Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00161

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00475 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00980 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

М-ад холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас хариуцагч М-ад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00475 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ... орон сууцыг хариуцагч М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Маас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00980 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106.2” гэснийг “106.1” гэж,

2 дахь заалтын “7.1.1” гэснийг “7.1.2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэг “Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар.

М би хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэж байна.

Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй удаан хугацаа өнгөрсөн тул “С” ХХК-ийн Туул Ван хотхоны борлуулалтын албанаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон тус компаний Э.Солонготой байгуулсан гэрээний тухай удаа дараа асууж тодруулсан боловч “С” ХХК нь бид Э.Солонготой 2 талын нууцлалын гэрээтэй тул хариулах, мэдээлэл өгөх боломжгүй хэмээн гэрээг үзүүлэхээс удаа дараа татгалзаж байсан.

Өөрөөр хэлбэл “С” ХХК нь Э-оор зуучлуулан дамжуулж Т компанийн харъяалалд байгаа орон сууцыг иргэдэд хөнгөлттэй үнээр урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдлийг нэг жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр өөрийн өмчлөлийн ... орон сууцыг худалдсан. Хууль бусаар эзэмшинэ гэдэг өмчлөгч болон эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг өөрийн мэдэлдээ байлгахыг хэлэх бөгөөд “С” ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудаа эзэмших, ашиглах, бусдад худалдан борлуулах эрхийг Э.Солонгод хариуцуулан олгосон гэж ойлгосон тул захиалагчид хуулийн этгээдийн эд хөрөнгөө хариуцуулан өгсөн этгээд болох Э.Солонготой гэрээг байгуулж орон сууцандаа өнөөг хүртэл амьдарч байгаад залилуулсан гэдгээ мэдээд захиалагчид 2021 оны 03 дугаар сард Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Э-д холбогдох эрүүгийн 210200100068 дугаартай хэрэг үүсгэж, 123 хохирогчтой, 11 тэрбум төгрөгийн хохирол бүхий энэхүү маргааны үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор нэхэмжлэгч “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол иргэний хэрэг үүсгэхээс татгалзахаар зохицуулсан ба иргэний хэрэг үүссэний дараа дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай тул иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэргийг гомдол хязгаарлагдахгүй бүхэлд нь хянаж, нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлж, хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж МУ-ын иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” болон эрх зүйн хамгаалалтаа шүүх хэрэгжүүлэхгүй байгаа тул анхан болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч М-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.07.06-ны өдрийн 001/ШХТ2023/00862 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч М-ад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...... байрыг хөлслөхөөр Т гэрээ байгуулсан байтал М нь тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна, түүнд гэрээг өөрийн нэр дээр байгуулах, орон сууц ашиглалтын болон СӨХ-ны төлбөр төлөх талаар, мөн орон сууц чөлөөлж өгөх талаар амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан тул орон сууцыг М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч М: “...2019.01.29-ний өдөр орон сууцыг худалдаж авахаар урьдчилгаа 24,000,000 төгрөгийг ЭЭ, Б гэх хүмүүст өгч байранд орсон, ...байранд орсны дараа байрны урьдчилгаа авсан Э, Б гэх хүмүүсийн гэрээг үзэхээр “С” ХХК-ийн ажилтан Бо-тай уулзсан боловч нууцлалын гэрээтэй гэх шалтгаанаар гэрээг үзүүлээгүй, ...байрыг хууль ёсоор эзэмшиж байгаа тул шүүхийн шийдвэр гартал байрнаас гарах үндэслэлгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны өмчлөгч болох нь 2021.11.07-ны өдрийн ... тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй, ...хариуцагч М нь Э, Б, Бо нарт залилуулсан гэх эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул өөрт учирсан хохирлоо эрүүгийн журмаар гаргуулан авах боломжтой...” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх: “...нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн бүртгэлээр нотлогдож байх бөгөөд хариуцагчийг тухайн орон сууцыг хууль болон гэрээнд зааснаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна, өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна. ...Э.Солонго нарт холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв, ...харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийг оновчтой хэрэглээгүй байна...” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Дээр дурдснаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, ижил шийдвэр гаргасан боловч анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг залруулаагүй нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, энэ үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан талаарх хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

9. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “С” ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг бусдыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь тус орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж маргажээ.

9.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байх боловч хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

9.2. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, татгалзал, холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй, маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, улмаар хариуцагчийг тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн үндэслэлээ тодорхой заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

10. Хэргийг хянан шийдвэрлэхэд дараах үйл баримт тогтоогдоогүй, тодорхойгүй байна.

10.1. “С” ХХК нь маргаж буй ... орон сууцны өмчлөгчөөр 2021.11.07-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад хариуцагч нь 2019.01.29-ний өдөр орон сууцыг худалдан авахаар төлбөрийн урьдчилгааг төлж, орон сууцыг эзэмшиж эхэлсэн гэх ба энэ /хх-12/ хугацаанд маргаж буй орон сууц хэний эзэмшил, өмчлөлд байсан нь тодорхойгүй байна,

10.2. Түүнчлэн нэхэмжлэгчээс тус орон сууцыг Т хөлсөлж байсан гэх боловч хэргийн 7-8 дугаар талд авагдсан ... дугаартай Орон сууц хөлслөх гэрээний хөлслүүлэгч тал нь “С” ХХК бус иргэн Ч байх тул “С” ХХК, иргэн Ч нар ямар хамааралтай болох нь хэрэгт ач холбогдолтой, улмаар хариуцагчийн “...иргэн Э-тэй байгуулсан гэрээг үзье гэхэд ажилтан Ч “...нууцлалын гэрээтэй...” гэх шалтгаанаар үзүүлээгүй...” гэх хариуцагчийн тайлбарын талаар “С” ХХК-аас тодруулаагүй.

10.3. Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2021.06.03-ны өдрийн 12/1-3314 дугаартай тоотод “...тус хэлтэст Эрүүгийн 2102000100068 дугаартай хэрэгт Э, Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдэгдсэн...” байх ба  “...Э, Б, Бо нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2021.02.02-ны хооронд иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкны харилцах данс болон бэлнээр хохирогч нараас их хэмжээний мөнгө авч залилсан гэх хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй...” гэж үзэн 2022.03.15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байна.

Иймд орон сууцыг хариуцагч М-ад худалдсан гэх Э болон нэхэмжлэгч “С” ХХК нь хоорондоо ямар хамааралтай болох, нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хариуцагчид Э-той байгуулсан гэрээг “нууцлалын гэрээтэй” гэх шалтгаанаар үзүүлээгүй маргааны үйл баримт тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хоёр шатны шүүх хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх холбогдох бүхий л нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулжээ.

Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

12. Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00980 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М-ын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М-аас 2023.06.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД