШШ2021/00603 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн 18 дугаартай Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон.

Мөн 2021 оны 9 сарын 29-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2 дахь удаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөний улмаас хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй байдалд хүрсэн буруутай үйлдэл эс үйлдэхүйг шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдэл хэмээн хамаатуулан тооцож үүрэг ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаартай шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь “....2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар, ажлаас халах тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай....” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч “....ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд: “....хариуцагч байгууллагын нэршил өөрчлөгдсөн тул Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3 сарын цалингийн дунджаар өдөрт 65,418 төгрөгийг ажлын нийт 231 хоногоор үржүүлэн нийт 15,111,558 төгрөгийг гаргуулах....”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна /3-р хх-н 44-р тал/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар “Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг политехник коллежийн ангилалд шилжүүлж, сургалтын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгохоор шийдвэрлэжээ /3-р хх-н 20-р тал/.

Шүүх нэхэмжлэгчийн Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн /хуучнаар/ захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын Ш.*******г ажлаас халах тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,111,558 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 13,850,140 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан, үлдэх 1,261,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.******* нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд /хуучнаар/  ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, түүнд ажил олгогч 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн тушаалуудаар сахилгын арга хэмжээ авсан, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б/25 дугаар захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгох, мөн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагуудад дүгнэлт өгөхдөө тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх ажил олгогчийн тушаал гарсан хугацаанд үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, гомдол гаргах болон хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болохоо баримтаар нотлоогүй гэсэн үндэслэл зааж, дээрх тушаалуудыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж, Иргэний хуулийн 82 дүгээр зүйлийн 82.4. дэх хэсэгт “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг  хамгаалж болно” гэж тус тус заасан байна.

Хэдийгээр  Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлд дээрх маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульчилсан байгаа боловч энэхүү тушаалыг ажил олгогчоос гаргасан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд дээрх маргаан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм.

Ажилтан Ш.*******г ажлаас халах тухай Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн /хуучнаар/ захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.******* ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх ажлаас чөлөөлөх Б/25 тушаал нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй, тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, тодруулбал хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн ямар зөрчил гаргасны улмаас түүнийг ажлаас чөлөөлсөн талаарх үндэслэлээ, үүнд тохирсон хөдөлмөрийн гэрээний тодорхой зүйл заалтыг баримтлаагүй байна гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй.

 Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан үр дагаврыг бий болгож буй эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдах болсон үндэслэлтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд ажилтныг сахилгын зөрчлөөр халж буй тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчил тус бүр нэг бүрчлэн тогтоогдсон байх учиртай. 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлсэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж,

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.2-т зааснаар  “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж” тодорхойлох бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, ажлын 231 өдөр, нэг өдрийн дундаж цалин хөлс 65,418 төгрөг гэж тус тус тооцон нийт 15,111,558 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн №А 595274 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн нотариатчаар гэрчлүүлсэн баримтаас үзэхэд 2021 оны 01 дүгээр сард 1,295,375 төгрөгийн, 02 дугаар сард 1,053,145 төгрөгийн цалин хөлс авч байсан байх ба нийт 2,348,520 төгрөг, нэг өдрийн хөлсийг тооцоход 60,218 төгрөг байна /1-р хх-н 7-8-р тал/.

 Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл нийт 230 ажлын өдөр байгааг зөв тооцоолж 13,850,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, 1,261,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах гомдлын талаар:

Хариуцагчийн “....өөрийн эзэмшсэн нягтлан бодогч мэргэжлийнхээ тусгай мэдлэг мэргэжилд үндэслэн эд хөрөнгийн үнэлгээ гаргах шинжээчийн ажлыг давхар гүйцэтгэж байгаад “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэсэн гэмт хэргийг үйлдэж 1 жилийн тэнсэн харгалзах ял шийтгэл эдэлж байгаа нь ажил олгогчийн хувьд санхүү мөнгө хариуцсан төрийн байгууллагын ял эдэлж буй ерөнхий нягтлан бодогчид итгэх итгэлийг алдсан....” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /хуучнаар/ захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар Ерөнхий нягтлан бодогч Ш.*******г хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна /1-р хх-н 6-р тал/.

Тухайн сахилгын шийтгэл ногдуулах үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй”, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж тус тус зааснаас үзэхэд шүүхээс дээр дурдсан үндэслэлээр ажилтны гаргасан нэг зөрчилд дахин сахилгын шийтгэлийг ногдуулах боломжгүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “....Аудитын байгууллагаас шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй, ...Тайлант онд 8,591.5 мянган төгрөгийн өр, 1,015.9 мянган төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаа, зөрчлүүдийг гаргасан....” талаар дурдаж байх боловч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаартай албан бичгээр “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Сангийн сайдын баталсан холбогдох журамд нийцүүлэн үнэн зөв, шударга толилуулсан байна” гэх зөрчилгүй дүгнэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /1-р хх-н 60-р тал/

Хариуцагчийн гаргасан “....шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан үндэслэлийг заавал баримталсан байхыг Хөдөлмөрийн хуульд шаардаж байгаа болохоос ажлаас халсан тушаалд ажилтны гаргасан сахилгын зөрчил тус бүрийг хэзээ, хэрхэн яаж, ямар, ямар зөрчил гаргасныг тус бүрээр нэрлэн зааж тушаалд тусгах, үндэслэх ёстой гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна ....” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Ш.*******г ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байх боловч хариуцагч тушаалын хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх тул түүнд дүгнэлт хийх боломжгүй юм.

Шүүх шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн хх-ийн 120 хуудсанд “....нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал....” гэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул ийм алдаа зөрчлийг дахин гаргахгүй байхыг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                    Л.ЭРДЭНЭБАТ