Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/00810

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны03 сары15 өдөр

181/ШШ2023/00810

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ТЭСӨҮ ХХК/РД: 5/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б/РД: У/-д холбогдох,

 

129,977,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Тэмүүлин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ууганбилэг, гэрч З.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТЭСӨҮХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Тэмүүлин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017 оны 6 дугаар сараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Гэрэлт хотхоны үйлчилгээний газар талбай түрээслэн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Ред Стоун нэртэй рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад уг рестораныг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Бтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нийт 130 сая төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөр төлөх дараах хуваарь гаргаж хүлээлгэн өгсөн:

Төлбөр төлөх он, сар, өдөр

Төлбөр төлөх дүн

1

2018.05.15

5.000.000

2

2018.06.01

25.000.000

3

2018.07.01

20.000.000

4

2018.12.31

28.000.000

5

Хаан банкны зээл төлөх үүрэг

52.000.000

 

Нийт

130,000,0000

Б.Б нь гэрээний дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдээс 2018 оны 5-р сарын 10-ны өдрөөс 2019 оны 1-р дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 43,500,000/дөчин гурван сая таван зуун мянга/ сая төгрөгийг Э.Тэмүүлингийн Хас Банкны 5002079152 тоот данс руу 15 удаагийн гүйлгээгээр төлсөн бөгөөд үлдэгдэл 86.500.000 /наян зургаан сая таван зуун мянган/төгрөгийг төлөөгүй, Хаан Банкны зээлийг би өөрөө төлж барагдуулж дуусгасан.

Мөн түүнчлэн Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Э.Тэмүүлинтэй биечлэн уулзаж төлбөр барагдуулах баталгаа бичгээр хийж өгсөн боловч түүнээс хойш холбоо тасарч, уулзахгүй, утсаа авахгүй байгаа.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлөөгүй /86.500.000 төгрөг/ үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцоход төлбөр төлөх сүүлчийн хугацаа буюу 40 хоногийн алданги 217.980.000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д "Анзын нийт дун гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу 43.250.000/дөчин гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг болж байна.

Иймд Б.Бээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 86.500.000 төгрөг, алданги 43.250.000, нийт 129,750,000 /нэг зуун хорин есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд ТЭСӨҮХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох гэрээний үүрэгт 129,750,000 /нэг зуун хорин есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Манай компани хариуцагч Б.Бий хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/1070 дугаартай захирамжид дурдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудыг орчуулах болон нотариатаар батлуулахад нийт 227,000 төгрөгийн зардал гарсан.

Мөн Б.Б төрлийн алтны орд байгаа тэрийг наашаа цаашаа болгоод ажиллуулаад мөнгийг чинь өгье гэсэн. Ингээд бөөн ажил болсон. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр над руу төсөл явуулах гэж байна гээд төслийн хуулбар явуулсан. Нохой, муурны хоол хийгээд Хятад, Япон улс руу гаргах гэж байна та хүлээж бай гэсэн. Тэгээд байхгүй болсон. 2020 оны 02 сарын 07-ны өдөр өр барагдуулна гэсэн бичиг хийж өгөөд дахиад алга болсон. Ийм учир шалтгаантай учраас нэхэмжлэл гаргаж байгаа.

Иймд нэхэмжлэлийн дүнг 227,000/хоёр зуун хорин долоон мянган/ төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хариуцагч Б.Бээс нийт 129,977,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-ийн өмгөөлөгч Б.Шихихутаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Мандах гэрч гурвуулаа уулзаж байхад нь хариуцаад явж чадах юм уу гэж асуусан байна. Гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байгаа. 200,000,000 төгрөгөөс яагаад 130,000,000 төгрөг болсон бэ гэдгийг Э.Тэмүүлин тайлбарласан. Хариуцагч тал эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар гаргаад байгаа. Өмгөөлөгчийн зүгээс мэйл хаягт үзлэг хийлгэсэн. Тоног төхөөрөмжийн жагсаалтыг бүртгээд явуулсан байдаг. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол эд хөрөнгө авсанд тооцно гэж байгаа. Б.Б 2020 оны 02 сард бичгээр баталгаа гаргаж үлдэгдэл тооцоог барагдуулж дуусгана гэсэн. Тэрнээс хойш ямар нэгэн тооцоо хийсэн үү гэсэн чинь үгүй гэж хэлсэн. Гэрээг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Гэрээ дууссан гэж хариуцагч хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй. Үлдэгдэл төлбөр тооцоо болон нотариатын зардал, орчуулгын зардал, алданги нэмээд 122,492,000 төгрөгийг Б.Бээс гаргуулж өгөхийг хүсч байна. гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага болон бидний хоорондох гэрээ нь Худалдах, худалдан авах гэрээний 2.1 буюу салшгүй хэсэг болох хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үндэслэлгүй учир хүчин төгөлдөр гэрээ биш юм. Тиймээс уг гэрээнд заагдсан төлбөр болон алданги нь хууль, эрх зүйн үндэслэлгүй болно.

Акт үйлдэх тухай удаа дараа сануулсан боловч тус компанийн захирал Тэмүүлин нь утсаа авахгүй хэсэг хугацаанд алга болсон ба гэрээ хийгдсэнээс хойш огт ирээгүй. Акт хийгээгүй нь мөн хууран мэхлэх санаатай үйлдэл байж болно гэж үзэх бас боломжтой юм.

1 хувь түлхүүр бидэнд өгөхөөс өмнөх шөнө Тэмүүлин нь маш их хэмжээтэй буюу 3 машин тоног төхөөрөмж бараа материал, тавилга эд хогшил зөөж авч явсан байсан.

Үлдсэн бараа материал, тоног төхөөрөмж, тавилга нь маш их гэмтэлтэй, ашиглах боломжгүй байсан.

Тоног төхөөрөмж нь өөр хүний өмч бөгөөд түрээсээр ашиглаж байсан. Тоног төхөөрөмж, тавилга нь ханган нийлүүлэх байгууллагын өмч бөгөөд гэрээний хугацаанд түр ашиглаж байсан.

Барилгын үндсэн бүтцэд суурилсан тавиур тавилга, тоног нь барилгын салшгүй 1 хэсэг бөгөөд түрээслэгчийн өмч юм.

Эвдэрсэн болон дутсан тоног төхөөрөмж, тавилгын эргүүлж өгнө гэж байснаа биелүүлээгүй.

Үйл ажиллагаатай холбоотой асуудлуудад оролцож зохицуулах ёстой байсан боловч 1 удаа ирээгүй бидний ажлыг санаатайгаар зогсоох үйлдэл хийж байсан.

Нэхэмжлэл дээрх бидний төлсөн мөнгөн дүнг 2 дахин багасгаж бичсэн байгаа мөн ойлгомжгүй байна. Бидний зүгээс нийт үнийн дүнгийн 60 гаруй хувийг төлсөн байсан. Үүнд:

Гэрээний эхэнд төлсөн 30 сая. Банкны зээлийг нь /2.500.000/ 2018 оны 04 сараас 2019 оны 01 сарыг дуустал сард 2,500,000 төлсөн. Түрээс болон ашиглалтын зардлын өрийг нь төлсөн 6 сая, пос машинд нь 7.500.000 төгрөгийн орлого оруулж эргүүлж аваагүй өөрт нь үлдээсэн. 10 гаруй байгууллагын өрийг нь барагдуулж дуусгасан. Засвар хийж эвдэрсэн болон ашиглах боломжгүй тавилга, эд хогшлыг сольсон. Нийт 16.000.000 орчим сая болсон. Тэмүүлэнгийн төлөөгүй цалингийн өр болон, тоног төхөөрөмжийн түрээсийн өрийг төлж барагдуулсан 2 сая орчим төгрөг.

Акт үйлдээгүй ч мөн акт үйлдэх тухай шаардлага тавихад ирээгүй. Батлах Viber чатыг хавсаргав. Сарын 2.500.000 зээлийг нь төлсөнийг батлах дансны хуулга хавсаргав.

Би рестораныг ганцаараа ажиллуулаагүй, хоёулаа ажиллуулсан гэдгийг Э.Тэмүүлин ах мэдэж байгаа. Гэрээний тухай ярьж байна. Түлхүүр өгөх гэж байгаа учраас урьдчилсан гэрээ хийе гэсэн. Компани байгуулаагүй учраас хувь гэрээ хийсэн. Гэрээний дагуу акт үйлдэх ёстой байсан. 05 дугаар сарын 14-ний өдөр буюу түлхүүр авах гэрээ хийх үед ресторан лоунж ажиллахгүй байсан. Засвар хийх юм байна гэсэн чинь хасаад тооцоод явъя гэж хэлсэн. Бараа материалаа яаж хүлээлцэх вэ гэсэн чинь энд байгаа зүйл та нарынх худалдаж авч байгаа гэсэн. Гэрээ хийчихээд маргааш түлхүүр аваарай гэсэн. Тэгээд маргааш нь түлхүүр аваад орсон чинь байгаа юм нь байхгүй байсан. Тухайн үед бид 2 viber-аар харьцдаг байсан. Гэрээ хийснээс хойш миний утсыг аваагүй. 10 гаруй хоногийн дараа хүнд өртэй байсан учир өгсөн гэсэн. Хасч тохироод лоунж, рестораны үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байхад хүмүүс ирж мөнгө нэхдэг байсан ба боломжтой байвал өгчих хасаад явъя гэсэн. 30 гаруй сая төгрөгийн өр төлбөр байсан байх. Бид түүхий эд, бараа материалаа авч чаддаггүй байсан. Яагаад гэвэл өртэй байсан учраас бид нартай гэрээ хийгээгүй. Мөн н.Мандах гэх хүн гэрээ шилжүүлэхгүй гэсэн. Гэрээ дуустал тусгай зөвшөөрөл ашиглахаар тохиролцсон. 07 сард хажуу талд барилга баригдаж эхэлсэн. Одоо очоод харах юм бол 2 барилга нийлсэн байгаа. Анх авахдаа энд барилга баригдах юм биш үү гэсэн Э.Тэмүүлин ах барилга баригдахгүй гэж хэлсэн. н.Мандах эгч надтай харьцахгүй Э.Тэмүүлинтэй харьцана ирж уулз гэдэг байсан. Гэрээгээр бүх зүйлд туслалцаа үзүүлнэ гэж тохиролцсон. Орой 10 цаг болонгуут барилга зогсоох талаар Цагдаад дуудлага өгдөг байсан. Мөн өөр хүмүүс ирдэг байсан. 1 хүн зураг авна гэж ирсэн. Энэ бүхнийг хасаад тохиролцчихъё гэдэг байсан. 08 сард 2, 3-н хүлээн авалт хийгээд байж байсан чинь хөгжмийн тоног төхөөрөмж авч явсан. Яагаад авч явж байгаа юм бэ гэсэн чинь Э.Тэмүүлинд түрээсээр ашиглуулдаг байсан гэсэн. Эвдрэл, гэмтэл байнга гарч байсан. Гал тогоо агааржуулалт байхгүй, барилгын хана нимэгхэн учраас агааржуулалтын мотор суухгүй байсан. гэв.

 

Хариуцагч Б.Бий өмгөөлөгч Г.Ууганбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд хянагдаж байгаа Ти Энд Си Өү ПартнерсХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс 2022 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийн 26 хэсэгт тусгасан ТЭСӨҮХХК-ийн Хас банкинд эзэмшдэг Пос машины дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Уг хүсэлттэй холбоотойгоор Хас банкнаас "ТЭСӨҮХХК-ийн Хас банкин дахь 5002232624 тоот дансны 2018/05/10-2018/06/30-ны өдрийн дансны хуулгыг гаргаж өгсөн байна.

Худалдах худалдан авах гэрээтэй холбоотойгоор иргэн Б.Б нь Рэд Стоун рестораны үйл ажиллагааг явуулахдаа ААНэгж /Зорге ХХК/ үүсгэн байгуулж холбогдох зөвшөөрлүүдийг шилжүүлэн авах процесс явагдахад хугацаа шаардлагатай байсан тул түр хугацаанд буюу 2018/05/10-2018/06/10-ийг хүртэл 1 сарын хугацаанд ТЭСӨҮХХК-ийн RED STONE ресторандаа ашиглаж байсан пос машиныг түр ашиглахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр зарим бэлэн орлогыг тус дансаар авч байсан.

Хас банкнаас ирүүлсэн дансны хуулган дээрх 2018/05/10-2018/06/10-ыг хүртэлх хугацаанд кредит гүйлгээгээр орж ирсэн REDSTONE44069741 гүйлгээний утгатай нийт 2,077,500 төгрөгийн орлого нь тухайн ресторанд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн бэлэн төлбөр байх бөгөөд хариуцагч нь тухайн орлогыг тус данснаас гаргах боломжгүй тул ТЭСӨҮХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь харагдаж байна.

Үүнийг тодруулан хүснэгтээр харуулбал 

ТЭСӨҮХХК-ийн Хас банкны 5002232624 тоот данс /Red Stone рестораны пос машин/-аар хийгдсэн орлогын гүйлгээ

Д/д

Огноо

Хүлээн авагчийн нэр

Орлого /кредит/

Энхүү гүйлгээ нь REDSTONE ресторанд ашиглагдаж байсан пос машины орлогын гүйлгээ болох нь дансны хуулган дээрх REDSTONE 44069741 гэсэн нэрээр тодорхойлогдож байна.

1

2018/05/10

red stone, 44069741

133,200.00

2

2018/05/17

red stone, 44069742

110,500.00

3

2018/05/19

red stone, 44069743

153,500.00

4

2018/05/20

red stone, 44069744

46,000.00

5

2018/05/26

red stone, 44069745

298,400.00

6

2018/05/27

red stone, 44069746

657,000.00

7

2018/05/28

red stone, 44069747

66,900.00

8

2018/06/02

red stone, 44069748

176,000.00

9

2018/06/03

red stone, 44069749

83,700.00

10

2018/06/05

red stone, 44069750

51,000.00

11

2018/06/06

red stone, 44069751

128,000.00

12

2018/06/07

red stone, 44069752

2,000.00

13

2018/06/08

red stone, 44069753

21,900.00

14

2018/06/09

red stone, 44069754

149,400.00

Нийт

 

2,077,500.00

Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, нэхэмжлэлээс харахад тодорхой тайлбарлаж чадахгүй. Зарим хэсгийг хүээлгэж өгсөн. Хуульд заасан доголдол мөн эсэхийг тогтоох ёстой. Нөхөн худалдан авалт хийсэн. Харж байгаа үнийн дүн багтсан гэж ойлгосон. Доголдолтой эд хөрөнгө шаардсан. Цуцлах санал хэрэглээгүй. Санаж байгаагаар тооцоолсон. Өмнөх өр төлбөр байсан. Нийт 42,575,227 төгрөгийн доголдолтой үнийн дүн гарсан. Гэрээний дүн эргэлзээтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эргэлзээ төрүүлсэн гэж үзэж байгаа учраас дахин тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Ингэхдээ шударга ёсны зарчимд нийцүүлж болно гэж заасан. Санхүүгийн тайланд тусгагдсан баримт авагдсан. Компанийн тухай хуулиар санхүүгийн тайланг явуулсан. Эд хөрөнгө нь худалдан авагчид шилжүүлэх бүрэн боломжтой. Яриад байгаа зүйл боломжгүй. Боломжтой байгаа баримтуудыг үндэслээд шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Хариуцагч талаас үнэлж дүгнэх боломжтой гэж үзэж байгаа. Хувийн ашиг сонирхол байсан учраас акт үйлдээгүй байх. Тэгэхээр надад хамааралгүй гэж болохгүй. Иргэний хуулийн 222.6-д зааснаар алданги төлөх үүрэггүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2018 оны 05-р сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, ТЭСӨҮХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ТЭСӨҮХХК-ийн хаан банкны дансны хуулга, 2020 оны 02 сарын 07-ны өдрийн гар бичмэл, Хаан банк ХХК-д ТЭСӨҮХХК-ийн эзэмшиж байгаа Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банк ХХК-д Э.Тэмүүлэнгийн эзэмшиж байгаа дансны 2018 оны 5-р сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Дансны хуулга, 2017 оны 3-р сараас 7 сар хүртэлх Рестораны засвар ба тоног төхөөрөмжид гарсан зардлууд, иргэн Б.Бий 2018 оны 5-р сараас 2019 оны 1-р сар хүртэл өгсөн мөнгөний түүвэр, иргэн Б.Бий ТЭСӨҮХХК-д төлөх төлбөрийн алдангийн тооцоолол, ТЭСӨҮХХК-ийн Рэд Стоун рестораны хөрөнгө оруулалтын зардлын задаргаа, Бээжин хотоос авсан барааны жагсаалт, Худалдаа хөгжлийн банк ХХК-д Э.Тэмүүлингийн эзэмшиж байгаа дансны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Дансны хуулга, 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Монголын татварын албаны тодорхойлолт, Б.Дөлгөөний тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мөнгө хүлээн авсан баримтууд/1-р хавтас, хх-ийн 191-198 тал/, Барилгын материалын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гал импекс ХХК-ийн зарлагын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн баримты нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Шианхэ хивсний дэлгүүрийн мөнгө хүлээн авсан баримт, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Жин шин үй гал тогооны хэрэгслийн дэлгүүрийн мөнгө хүлээн авсан баримт, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Шианхэ тавилгын худалдаа дэлгүүрийн мөнгө хүлээн авсан баримт, 2018 оны 5-р сараас 2019 оны 9-р сар хүртэл Хас банкнаас гарсан зардал 20.2 сая, иргэн Б.Бий 2018 оны 5-р сараас 2019 оны 1-р сар хүртэл өгсөн мөнгөний түүвэр, Рестораны засвар ба тоног төхөөрөмжид гарсан зардлууд 2017 оны 3-р сараас 7 сар хүртэлх ХХБ 82 сая, ТЭСӨҮХХК-ийн Рэд Стоун рестораны хөрөнгө оруулалтын зардлын задаргаа, хариуцагчийн баримтаар гаргасан Хаан банк ХХК-д Б.Бий эзэмшиж байгаа дансны 2018 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэлх Дансны хуулга, Хас банк ХХК-д Зорге ХХК-ийн эзэмшиж байгаа дансны 2018 оны 5-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 4-р сарын 01-ний өдөр хүртэлх Дансны хуулга, 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн 17/132 дугаар Шингэрүүлсэн нефтийн хий худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шингэрүүлсэн нефтийн хийн болон ашиглуулах тухай гэрээ /дэд гэрээ/-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн 17/131 дугаартай Шингэрүүлсэн хийн шугам хоолой угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Red stone рестораны нэмэлт угсралтын үнийн санал нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 6-р сарын 15-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5-р сарын 30-ны өдрийн Програм хангамж нийлүүлэх, лиценз ашиглалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 8-р сарын 09-ний өдрийн 80 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зайрмаг борлуулахад шаардлагатай материал, эд хөрөнгийн нэрсийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн 315 дугаартай Сурталчилгаа, зуучлалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 3-р сарын 13-ны өдрийн иргэн Батболдын Бтэй байгуулсан 2018 оны 5-р сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн алдангийн тооцоолол, 2017 оны 4-р сарын 3-ны өдрийн 4 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 6-р сарын 07-ны өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2022 оны 11-р сарын 17-ны өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Н.Тунгалагийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Хас банк ХХК-д Э.Тэмүүлингийн эзэмшиж байгаа дансны 2018 оны 5-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 6-р сарын 30-ны өдрийн Дансны хуулга, Хас банк ХХК-д ТЭСӨҮХХК-ийн эзэмшиж байгаа дансны 2018 оны 5-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулга, Хас банк ХХК-ийн 2022 оны 3-р сарын 14-ний өдрийн 56/1286 дугаартай албан бичиг, Хас банк ХХК-ийн 2022 оны 3 сарын 24-ний өдрийн 56/1492 дугаартай албан бичиг, хариуцагчийн баримтаар гаргасан 2018 оны 8-р сарын 10-ны өдрийн төлбөрийн баримт, Рэд стоун ресторанд хийсэн засварын ажил болон эвдрэл гэмтэлтэй хөрөнгө засварласан жагсаалт, 2018 оны 5-р сарын 20-ны өдрийн зарлагын баримт, 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн гар бичмэл, Рэд стоун ресторанд шинээр /нөхөн/ худалдаж авсан эд зүйлсийн жагсаалт, Рэд стоун рестораны 2018 оны 5-р сарын 10-ны өдрөөс өмнө үүссэн Өр төлбөрийг барагдуулсан жагсаалт, Хаан банк ХХК-д Н.Хишгээгийн эзэмшиж байгаа дансны 2018 оны 5-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн хоорон дахь дансны хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан нийт гарсан зардлын жагсаалт, Худалдах худалдан авах гэрээний дагуу Э.Тэмүүлингийн дансанд төлсөн төлбөрийн жагсаалт, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Дотоод өглөг, захиралд өгөх өглөг дансны хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/2-р хавтас, хх-130-135/, Мөнгө хүлээн авсан буюу орчуулгын баримт, төлбөрийн баримт, зарлагын баримт, нэхэмжлэх, зарлагын падаан, дансны хуулга, мэдэгдэл, санхүүгийн байдлын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/2-р хавтас, хх-136-249, 3-р хавтас, хх-1-60/, Б.Мөнхбаясгалангийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Н.Ундрахын 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Хаан банк ХХК-д Б.Бий эзэмшиж байгаа дансны 2018 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэлх Дансны хуулга, Зорге ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТЭСӨҮХХК хариуцагч Б.Бд холбогдуулан гэрээний төлбөрийн үлдэгдэл 86,500,000(наян зургаан сая таван зуун мянга) төгрөгийг, алданги 43,250,000(дөчин гурван сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг, баримт орчуулах болон нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 227,000/хоёр зуун хорин долоон мянга/ төгрөг, нийт 129,977,000(нэг зуун хорин есөн сая есөн зуун далан долоон мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь гэрээний акт хийгээгүй, дууссан асуудал учраас өгөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэх тайлбар амаар гаргаж байх боловч ямар үнийн дүнг хэдэн төгрөгөөр багасгаж байгааг тодруулахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 1-ийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Гэрэлт хотхонд байрлах Рэд Стоун рестораны дотоод засал, тавилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулж бий болгосон брэнд, имидж, 5,000 орчим Лайк/Like/-тай Фэйсбүүк пэйж/Facebook Page/-ийг хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж хүлээн авч, гэрээнд заасны дагуу барааны нийт худалдах үнэ 130,000,000/нэг зуун гучин сая/ төгрөгийг төлөх, Хаан банк ХХК-ийн 52,000,000/тавин хоёр сая/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар болгоны 5-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 260 дугаар зүйлийн 260.1-т Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх ... бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд байгуулсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Гэрээний дүн эргэлзээтэй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр Гэрээ биш юм гэх хариу тайлбар бичгээр гаргасан боловч хариуцагчийн өмгөөлөгч бидний хувьд Гэрээ байгуулагдсан эсэхэд маргаан байхгүй гэх тайлбар гаргасан ба зохигчид Гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үлдэгдэл төлбөрт 86,500,000(наян зургаан сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан 130,000,000/нэг зуун гучин сая/ төгрөгөөс 48,500,000/дөчин найман сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн бусаар буюу Хас банк ХХК дахь 5002079152 дугаар дансруу шилжүүлэн төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Гэрээний 1-ийн 1.8, 2-ын 2.2-т зааснаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнөх үйл ажиллагаатай холбоотой зардлыг хариуцагч төлж барагдуулж үндсэн төлбөрөөс хасч тооцно гэжээ.

 

Гэрээний 1-ийн 1.8, 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нь Гэрээг байгуулахаас өмнөх нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой төлбөрт 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Си Ар Эм ХХК-д 1,553,070/нэг сая таван зуун тавин гурван мянга дал/ төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр АПУ трейдинг ХХК-д 204,600/хоёр зуун дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өмнөх 4/дөрөв/ сарын түрээсийн төлбөрт 3,000,000/гурван сая/ төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4/дөрөв/ сарын ашиглалтын зардлын өр төлбөрт 506,072/таван зуун зургаан мянга далан хоёр/ төгрөгийг, нийт 5,263,742/таван сая хоёр зуун жаран гурван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа төгрөгийн 5111122847 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зорге ХХК нь Хас банк ХХК-д эзэмшиж байгаа 5002416349 дугаар төгрөгийн Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Гэрээний 1-ийн 1.8, 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нь Гэрээний үнэд төлөх төлбөрөөс уг 5,263,742/таван сая хоёр зуун жаран гурван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Рэд Стоун рестораны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх орлогын гүйлгээг нэхэмжлэгчийн ашиглаж байсан Хас банк ХХК-ийн ПОС терминал машиныг ашиглан гүйцэтгэсэн байх ба уг 2,077,500/хоёр сая далан долоон мянга таван зуу/ төгрөгийн бэлэн бус гүйлгээ нь Хас банк ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 5002232624 дугаар дансанд орлого утгаар бүртгэгдсэн болох нь Хас банк ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 5002232624 дугаар төгрөгийн дансны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нь уг орлогын гүйлгээг нэхэмжлэгч талаас буцаан шаардаагүй байх ба уг 2,077,500/хоёр сая далан долоон мянга таван зуу/ төгрөгийг Гэрээний үнэд тооцох үндэслэлтэй гэх тайлбар гаргаж байх тул 2,077,500/хоёр сая далан долоон мянга таван зуу/ төгрөгийг хариуцагчийн Гэрээний үнэд төлөх төлбөрт тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь рестораны түлхүүр аваад орсон чинь байгаа юм нь байхгүй байсан, үлдсэн бараа материал, тоног төхөөрөмж, тавилга нь маш их гэмтэлтэй, ашиглах боломжгүй байсан гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 1-ийн 1.1, 1.2-т зааснаар рестораны эд хөрөнгө, бараа материал, эд зүйлийг актаар хүлээлцээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн [email protected] цахим шуудангийн хаягаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн [email protected] цахим шуудангийн хаягт Рэд Стоун рестораны эд хөрөнгийн жагсаалтыг явуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь рестораныг ашиглах боломжгүй байсан гэх тайлбар гаргаж байх боловч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн Хас банк ХХК-д эзэмшиж байгаа 5002232624 дугаар төгрөгийн дансны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрч Н.Тунгалагийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар рестораны эд хөрөнгөөс 1/нэг/ ширхэг хавтгай дэлгэцтэй зурагт, 2/хоёр/ ширхэг гарын түшлэгтэй зөөлөн сандалыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь рестораны дээр дурдсан хөрөнгүүдийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул хариуцагч нь 730,000/долоон зуун гучин мянга/ төгрөгөөр 1/нэг/ ширхэг зурагт, 690,600/зургаан зуун ерэн мянга зургаан зуу/ төгрөгөөр урт буйдан сандал шинээр худалдан авсан болох нь хариуцагчийн захирлаар нь ажиллаж байсан Зорге ХХК-ийн Хас банк ХХК-д эзэмшиж байгаа 5002416349 дугаар төгрөгийн дансны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх Гэрээний үнээс 1/нэг/ ширхэг зурагт болон урт буйдан сандалын үнэ нийт 1,420,600/730,000+690,600=1,420,600/ /нэг сая дөрвөн зуун хорин мянга зургаан зуу/ төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь Гэрээний үнэд нэхэмжлэгчид нийт 57,261,842/тавин долоон сая хоёр зуун жаран нэгэн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээний үлдэгдэл үнэд 72,738,158/130,000,000-48,500,000-2,077,500-5,263,742-730,000-690,600=72,738,158/ /далан хоёр сая долоон зуун гучин найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 43,250,000(дөчин гурван сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг, баримт орчуулах болон нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардалд 227,000/хоёр зуун хорин долоон мянга/ төгрөгийг, нийт 43,477,000/43,250,000+227,000=43,477,000/ /дөчин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.1-т худалдан авагч буюу хариуцагч нь Гэрээний 1.3-т заасан хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд 0.3/тэг аравны гурав/ хувийн алданги нэхэмжлэгч буюу худалдагчид төлөх тухай заажээ.

Хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчээс шүүхийн журмаар гаргуулсан баримтыг бүрдүүлэхэд нэхэмжлэгчид орчуулгын зардалд 105,000/нэг зуун таван мянга/ төгрөгийн, нотариатын зардалд 122,000/нэг зуун хорин хоёр мянга/ төгрөгийн, нийт 227,000/хоёр зуун хорин долоон мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь Ягаан анар ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 09/01 Кассын орлогын ордер, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь рестораны эд хөрөнгө, бараа материал, эд зүйлийг актаар хүлээлцээгүй байх боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнээс татгалзаагүй байх ба 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл ресторын үйл ажиллагааг эрхэлсэн байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь рестораны эд хөрөнгө, бараа материал, эд зүйлийг актаар хүлээлцээгүй эс үйлдэл хариуцагч нь Гэрээний үнийг төлөх хугацааг хэтрэх нөхцөл байдалд хүргэсэн байх тул хариуцагчаас алданги болон хохиролд нийт 43,477,000/дөчин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 72,738,158/далан хоёр сая долоон зуун гучин найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 57,238,842/129,977,000-72,738,158=57,238,842/ /тавин долоон сая хоёр зуун гучин найман мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс нийт 72,738,158/далан хоёр сая долоон зуун гучин найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-д олгож, үлдсэн 57,238,842/тавин долоон сая хоёр зуун гучин найман мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 814,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 521,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс нийт 72,738,158/далан хоёр сая долоон зуун гучин найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-д олгож, үлдсэн 57,238,842/тавин долоон сая хоёр зуун гучин найман мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 814,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 521,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТЭСӨҮХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, шүүгч С.ХИШИГБАТ