Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00475

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр            Дугаар 183/ШШ2023/00475            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туулван, 00 дүгээр байр 000 тоотод байрлах, С ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туулван, 00 дүгээр байр 000тоотод оршин суух, Ж овогт Ц.М /РД:ЧП00000000/-д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч А.С, хариуцагч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М манай компанийн эзэмшлийн ХУД-ийн 19 дүгээр хороо, туул ван 00-р байрны 000тоот 65.73 м талбай бүхий гал тогооны тавилгатай 3 өрөө байранд ямар нэгэн гэрээ хийлгүй эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч байна. Тус байрыг 2019.02.01-ний өдөр Э.Тгэдэг хүнтэй хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд Ц.М нь хэзээ, хэрхэн орсон нь тодорхойгүй байна. Түүнд орон сууц хөлслөх гэрээг өөрийн нэр дээр хийх, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр төлөх талаар, мөн орон сууц чөлөөлж өгөх талаар амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан болно. Иймд хариуцагчийг тус байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би н.Б, Н.С гэдэг хоёр хүнд байрны урьдчилгаа төлбөр өгөөд байрандаа орсон байдаг. Нэхэмжлэгч талаас хэлээд байгаа Э.Т гэдэг хүнтэй холбогдож байрны түрээсийн талаар асуухад тийм зүйл мэдэхгүй гэдэг тайлбар өгдөг. Э.Тнь н.Бодь, Н.С гэдэг хүний гэрийг цэвэрлэх гэж очиход иргэний үнэмлэхээ өгч байгаарай, гэр цэвэрлэж байгаа учраас харах хэрэгтэй байна гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь авсан гэдэг. Бид нарыг байрандаа орсон байхад С ХХК-ийн ажилтан н.Б нь хэзээ орсон гэж асуусан, би гурав хоногийн өмнө орсон гэдгээ хэлсэн. Тэгээд манайх түрээсэлсэн үү гэж асуухад би үгүй ээ худалдаж авсан гэдгээ ч хэлсэн. Тэрнээс хойш 2021 онд гэнэт Мон зууч ХХК гэдэг компани гарч ирээд асуудлууд үүссэн ба Мон зууч ХХК би танайд энэ байрыг түрээсэлсэн, энэ гэрээ нь байна гээд гаргаж ирсэн гэжээ.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.06.15-ны өдрийн 000/00 итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.02.01-ний өдрийн 000000 тоот орон сууц хөлслөх гэрээ, 2021.01.20-ны өдөр тооцоо нийлсэн тухай баримт, мэдэгдэх хуудас, 2021.05.12-ны өдрийн мэдэгдэх хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн прокурорын газраас 2021.03.12-ны өдрийн хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, 2022.04.11-ний өдрийн иргэний хариуцагчаар татах тогтоол, 2022.03.15-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол зэргийг шүүх гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Ц.М-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

С ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ү-0000000000 тоотод бүртгэгдэж, өмчлөгч болсон, энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.М С ХХК-ийн өмчлөлийн 65.73 м.кв гурван өрөө орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.М нь Э.С-д энэ орон сууцыг худалдан авах зорилгоор 24.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гээд холбогдох нотлох баримтыг Нийслэлийн прокурорын газраас гаргуулсан ба уг баримтаас үзэхэд иргэн Ж.Б, Э.С, Э.Б нар Ц.М-ыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул Ц.М эрүүгийн журмаар өөрт учирсан хохирлоо гаргуулан авах боломжтой ба энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 65.73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 65,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                Г.СОЛОНГО