Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00980

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00980

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00475 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Ц.М

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагчийн өмгөөлөгч П.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.М манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, туул ван 29 дугаар байр, 000 тоот хаягт байрлалтай, 65,73 м.кв талбайтай орон сууцанд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч байна. Тус орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Ттэй хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд Ц.М нь хэзээ, хэрхэн орсон нь тодорхойгүй байна. Түүнд орон сууц хөлслөх гэрээг өөрийн нэр дээр хийх, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр төлөх талаар, мөн орон сууц чөлөөлж өгөх талаар амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Иймд хариуцагчийг тус орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Ж.Б, Э.С гэх хүнд орон сууц худалдан авсан урьдчилгаа төлбөрийг төлж орон сууцанд орсон. Э.Т нь орон сууцны түрээсийн талаар мэдэхгүй гэдэг. Э.Т нь Ж.Б, Э.С гэдэг хүний гэрийг цэвэрлэх гэж очиход ...иргэний үнэмлэхээ өгч байгаарай, гэр цэвэрлэж байгаа учраас харах хэрэгтэй байна гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь авсан гэдэг. Бид нарыг орон сууцанд байхад С ХХК-ийн ажилтан н.Болормаа нь хэзээ орсон гэж асуусан, би гурав хоногийн өмнө орсон гэдгээ хэлсэн. Тэгээд манайх түрээсэлсэн үү гэж асуухад би үгүй ээ худалдаж авсан гэдгээ хэлсэн. Түүнээс хойш 2021 онд гэнэт Мон зууч ХХК гарч ирээд асуудлууд үүссэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, , Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 65,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ц.М 2019 оны 01 дүгээр сард маргааны зүйл болох орон сууцыг Э.Сос худалдаж авсан. Тус орон сууцанд одоог хүртэл амьдарч байна. Э.С нь намайг болон бусад айлуудыг залилж, эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байгаа. Одоо энэ орон сууцнаас гарах гэхээр мөнгө байхгүй, очих газар байхгүй, амьдрал эрсдэлтэй байдалд ороод байна. Эрүүгийн хэрэг шийдэгдэж, миний хохирол барагдтал энэ байранд амьдрах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Орон сууцыг худалдан авахдаа эрх бүхий этгээдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийн, нотариатаар баталгаажуулдаг. Гэтэл Ц.М нь худал ярьсан хүний үгэнд итгэж, зах зээлийн ханшаас доогуур үнээр орон сууцтай болох шуналдаа автан бусдад залилуулсан. Энэ асуудал 2021 оноос хойш эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байна.

5.2 Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн хүрээнд өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэх тухай. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой атлаа гаргаж өгөөгүй.

5.3 Нэхэмжлэлийн шаардлага нь Ц.Мын бусдад залилуулсан эрүүгийн хэрэгт хамааралгүй тул энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэхэд бусдын өмчлөх эрх зөрчигдөхгүй бөгөөд хариуцагч бусдад залилуулсан мөнгөө эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Тухайн эрүүгийн хэрэгт албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж буй орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Мад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. С" ХХК нь улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, , Туул гол гудамж, 00 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөгч болсон байна. /хх 12/

3.1 Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн бүртгэлээр нотлогдож байх бөгөөд харин хариуцагч Ц.Мыг тухайн орон сууцыг хууль болон гэрээнд зааснаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 35.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

4. Хариуцагч Ц.М нь ...Э.Сд орон сууцыг худалдан авах зорилгоор 24,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж холбогдох нотлох баримтыг Нийслэлийн прокурорын газраас гаргуулсан. Уг баримтаас үзэхэд Ж.Б, Э.С, Э.Болорчулуун нар Ц.Мыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. /хх 39-42/ Тухайн баримт нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй байна. Иймд ...эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байгаа гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг гэснийг тус тус баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106.2 гэснийг 106.1 гэж,

2 дахь заалтын 7.1.1 гэснийг 7.1.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН