Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00201

 

Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00304 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 223/МА2023/00028 дугаар магадлалтай,

Ц-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох

150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Цээс хариуцагч Бд холбогдуулан 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00304 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Бас 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Бас 682,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цд олгож шийдвэрлэжээ.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 223/МА2023/00028 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/000304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Бас 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бас 87,500,000 /наян долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,500,000 /жаран хоёр сая таван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...682,950 төгрөгийг” гэснийг “...595,450 төгрөг” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 308,000 /гурван зуун найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,150 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар.

Нэхэмжлэгч Ц нь 2021.07.09-ний өдөр талуудын хооронд хүчин төгөлдөр байдлаар байгуулагдсан Ногоон тэжээл худалдаж, борлуулж өгөх гэрээний дагуу Бас 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Ц үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үүсэх үр дагавар буюу хохирлыг Иргэний хуулийн 205.1, 227.1-д заасны дагуу хариуцагч Бас шаардсан гэж үзлээ. Харин цуцлагдсан гэрээний үндсэн үүрэг болон алданги 50,000,000 төгрөг, үр шим болох 30,000,000 төгрөгийг давхар шаардахгүй” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эсхүл гэрээг цуцлах талаар нөгөө талдаа хүсэл зоригоо илэрхийлж, мэдэгдэж байсан удаагүй, ногоон тэжээлийг хүлээлгэж өгөөгүйтэй холбоотой маргаан талуудын хооронд үүсээгүй бөгөөд анхан шатны шүүхээр огт хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүх ийнхүү санаанаасаа зохиож гаргаж ирсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Мөн түүнчлэн Цийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг “гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардаж байна гэж үзлээ” хэмээн дүгнэхийн зэрэгцээ “гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна” хэмээн буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах ойлголтын ялгааг үл таньж, “гэрээнээс татгалзсан байна”, “гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байна” хэмээн 2 өөр үндэслэлийг нэг дор хамтад нь дүгнэж, ийнхүү хуулийг буруу тайлбарлан хэрэглэх явцдаа нэхэмжлэгчээс хэрэгт хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар нотлох баримт шаардаж байгаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэхээр байна. ИХШХШТухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулсан боловч анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримт, талуудын маргаагүй асуудлыг дүгнэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчиж байгаа хэрэг юм. Тухайлбал нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний зарчим зэргийг хөндөх учиргүй юм.

Ийнхүү давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 205.1, 227.1 -д заасныг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь тухайн маргаанд хамааралгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

4.2. Шүүхүүд талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн талаар.

Шүүхүүд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Ц Б нарын байгуулсан 2021.07.09-ний өдрийн гэрээний зүйл нь 70,000,000 төгрөг бөгөөд Ц 70,000,000 төгрөг Бд шилжүүлэх, Б нь шилжүүлэн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа буцааж өгөх, ийнхүү буцааж өгөхдөө хэлэлцэн тохирсны дагуу 30,000,000 төгрөгийг нэмж өгөхөөр гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 281.1, 282.1-д заасантай илүү нийцнэ гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа юм. Хэдийгээр гэрээний нэр Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ гэж байгаа ч шүүх гэрээний нэрэнд хөтлөгдөхгүйгээр талуудын хооронд бодитоор үүссэн харилцааг хууль зүйн талаас зөв тодорхойлох байсан.

Б нь удаа дараа нэхэмжлэгчээс зээл авч, буцааж төлж байсан талаар нэхэмжлэгчийн эхнэр гэрчээр асуугдах үедээ батлан хэлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. Сүүлд авсан 70,000,000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлж төлөх баталгаа болгож ногоон тэжээлийн үнэ ханш өсдөг цаг хугацааны талаар Бын ярьж ойлгуулсныг гэрээнд бичсэн байдаг. Цийн хувьд тодорхой хугацааны дараа үнэ нь өссөн ногоон тэжээл авах бус өгсөн мөнгөн дээрээ 30,000,000 төгрөг нэмж авна гэж ойлгосон, үүнийгээ ч гэрээндээ чадлаараа тодорхой тусгасан, Б ч мөн адил 70,000,000 төгрөг аваад 100,000,000 төгрөг болгож буцааж өгнө гэж ойлгосон учир хөрөнгө шилжүүлж өгөх, эрсдэл хуваарилах зэрэг асуудлыг гэрээнд оруулаагүй байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнээд уг дүгнэлтдээ нийцүүлэн худалдаж авсан хөрөнгөө нэхэмжлэгч хүлээж аваагүй байна, хариуцагч шилжүүлж өгөөгүй учраас нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзлээ, нэхэмжлэгч тал хохирол шаардах байсан боловч энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй тул... гэх мэтчилэн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Харин анхан шатны шүүх худа лдах-худалдан авах гэрээнээс гадна хөрөнгө итгэмжлэх гэрээ хийгдсэн байна гэж үзсэн байдаг. Ийнхүү шүүхүүд үндэслэл муутай, эрс зөрүүтэй байдлаар хууль хэрэглэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс үүдэлтэй алдаа гэж үзэж байна.

Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 62,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрхэн тооцоолол хийсэн нь ойлгомжгүй байна. Магадлалд “нэхэмжлэлээс 17,500,000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзлээ” хэмээн хассан байх бөгөөд дараагийн мөрөнд “62,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо” гэж бичсэн байна. Эдгээр тооцооллыг шүүх яаж гаргасан нь тодорхойгүй, маш ойлгомжгүй бас хууль хэрэглээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.10.05-ны өдрийн 001/ШХТ2023/01048 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “Ц хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...2021.07.09-ний өдрийн “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх тухай гэрээ” байгуулж, 1 боодол ногоон тэжээлийг 7,000 төгрөгөөр худалдан авч, хавар буюу 2022.02.01-ний өдрийн дотор 1 боодлыг нь 10,000 төгрөгөөр борлуулж мөнгийг нь өгнө гэж харилцан тохиролцсон, гэрээний зорилго нь худалдах-худалдан авах гэрээ биш зээлийн гэрээ байсан. Учир нь хариуцагч тал 70,000,000 төгрөгийг 2022.02.12-ны өдрийн дотор буцааж өгөх, хүүнд 30,000,000 төгрөг өгөх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх тохиролцоо байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна....” гэж тайлбарласан,

Хариуцагч Б хариу тайлбартаа: “...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Харин миний тарьсан ногоон тэжээлийн үнэ хямд байх үед буюу нэг боодлыг 7,000 төгрөгөөр тооцож 10,000 боодлыг худалдаж авахаар, 2022.02.01-ний өдрийн дотор 1 боодлыг нь 10,000 төгрөгөөр борлуулж өгөхийг хүсч 70,000,000 төгрөг шилжүүлсэн. ... Гэтэл хавар ногоон тэжээлийн үнэ буурч 1 боодол нь 3,000 төгрөг болсон. Ц үнэ өсөхийг хүлээнэ гээд ногоон тэжээлээ заруулаагүй. Удалгүй зун болж ямар ч үнэгүй болсон тул ногоон тэжээлийг бусдад тараачихсан. ...Ц алдагдлаа нөхөх зорилгоор рапс тариулах санал тавьж, би Төв аймагт байрлах “Б” ХХК-ийн 197.32 га газрыг түрээслэн рапс тарьсан. Ц тариалалтын зардлаас 9,000,000 төгрөг шилжүүлсэн, ...40 тонн рапс хурааж авсан. Мөн рапсаа хятад хүмүүст үнэ хүргэж зарна гээд тонн нь 2,000,000 төгрөг байхад зараагүй. Одоо үнэ буурч алдагдал хүлээх болсон болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Авсан 70,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байна, харин хүү 30,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас 105,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд 70,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 70,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээлийг хавар зарж борлуулснаар нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийн үр шим хүртэхээр тохиролцсон нь хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ, гэвч ногоон тэжээл зарагдаагүйгээс нэхэмжлэгч үр шим хүртэх боломжгүй болсон, хариуцагч нь 1 боодол ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр зарж мөнгийг өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алданги төлөх үүрэг үүснэ, буцаан төлөхийг зөвшөөрсөн 70,000,000 төгрөгийн 50 хувь болох 35,000,000 төгрөгийг алдангид тооцож, хариуцагчаас 105,000,000 /70,000,000+35,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: “...анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан байх тул үр шим болон алданги төлөх үүргийг давхар шаардахгүй, харин хариуцагч нь алдангид тооцсон 35,000,000 төгрөгөөс 17,500,000 төгрөгийг зөвшөөрсөн үндэслэлээр хариуцагчаас нийт 87,500,000 төгрөгийг гаргуулах нь диспозитив зарчимд нийцнэ...” гэж дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 87,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

9. “...Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хоёр шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, ...нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй...” талаарх /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Зохигч 2021.07.09-ний өдөр Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч ногоон тэжээл 10,000 боодлыг, 1 боодлыг нь 7,000 төгрөгөөр худалдан авах, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь нэхэмжлэгчид худалдсан 10,000 боодол ногоон тэжээлийг хавар буюу 2022.02.01-ний дотор 1 боодлыг нь 10,000 төгрөгөөр зарж, борлуулан мөнгийг нь  өгөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 70,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хавар болоход ногоон тэжээлийн үнэ өсөөгүй буурсан, тэжээл зарагдаагүй үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчид 100,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

Улмаар алдагдлаа арилгах талаар талууд санал солилцож, рапс тарихаар болж, хариуцагч нь 2022 оны 6 дугаар сард бусдаас газар түрээслэн, тариалалт хийж, намар нь 40 тн ургац хурааж авсан боловч нэхэмжлэгч хураан авсан рапсыг 1 тн-ыг нь 2,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаас татгалзаж, бүтээгдэхүүн хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримт тогтоогджээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах, хөрөнгө итгэмжлэх гэрээний шинжтэй, холимог гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь үйл баримт, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1-д нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ...худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1-д тус тус зохицуулжээ.

Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгөөр худалдан авсан ногоон тэжээлийг хариуцагч буюу худалдагчийн эзэмшилд үлдээж, хавар болохоор өссөн үнээр зарж борлуулах, захиран зарцуулах эрхийг түүнд өгсөн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдан авагчийн, хөрөнгө итгэмжилсэн гэрээний харилцаанд хөрөнгө итгэмжлэгчийн үүрэг хүлээж оролцсон гэж үзэхээр байна.

Иймд “...зээлийн гэрээ байгуулж, хөрөнгийг шилжүүлсэн, тодорхой хугацааны дараа хүү тооцож авахаар харилцан тохиролцсон байхад шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

12. Зохигчийн хооронд байгуулагдсан 2021.07.09-ний өдрийн 70,000,000 төгрөгийн үнэ бүхий “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх тухай гэрээ” хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Гэрээ хэрэгжиж нэхэмжлэгч буюу худалдан авагч ногоон тэжээл худалдаж авахаар 70,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар маргаагүй, 2022 оны хавар ногоон тэжээлийн үнэ буурснаас шалтгаалан хариуцагч үнэ өсгөн зарж чадаагүй алдагдал хүлээсэн үйл баримт тогтоогдсон.

13. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.3-т зааснаар итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс, итгэмжлэгчийн зардал, эрсдлээр захиран зарцуулах үүрэгтэй боловч ногоон тэжээлийн үнэ буурсан нь итгэмжлэгчийн ашиг сонирхолд нийцээгүй үндэслэлээр тухайн үед нь нэхэмжлэгчийн хүсэлтээр ногоон тэжээлийг худалдан борлуулаагүйгээс алдагдалд орсон тул итгэмжлэгч буюу нэхэмжлэгч нь эрсдлээ хариуцахаар байна.

Иймд “...нэхэмжлэгч нь үр шим хүртэх боломжгүй нөхцөл байдал талуудын хүсэл зоригоос үл шалтгаалан бий болсон гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэх тул хариуцагч нь итгэмжилсэн хөрөнгийг борлуулаагүй үндэслэлээр хариуцлага хүлээх учиргүй.

14. Нэхэмжлэгч нь “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ”-ний үүрэг үр дүнтэй хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсныг хүлээн зөвшөөрсөн, алдагдлаа нөхөхийн тулд хариуцагчийн рапс тариалсан үйл ажиллагаанд хамтран оролцож, ургацыг хураан авсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байхад гэрээний үр дүнг буюу рапсыг худалдах үйл явцыг хүлээлгүйгээр гэрээний үүргийг хариуцагчаас шаардсаныг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

Өөрөөр хэлбэл, гэрээний үр дүн тодорхойгүй байхад үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжтой, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.

Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагч алдангийг төлөх үүрэггүй боловч тэрээр талуудын хоорондын бизнес амжилттай хэрэгжээгүйд хэн аль нь хариуцлага хүлээх үүрэгтэй гэх үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 70,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 87,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал талуудын зарчимд үндэслэгдсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 223/МА2023/00028 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хээс 2023.07.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 470,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД