Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00895

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00895

 

 

 

Б.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2020 оны 10 сарын 12-ны өдрөөс Г ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2021 оны 11 сарын 20-ны үед ажлаасаа амраад гэртээ ирсэн. Гэтэл миний 12 сарын цалинг компаниас өгөхгүй байхаар нь нягтлан н.Төгөлдөрөөс лавлахад ...таныг ажлаас халсан учраас цалин өгөх боломжгүй, цалин бодогдоогүй... гэж тайлбарласан. Ингээд захирал Ё.У- руу 2021 оны 12 сарын 31-ний өдөр утсаар ярьж яагаад намайг амарч байх үед ажлаас халсан юм бэ гэж асуухад ...чи бусад жолооч нарыг уриалан дуудаж элдэв юм ярьдаг, цалин хөлс бага байна энэ тэр гэж уриалдаг... гэх мэт үндэслэлгүй тайлбар хэлсэн. Миний бие 2022 оны 01 сарын 12-ны өдөр Г ХХК-ийн оффист очиж тушаалаа гардаж авсан. Г ХХК-ийн захирал Ё.У- нь намайг амралттай байх үед хууль зөрчиж ажлаас халж амьжиргааны эх үүсвэрээс (ковид, цар тахлын үед) салгаж, хүн чанаргүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Манай компанийн кемпэд ажиллаж байсан нэр бүхий 7 жолооч архи согтууруулах ундааны зүйлийг хэнээс, хаанаас авсан нь тодорхойгүй олж авч, хэтрүүлэн хэрэглэж, хууль зөрчсөн үйлдлийг гаргасан нь компанийн удирдах ажилтнуудын шалгалтаар тогтоогдож, ажилчдын нэгдсэн хурлыг зохион байгуулсан. Эдгээр зөрчил гаргасан ажилчдын нэг нь Б.Ч- юм. Улмаар 2022 оны 09 сарын 02-ны өдрийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэр бүхий 7 ажилчид уучлалт гуйж, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, амлалт өгч ажлаас халахгүй байхыг хүссэн хүсэлтийг өгсөн. Үүний нэгэн адил Б.Ч- 12 сар хүртэл рейстээ явж, тэр хүртэл ажлаас халахгүй байж өгнө үү гэж хүсэлт гаргаж, улмаар 12 сард ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хэрэгт авагдсан. Компанийн зүгээс энэхүү хүсэлтийг хүлээн авч, тухайн С зөвшөөрлийн эрхийн хугацаанд буюу 2021 оны 09 сараас 2021 оны 12 сар хүртэл рейс хийлгэсний дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Б.Ч- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийгөө буруугүй мэтээр маргаж байна. Б.Ч-гийн өөрийнх нь хүсэлтээр Г ХХК-ийн захирлын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан тул уг тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр Б.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2021 оны 12 сарын 30-ны өдөр ажлаас нь чөлөөлж, хариуцаж байсан тээврийн хэрэгслийг нь 2022 оны 01 сарын 02-ны өдрийн дотор хүлээж авахыг даалгаж шийдвэрлэсэн. Компаниас Б.Ч-д ажилласан хугацааны буюу 2021 оны 12 сарыг дуусталх хугацааны цалинг бүрэн олгосон, одоо цалингийн ямар нэгэн төлбөр, тооцоогүй. 2022 оны 01 сараас хойш Б.Ч- нь компанид огт ажиллаагүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтны ажлын үр дүн байхгүй тохиолдолд ажлын хөлс авах хууль зүйн үндэслэлгүй. Түүний үндсэн цалин 800,000 төгрөг болох нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш ажиллаагүй атлаа шүүхэд маргаан үүссэнээс өнөөдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж ...үндсэн цалин 800,000 төгрөг, түүн дээр нэмэгдэж рейсийн мөнгө үндсэн цалин болно, үүнийг шүүхээр гаруулж авна... гэж байгаа нь үндэслэлгүй, хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 15,138,461 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 233,642 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Миний 1 сарын цалин 10,000,000 төгрөг, хариуцагч Г ХХК нь татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад хууль тогтоомжийн дагуу улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор миний үндсэн цалингийн зарим хэсгийг миний эхнэр К.Н-ийн дансанд хууль бусаар шилжүүлдэг байсан талаар шүүхэд тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн. Мөн хариуцагч талаас шүүхэд тайлбартаа К.Н-ийн дансаар цалин хөлс, урамшуулал болон унаа, хоолны мөнгө зэргийг шилжүүлдэг байсан талаараа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримт, хариуцагчийн тайлбар зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхэд худал, үндэслэлгүй, ойлгомжгүй тайлбар өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн үе шатанд шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...эхнэр К.Н- гэрчийн мэдүүлэгтээ сард 10,000,000 төгрөгийн цалин хөлстэй гэж тайлбар гаргасан ба хөдөлмөрийн гэрээнд 800,000 төгрөгийн цалинтай гэж байна. Та энэ цалингаа ямар баримтаар нотолж байгаа вэ... гэж асуухад ...би өөр баримтаар нотолж чадахгүй, та өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэр гарга... гэх агуулгатай хариулт хэлсэн. Тийм учраас шүүх хуралдааны тэмдэглэлийн төгсгөл хэсгийг анхаарч уншихыг хүсэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг маргаанаа шийдвэрлэх ёстой гэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

6.а. Б.Ч- нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсны дараагаар ажилдаа буцаж орох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг таслахгүй байхыг хүсч, түүний дагуу даатгалыг нь төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрх нь нэхэмжлэгч Б.Ч-д байхад түүний эрхийг өмгөөлөгч н.Жамъян эдэлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүх түүний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж урьд нь уг шаардлагаасаа татгалзсан байхад өмгөөлөгч нь гаргаж байгаа мэтээр хуралд орж, улмаар шүүх түүнийг нь шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.

6.б. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүгч 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 181 /Ш32022/15698 дугаар захирамжаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхжинг гэрчээр оролцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэрч болгосон анхны тохиолдол энэ болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Шүүх Г.Мөнхжинг шүүх хуралдаанд оролцуулж, мэдэгдэх хуудас хүргүүлж, нөлөөллийн мэдүүлэг бөглүүлж, эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулж, баримтуудад гарын үсэг зуруулж, хэргийн оролцогчийн нэгэн адил эрх эдлүүлсэн атлаа гэрч болгож, улмаар нэхэмжлэгчээс гэрчээр асуулгахаас татгалзуулсан хүсэлт бичүүлж авч, түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.в. Б.Ч-гийн сүүлийн 3 сар ажилласан хугацааны цалин нь 2021 оны 10, сард 800,000, 11 сард 800,000 (түүнд дээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,200,000 төгрөгийг нэмж олгосон, үндсэн цалин биш) төгрөг, 12 сард Б.Ч- амарсан учир ажилласан хоногоор нь бодож 480,000 төгрөгийн цалин өгсөн. Түүний 3 сарын цалингийн дундаж нь 693,000 төгрөг байхад 1,600,000 төгрөг гэж бодож, түүнд олгохыг даалгасан шийдвэр гаргасан нь шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

6.г. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримталж, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан бөгөөд Л.Ч- нь 2021 оны 12 сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл огт ажиллаагүй. Хууль бусаар халагдсан, ажлаас буруу үндэслэлээр чөлөөлөгдсөн, тэр нь шүүхээр тогтоогдож, гаргасан тушаал нь хууль бус болсон тохиолдолд түүнд ажиллаагүй ч гэсэн буруу халсан гэдэг үндэслэлээр цалинг нь олгодог. Гэтэл Б.Ч-гийн цалинг 1,600,000 төгрөгөөр бодож 2022 оны 01 сарын 02-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоох шаардлагаасаа татгалзсан 2022 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл бодож олгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

6.д. Хариуцагчийн зүгээс Б.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж маргаагүй байхад хариуцагчийн өмгөөлөгч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж худал тайлбар хэлсэн мэтээр буруутгаж, шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хариуцагчийг буруутгасан байдлыг хэт дөвийлгөх гэсэн, ямар ч баримтад үндэслээгүй гэж үзэхээр байна. Б.Ч-гийн сар бүр компаниас авах цалин нь 800,000 төгрөг, тогтмол авдаг, энэ нь Нийгмийн даатгалын тайлангаас тодорхой харагдана. Харин тухайн сард ажил гүйцэтгэснийхээ хариуд ажлын хөлсийг БНХАУ-ын нүүрс худалдан авагч талаас авч, түүнийг татвар, нийгмийн даатгалыг нь төлөхөд нэмж тайлагнадаг. Үүнийг шүүх буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн.

6.е. Шүүх нотлох баримтад бус нэхэмжлэгчийн худал үгэнд итгэж, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Мөн шүүх захирал нь хүчээр шахуу дарамталж ажлаас халсан мэтээр нэхэмжлэгчийн хэлээгүй үгийг хэлсэн болгож бичиж шийдвэрийнхээ үндэслэлийн эхлэл болгосон нь хэт нэг талыг барьж хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Компанийн зүгээс архи уусан жолооч нарт сануулж, жолооч нарын зүгээс энэ удаагийн рейсийг хийж гүйцэтгэсний дараа буюу 2021 оны 09 сараас 2021 оны 12 сарыг дуустал алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажиллахыг хүссэн. Компанийн зүгээс энэхүү хүсэлтийг хүлээн авч, тухайн С зөвшөөрлийн эрхийн хугацаанд буюу 2021 оны 09 сараас 2021 оны 12 сар хүртэл рейс хийлгэсний дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Мөн ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлалт авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авсан. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуучин хуулийг баримталж, хэрэг маргааныг шийдвэрлэх байтал шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

6.ё. 2021 оны 12 сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь өөрийнх нь хүсэлтээр гаргасан тушаал тул түүнийг хууль бус хэмээн үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс компанийн оффист ирж тушаал гаргахыг шаардаж, хэл амаар доромжилж тушаал гаргуулан аваад өөрийн хүсэлтээр гарсан тушаалыг хүчингүй болгуулж авчихаад халагдсан мэтээр маргаж байгаа нь хууль бус юм. Иймд Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон 2021 оны 12 сарын 30-ны өдөр 1999 оны 05 сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар тушаал гаргаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь тушаалын үндэслэл, хуулийн заалтаас тодорхой харагдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч хуульд заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй. Анхан шатны шүүхэд гаргаж буй тайлбар, давж заалдах шатны шүүхэд гаргаж буй тайлбарууд зөрүүтэй, хэргийн материалд байхгүй худал тайлбар гаргаж байна. Г ХХК нь хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тухайн тушаалд он, сар, өдөр байгаагүй. 2022 оны 01 сараар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох агуулгатай тушаалыг Б.Ч-д гаргасан. Б.Ч- өөрийн хүсэлтээр ажлаас гарахаа илэрхийлсэн үйл баримт, нотлох баримт хэрэгт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эх сурвалж нь тодорхойгүй хүсэлт авч ирсэн. Б.Ч- бичсэн үгүй нь тодорхойгүй. Г ХХК нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус тушаал гаргасан. Хариуцагч Г ХХК өмнөх тушаалаа хүчингүй болгож байгаа бол гэж бодоод ажилдаа буцаж орохоор очсон боловч Ё.У- нь ...чи нэгэнт шүүхээр явж байгаа бол шүүхээрээ яв, юу олж долоохыг чинь харъя... гэж хэлээд Б.Ч-г хөөж гаргасан. Үүнээс хойш ажилдаа ороогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч Б.Ч- нь анх хариуцагч Г ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх 1-2/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх шаардлагаа дэмжсэн байна. /хх 29, 135-136/

 

3.   Хариуцагч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь архидан согтуурч зөрчил гаргасан, өөрийн буруугаа хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, үүний дагуу ажлаас чөлөөлсөн, ажил хийгээгүй учир цалин олгох боломжгүй... гэсэн агуулгаар тайлбарласан байна. /хх 180-185/

 

4.   Г ХХК-ийн захирлын тушаалаар жолооч Б.Ч-г 2022 оны 01 сарын 02-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ.

Дээрх тушаал нь тодорхой огноогүй боловч уг тушаалд ...2022 оны 01 сарын 02-ны өдрөөр тасалбар болгож... гэж бичсэн байх тул тушаал 2022 оны 01 сарын 02-ны өдөр гаргажээ гэж үзнэ.

 

5.   Дээрх тушаалыг ажилтан Б.Ч- эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ. /хх 2-арын нүүрний дардас/

 

6.   Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг ажилтанд олгох эрх зүйн үндэслэл нь түүнийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх явдал гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх шаардлагыг хангах боломжгүй юм.

Түүнчлэн, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсэн өмнөхтэй адил агуулга бүхий зохицуулалт байсныг дурдах нь зүйтэй.

 

7.   Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч ямар үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан талаар тодруулахад ...хүнд даацын жолооч ижил төрлийн өөр ажилд ороход өмнөх ажлаасаа гарсан байхыг шаарддаг учир татгалзсан... гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн болно.

 

8.   Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул Г ХХК-ийн захирлын 2022 оны 01 сарын 02-ны өдрийн тушаал үндэслэлтэй эсэх, ажилтан Б.Ч- зөрчил гаргасан эсэх, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн эсэх, ажилтны авч байсан дундаж цалин хөлс хэд болох талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

9.   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ч-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 233,642 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР