Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2023/00265

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2023/00265

Сэлэнгэ аймаг

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 380 дугаар байр, А корпус, өөрийн байранд байрлах, Чингис хаан банк ХХК-ийн Дархан-Уул салбар /РД: 2698072/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Бүргэдэй найрамдал 1 дүгээр гудамж, 43 тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн ******* /РД: МА83072815/

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Чингис Хаан Банк ХХК нь зээлдэгч Д.*******тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/102 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 200,000,000.00 (хоёр зуун сая) төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.******* эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000612 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг 1 гудамж 43 тоот хаягтай 535,2 мкв талбай бүхий амины орон сууц, Ү-1301000845 дугаартай Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3-р баг гүн нуур фермд байрлах 105,3 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн БГ/102 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Д.******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 3 сарын төлөлтөөр үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 3,227,495.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363,287.66 төгрөг, нийт 3,590,783.13 төгрөгийг төлсөн бөгөөд, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэгч ч бодиттой төлөлт огт хийгдээгүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 200,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөгийг тус банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26-р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/102 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах

2. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн БГ/102 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000612 дугаарт бүртгэлтэй амины орон сууц, Ү-1301000845 дугаарт бүртгэлтэй тус тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингис хаанбанкны зүгээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэл нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ102 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг байгуулж 200,000,000 төгрөг төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.******* эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000612 дугаартай Сэлэнгэ аймаг, Алтанбулаг 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг 530 дугаар тоотын 535,2 м.кв бүхий амины орон сууц, Ү-1301000845 дугаартай Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг Гүн нуур фермд байрлах 103,3 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчсөн. Нийт 3 сарын төлөлтийг төлсөн. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш уг зээлийг огт төлөөгүй буюу 3 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Банкны зүгээс тухайн зээлээ төлөхийг сар болгон шаарддаг байсан. Тухайн үед зээлээ төлнө л гээд яваад байдаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Д.******* би дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-тай хариуцагч Д.******* би 2019.06.05-ны өдөр 200.000.000 төгрөгийг 1 жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээтэй маргахгүй.

Д.******* би газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж хүнд нөхцөл байдал бий болсны улмаас нэхэмжлэгч банкнаас зээл авсан.

Зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019.06.05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч банк хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй.

Зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд хөрөнгүүд хангалттай үнэлгээтэй учраас миний зээлийг муутгаж ашиг олох бодлогыг банкны зүгээс баримталсан. Хэрэв миний удаа дараах хүсэлтүүдийг хүлээн авсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байлаа.

Миний хувьд үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас зээлийн гэрээтэй маргахгүй. Хариуцагчийн хувьд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд зээл авсны дараагаар ковид 19 цар тахал гарсан учир санхүүгийн байдал сайжрахгүй байсан тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар банкинд удаа дараа хүсэлт гаргасан боловч банкны зүгээс шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед банкны зүгээс хүсэлтийг шийдвэрлэж өгсөн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Хариуцагчийн хувьд үндсэн зээл 200,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хувийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн 000173496 дугаар гэрчилгээний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/102 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №БГ/102 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн хорооны шийдвэр, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол, 2304000355 тоот зээлийн дансны хуулга, барьцаалбар №43-49135, барьцаалбар № 43-49136, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримт байхгүй.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Чингис хаан банкинд гаргасан Д.*******гийн хүсэлт, өргөдөл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 352,504,751.61 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 40,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: Зээлдэгч Д.******* нь Чингис хаан банктай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ/102 тоот зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2019 оны тариалалт хураалалтанд зориулалтаар зээлж авсан байна.

Уг зээлийн барьцаанд Ү-1301000612 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, Ү-1301000845 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулахаар талууд тохиролцсон байна.

Зээлдэгч нь үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн хорооны шийдвэр, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол, 2304000355 тоот зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид үндсэн зээл 200,000,000 төгрөгийн талаар маргаагүй, мөн хариуцагч нь тус зээлийн 1 жилийн хугацааны хүү 40,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Харин хариуцагч Д.******* нь зээлийн хүүнд 91,224,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 111,704,751.27 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, зээл авсны дараахан ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч банк хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.

Д.******* нь үндсэн зээл 200,000,000 төгрөгөөс төлөөгүй, зээлийн хүүнд 3,227,495 төгрөг төлсөн байх бөгөөд ...зээл авсны дараагаар ковид 19 цар тахал гарсан учир санхүүгийн байдал сайжрахгүй байсан тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар банкинд удаа дараа хүсэлт гаргасан боловч банкны зүгээс шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед банкны зүгээс хүсэлтийг шийдвэрлэж өгсөн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан.... гэх хариуцагчийн тайлбар нь түүний Чингис хаан банк ХХК-д 2021 оны 4 дүгээр сарын 03, 2021 оны 6 дугаар сарын 28, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 91-93 дугаар тал/

 

Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.

 

Хариуцагч Д.*******гийн зээл нь дээр дурдсан хуульд заасан ипотекийн зээлд хамаарахгүй боловч ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар нийтэд ил бодит нөхцөл байдал тул нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 132,024,274.34 төгрөг, нийт 332,024,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 20,480,477.24 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Д.******* нь Чингис хаан банк ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр № БГ/102 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, байгуулсан болох нь уг гэрээний хуулбар, барьцаалбар №43-49135, барьцаалбар № 43-49136, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, Ү-1301000845 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг нь Баян-Ундарга ХХК, Ё.Саранцэцэг нарын өмчлөлийн хөрөнгө байх боловч тус зээлийн гэрээний барьцаанд эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлийн байгууллага барьцаалбарыг бүртгэсэн, улмаар тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болж, барьцаалбар хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Ү-1301000612 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, Ү-1301000845 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274 төгрөг, нийт 332,024,274 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК /Дархан-Уул салбар/-д олгож, нэмэгдүүлсэн хүү 20,480,477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-1301000612 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, Ү-1301000845 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,990,674 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,818,071 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК /Дархан-Уул салбар/-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА