Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00178

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/00810 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01041 дүгээр магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох

129,977,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас хариуцагч Б-д холбогдуулан 129,977,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/00810 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бээс 72,738,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 57,238,842 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 814,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 521,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01041 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/00810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...222 дугаар зүйлийн 222.2” гэснийг “...232 дугаар зүйлийн 232.6” гэж “...72,738,158” гэснийг “...46,000,000” гэж, “...57,238,842” гэснийг “...83,977,000” гэж,

2 дахь заалтын “...521,640” гэснийг “...387,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 521,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.3 дахь хэсэгт заасан “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

“Т” ХХК нь хариуцагч Б-ий буруутай үйлдлээс болж олон жил маш их хохирсон бөгөөд анхан шатны шүүх гэрээнд заасан алданги болон нэхэмжлэлийн бусад шаардлагаас нийт 57,238,842 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзсэн учир тус шийдвэрийг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй. Гэвч хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэл, баримтгүйгээр, хариуцагч талын татгалзлыг “харьцангуй тогтвортой байна” гэж субъектив байдлаар дүгнэн нэхэмжлэлийн дүнгээс 84,000,000 төгрөг хасч шийдвэрлэсэнд их гомдолтой байна.

Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчиж, анхан шатны шүүхийн шүүгчийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн үнэлгээг үгүйсгэсэн гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3 дахь хэсэгт заасан шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Тухайлбал, магадлал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна. Учир нь Б-ий гаргасан зардлууд нь гэрээний дагуу худалдан авах үнэд хамаарахгүй, өөрийн үйл ажиллагаанд гаргасан зардлууд юм. Бидний байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1.8 дугаар зүйлд “Гэрээ хүчин төгөлдөр болсон буюу 2018.05.10-ны өдрөөс Ред стоун рестораны үйл ажиллагааг худалдан авагч тал хариуцан явуулж эхлэх ба энэ өдрийг эрх шилжүүлсэн өдрөөр тооцно”, 2.2 дугаар зүйлд “Худалдагч талын гэрээний 1.8-д заасан хугацаанаас өмнөх үйл ажиллагаатай холбоотой зардлыг худалдан авагч төлж барагдуулж үндсэн төлбөрөөс хасаж тооцож болно. Энэ тохиолдолд гэрээний 1.8-д заасан хугацаанаас өмнөх үйл ажиллагаа гэдгийг нотолж, худалдагч тал зөвшөөрсөн байна”, 2.5 дугаар зүйлд “энэ гэрээний 1.8-д зааснаас хойш рестораны үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг худалдан авагч тал хариуцна” гэж заасан.

Тийм учраас хариуцагч Б-ий гаргасан зардалтай холбоотой татгалзал үндэслэлгүй юм. Учир нь Бий гаргасан зардлууд нь өмчлөх эрх шилжиж, тус Ред стоун рестораныг хүлээн авч үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2018.05.10-ны өдрөөс хойш гарсан зардлууд бөгөөд түүнээс өмнөх үйл ажиллагаатай холбоотой зардал гэдгийг нотолж, худалдагч талтай зөвшилцсөн зүйл байхгүй. Мөн хариуцагч Б нь төлбөр тооцоогоо дуусгаагүй байж, худалдагч талд хэлж, мэдэгдэхгүйгээр рестораны тавилга эд хөрөнгийг түрээсийн төлбөрт тооцон түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Энэ нь худалдагч талд гэрээнээс татгалзахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн.

4.3. Түүнчлэн Б нь эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх дараах үйлдлүүдийг хийсэн.

4.3.1. 2018.05 сараас 2019.01 сар хүртэл худалдан авсан рестораныг ажиллуулсан.

4.3.2. 2018.06.26-ны өдөр Б нь өөрийн цахим хаягнаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн цахим хаягт Ред стоун рестораны хөрөнгийн жагсаалтыг явуулсан.

4.3.3.     Түүнчлэн Б нь 2020.02.07-ны өдөр Э-тэй биечлэн уулзаж төлбөр барагдуулах баталгаа бичгээр хийж өгсөн.

Хариуцагч Бий дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасны дагуу эд хөрөнгө хүлээн авсанд тооцогдоно. Хариуцагч Б нь эд хөрөнгийн доголдлын талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Хэрвээ худалдан авсан эд хөрөнгө доголдолтой байсан бол Б мэдэх боломжтой байсан. Өөрөө шалгаж авч рестораныг ажиллуулж байсан бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т заасны дагуу Б нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.

4.4. Мөн түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотариатаар гэрчлүүлж, орчуулсан гэх зардал 277,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон атал давж заалдах шатны шүүх “энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгоогүй, буруу дүгнэснийг харуулж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг өөрчилснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас 72,738,158 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Шийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00968 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Б-д холбогдуулан 129,977,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Б-тэй 2018.05.11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн, үйл ажиллагаа явуулж байсан Р нэртэй рестораныг 130,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөр төлөх хуваарийг гаргаж, рестораныг хүлээлгэж өгсөн. Б нь 2018.05.10-ны өдрөөс 2019.01.10-ны өдрийг хүртэл нийт 43,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 86,500,000 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээний төлбөрийн үлдэгдэл 86,500,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 43,250,000 төгрөг, баримт орчуулах болон нотариатын зардал 227,000 төгрөг, нийт 129,977,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч Б хариу тайлбартаа: “... гэрээ байгуулж, рестораны 1 хувь түлхүүрийг хүлээлгэж өгөхөөс өмнө нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил зөөж авч явсан байсан, үлдсэн бараа материал тоног төхөөрөмж нь маш их гэмтэлтэй, ашиглах боломжгүй, зарим нь өөр хүний хөрөнгийг түрээсээр ашиглаж байсан үндэслэлээр эзэн нь ирж авч явсан, шинээр эд хөрөнгө нөхөж авсан, засвар хийсэн, бусдад төлөх өрийг төлсөн бөгөөд эд хөрөнгийг актаар хүлээлгэж өг гэхээр өгөөгүй, гэрээний салшгүй хэсэг болох эд хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй тул гэрээ хүчин төгөлдөр биш, ...бид гэрээний нийт үнийн дүнгээс 60 гаруй хувийг төлсөн байхад төлбөр хийсэн үнийн дүнг нэхэмжлэлд багасгаж бичсэн байна. Үүнд: гэрээний эхэнд төлсөн 30,000,000 төгрөг /банкны зээлийг нь 2018 оны 04 сараас 2019 оны 01 сарыг дуустал сар бүр 2,500,000 төгрөгийг төлсөн, түрээс болон ашиглалтын зардлын өрийг төлсөн 6,000,000 төгрөг, пос машинд 7,500,000 төгрөгийн орлого оруулсныг эргүүлж аваагүй, өөрт нь үлдээсэн, 10 гаруй байгууллагын өрийг барагдуулж дуусгасан, засвар хийж эвдэрсэн болон ашиглах боломжгүй болсон тавилга, эд хогшлыг сольсон, ...нийт 16,000,000 орчим төгрөг болсон.

Энэ бүхнийг хэлэхэд тооцооноосоо хасна гэж байсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй, эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгөөгүй тул алданги шаардах эрхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх: “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна, хариуцагч эд хөрөнгийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь харилцан тохиролцсон 130,000,000 төгрөгөөс 48,500,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой зардалд 5,263,742 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн эзэмшлийн пос машиныг ашиглаж хийсэн гүйлгээгээр 2,077,500 төгрөгийн орлого орсон нь нэхэмжлэгчийн дансанд орлогоор орсон, хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх эд хөрөнгөөс нийт 1,420,600 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хавтгай дэлгэцтэй  зурагт, 2 ширхэг зөөлөн сандлыг хүлээлгэж өгөөгүй болох нь тус тус тогтоогдсон үндэслэлээр /130,000,000-48,500,000-5,263,742-2,077,500-1,420,600/ үлдэгдэл төлбөрийг 72,738,158 төгрөг гэж тодорхойлон, дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, харин нэхэмжлэгч эд хөрөнгийг актаар хүлээлцээгүй эс үйлдэл нь хариуцагч гэрээний үнийг төлөх хугацааг хэтрүүлэх нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар алданги болон хохирол шаардах эрхгүй гэж үзэн 43,477,000 /43,250,000+227,000/төгрөгийг хангахгүй...” гэж дүгнэн хариуцагчаас 72,738,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 57,238,842 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь гэрээний төлбөр, засвар үйлчилгээ, нэхэмжлэгчийн өр төлбөрт бусдад төлсөн төлбөр, пос машины орлого, шинээр худалдаж авсан зардал зэрэгт нийт 72,575,227 төгрөгийн зардал гарсан үйл баримт тогтоогдсон, улмаар хариуцагч нь гэрээний төлбөрт 85,000,000 орчим төлбөр төлсөн гэж тайлбарласан нь харьцангуй тогтвортой байх тул хариуцагчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж дүгнэн, төлөх ёстой 130,000,000 төгрөгөөс 84,000,000 төгрөгийг хасч үлдэх 46,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ, алданги, хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигч гомдол гаргаагүй гэх үндэслэлээр талуудын зарчимд үндэслэн энэ шийдвэрийг хэвээр үлдээнэ...” гэсэн дүгнэлтийг тус тус хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчаас 46,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Ийнхүү хоёр шатны шүүх маргаантай үйл баримтад холбогдох нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

10. Талууд 2018.05.14-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Т” ХХК Р рестораны дотоод засал, тавилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулж бий болгосон брэнд, имэдж, 5,000 орчим дагагчтай Фэйсбүүк пэйжийг хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч Б гэрээнд заасны дагуу 130,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу 2018.05.15-наас 2018.12.31-ний хооронд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагчаас “..нэхэмжлэгч нь рестораныг хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус...” гэж маргасан боловч хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь рестораны түлхүүрийг хариуцагчид өгсөн, хариуцагч нь тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй бөгөөд рестораныг хүлээн авч, засвар үйлчилгээ хийж, рестораны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан тул бодит байдалд гэрээ хэрэгжиж байсан гэх үндэслэлээр зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

11. Нэгэнт хариуцагч буюу худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан тул тэрээр төлбөрийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүрэгт 43,500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үлдэгдэл 86,500,000 төгрөгийг шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнийг 60 хувийг төлсөн, үүнд хариуцагчийн Хаан банкны зээлд 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгчийн бусдад төлсөн өр төлбөрт 6,000,000 төгрөг, пос машинд 2,077,500 төгрөгийн орлого оруулсныг аваагүй, доголдолтой эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал гаргасан, эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

12. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд тус зүйлд зааснаар “...худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй, тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, энэ шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно, ...худалдагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй, ...хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө...” гэж, 491 дүгээр зүйлийн 491.6-д “...бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй...” гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа: “...нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгснөөс засвар үйлчилгээ хийж, зайлшгүй зардал гаргасан, түүний бусдад төлөх өр төлбөрийг төлсөн, хүлээн авсан эд хөрөнгөөс зарим эд хөрөнгийг буцаан авсан тул дээрх зардлыг төлөх төлбөрөөс суутгаж хасна...” гэж тайлбарласан нь хууль зөрчөөгүй байна.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагч нь нэхэмжлэгчид 84,000,000 орчим төгрөг төлсөн гэсэн хариуцагчийн тайлбар харьцангуй тогтвортой байх тул бодит үнэнд нийцнэ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 84,000,000 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

14. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь гэрээнд заасан 130,000,000 төгрөгөөс 48,500,000 төгрөгийг бэлэн бусаар буюу нэхэмжлэгчийн Хаан банкин дахь дансанд зээлийн төлбөрт шилжүүлсэн, нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөрт нийт 5,263,742 төгрөгийн төлбөрийг төлсөн, нэхэмжлэгчийн ашиглаж байсан “Хас банк” ХХК-ийн пос терминал машиныг ашиглаж олсон орлого 2,077,500 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан аваагүй, хүлээлгэн өгсөн гэх эд хөрөнгөөс 1,420,600 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нийт 57,261,842 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Харин хариуцагчаас доголдолтой эд хөрөнгийг засварлахад гарсан зайлшгүй зардал 10,296,750 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх төлбөрөөс хасч тооцох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүхээс дүгнэсэн, хариуцагчийн төлбөрт тооцсон 57,261,842 төгрөг дээр засварын зардал 10,296,750 төгрөгийг нэмж, нийт 67,558,592 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хасч үлдэх 62,441,408 /130,000,000-67,558,592/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

15. Алданги, хохиролд нийт 43,477,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, дээрх шийдвэрт зохигч гомдол гаргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулсан нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

16. Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01041 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/00810 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б-ээс 62,441,408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,558,592 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...521,640 төгрөгийг...” гэснийг “...470,157 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Шийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Шаас 2023.06.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД