Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2021/00076/И |
Дугаар | 135/ШШ2021/00451 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2021/00451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00076/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10дугаар баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ******* баг, тоотод оршин суух овогт /РД:ТЯ95041239/-т холбогдох,
Эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол 1,642,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г., нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.аас 1,955,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* хорооллын ******* байрны ******* миний бие амьдардаг юм. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 05 цаг 16 минутад манай байрны 165 тоот Х.ын гэрээс ус алдаж, манай байр бүхэлдээ усанд автсан. Би 165 тоот айлд ороход угаалтуурын ус дамжуулах хоолой нь задарч ус алдсан байсан. Гэрт нь ороход шалаар нь углаашны ул давсан устай байсан. Манайх 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрандаа засвар хийсэн байсан боловч эдний байрнаас ус алдаж, манай гэр бүлд хохирол учирсан тул хариуцагчаас гэм хорын хохирол нэхэмжилж байна. Засвар хийхээр авсан материал, ажлын хөлс нийт 1,534,600 төгрөг гэж үнэлгээний тайланд дурдсан байгаа тул хариуцагчаас 1,534,600 төгрөг, мөн үнэлгээний хөлс 107,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ус алдахад би амьдарч байгаагүй. Ус алдсан хохирлын хэмжээ 1,9 сая төгрөг байх боломжгүй. Бидний авсан гэрэл зураг дээр дээд талын тааз, обойд ус хөлөрч норсон байсан. Үнэлгээ гаргахдаа намайг, тухайн үед байранд амьдарч байсан н., сантехникч н. байлцуулж үнэлгээ гаргаагүй. Иймд засвар хийсэн бүх хөлсийг гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ус алдсан, хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Яг учирсан гэм хорыг үнэлүүлж байгаад төлнө гэсэн байр суурьтай байна. 350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анх 1,950,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,642,100 төгрөгийг нэхэмжилж, 308,400 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагчийн байрнаас ус алдаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн байранд гэм хор учруулсан байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд болох хариуцагч хариуцлага хүлээх ёстой. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасны дагуу Х. шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ашид билгүүн ХХК-ийн тайланд байранд ус алдсан зургийг хавсаргаж, шал таазыг солих нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн зардал 107,500 төгрөгийн хохирол учирсан тул мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Х.т холбогдуулан ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,950,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын үнэлгээ 1,534,600 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоох шинжээчийн зардалд төлсөн 107,500 төгрөг, нийт 1,642,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч Х. нь шүүх хуралдааны явцад тухайн үед би амьдарч байгаагүй ч манай байрнаас ус алдаж, хохирол учруулсан болохыг хүлээн зөвшөөрч байна, хохирлын үнэлгээ өндөр гарсан байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед авсан зураг дээр ийм хэмжээний засвар орохоор харагдахгүй байна, засвар хийсэн бүх хөлсийг гаргуулах боломжгүй, 350,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргадаг.
Х.ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 10дугаар баг, ******* хороолол, ******* байр, орон сууцнаас ус алдсаны улмаас тус байрны ******* байрлах Л.*******ын өмчлөлийн орон сууцанд хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан фото зураг, СӨХ-ны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаартай тодорхойлолт, Дархан-Ус суваг ХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Дархан сум, 10дугаар баг, ******* хороолол, ******* байр, 162тоот орон сууцны өмчлөгч нь Л.*******, Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, ******* хороолол, ******* байр, орон сууцны өмчлөгч нь Х. мөн эсэх талаар талууд маргаагүй бөгөөд үүнийг нотлох зорилгоор нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулан авсан болно.
Иймд нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирол арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Зохигчид ус алдаж, хохирол учирсан талаар маргаагүй боловч учирсан хохирлын үнийн дүн дээр маргаж, нэхэмжлэгч нь нийт 1,642,100 төгрөг нэхэмжилж, хариуцагч нь 350,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т Сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх, мөн хуулийн 13.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хохирлын үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирлын дүн 1,534,600 төгрөг гэж гарсан бөгөөд хариуцагч нь үнэлгээний тайланд заасан хэмжээний хохирол учраагүй гэж маргаж байгаа боловч үнэлгээний тайланг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээ буюу 1,534,600 төгрөгөөр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Л.******* нь үнэлгээний тайлан гаргуулахаар шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-д 107,500 төгрөгийн төлбөр төлсөн болох нь тус компанийн 0004190 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү зардлыг мөн хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заасан байх тул нэхэмжлэгчийн дээрх зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс үүдэлтэй гарсан зардал гэж үзэн хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Х.аас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын үнэлгээ 1,534,600 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоох шинжээчийн зардалд төлсөн 107,500 төгрөг, нийт 1,642,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г. нь нийтийн байранд амьдарч байгаа хүмүүс хүйтэн ус, халуун ус, дулаан, цахилгааны шугамын бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй хариуцагч энэ үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас доод айл руугаа ус алдсан байна, иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хохирлыг зах зээлийн үнэлгээгээр тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.аас нийт 1,642,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,158 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжид 28,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ШҮҮГЧИД З.ТУНГАЛАГМАА
Д.АЛТАНТУЯА