Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00018

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00018

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 155/2021/00603 дугаар шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай, ажлаас халах тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Түүнээс хойш тус байгууллагад үр бүтээлтэй 6 жил ажилласан билээ. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Б/21 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир нь Б/21 дугаартай тушаал гаргасан тухайгаа мэдэгдээгүй. Тус тушаалыг надад гардуулж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09 тоот хурлын тэмдэглэл дээрээс мэдсэн. Гардан авсан бол анхан шатны шүүхэд хандах байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Б/79 дугаар тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн ерөнхий нягтлан бодогч ******* нь өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон зөрчил гаргасан байх тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай гэсэн байдаг. Миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш хөрөнгийн үнэлгээний шинжээчийн ажлыг огт хийгээгүй билээ. Гэтэл 2020 онд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг он дуустал хийсэн мэтээр тухайн тушаалыг гаргасан нь буруу билээ. ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Баатар-Очир нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Б/25 дугаартай тушаалаар ******* намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тус тушаалд ... байгууллагын ерөнхий нягтлан бодогч Шаандарын Даваасүрэн нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн байдаг. Б/25 дугаартай тушаалд зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл нь уялдаа холбоогүй гэж үзэж байна.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Н.Баатар-Очир, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Иргэн *******тэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд авсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон болон ажил албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа эсэргүүцэж, бусдыг хэл амаар доромжлон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тухайлан заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Тушаалыг тухайн үед хүний нөөц, дотоод ажил хариуцан ажиллаж байсан ажилтан Б.Пүрэвдорж биечлэн хүлээлгэж өгсөн байна.

Хоёр. Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Ерөнхий нягтлан бодогч ******* нь манай байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 47/6-3513 тоот албан бичгээр Иргэн Шаандар овогтой Даваасүрэн нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэдгийг мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь ажлаас халах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж, ажлаас халахыг урьтал болголгүй сахилгын сануулах арга хэмжээг тухайн зөрчлийн тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор авсан болно.

Гурав. Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон тухай. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар тус тус гаргасан 2 өөр төрлийн зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн Аудитын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн нь санхүүгийн зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсаныг нотолж байгаа болно.

Дөрөв. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдээс гадна дараах зөрчлүүдийг давтан гаргасан байна.

...2020 онд үүссэн өр, авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7,745,0 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн удирдлагыг гарын үсэг зурахыг шаардаж, тайлан бичсэн цаасыг захирлын нүүрэн тус газар нь шидэж ажлын байрны дарамт учруулсан. Тус өглөгийг дотоод хяналт шалгалтын багаар шалгуулж үзэхэд 774,105 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон.

Тав: Нэхэмжлэгч ******* нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүд гаргасан болно. Дээрх нотлох баримтуудаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалууд нь хууль, тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүд тул ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.Баатар-Очир нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал болсон үеэс эхлэн надтай хамтарч ажиллахгүй гэж дарамт шахалт үзүүлж эхэлсэн. 2018 онд намайг ажлаас халахад шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орж, 2019 оны 1 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сард сахилгын шийтгэл 2 удаа давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Би өөрийн ажил үүргээ алдаа зөрчилгүй, шударгаар хийж байхад 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй эсэргүүцдэг гэж сануулах сахилгын ногдуулсан байсныг мэдээгүй. Дараа нь дахин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй ажил үйлчилгээ явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн зөрчил гаргасан гэж сануулах арга хэмжээ авахуулахдаа мэдсэн. Надад энэ тушаалаар сануулах арга хэмжээ авч байгааг 12 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Дээрх зөрчлийг гаргаагүй. Гэтэл намайг дахиад 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан гэж ажлаас буруу халсанд гомдолтой байна. ...Би 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, нийт 63 хоногийн цалин 3,058,272 төгрөг аваагүй.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,058,272 төгрөгийг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 155/2021/00603 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *******г ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,058,272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 134,082 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай давж заалдах гомдолдоо: ...Шүүх хуралдааны танхимын гадна шүүх хуралдааны товыг өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг цаг хугацааны хувьд ноцтой төөрөгдөлд оруулах үндэслэл болсон.

Иймд шүүхийн шийдвэрийн төрөлд хамаарах шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэснийг зөрчсөн.

...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00603 дугаар бүхий шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байгаа талаар дараах үндэслэлийг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс Нэхэмжлэгч ******* Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, түүний НДД №А 595274 дугаар нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо гэх боловч ямар төрлийн гэрээгээр ажиллаж байсан нь тодорхойгүй. Зохигчдын тайлбар гэх боловч хэргийг бодитойгоор тал бүрээс нь бүрэн дүүрэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байхад шүүх хөдлөшгүй үнэн гэж урьдчилж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заажээ гэх, Ажил олгогч нь нэхэмжлэгч *******г ажлаас халах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын болон санхүүгийн ямар зөрчил давтан гаргасан эсэх талаарх заалтыг баримтлаагүй тул ямар заалт зөрчсөн тухай ойлгомжгүй гэж тайлбарлан үндэслэжээ. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино гэж хууль тогтоогч хуульчилсан байна.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5 дахь заалтуудын чухам алийг нь үндэслэж шийдвэр гаргаснаа тусгах тухай дурдсан. Харин ажилтан хөдөлмөрийн гэрээний тухайлан заасан ямар ноцтой зөрчлийн заалтыг зөрчсөнийг тус бүрд нь заавал тогтооно, зөрчил тус бүрд сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй, Ажилтан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн ямар заалтыг зөрчсөнийг тогтооно гэж хуульчилснаас биш тушаалд заавал хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэж тусгана гэж хуульч тогтоогч хуульчлаагүй байна. Нэхэмжлэгч *******гийн гаргасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тус бүрийг хөндлөнгийн хяналтаар тогтоосон. Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Захирал өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн аль тохирохыг заавал үндэслэлдээ тусгасан байна гэсэн шаардлагыг хангаж *******г ажлаас халах тухай тушаалаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс ...Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын санхүүгийн тайлангийн аудитаар ******* ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй гэх нь үндэслэлгүй. Аудитын байгууллагаас ирүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээр Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга, стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн утга бүхий товч тодорхой үндэслэлтэй зөрчил гаргасныг нь тогтоосон дүгнэлт ирсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 тушаалаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвд хамаарах хүснэгтэд ерөнхий нягтлан бодогчийн нэг орон тоо байдаг. Үүний дагуу Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэл шивж оруулах, хөтлөх, хууль дүрэм журмыг биелүүлж ажиллах, санхүүгийн хувьд бодитой тооцооллыг гаргаж, удирдлагыг нягтлан бодох бүртгэл, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах үүрэгтэй нэг ерөнхий нягтлан бодогчтой. Аудитын дүгнэлтээр илэрсэн дээрх алдаа, зөрчил байгууллагын ерөнхий нягтлан бодогчид хамааралтай. Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэл үнэн зөв шивж оруулах, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл тавих эрхтэй, бодитой тооцоолол гаргаж, санхүүтэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг албан хаагч Ерөнхий нягтлан бодогчоос өөр байхгүй. Илэрхий, ойлгомжтой үйл баримтыг гуйвуулж, төөрөгдүүлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.

...Нэхэмжлэгч ******* ...тус бүр таван шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх тэмдэгтийн хураамжийг тооцоолохдоо сургуулийн Захирлын тус бүр 3 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэж 1 болгосон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах 3 нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамж бодсон шүүхийн тооцоолол үндэслэлгүй буюу буруу байна. Энэ нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус байсны илрэл бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгуулах талаар анхаарч ажиллаагүй нь харагдаж байна.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00603 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан сануулах шийтгэл ногдуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар, ажлаас халах тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандухай бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *******г ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,058,272 /гурван сая тавин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 134,082 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй доорх алдаа зөрчил гаргасан байна гэж үзлээ. Үүнд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт явуулсан *******г эрүүгийн хариуцлага хүлээсэн, ял шийтгэлтэй эсэх талаарх баримтыг ирүүлэх тухай албан бичиг, тус байгууллагуудаас хариу ирүүлсэн албан бичгүүд тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай тул нотлох баримтаар гаргуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ /ХХ-н 177 дугаар тал/.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг шинжлэн судлахад шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл гэж хойшлуулсан байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/ шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 09 минутад буюу товлосон хугацаанаас өмнө хийж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

Тодруулбал шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон цагаа өөрчилсөн тухай ямар нэгэн эрхийн акт гаргаагүй атал шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад болох баримтад гарын үсэг зуруулжээ.

Анхан шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянаж, хууль зөрчсөн ажиллагаа, хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг хангах үүрэгтэйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн явуулах учиртай.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж тус тус заасныг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч *******гийн гомдол буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага хариуцагчаар оролцож гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,282 /хоёр зуун дөрвөн мянга, хоёр зуун наян хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 155/2021/00603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,282 /хоёр зуун дөрвөн мянга, хоёр зуун наян хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.