Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00599

 

2023      02         16                                         181/ШШ2023/00599

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо гудамж, 11-04 тоот хаягт оршин суух, Ж овогт Б Ч /РД:ЙГ75031615/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метро бизнес центр Б хаалга, 906 тоот хаягт байрлах, “Г ф” ХХК /РД:6190944/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь  “Г ф” ХХК-д холбогдуулан Г ф ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. “Б Ч миний бие анх 2020 оны 10 сарын 12 өдрөөс Г ф ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед ажлаасаа амраад гэртээ ирсэн. Гэтэл миний 12 сарын цалинг компаниас өгөхгүй байхаар нь нягтлан Төгөлдөрийн утас руу залгаж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “цалин яагаад өгөхгүй байгаа” талаар лавлахад таныг ажлаас халсан учраас цалин өгөх боломжгүй, цалин бодогдоогүй гэж тайлбарласан. Тэгэхээр би захирал Ууганбаяр луу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярьж яагаад намайг амарч байх үед ажлаас халсан юм бэ гэж асуухад “чи бусад жолооч нарыг уриалан дуудаж элдэв юм ярьдаг цалин хөлс бага байна энэ тэр гэж уриалдаг” гэх мэт үндэслэлгүй тайлбар хэлсэн. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г Ф ХХК-ны Сүхбаатар дүүрэг 6 хороо, метро бизнес центрийн Б хаалганы 906 тоот хаягт байрлах оффист очиж тушаалаа гардаж авсан. Г Ф ХХК-ны захирал Ё.Ууганбаяр нь намайг амралттай байх үед хууль зөрчиж ажлаас халж амьжиргааны эх үүсвэрээс (ковид, цар тахлын үед) салгаж хүн чанаргүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... Шүүхэд Б Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "Г ф" ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх" шаардлагыг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр "Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай" болгож багасгасан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2 хуудас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Далайжаргалын шүүхэд гаргаснаар тодорхойлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Хэдийгээр шүүхэд сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад "Г ф" ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсан ч дараах тайлбарыг гаргаж байна. Мөн өмнө шүүхэд хариуцагчийн зүгээс бичгээр албан ёсоор тайлбарыг өгөөгүй байх тул тайлбарыг бичгээр гаргаж байна. "Г ф" ХХК-ийн нэр бүхий 7 ажилчид удаа дараа компанийн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн авто машиныг тээвэрлэж байхдаа нийлж архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлийг илрүүлж, 2021 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад гаргасан байдаг. Үүний нэг нь Б.Ч юм.

Нүүрс тээврийн том оврын ачааны авто машинаар тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхэд архи, согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм бэлдмэлийг огт хэрэглэхгүй байхыг Монгол Улсын хууль, Замын хөдөлгөөний дүрэм, компанийн дотоод журмаар шаарддаг. Хэрэглэхийг хатуу хориглодог.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байдаг Цагаанхад суурьшлын бүс рүү нэвтрэхэд дотоодын цэрэг, Хэв журам сахиулагч цагдаа нар бүхий л тээврийн хэрэгслийг зөвхөн дээр дурдсан архи, согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм бэлдмэлийг шалгаж, оруулдаг. Гэтэл манай компанийн кемпэд ажиллаж байсан нэр бүхий 7 жолооч дээрх хуулиараа хориглосон архи согтууруулах ундааны зүйлийг хэнээс, хаанаас авсан нь тодорхойгүй олж авч, хэтрүүлэн хэрэглэж, хууль зөрчсөн үйлдлийг гаргасан. Энэ нь компанийн удирдах ажилтнуудын шалгалтаар тогтоогдож, ажилчдын нэгдсэн хурлыг зохион байгуулсан байдаг. Үүнтэй нь холбогдуулж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэр бүхий 7 ажилчид "УУЧЛАЛТ" гуйж дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй, зөрчлөө хүлээн зөвшөөрч бүгд хүсэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу жолооч нар ар гэрээсээ хол байгаа учир энэхүү хууль бус үйлдлийг гаргасан, дахин гаргахгүй гэж амлалт өгч ажлаас халахгүй байхыг хүссэн хүсэлтийг өгсөн. Үүний нэгэн адил Б.Ч 12 сар хүртэл рейстээ явж, тэр хүртэл ажлаас халахгүй байж өгнө үү гэж хүсэлт гаргаж, улмаар 12 сард ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасан. Энэхүү баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа.

Нүүрс тээврийн уртын тээвэрт явж байгаа жолооч нар нь өөрсдийн тээврийн хэрэгсэлд хонож нүүрс тээвэрлэлтийг хийдэг бол богинын жолооч нар нь Цагаанхад суурьшлын бүсэд кемпэд байрлаж, 25 км газарт нүүрс тээврийн авто машиныг барьж жолоочоор ажилладаг. 2021 онд Жолооч нэгэнт Бөмбөлгийн жолоочоор ажиллах болсон бол тухайн бөмбөлөг орсон жолоочийг солих боломжгүй байсан. Зөвхөн улиралд 1 л удаа солих боломжтой байсан. Тухайн жолооч нь хүндэтгэх шалтгааны улмаас хүсэлтээр юм уу, ПСР-ын шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд л Цагаан хад суурьшлын бүсээс гаргах боломжтой байдаг байсан. Тийм ч үүднээс нэгэнт бөмбөлгийн жолооч болсон бол улиралд 1 удаа солих жолоочийг Цагаанхад суурьшлын бүсээс гарахад бэрхшээлтэй, дээрээс нь бүтэн рейсээ алдах нөхцөл байдалтай байсан тул үүний цаана машины эздийн, компанийн эрх ашиг сонирхол, олох ёстой байсан орлогоо бүрэн алдах, 1 жолоочоос шалтгаалж бусад жолооч нар цалингүй болох байсан. Тиймээс компанийн зүгээс архи уусан жолооч нарт сануулж, жолооч нарын зүгээс энэ удаагийн рейсийг хийж гүйцэтгэсний дараа буюу 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажиллахыг хүссэн. Компанийн зүгээс энэхүү хүсэлтийг хүлээн авч, тухайн С зөвшөөрлийн эрхийн хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сараас-2021 оны 12 дугаар сард рейс хийлгэсний дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Мөн ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлалт авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авсан

Дээрх байдлаар Б.Ч архи уусан үйлдэлд түүнийг цаашдынх нь ажил хөдөлмөрт нь ажлаас халагдсан гэдэг нэр зүүлгэхгүйгээр түүний хүсэлтээр ажлаас нь С зөвшөөрлийн хугацаа дуусангуут 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж, ажил хүлээлцэх, хариуцаж байсан том тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх 3 хоногийн хугацаа өгч, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр ажил үүргийг тасалбар болгож, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл Б.Ч нь өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийгөө буруугүй мэтээр маргаж байна.

2022 он гарснаас хойш Б.Ч нь компанид дахин ажилд орохыг хүсэж, ажлаас чөлөөлөгдөхгүйгээр хамтраад ажиллаад явъя гэж гуйсны дагуу жолоочийн солигдохоор нь /2022 оноос жолооч солигдог болсон/ буцаж ажилдаа оръё гэдэг санал тавьсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Нэхэмжлэл гаргасны дараа Б.Ч компани руу холбогдож “2020 оноос хойш өнөөдрийг хүртэл компани дээрээ ажиллаж байна цаашид ажиллаад явъя, шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзъя, шүүх дээрх маргаанаа дуусгая” гээд гаргасан тушаалаа хүчингүй болгоод өгчих гэж хүний нөөц, нягтлантай уулзсан байдаг. Үүний дагуу тушаал гаргаж, гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий дардсыг дарж, тушаалыг нь өгч, нийгмийн даатгалыг нь Б.Ч эрх, ашгийнх нь төлөө. хүсэлтийнх нь дагуу таслахгүй төлсөөр ирсэн. Гэтэл Б.Ч ажилдаа иргэж ороогүй ажил тасалж, өнөөдрийг хүртэл түүнээс хойш ажиллаагүй. Улмаар өнөөдрийг хүртэл хууль бусаар шүүхэд маргаан үүсгэж явж байна.

Түүний өмгөөлөгч Ж гэх хүн компанийн оффис дээр ирж тушаал гаргахыг шаардаж, хэл амаар доромжилж, дарамталж тушаал гаргуулан аваад үүнийгээ шүүхэд өгсөн байна. Энэхүү өөрийн хүсэлтээр гарсан тушаалыг хүчингүй болгуулж авчхаад өнөөдөр шүүх дээр маргаан үүсгэхгүй хэргээр маргаан үүсгэж хууль бусаар ажлаас халагдсан мэтээр маргаж байгаа нь хууль бус.

Компанийн зүгээс гаргасан "Г ф" ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай" тушаал нь өөрийнх нь хүсэлтээр гаргасан тушаал тул түүнийг хууль бус хэмээн хүчингүй болгох үндэслэлгүй.

Б.Ч нь 2021 оны 12 дугаар сард хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтээ гаргаж, Хөдөлмөрийн харилцааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө дуусгавар болгож ажил хүлээлцэх 3 хоногийн хугацааг өгч, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 01 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр таарч, 01.02-ны өдрөөс тасалбар болгож ажлыг нь хүлээлцсэн. Иймээс Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар тушаал гаргаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Энэ нь тушаалын үндэслэл, хуулийн заалтаас тодорхой харагдана.

Иймд ажилтан болох жолооч Б.Ч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэж, хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.

Ажилтан болох жолооч Б.Ч нь тухайн үед өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй гаргаж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан түүнийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй гэх тайлбар, нийгмийн даатгалын сангийн лавлагаа, ХАОАТ төлсөн байдал зэрэг баримтуудаар бүрэн нотлогдож байгаа.

Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Б.Ч Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгээгүй, өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гээд 128.1-д Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд үүнд: “... Дээрх хуулийн заалтуудаас харахад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж маргах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд намайг ажлаас буруу халлаа, хууль бус тушаал гаргалаа гэж маргах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Ч нэхэмжлэл бүхэлдээ хууль бус, шүүх түүнийг хүлээн авч, хянаж шийдвэрлэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл гээд 38.1-д "Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална" гээд 38.1.1-д "ажилтан санаачилсан” гэсэн үндэслэлээр Б.Ч байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж, хариуцаж байсан тээврийн хэрэгслийг нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны дотор хүлээж авахыг даалгаж шийдвэрлэсэн.

Компаниас Б.Ч ажилласан хугацааны буюу 2021 оны 12 сарыг дуустал хугацааны цалинг бүрэн олгож, цалингийн ямар нэгэн төлбөр тооцоогүй болно. 2022 оны 01 дүгээр сараас хойш Б.Ч нь огт компанид ажиллаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтны ажлын үр дүн байхгүй тохиолдолд ажлын хөлс авна гэх хууль зүйн үндэслэлгүй.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Ч байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.4-д сарын үндсэн цалин хөлсний хэмжээ нь 800,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнийхээ ч дагуу Б.Ч сар бүр тогтмол 800,000 төгрөгийн цалин авч ажилласан байсан нь Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Нийгмийн даатгалын тайлангаас тодорхой харагдана.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлсний төлөө л хүн цалин авна гэж заасан. Гэтэл Б.Ч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд түүнийхээ дараагаар би хууль бусаар халагдчихлаа гэж маргах боломжгүй байна. Түүний үндсэн цалин нь 800,000 төгрөг болох нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хөдөлмөрийн гэрээ зэргээр бүрэн нотлогдоно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан, мөн зүйлийн 343.2-т "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заажээ.

Энэхүү хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээгээр жолооч нар 800,000 төгрөгийн үндсэн цалинг сар бүр авч, ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс шалтгаалж рейсийн мөнгийг БНХАУ-ын нүүрс худалдан авагч нараас бодож, авдаг байна. Ажлын гүйцэтгэлийн хөлс нь БНХАУ-ын нүүрс худалдан авагч талын 1 тонн нүүрсний худалдан авах үнийг тухайн үеийн тээвэрлэлтийн юанийн ханшаар тогтоож буй үнэ, тухайн жолоочийн тээвэрлэсэн нүүрсний хэмжээ зэргээс шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл нүүрсийг ачиж, буулгах, худалдан авагчийн өмчлөлд нүүрсийг шилжүүлэх гээд үр дүнд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Иймд нүүрс тээвэрлэлт хийгээгүй жолоочид нүүрс тээвэрлэлтийн хөлс олгогдохгүй гэдэг нь туйлын тодорхой ойлголт юм.

Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажиллаагүй мөртлөө шүүхэд маргаан үүссэнээс өнөөдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсэн мэтээр, миний үндсэн цалин 800,000, түүн дээр нэмэгдэж рейсийн мөнгө үндсэн цалин болно. Үүнийг шүүхээр гаруулж авна гэдэг нь үндэслэлгүй, хууль бус. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтан ажлыг гүйцэтгээгүйн төлөө ажлын хөлс авч, улмаар түүнийгээ шүүхээр хангуулж шийдвэрлүүлнэ гэдэг нь хууль зүйн хувьд ч тэр, бодит байдал дээр ч боломжгүй.

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсны дараагаар ажилдаа буцаж орьё нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг таслахгүй байхыг хүсэж, түүний дагуу эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлсөн. Уг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс өөрчилж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагаасаа өмнөх шүүх хуралдаан дээр татгалзсан. Иймд уг шаардлагаасаа татгалзсан тул үүнийг шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй байна. Иймд Б.Ч өөрийн хүсэлтээр ажлаас гарчхаад шүүхдэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Г ф” ХХК -ийн гүйцэтгэх захирлын “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Б.Ч, К.Нандинчимэг нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, №0106338 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг, хариуцагчаас Б.Ч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 10, 11, 12 дугаар сарын тайлан, цалин шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримтууд, “Г ф” ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаал, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/167 дугаар тушаал, түүний баримт, Б.Ч 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өргөдөл зэргийг нотлох баримтаар гарган өгч, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр К.Нандинчимэгээс гэрчийн мэдүүлэг авч, “Хаан банк” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29/3780 тоот лавлагаа, нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захирал Ууганбаяр нь “чи бусад жолооч нарыг уриалан дуудаж элдэв юм ярьдаг цалин хөлс бага байна энэ тэр гэж уриалдаг” гэх мэт үндэслэлгүй тайлбар хэлж хууль зөрчиж ажлаас халсан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Ч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэж, хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Б.Ч ажилласан хугацааны буюу 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалинг бүрэн олгож, цалингийн ямар нэгэн төлбөр тооцоогүй болно. 2022 оны 01 дүгээр сараас хойш Б.Ч нь компанид огт ажиллаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтны ажлын үр дүн байхгүй тохиолдолд ажлын хөлс авна гэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Б.Ч Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолоочоор, сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцжээ.

 

“Гф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/167 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал”-аар Б.Ч 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Г ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Б Ч 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосугай” гэсэн боловч энэхүү тушаалын дагуу талуудын хооронд дахин хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх тул шүүх маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй буюу нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн эсэх, талуудын хооронд ажил гүйцэтгэх, эсхүл хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болон үндсэн цалингийн хэмжээ талуудын маргааны зүйл байна.

 

6. Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх тул “талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

7. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:” гээд 38.1.1-д “ажилтан санаачилсан”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” гэж тус тус заасан.

Хариуцагч “Г ф” ХХК нь нэхэмжлэгч Б.Ч 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримталсан боловч ажилтны, эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцалсан алин болох нь тодорхойгүй, мөн баримталсан Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсэгт “Ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэхийн тулд оффис, бичиг хэрэг, компьютер техник хэрэгслээр хангана” гэж заасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлахад хамааралгүй зохицуулалт байна.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, гэрээний нөхцөл нь ажлаас чөлөөлөгдсөн буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай.

 

8. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх татгалзлаа Б.Ч 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэсэн гэж тайлбарласан. /хх-187/

 

Дээрх өргөдөлд “Г ф ХХК-д өргөдөл гаргах нь” гээд “Ажлын байранд архи ууж зөрчил гаргасан, мөн удирдах албаны хүнтэй бүдүүлэг харьцаа гаргасандаа уучлал хүсье, дахин алдаа гаргавал ажлаас халагдах гомдол байхгүй” гэснээс үзвэл өргөдөлд ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлсэн гэх утга, агуулга тусгагдаагүй, харин дахин алдаа гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцлахад гомдолгүй болохоо илэрхийлсэн гэх агуулгатай байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ч 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч “Г ф” ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №21/167 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Г ф” ХХК-ийн захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-4/-д үйлдсэн огноо, тушаалын дугаар тусгагдаагүй бөгөөд хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №21/167 дугаартай тушаал /хх196/-ыг гаргаж өгснийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй, мөн нэхэмжлэгчийн тайлбарт “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цалин яагаад өгөхгүй байгаа талаар лавлахад таныг ажлаас халсан учраас цалин өгөх боломжгүй, цалин бодогдоогүй гэж тайлбарласан” гэснээс үзвэл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч байна.

 

9. Хариуцагч “Г ф” ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нэг сарын үндсэн цалингаа 10,000,000 төгрөг гэж тодорхойлж, өөрийн болон эхнэр К.Нандинчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар өгсөн боловч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 1.4-д “сарын үндсэн хөлсний хэмжээ 800,000 төгрөг” гэж тусгасан, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-80/ болон хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 10, 11, 12 дугар сарын тайлан /хх 87-92/-аар нэг сарын 10,000,000 төгрөгийн цалинтай гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 9, 10, 11 дүгээр сараар тооцвол нэг сарын цалин 1,600,000 төгрөг байна.

 

Иймд ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 15,138,461 төгрөг /1,600,000*9 сар, 10 хоног=15.138.461/-ийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй.

 

10.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233,642 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Г ф ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 15,138,461 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг даалгасугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Г ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 233,642 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАТХУЯГ