Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01041

 

 

 

 

 

 

 

 

 

      2023         05          19                                          210/МА2023/01041

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/00810 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох

129,977,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь 2017 оны 6 дугаар сараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Гэрэлт хотхоны үйлчилгээний газар талбай түрээслэн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Ред Стоун нэртэй рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад уг рестораныг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Билгүүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 28,000,000 төгрөг, Хаан банкны зээл төлөх 52,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Б.Б нь гэрээний дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдээс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 43,500,000 төгрөгийг Э.Тэмүүлингийн Хас Банкны 5002079152 тоот данс руу 15 удаагийн гүйлгээгээр төлсөн бөгөөд үлдэгдэл 86,500,000 төгрөгийг төлөөгүй. Би Хаан банкны зээлийг өөрөө төлж барагдуулж дуусгасан.

1.2. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлөөгүй 86,500,000 төгрөгийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцоход төлбөр төлөх сүүлчийн хугацаа буюу 40 хоногийн алданги 217,980,000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дун гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 43,250,000 төгрөг болж байна. Иймд Б.Б-ээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 86,500,000 төгрөг, алданги 43,50,000, нийт 129,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3. Манай компани хариуцагч Б.Б-ний хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/1070 дугаартай захирамжид дурдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудыг орчуулах болон нотариатаар батлуулахад нийт 227,000 төгрөгийн зардал гарсан. Иймд нэхэмжлэлийн дүнг 227,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хариуцагч Б.Б-ээснийт 129,977,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус байгууллага болон бидний хоорондох гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний 2.1-д буюу салшгүй хэсэг болох хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үндэслэлгүй учир хүчин төгөлдөр гэрээ биш юм. Тиймээс уг гэрээнд заагдсан төлбөр болон алданги нь хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Акт үйлдэх тухай удаа дараа сануулсан боловч тус компанийн захирал Тэмүүлин нь утсаа авахгүй хэсэг хугацаанд алга болсон ба гэрээ хийгдсэнээс хойш ирээгүй. Акт хийгээгүй нь мөн хууран мэхлэх санаатай үйлдэл байж болно гэж үзэж байна.

2.2. Бидэнд 1 хувь түлхүүр өгөхөөс өмнөх шөнө Тэмүүлин нь маш их хэмжээтэй буюу 3 машин тоног төхөөрөмж бараа материал, тавилга эд хогшил зөөж авч явсан байсан. Үлдсэн бараа материал, тоног төхөөрөмж, тавилга нь маш их гэмтэлтэй, ашиглах боломжгүй байсан. Тоног төхөөрөмж нь өөр хүний өмч бөгөөд түрээсээр ашиглаж байсан. Тоног төхөөрөмж, тавилга нь ханган нийлүүлэх байгууллагын өмч бөгөөд гэрээний хугацаанд түр ашиглаж байсан. Барилгын үндсэн бүтцэд суурилсан тавиур тавилга, тоног нь барилгын салшгүй 1 хэсэг бөгөөд түрээслэгчийн өмч юм. Эвдэрсэн болон дутсан тоног төхөөрөмж, тавилгын эргүүлж өгнө гэж байснаа биелүүлээгүй. Үйл ажиллагаатай холбоотой асуудлуудад оролцож зохицуулах ёстой байсан боловч 1 удаа ирээгүй бидний ажлыг санаатайгаар зогсоох үйлдэл хийж байсан.

2.3. Нэхэмжлэл дээрх бидний төлсөн мөнгөн дүнг 2 дахин багасгаж бичсэн. Бидний зүгээс нийт үнийн дүнгийн 60 гаруй хувийг төлсөн байсан. Үүнд гэрээний эхэнд төлсөн 30,000,000 төгрөг, банкны зээлийг 2018 оны 04 сараас 2019 оны 01 сарыг дуустал сард 2,500,000 төлсөн. Түрээс болон ашиглалтын зардлын өрийг нь төлсөн 6,000,000 төгрөг, пос машинд нь 7,500,000 төгрөгийн орлого оруулж эргүүлж аваагүй өөрт нь үлдээсэн. Мөн 10 гаруй байгууллагын өрийг нь барагдуулж дуусгасан. Засвар хийж эвдэрсэн болон ашиглах боломжгүй тавилга, эд хогшлыг сольж нийт 16,000,000 төгрөг болсон. Тэмүүлэнгийн төлөөгүй цалингийн өр болон, тоног төхөөрөмжийн түрээсийн өрийг төлж барагдуулсан 2,000,000 орчим төгрөг.

2.4. Би рестораныг ганцаараа ажиллуулаагүй, хоёулаа ажиллуулсан гэдгийг Э.Тэмүүлин мэдэж байгаа. Түлхүүр өгөх гэж байгаа учраас урьдчилсан гэрээ хийе гэсэн. Компани байгуулаагүй учраас хувь гэрээ хийсэн. Гэрээний дагуу акт үйлдэх ёстой байсан. 05 дугаар сарын 14-ний өдөр буюу түлхүүр авах гэрээ хийх үед ресторан лоунж ажиллахгүй байсан. Засвар хийх юм байна гэсэн чинь хасаад тооцоод явъя гэж хэлсэн. Бараа материалаа яаж хүлээлцэх вэ гэсэн чинь энд байгаа зүйл та нарынх худалдаж авч байгаа гэсэн. Гэрээ хийчихээд маргааш түлхүүр аваарай гэсэн. Тэгээд маргааш нь түлхүүр аваад орсон чинь байгаа юм нь байхгүй байсан. Тухайн үед бид 2 viber-аар харьцдаг байсан. Гэрээ хийснээс хойш миний утсыг аваагүй. 10 гаруй хоногийн дараа хүнд өртэй байсан учир өгсөн гэсэн. Хасч тохироод лоунж, рестораны үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байхад хүмүүс ирж мөнгө нэхдэг байсан ба боломжтой байвал өгчих хасаад явъя гэсэн. 30 гаруй сая төгрөгийн өр төлбөр байсан байх. Бид түүхий эд, бараа материалаа авч чаддаггүй байсан. Яагаад гэвэл өртэй байсан учраас бид нартай гэрээ хийгээгүй. Мөн н.Мандах гэх хүн гэрээ шилжүүлэхгүй гэсэн. Гэрээ дуустал тусгай зөвшөөрөл ашиглахаар тохиролцсон. 07 сард хажуу талд барилга баригдаж эхэлсэн. Одоо очоод харах юм бол 2 барилга нийлсэн байгаа. Анх авахдаа энд барилга баригдах юм биш үү гэсэн Э.Тэмүүлин ах барилга баригдахгүй гэж хэлсэн. н.Мандах эгч надтай харьцахгүй Э.Тэмүүлинтэй харьцана ирж уулз гэдэг байсан. Гэрээгээр бүх зүйлд туслалцаа үзүүлнэ гэж тохиролцсон. Орой 10 цаг болонгуут барилга зогсоох талаар Цагдаад дуудлага өгдөг байсан. Мөн өөр хүмүүс ирдэг байсан. 1 хүн зураг авна гэж ирсэн. Энэ бүхнийг хасаад тохиролцчихъё гэдэг байсан. 08 сард 2, 3-н хүлээн авалт хийгээд байж байсан чинь хөгжмийн тоног төхөөрөмж авч явсан. Яагаад авч явж байгаа юм бэ гэсэн чинь Э.Тэмүүлинд түрээсээр ашиглуулдаг байсан гэсэн. Эвдрэл, гэмтэл байнга гарч байсан. Гал тогоо агааржуулалт байхгүй, барилгын хана нимэгхэн учраас агааржуулалтын мотор суухгүй байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 72,738,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдсэн 57,238,842 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 814,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээсулсын тэмдэгтийн хураамжид 521,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260.1 дэх хэсгүүдэд заасныг хэрэглэсэн боловч хариуцагчийн тайлбарт дурдагдсан гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, түүний үндэслэлийг шалгаагүй мөн энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим алдагдсан байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Шүүх хариуцагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг харгалзан доголдолтой холбоотойгоор хэрэглэвэл зохих хуулийн заалт болох Иргэний хуулийн 251.2, 254.1, 254.2 дахь хэсгүүдэд заасныг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байсан боловч уг хуулийн заалтыг хэрэглээгүй ба үндэслэлгүй шалтгаанаа дурьдаагүй. Мөн доголдолтой холбоотой худалдан авагчийн шаардлага гаргах эрх хэрэгжсэн эсэхэд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан дансны хуулгууд, бусад нотлох баримт, хариуцагч болон гэрч Н.Ундрах, 3.Мандах, Б.Мөнхбаясгалан, Н.Тунгалаг нарын тайлбар мэдүүлгээс харахад гэрээний зүйл тоо ширхэг, чанарын хувьд доголдолтой байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд үүнээс гадна худалдан авсан эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан нь хангалттай нотлогдож байна.

Мөн хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд Иргэний хуулийн 254.2 дах хэсэгт заасны дагуу доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, анхны үнийг бууруулах талаар мэдэгдэж, харилцан тохиролцож доголдлыг арилгаж байсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэгээр авагдсан мессеж, доголдолыг арилгахад биечлэн оролцсон гэрч нарын мэдүүлэг, нөхөн худалдан авалт хийсэн дансны хуулга түүний жагсаалт зэргээр нотлогдож байна. Түүнчлэн хариуцагч гэрээнд заасан эд зүйлсийг акт үйлдэн хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байсан үйл баримт хэрэгт авагдсан байна. Гэвч шүүх эдгээр баримтанд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, холбогдох хуулийн заалтыг үндэслээгүй, бодит байдлыг үнэлээгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

4.2. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эд зүйлсийг актаар хүлээлгэж өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож, шүүх үүнийг зөв дүгнэсэн. Гэвч шүүх гэрээний нэг тал нь нарийвчлан зохицуулсан салбар эрх зүйн хэм хэмжээгээр эрх үүрэг хүлээдэг хуулийн этгээд болохыг анхаараагүй буюу хэрэглэвэл зохих салбар эрх зүйн хэм хэмжээг зохицуулсан хуулиудыг хэрэглээгүй. Энэ нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэхээр байна. Тус гэрээний нэг тал нь Т ХХК буюу өөрийн тусгайлсан хөрөнгөтэй Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд Компанийн тухай хууль, Татварын хууль, МУНББТ хуулиар эрх үүрэг хүлээж, өмчлөлдөө байгаа хөрөнгийн талаар болон өөрийн орлого, зарлагаа тухай бүр холбогдох эрх бүхий байгууллагад тайлагнах, худалдан борлуулсан орлогод ногдох татвар төлөх үүрэг бүхий этгээд юм.

Мөн Иргэний хуульд зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн байх нь дээрх нөхцөлийг хангах боломжтой юм. Өөрөөр хэлбэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хуулиудад зааснаар компани нь худалдан авсан хөрөнгөө өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж санхүүгийн тайланд тусгасан байх нь тухайн эд хөрөнгө эрхийн доголдолгүй болохыг нотлох юм. Харин тайланд тусгасан өөрийн хөрөнгөө худалдан борлуулсан тохиолдолд мөн санхүү, татварын тайланд тусгаж хасалт хийснээр бусдад шилжүүлсэн болохыг тогтоох боломжтой юм. Гэвч шүүх дээрх холбогдох эрх зүйн хэм хэмжээ болох Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хууль зэргийг хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчихөд хүргэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангаагүй буюу эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалт гаргуулах хүсэлтийг хангасан хэрнээ санхүү, татварын тайланг холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлтийг хангаагүй орхисон нь нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн талуудын мэтгэлцэх зарчмыг бүрэн хангаагүй, тэгш байдлыг алдагдуулсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүх тус хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ хөрөнгийг нэг бүрчлэн тусгахгүй хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, цаашлаад үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

4.3. Талууд гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй бөгөөд хууль, болон гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд, хууль заасан эрхийн болон биет байдлын доголдолгүй хэлбэрээр хүлээлгэн өгсөн эсэх, гэрээний хэрэгжсэн хэсэгт хамаарах үүрэг биелэгдсэн эсэх талаар маргаан өрнүүлсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “.... эд зүйлийг актаар хүлээлцээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч...эд зүйлийн жагсаалтыг цахим шуудангаар явуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Энэ нь тухайн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Учир нь эд хөрөнгийн жагсаалт явуулсан байх нь тухайн актыг үйлдсэн эсхүл тухайн жагсаалтанд тусгагдсан эд хөрөнгийг хүлээн авсан гэх агуулга огт биш юм. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч хэдийгээр жагсаалтыг цахим шуудангаар явуулсан боловч хариуцагчийн зүгээс уг жагсаалтанд байгаа зүйлс бодит байдал дээр илэрхий дутуу, ихэнхи зүйлс байхгүй болохыг тэр даруй нэхэмжлэгчид мэдэгдэж, актаа нэг бүрчлэн хамт сууж хүлээлцэхийг шаардсан утга бүхий хариуг мессежээр илгээсэн болох нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Гэвч шүүх дээрх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг логик уялдаа холбоогүйгээр буруу тодорхойлон дүгнэсэн байгаа нь илт тодорхой байх бөгөөд энэ нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Шүүх хариуцагчийг рестораны үйл ажиллагаа явуулсан хугацааны нөхцөл байдлыг тодорхойлохдоо “... 2018.05.10-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхлэсэн болох нь 2022.11.17-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр... тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Гэвч тус үзлэгийн тэмдэглэл нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид илгээсэн хөрөнгийн жагсаалт бүхий е-майл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл байх ба цаг хугацааны хувьд 2018.06.26-ны өдрийн үйл баримт байжээ.

Мөн худалдах худалдан авах гэрээ 2018.05.14-ний өдөр байгуулагдсан ба хариуцагчийн тайлбар, гэрч Мөнхбаясгалангийн мэдүүлгээр тус рестораны үйл ажиллагаа эхлэхээс өмнө засварын ажил хийгдсэн талаарх тайлбар мэдүүлэг хэрэгт тусгагдсан байна. Үүнээс харахад дээрх нөхцөл байдлыг тодорхойлсон шүүхийн дүгнэлт логик алдаатай, буруу тодорхойлогдсон гэж үзэхээр байна. Мөн хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон нөхцөл байдал буюу тухайн худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой, зориулалтын дагуу шууд ашиглаж рестораны үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул засвар үйлчилгээ хийсэн, нөхөн худалдан авалт хийсэн талаарх нөхцөл байдлыг огт тогтоогоогүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаагүй, дурьдаагүй үндэслээгүй талаараа тайлбарлаагүй, үүнтэй холбоотой гэрчийн мэдүүлгүүд, хариуцагчийн тайлбар, дансны хуулга жагсаалт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаагүй, үнэлж дүгнээгүй алдаа зөрчил гаргасан үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

4.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, түүнийгээ нотлох үүрэг хүлээх ба худалдах худалдан авах гэрээний хувьд худалдагч тал өөрийн үндсэн үүрэг болох эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд хүлээлгэн өгсөн болохоо нотлох үүрэг хүлээдэг. Гэвч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нэхэмжлэгч талын тайлбараас дүгнэхэд гэрээгээр тохирсон 4 төрлийн за хөрөнгийн чухам аль зүйлийн төлбөр төлөгдөөгүй гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхойлж чадаагүй, түүнийгээ нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад энэ талаар дүгнэлт хийж тодруулалгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

Мөн шүүх хуралдааны асуулт хариултын шатанд даргалагчийн зүгээс хариуцагчид хандан асуусан нотлогооны шинжтэй асуултууд нь нотолгооны үүрэг буруу хувиарлагдсан шинжтэй байсан болохыг дурьдах нь зүйтэй.

4.5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүрэгтэй. Гэвч шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх явцад цугларсан буюу хариуцагчийн татгалзлыг нотлох дараах баримтуудыг огт шинжлэн судлаагүй, дүгнээгүй ба энэ талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна. Үүнд: 2021 оны 12 сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс эд зүйлс дутуу байгаа талаарх мессеж, Рэд стоун ресторанд нөхөн худалдаж авсан эд зүйлсийн жагсаалт, түүнд хамаарах санхүүгийн баримт болох Н.Хишгээгийн Хаан банкин дахь 562232347 тоот дансны хуулгыг бүхэлд нь, гэрч Н.Ундрахын мэдүүлэгээс рестораны эд зүйлс гэх зүйлс хоосон хайрцагтай байсан, ихэнх нь хагархай эвдэрхий байсан талаар, түүнийг нөхөн худалдан авч байсан талаарх мэдүүлэгийг бүхэлд нь, Рэд стоун ресторанд засварын ажил хийсэн талаарх жагсаалт, түүнд хамаарах санхүүгийн баримтыг бүхэлд нь, гэрч Б.Мөнхбаясгалангийн засварын ажил хийж гүйцэтгэсэн талаарх мэдүүлэгийг бүхэлд нь, 2022 оны 06 сарын 07-ны өдрийн е-майл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ бүхэлд нь, 2022 оны 06 сарын 23-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хангаж шийдвэрлэсэн Ти энд си от партнерс ХХК-ийн 45,856,624 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалт бүхэлд нь, Т ХХК-ийн санхүүгийн тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар бүхэлд нь, 2022 оны 11 сарын 17-ны өдрийн үзлэгээр авагдсан эд зүйлсийн жагсаалтын төслийг Ти энд си өү партнерс ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн дагуу албан ёсоор хөтөлж санхүүгийн тайланд тусгасан эд хөрөнгийн жагсаалттай бүхэлд нь харьцуулан шинжлээгүй, гэрч Н.Тунгалагийн мэдүүлгээс “...Мосний машин эвдрэлтэй байдаг.... жижиг нарийн үнэтэй зүйлсээ авч явсан.....бор ширээ авч явсан..... жил орчим үйл ажиллагаа явуулсан, ханын зураг, гоёлын шаазан авч явсан..... 2 крисло авсан.... зарим цэцгээ авч явсан... бэлтгэлийн төмөр ширээ авч явсан.... Миний аавын дүүгийн зээ хүү Ч. Батзоригийг ресторан хариуцаж ажиллуулахаар боллоо гэж ойлгосон.... очиход текний ард эхнэр нь байсан.... гэх мэдүүлэг, гэрч 3.Мандахын мэдүүлэгээс өр төлбөр авна гэж хүмүүс ирдэг байсан..., хөнгөлөлт эхний 6 сар өгсөн.......хананд суурьлуулсан буйдан тоо ширхэгээрээ байгаа....Мандах эгчийн тоног төхөөрөмж болох пүүлт спикер байсан. төгөлдөх хуур байсан. Тэмүүлэн өөрөө битгий хэлээрэй гээд буйдан угаалгын машин аваад явсан, ...битгий хэлээрэй гэсэн, ... би чиний юм мөн эсэхийг мэдэхгүй, ... Тэмүүлэн надад хамааралгүй болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэгийг үндэслээгүй шинжлэн судлаагүй анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах учиртай. Гэвч энэхүү зарчмыг зөрчиж хэрэгт авагдсан хариуцагч талын татгалзлаа үндэслэж байгаа баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, учир шалтгааныг тайлбарлаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй орхигдуулсан байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.6. Гуравдагч этгээд оролцуулаагүй нь буюу талуудын мэтгэлцэх зарчим бүрэн хангагдаагүй, потолгооны ач холбогдол бүхий тайлбар хэрэгт авагдаагүй нь хэргийг бүх талаас нь шинжлэн судалж бодитой шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх татгалзлын үндэслэлийн нэг хэсэгтээ уг худалдан худалдан авах гэрээг өөрийн хамаатан садны харилцаатай ах болох Ч.Батзориг түүний эхнэр Н.Хишгээ нартай хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан болохоо тайлбарласан байдаг. Уг 2 этгээд нь тухайн худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчийн тайлбар, гэрээ байгуулагдсаны дараа үүсгэн байгуулсан “Зорге” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн мэдээлэл зэргээр хангалттай тогтоогдсон байдаг.

Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тус 2 этгээдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна. Шүүх тус хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ тус гэрээний оролцогчоор “Ти энд  Си Өү партнерс” ХХК, Б.Бнарыг дурьджээ. Шүүхээс гарах шийдвэр нь Ч.Батзориг, Н.Хишгээ нарын эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэх үндэслэлгүй гэж тодорхойлон хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр хангахгүй орхисон нь үндэслэл бүхий байж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талуудын мэтгэлзэх эрхийг хангаагүй, тэгш байдлыг алдагдуулсан байхаас гадна гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээдүүд болох өөрийн өмч хөрөнгөө тухайн эд хөрөнгийг худалдан авахад зарцуулчихсан байгаа этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, шүүхэд хандах үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан шийдвэр болсон гэж үзэхээр байгаа бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон.

4.7. Хариуцагчийн гаргасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн: Үүнд хариуцагчийн зүгээс 2 төрлийн баримтыг гаргуулах, 2021 оны 12 сарын 01-ны өдөр гаргасан хариуцагчийн гар утсандахь Вайбер чат /Viber/-нд үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба татгалзсан үндэслэлээ “.. хэдэн сарын хэдний өдрийн ямар агуулга бүхий чатад үзлэг хийлгэх тухай тусгаагүй” гэж үндэслэсэн байна. Тус чат дахь мэдээлэл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлтэй холбоотой доголдол, өр төлбөрийн асуудлыг хэрхэн тохиролцож байсан талаарх болон гэрээ цуцлах санал тавигдаж байсан, эд зүйлс дутуу байгаа талаар, гэрээний үнийн талаар дахин хэлэлцэж байгаа утга агуулга, үйл баримтыг нотлох хариуцагчийн татгалзлын үндэслэл бүхий баримт байсан. Гэсэн хэдий ч хариуцагч нь дээр дурьдагдсан алдааг залруулан 2022 оны 01 сарын 03-ны өдөр дахин хүсэлт гаргасан боловч 2022 оны 01 сарын 24-ны өдрийн шүүгчийн захирамжаар тус хүсэлтийг "... гэрчийн мэдүүлэг авах тул үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй" гэж үндэслэн шийдвэрлэсэн байна. Энэ нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, мэтгэлцэх боломжийг шууд хязгаарласан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2022 оны 06 сарын 23-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан Т ХХК-ийн 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон татварын тайланг гаргуулах хүсэлтийг хангаагүй орхисон. Тус хүсэлтийн ач холбогдолыг гомдлын 1.2-дах хэсэгт тодорхой дурьдсан болно. Шүүх хэргийг бүх талаас нь шинжлэн судалж, үйл баримтын бодит байдлыг тогтоож, хуулийг оновчтой хэрэглэн хэргийг шүүн тасалж, үнэн зөв шийдвэрлэх үүрэгтэй билээ. Гэвч шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх бүхий л шаардлагыг хангаагүй, бодит нөхцөл байдлыг дутуу үнэлэсэн, хэргийг бүх талаас нь бүрэн судлаагүй шийдвэр болсон байх төдийгүй хэр хянан шийдвэрлэх процессийн ажиллагаа зөрчигдсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, бүрэн гүйцэт хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй олон төрлийн алдаа зөрчил гаргасаныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй.. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс тодорхойлсон дээрх 3 хэсэгт хамаарах 7 төрлийн үндэслэл нь хэргийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан шийдвэрлэх боломжгүй, процессийн алдаатай гэж үзэхээр байгаа бөгөөд зохигчдын хамаатан садан болох Ч.Батзориг, Н.Хишгээ нарыг гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулах шаардлагатай байх тул тус ажиллагааг хийлгэхээр, мөн дутуу бүрдүүлсэн нотлох баримтыг бүрэн бүрдүүлэх ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулсанаар дээрх алдаа зөрчлийг залруулах боломжтой, энэ нь тодорхой үр дүнд хүрэх бөгөөд агуулга, зорилгын зөрчилгүй, талуудын эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Би тус рестораныг байгуулахдаа 300,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 5-6 сар үйл ажиллагаа явуулсан. Ингээд эрүүл мэндийн шалтгааны улмаас рестораны үйл ажиллагааг зогсоож 200,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан. Б.Бнь тухайн рестораныг 130,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, худалдан авч үйл ажиллагаа явуулсан атлаа төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа нь анхнаасаа төлбөр төлөхөөс зайлсхийсэн. 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь үлдэх төлбөрийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй. Хариуцагч нь үлдэх төлбөрийг төлөхөөр баталгаа гаргаж, бүх эд хөрөнгөө хүлээн авсан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь эд зүйлсийг хүлээн авсныг баталж байна. Энэ хэрэг анхан шатны шүүхэд 2 жил гаруй хугацаанд шалгагдсан ба энэ хугацаанд хоёр талаас нотлох баримт бүрдүүлэх хугацаа хангалттай байсан. Хоёр талын хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг шүүх зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Б-ээс гэрээний үүрэгт 86,500,000 төгрөг, алдангид 43,250,000 төгрөг, нотариат болон орчуулгын зардалд 227,000 төгрөг нийт 129,977,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхонд байрлах Рэд Стоун /Red stone/ рестораны дотоод засал, тавилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулж бий болгосон брэнд, имидж, 5,000 орчим лайк /like/-тай фэйсбүүк /facebook рage/-ийг хариуцагчид 130,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч татгалзлаа “эд хөрөнгийг акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй, доголдолтой, дутуу байсан тул шинээр эд зүйлс нөхөж авсан, засвар хийсэн, өмнөх өр төлбөрийг барагдуулсан, зарим тавилга эд зүйлийг өөр этгээдүүд авч явсан, зарим тоног төхөөрөмж нь түрээсийн зүйл байсан” гэж тайлбарлаж байна.

 

4.а. Хэрэгт авагдсан банкны хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар гэрээний төлбөрт 48,500,000 төгрөг шилжүүлсэн, эвдрэлтэй эд хөрөнгө засах, засвар үйлчилгээ хийлгэхэд 10,296,750 төгрөгний зардал гарсан, нэхэмжлэгчийн өмнөх өр төлбөрт бусдад 5,263,742 төгрөг төлсөн, шинээр нөхөж 49 нэр төрлийн эд зүйл худалдан авахад 6,3437,235 төгрөгийн зардал гарсан, нэхэмжлэгчид орсон пос машины орлого 2,077,500 төгрөг, нийт 72,575,227 төгрөгийн зардал хариуцагчаас гарсан үйл баримт тогтоогдсон байна.

 

4.б. Мөн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 12 сарын 06-ны өдрүүдэд талуудын цахим шуудан, гар утсаар харилцсан баримтыг үзлэг хийн бэхжүүлсэн байх ба үзлэгээр нэхэмжлэгч нь рестораны эд хөрөнгийн жагсаалтыг хариуцагчид явуулсан, мөн хариуцагч нь жагсаалтад байгаа эд хөрөнгө дутуу байгаа тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, хамт тоолж баталгаажуулах, акт үйлдэж хүлээлцэхийг санал болгосон үйл баримт тус тус тогтоогдсон.

 

4.в. Гэрч Н.Ундрах шүүхэд “... эвдрэл гэмтэлтэй зүйлс байсан, засвар хийсэн... террасыг тохижуулсан, доторх зүйлийг шинэчилсэн, эрэгтэй нойл ажиллахгүй байсан... шилэн эдлэл ширээний чимэглэлүүдийг авсан... шилэн эдлэлийн хайрцаг хоосон байсан, эвдэрч хагарсан дутуу байсан... түүнийг нөхөн худалдан авсан... нойлын бохир үнэртдэг... Тэмүүлэн ахын ээж тухайн үед их зүйл авч гарсан, юмнууд дутуу байна гэж Тэмүүлэнд хэлж байсан...”  гэх,

гэрч Б.Мөнхбаясгалан шүүхэд “Рэд Стоун ресторанд засвар хийсэн... хивс дэвссэн, нойл, хаалга янзалсан...” гэх,

гэрч Н.Тунгалаг шүүхэд “ жижиг нарийн үнэтэй зүйлээ авсан... 6-8 хүн суудаг ширээ авч ирсэн байсныг авсан... мөн бор ширээ авч ирснийг авсан... телевизор согтуу хүн хагалсныг засварлуулах гэж авсан... 2 кресло авсан... ханын уран зураг, гоёлын шаазан авсан... хүний бэлтгэлийн төмөр ширээ аваачаад түр тавьсан тэр ширээг авах гэж очсон...” гэх,

гэрч З.Мандах шүүхэд “...манайхаас тоног төхөөрөмж, төгөлдөр хуур, пүүлт, спикер, чанга яригч түрээсэлж байсан...  Э.Тэмүүлэн өөрөө битгий хэлээрэй гээд буйдан, угаалгын машин аваад явсан... 3 машин зүйл авч яваагүй, таарсан чинь юм авч явж байсан...” гэх  агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгчээ.

 

4.г. Талууд гэрээний 1.2-т “гэрээний 1.1-д заасан эд хөрөнгө бараа материал, эд зүйлийг актаар хүлээлцэнэ... актанд барааны нэр төрөл, тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт үнийг тайлбартай тусгана” гэж тохиролцсон, нэхэмжлэгч тал уг үүргээ биелүүлээгүй байна.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагчид имэйлээр явуулсан эд хөрөнгийн жагсаалтаар рестораны тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлцсэн гэж үзэх боломжгүй. Учир нь имэйлээр явуулсан эд хөрөнгийн жагсаалтад үнэ тодорхой бус, мөн хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр жагсаалтад буй зарим тавилга эд зүйлийг бусад этгээдүүд авч явсан, зарим тоног төхөөрөмж түрээсийн зүйл байсан болох нь тогтоогдсон тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

5.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж зохицуулсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэмэлт тайлбарыг хариуцагчийн тайлбар гэж үзэхгүй.

 

5.б. Хариуцагч нь анхан шатны шүүхэд “...миний төлсөн мөнгөн дүнг нэхэмжлэгч 2 дахин багасгаж бичсэн байна...” гэж /43,250,000 х 2 = 86,500,000/, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчид 84,000,000 орчим төгрөг төлсөн...” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчид 85,000,000 орчим төгрөг төлсөн...” гэж тус тус тайлбарласан нь харьцангуй тогтвортой байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан тайлбарыг илүү бодит үнэнд нийцсэн гэж дүгнэн хариуцагчаас 130,000,000 – 84,000,000 = 46,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 43,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээнэ.

 

6.а. Нотариатаар гэрчлүүлж, орчуулсан гэх баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй баримтууд байх тул анхан шатны шүүх холбогдох зардал 277,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу.   

 

6.б. Нэхэмжлэгч Т ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайланг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид 45,856,625 төгрөгийн рестораны эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь талууд гэрээгээр рестораны тавилга тоног төхөөрөмж, эд хөрөнгийг 130,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байхад тайланд компанийн үндсэн хөрөнгийг 45,856,625 төгрөгөөр тайлагнасныг үндэслэн 45,856,625 төгрөгийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.в. Ч.Б, Н.Х нар нь талуудын хооронд байгуулсан гэрээний нэг тал биш тул гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/00810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...222 дугаар зүйлийн 222.2 гэснийг “...232 дугаар зүйлийн 232.6” гэж “...72,738,158” гэснийг “...46,000,000” гэж, “...57,238,842” гэснийг “...83,977,000” гэж,

2 дахь заалтын “...521,640” гэснийг “...387,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ээсдавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 521,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

 

               ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ