Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00179

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2023/00027 дугаар магадлалтай,

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 352,504,571.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Огийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 352,504,571.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Бгаас үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274 төгрөг, нийт 332,024,274 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 20,480,477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ... орон сууц, ... үл хөдлөх хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,990,674 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,818,071 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2023/00027 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 614,100 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар 172.1-т заасныг үндэслэн хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна.

4.1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...Учир нь: Талуудын байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа 2020.06.05-ны өдөр дуусгавар болсон, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахал Монгол улсад бүрэн тархаагүй, хорио цээр тогтоогоогүй байсан, түүнчлэн хариуцагч Б нь гэрээний хугацаа дууссанаас хойш жилийн дараа “Ч” ХХК-д гэрээтэй холбоотой хүсэлтээ 2021 оны 04, 06, 12 дугаар саруудад гаргаж байсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон түүний гомдол үндэслэлгүй байна....” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч банкинд уг гэрээний хугацааг сунгуулахтай холбоотойгоор биечлэн очиж уулзахад аман хэлбэрээр удахгүй хариу өгнө гэдэг байсан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн “Ч” ХХК-ийн салбар татан буугдаж, Дархан-Уул аймгийн салбар банкнаас шийдэж өгнө гэсээр Монгол улс даяар Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож бид биечлэн очиж уулзах боломжгүй болсон. Нэхэмжлэгч хариу өгнө гэж хариуцагчийг хүлээлгэн гэрээний хугацааг сунгаж байсан тул үндсэн хүү 91,224,274 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2.  Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...Мөн хариуцагч Бгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан хөрөнгийн өмчлөгч С болон “Б” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөн хөндөгдсөн, тэднийг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс төлөөлөгчид барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосноос үл хамаарч маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өмчлөгч С, “Б” ХХК нарын өмчлөх эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг шүүх анхаараагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.” гэж хуульчилсан.

Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөгч иргэн С, “Б” ХХК-ийн нарын буюу гуравдагч этгээдээр оролцуулж тайлбар авах зэрэг хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Барьцааны гэрээ 2019.06.05-ны өдөр байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад дээрх 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бусад этгээдэд шилжсэн эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнээгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Огийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.09.22-ны өдрийн 001/ШХТ2023/00983 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “Ч” ХХК хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 352,504,571.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Б нь тус банктай 2019.06.05-ны өдөр ЗГ/102 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж, зээл хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар .... эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч 2019 оны 12 сараас гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөөгүй, энэ хугацаанд нийт 3,590,783.13 төгрөгийг төлсөн, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч бодитой төлөлт хийгдээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх төлбөрийг төлүүлж, барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...хариуцагч нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж, хүнд нөхцөл байдал бий болсны улмаас зээл авсан, зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарч, санхүүгийн байдал сайжрахгүй, орлого олох боломжгүй болсон тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, ...иймд үндсэн зээл төлөхийг зөвшөөрч байна, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй, ...барьцааны хөрөнгө Бгийн хөрөнгө биш тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 332,024,274 төгрөгийг хангаж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 20,480,477 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, ...хариуцагч зээлийн хөрөнгийг хүлээн авсан тул гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, ...зээл авсны дараагаар Ковид-19 цар тахал гарсан нь хариуцагчийн санхүүгийн байдалд нөлөөлсөн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, төлбөрийн хугацаандаа төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүү 20,480,477.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх төлбөр болох үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 132,024,274.34 төгрөг, нийт 332,024,274 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй, ...үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь С, “Б” ХХК-ийн өмч бөгөөд, өмчлөгч нь зээлийн гэрээний барьцаанд эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч барьцаалбар үйлдсэн нь хүчин төгөлдөр тул зээлдэгч гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийсэн,

Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хоёр шатны шүүх адил шийдвэр гаргасан боловч “...шүүх үйл баримтыг зөв тогтоогоогүй, ...нэхэмжлэгч нь гэрээний хугацааг үндэслэлгүй сунгаж байсан тул үндсэн хүү 91,224,274 төгрөгийг зөвшөөрөхгүй, ...барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа барьцаалуулагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр өмчлөгчийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхаараагүй...” гэсэн агуулгатай хариуцагчийн гомдол /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

10. Талууд 2019.06.05-ны өдөр №ЗГ/102 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, “Ч” ХХК 200,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2019 оны тариалалт, хураалтад зориулж зээлдүүлэх, зээлдэгч нь эргэн төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч үүргээ биелүүлж, зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч 2019.12.20-ноос зээлийн төлбөрийг төлж эхлэх бөгөөд үндсэн зээл, хүүд  52,132,607.74 төгрөгийг төлөх байтал 3,590,783.13 төгрөгийг төлж, гэрээний үүргээ зөрчсөн,  2020.02.18-наас хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

11. Зохигчийн хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус  байгуулагдсан, гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаах төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.

Зээлдүүлэгч буюу банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн боловч зээлдэгч эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.34 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хариуцагчийн төлөх үүргийг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 132,024,274.34 төгрөгийн хамт нийт 332,024,274.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, харин Коронавирус цар тахал гарсантай холбогдуулан нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүд шаардсан 20,480,477.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...гэрээний хугацааг сунгуулах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор удаа дараа уулзахад удахгүй хариу өгнө гэж хүлээлгэн, улмаар цар тахлын улмаас хөл хорио тогтоож, биечлэн уулзах боломжгүй болсон үед гэрээний хугацааг сунгаж байсан тул үндсэн хүү 91,224,272 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний хугацаа 2020.06.05-ны өдөр дууссанаас хойш буюу 2021.04.03, 2021.06.28, 2021.12.07-ны өдрүүдэд Ч-инд хүсэлт гаргаж, сүүлийн жилүүдийн цаг агаарын байгалийн давагдашгүй хүчин зүйл болон дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал нөлөөлсний улмаас ургаж алдаж, зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоож, зээлийн эргэн төлөлтийн талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байжээ.

Хариуцагч нь байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсний улмаас ургац алдаж, зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан гарсан Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд ипотекийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр 6 сарын хугацаагаар сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны А-222, А-320, А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг банкуудад зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн авсан зээл Ковид-19 цар тахалтай холбогдуулан гарсан хууль болон Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалуудад заасан хэрэглээний зээлд хамаарахгүй тул тэрээр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлээ хугацаандаа төлөөгүй үндэслэлээр хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд нэхэмжлэгч гэрээний хугацааг үндэслэлгүй сунгасан, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацаанд бодогдсон хүү 91,224,274 төгрөгийг зөвшөөрөхгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ковид цар тахал гарсан нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд холбогдох 20,480,477.27 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс талуудын зарчимд үндэслэн шүүхийн энэ шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Шүүх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь тэдгээрийн эрхийг ноцтой зөрчсөн талаарх гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С-ийн өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгө, “Б” ХХК-ийн өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, 2019.06.05-ны өдөр №БГ/102 дугаартай барьцааны гэрээ байгуулсан, барьцаалуулагч нь мөн өдөр барьцаалбар үйлдэж, бүртгүүлсэн байна.

Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй боловч дээрх шаардлагыг зээлдэгчид холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулагчаас зээлдэгчид түүний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө барьцаалахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон нь барьцааны хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд шүүхэд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаалуулагчийг төлөөлнө гэсэн ойлголт биш юм.

Иймд барьцаалуулагчийг оролцуулахгүйгээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь барьцаалуулагчийн эд хөрөнгөө өмчлөх эрхэд халдсан, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр шаардлагаа хангуулах нэхэмжлэлийг холбогдох этгээдэд холбогдуулан гаргах эрх нь нээлттэй болно.

14. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2023/00027 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...20,480,477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...20,480,477 төгрөгт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 гэж дугаарлаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвэр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Огийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Огаас 2023.07.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 614,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД