Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00007

 

******* ******* ******* ХХК Дархан-Уул салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 886 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК Дархан-Уул салбар,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр, А.Тэмүүлэн /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах

2.Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* Хаан Банк ХХК нь зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн ЗГ/102 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 200,000,000.00 (хоёр зуун сая) төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

...******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 12-р сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 3 сарын төлөлтөөр үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 3,227,495.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363,287.66 төгрөг, нийт 3,590,783.13 төгрөгийг төлсөн бөгөөд, 2020 оны 02-р сарын 18-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна... гэжээ

 Хариуцагч хариу тайлбартаа:

 ...******* би газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж хүнд нөхцөл байдал бий болсны улмаас нэхэмжлэгч *******наас зээл авсан. Зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019.06.05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ******* хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй.

...Миний хувьд үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 886 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 352,504,751.61 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /Дархан-Уул салбар/-д олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* ******* фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,990,674 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,990,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /Дархан-Уул салбар/-д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Иймд хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв... гэжээ.

2019 оны 06-р сарын 05-ны өдрийн ЗГ/102 дугаар Зээлийн гэрээний 3.2-т жилийн хүү 20.4% гэж заасны дагуу үндсэн хүү 132.024.274,34 төгрөгөөс үндсэн зээлийн 1 жилийн үндсэн хүү 40.800.000 төгрөг төлөх ёстой.

Үндсэн хүү 132.024.274,34 төгрөгөөс үндсэн зээлийн 1 жилийн үндсэн хүү 40.800.000 төгрөгийг хасч тооцвол 91.224.274 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч ******* би газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж хүнд нөхцөл байдал бий болсны улмаас нэхэмжлэгч *******наас зээл авсан. Зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ******* хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Хариуцагч миний хувьд үндсэн 91.224.274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,480,477.27 төгрөгийг тус тус төлөх үндэслэлгүй байна.

2.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* ******* фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв/ гэжээ.

Хариуцагч ******* би 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн ЗГ/102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Ё.Саранцэцэгийн өмчлөлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535.2 мкв талбайтай амины орон сууц, Баян-Ундарга ХХК-ийн өмчлөлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* ******* фермд байрлах, 105.3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаанд тавьсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж хуульчилжээ.

Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөгч иргэн Ё.Саранцэцэг, Баян-Ундарга ХХК-ийн нарын буюу гуравдагч этгээдээр оролцуулж тайлбар авах зэрэг хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч болох ******* би 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс маргаж байгаа гол үндэслэл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Саранцэцэг, Баян-Ундарга ХХК-ийн өмчлөлийн хоёр үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангасанд гомдолтой байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тайлбар байхгүй. Манай *******наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******гийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус *******наас 200.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлсэн талаар маргадаггүй. Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн гуравдагч этгээд нь *******д эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон байдаг. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг тухайн итгэмжлэлээр олгосон. Иймд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцуулахаар хариуцагч талд эрх нь нээлттэй байсан. Эрх, үүргээ мэдсээр байж, хэрэгжүүлээгүйн одоо гомдолдоо дурдаад байгаа зүйл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээх саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* *******ны Дархан-Уул аймаг дахь 01 тоот салбар хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөгийг зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/102 тоот зээлийн гэрээ, БГ/102 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-000401078 дугаарт бүртгэлтэй Фермийн барилга, Ү-000103484 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...үндсэн зээлийн 200,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдсны улмаас *******анд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг удаа дараа гаргахад шийдвэрлэж өгөлгүй зээлийн чанарыг муутгасан учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

3.******* ******* *******ны Дархан-Уул аймаг дахь 01 тоот салбар болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

Гэвч талуудын хооронд байгуулсан БГ/102 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртүүлэх... гэсэн хуулийн шаардлагыг хангасан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар шүүх дүгнэлт хийлгүйгээр мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага буюу талуудын хооронд бий болсон үйл баримтыг тогтоосон боловч ямар эрх зүйн харилцаа үүссэн, үүссэн эрх зүйн харилцаа нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, барьцааны хөрөнгө гуравдагч этгээдийн эд хөрөнгө байхад уг хөрөнгийг барьцаалах эрхийг зээлдэгч этгээдэд олгосон эсэх баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

4.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байх ба шүүхээс барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хариуцагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар анхан шатны шүүхэд маргаагүй боловч барьцааны зүйл гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байх ба барьцаа хөрөнгөөр үүргийг хангахад түүний эрх ашиг зөрчигдөх эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хэргийн зохигчидод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг бүрэн тайлбарлан ойлгуулаагүй байна.

 

5.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрт бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагч *******гийн ...хүү нэмэгдүүлсэн хүү төлөхгүй талаар маргасан.. гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 495.000 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ                           Д.БУЯНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form