Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00160

 

Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00559 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2023/00895 дугаар магадлалтай,

Ч-гийн нэхэмжлэлтэй

“Г” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч, түүний өмгөөлөгч Н.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Чгээс хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00559 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Г” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 15,138,461 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 233,642 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2023/00895 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Чгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 233,642 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ч, түүний өмгөөлөгч Н.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.16-ны өдрийн 181/ШШ2023/00599 дугаартай шийдвэрийн 9 дэх заалт Хариуцагч “Г” ХХК-нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул ... урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болсон 2022.01.02-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан 2022.10.12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн.

Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.28-ны өдрийн 210/МА2023/00895 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 6 дахь заалтаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд хохирол учруулж хуулийг зөрүүтэй хэрэглэж дүгнэлт хийсэн байна.

Мөн магадлалын 8 дахь заалт “дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул “Г” ХХК-ийн захирлын 2022.01.02-ны өдрийн тушаал үндэслэлтэй эсэх, ажилтны авч байсан дундаж цалин хөлс хэд болох талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй байна.” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийг бүхэлд хянаагүй хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.28-ны өдрийн 210/МА2023/00895 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Ч, түүний өмгөөлөгч Н.Ж нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.06.29-ний өдрийн 001/ШХТ2023/00788 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч Ч хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2010.10.12-ны өдрөөс “Г” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилласан, 2021.11.20-ноос амраад гэртээ ирсэн, гэтэл миний 12 сарын цалинг өгөөгүй бөгөөд энэ талаар асуухад ажлаас  чөлөөлсөн байсан. ...ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй, ...амралттай байхад хууль зөрчиж, ажлаас халж, амьжиргааны эх үүсвэрээс салгаж байгаад гомдолтой байна. ...өөр ажилд орох болсонтой холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлээ багасгасан...” гэж тайлбарласан,

Хариуцагч “Г” ХХК “...Нүүрс тээврийн том оврын ачааны автомашинаар тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхэд архи, согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм бэлдмэлийг огт хэрэглэхгүй байхыг хууль, дүрэм, компанийн журмын дагуу шаардаж, хэрэглэхийг хатуу хориглодог. Гэтэл манай компанийн кемпэд ажиллаж байсан нэр бүхий 7 ажилчид Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэж байхдаа 2021 оны 9 сард нийлж архидан удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлийг гаргасан нь тогтоогдож, ...12 сар хүртэл ажлаас халахгүй байхыг хүссэн хүсэлтээ өгсөн, ...дээрх хүсэлтийг үндэслэн 12 дугаар сард хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Ингээд 2021.12.31-ний өдрийн тушаалаар 2022.01.02-ны өдрөөр ажил үүргийг тасалбар болгож, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн... тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагч “Г” ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,138,461 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэхдээ “...ажилтны өөрийн хүсэлтэд ажлаас чөлөөлөгдөх утга, агуулга тусгагдаагүй байх тул ажилтныг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэх ажил олгогчийн тушаал үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийг хангана, ...хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1,600,000 төгрөг тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон 2022.01.02-ны өдрөөс нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан 2022.10.12-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,138,461 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүхээс: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зохицуулсан ба энэ заалт нь өмнө хэрэглэж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалттай адил агуулгатай, ...нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлагыг хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь ижил төрлийн өөр ажилд орох үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар өөр дүгнэлт хийж зөрүүтэй шийдвэр гаргасан, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022.01.20-ны өдөр шүүхэд гаргасан ба хэрэг шүүхэд хянагдах явцад буюу 2022.10.12-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж оролцжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, улмаар нэхэмжлэлийн хоорондын хамаарлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2022.01.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан бөгөөд хэрэг шүүхэд хянагдах явцад буюу 2022.10.12-ны өдөр өөр ажил үүрэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байна.

Хэдийгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үндэслэл нь ажилтныг ажлын байранд эгүүлэн тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхыг шаардах боловч энэ нь ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоогоогүй бол олговор олгохгүй гэсэн ойлголт биш, ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийг хууль бусаар цуцалсан эсэхтэй шалтгаант холбоотой юм.

Харин ажилдаа эгүүлэн тогтоолгох, эсхүл энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал.

Иймд ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг тогтоолгүйгээр дан ганц ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан гэх үндэслэлээр хууль бусаар ажлаас чөлөөлсний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах болон бусад шаардлагыг шийдвэрлэхгүй орхих боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

10. “Г” ХХК ажилтныг 2021 оны 09 дүгээр сард хүсэлтээ гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийг үндэслэн 2022.01.02-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан, 38.1.2-т ажил олгогч санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байх бөгөөд ажил олгогч тушаалдаа хуулийн тодорхой үндэслэлийг бичээгүй боловч ажилтан хүсэлтээ гаргасан гэх үндэслэлээр Чг ажлаас нь чөлөөлсөн ба түүний 2021 оны 9 дүгээр сард гаргасан хүсэлтийг үндэслэл болгосон гэж тайлбарласан тул 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

Ажилтныг ажлаас чөлөөлөх болсон хэргийн 191 дүгээр талд авагдсан Чгийн 2021.09.03-ны өдөр “Г” ХХК-д гаргасан өргөдөлд “...ажлын байранд архи ууж зөрчил гаргасан, мөн удирдах албаны хүнтэй бүдүүлэг харьцаа гаргасандаа уучлал хүсье, дахин алдаа гаргавал ажлаас халагдахад гомдол байхгүй” гэжээ.

Дээрх өргөдөл нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулгагүй байх бөгөөд тэрээр өргөдөл гаргаснаас хойш дахин зөрчил, алдаа гаргасан талаар хэрэгт баримтгүй, түүнчлэн ажил олгогч дээрх өргөдөл, хүсэлтийг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ оны 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй.

Энэ үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2021.12.30-ны өдрийн №21/167 тушаал хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

11. Хариуцагч “Г” ХХК ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоогдох, улмаар ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор авах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь өөр ажил үүрэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан 2022.10.12-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсныг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан гэж үзэх үндэслэлгүй тул дараагийн ажилд орсон буюу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

12. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,600,000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзах хүртэлх хугацааны олговрыг хариуцагчаас нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

13. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2023/00895 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ч, түүний өмгөөлөгч Н.Ж нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД