Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/00927

 

 

 

 

 

 

 

                            2021        03          24 

            101/ШШ2021/00927

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.С-д холбогдох

Арилжааны гэрээний зүйлийн биет байдлын доголдлыг арилгах зардалд 4,058,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдөр “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ”-г байгуулан 2 талаас автомашин сольсон болно. Миний зүгээс өөрийн өмчлөлийн ******* УБЧ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн ZVW300136786 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн хариуцагчийн зүгээс надад ******* УБТ улсын дугаартай Lexus GS450H маркийн 2007 онд үйлдвэрлэсэн автомашиныг миний өмчлөлд шилжүүлэн өгсөн болно. Гэвч хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсгийг зөрчин өмнө хэд хэдэн удаа моторыг бүтэн задалж засаж байсан биет байдлын доголдолтой автомашин арилжсан болох нь унаж байх үед ил болсон. Тухайн автомашиныг унаад 7 хоногийн дотор чэк асах болсон удалгүй мотор чанга дугарч ус нь халах болсон тул засварт үзүүлэхэд 3 цилиндр ажиллахаа болсон, киришиг эвдрэлтэй байсан. Одоогоор тухайн автомашин нь асж байгаа боловч цагт 20 км-с хурд авахаа болж хүчгүй болж шууд унтрах болсон. Засварын газрын зүгээс эхний ээлжид хэвийн ажиллуулахын тулд моторыг шинээр солих шаардлагатай материал засварын хөлс зэрэг нийт 4.590.300 төгрөг болж байгаа болно. Миний зүгээс ямар нэгэн биет байдлын доголдолгүй бүрэн бүтэн автомашин өгсөн боловч хариуцагчийн өгсөн авто машиныг өдөр тутамдаа ашиглах ямар ч боломжгүй байна. Иймд хариуцагчаас дээрх автомашиныг биет байдлын доголдолгүй болгон засварлах шаардлагатай зардал болох 4.590.300 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Миний бие нь хариуцагчаас 4,590,300 төгрөг анх нэхэмжилсэн. Одоо 4,058,000 төгрөг болж буурч нэхэмжилж байна. Энэ шалтгаан нь машиныг бүрэн засуулж гарсан мөнгөн дүн болно.

4 590 300 төгрөг гаргуулах гэж байгаад одоо 4 058 000 төгрөг гаргуулна. Учир нь машины моторыг бүрэн солиулсан хөлсийг нэхэж байгаа юм. Өмнө нь засуулаагүй байсан тул одоо засуулсан хөлсөө нэхэж байгаа юм. Би анх мессенжерээр гэмтлийн талаар хэлэхэд бензинээ боль гэж байсан. 3 хэлээд болохгүй байхаар нь засварт үзүүлсэн. Ингэхэд намайг блоколсон байсан гэв.

 

Хариуцагч Ц.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.С миний бие нэхэмжлэлийн шаардлага буюу засах үнэ, засварын зардлын 4.590.300 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ө.Ц бидний хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заагдсанаар арилжааны гэрээ хийгдэн автомашинуудыг солилцсон. Миний унаж явсан ******* УБТ улсын дугаар бүхий LEXUS GS450H маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн машин нь бүрэн бүтэн замын хөдөлгөөнд ямар нэгэн саадгүй оролцдог, биет байдлын доголдолгүй байсан. Тухайн үед зүгээр ажиллаад явсан машиныг унаж хэрэглэсний дараа ийм гомдол гаргаж байгаад би эргэлзэж байна. Хэрэв 7 хоногийн дараа эвдрэл гарсан бол нэн даруй надад мэдэгдэж хамтдаа засварын газар очиж үзүүлэх бүрэн боломжтой байв. 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш одоо бүтэн 3 cap өнгөрлөө мөн яг засуулсан гэсэн баримт байхгүй зүгээр засварын үнийн саналаар надаас 4.590.300 төгрөг нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Яг ямар эвдэрэл юунаас болж үүссэн хэзээ эвдэрсэн зэргийг тогтоосон байх ёстой билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоогоор би ийм их хэмжээний мөнгө төлөх төлбөрийн чадваргүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 2-т заахдаа ....хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэсэн. Уг эд хөрөнгийн зориулалт нь хүн сууж явах суудлын буюу явган зорчигчийг зөөх зориулалт бүхий автомашин юм. Зориулалтын дагуу л ашиглагдаж байсан гэж би үзэж байна гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрдөггүй. Машины арилжааны гэрээгээр үзээд авсан. Тэр даруйд нь гэмтлийн талаар хэлээгүй. Хариуцагч нь бас бензин голоод байдаг, бензинээ соливол зүгээр машин гэдэг. Нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлоогүй тул шүүх анхаарах байх. Арилжааны гэрээ хийгдсэн талаар маргаагүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ө.Ц нь арилжааны гэрээний зүйлийн биет байдлын доголдлыг арилгах зардалд 4,590,300 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад доголдлыг арилгасан зардалд 4,058,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.

 

            Хариуцагч Ц.С нь арилжааны гэрээний дагуу авто машин авч, өгсөн талаар маргаагүй боловч өөрийн өгсөн авто машиныг биет байдлын доголдолгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/ Уг гэрээгээр хариуцагч Ц.С нь *******УБТ улсын дугаартай 10,000,000 төгрөгийг үнэ бүхий Лексус GS450H маркийн авто машин, нэхэмжлэгч Ө.Ц нь *******УБЧ улсын дугаартай, ижил үнэ бүхий Тоёота Приус маркийн авто машиныг тус тус гэрээний нөгөө талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Энэхүү үйл баримтын талаар болон гэрээний дагуу авто машин өмчлөлд шилжсэн талаар хэн аль нь маргаагүй.

 

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээний талууд тодорхой эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний холбогдох зохицуулалт хамаарна. Мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т зааснаар талууд нь арилжиж буй эд хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч буй эд хөрөнгийн хувьд худалдан авагч юм.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

            Зохигч арилжааны гэрээний зүйлийн эрхийн зөрчлийн талаар маргаагүй.

 

            Харин нэхэмжлэгч нь өөрийн хүлээн авсан *******УБТ улсын дугаартай Лексус GS450H маркийн авто машин нь биет байдлын доголдол буюу хөдөлгүүр солих зайлшгүй шаардлагатай байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох засварыг хийлгэж, 4,058,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарласан.

            Хариуцагч нь уг авто машин нь биет байдлын доголдолгүй бөгөөд хүлээн авснаас хойш 2-3 сарын дараа энэ талаар мэдэгдсэн тул хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч нь маргаж буй *******УБТ улсын дугаартай Лексус GS450H маркийн авто машиныг хүлээн авсны дараа гэмтлийн талаар хариуцагчид мэдэгдсэн боловч хүлээн аваагүй гэж тайлбарласан бол хариуцагч нь гэмтлийн талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн бол хамт засварын газар очих байсан гэж маргасан. Гэвч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй.

            Харин зохигчид 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр арилжааны гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь мөн оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэгч нь анх  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “*******” ХХК-ний засварын зардлын талаарх нэхэмжлэхийг хавсаргаж ирүүлсэн бөгөөд энэхүү нэхэмжлэхэд хөдөлгүүрийн үнэ болон түүнийг солихтой холбогдох зардлыг тусгасан байна. /хэргийн 5 дугаар тал/ Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь авто машины доголдлын талаар хариуцагчид мэдэгдэж байсан бөгөөд хүлээн аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

 

            Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин техникийн үзлэг хийлгэсэн байх бөгөөд энэхүү үзлэгээр хөдөлгүүр солих шаардлагатай болох нь тогтоогдсон байна. /хэргийн 37-52 дугаар тал/ Тодруулбал, хэргийн 50 дугаар талд байх баримтад тухайн авто машины хөдөлгүүрийг солих шаардлагатай талаар дурдсан байна.

 

            Хариуцагч нь уг авто машиныг өмнө нь техникийн үзлэгт оруулсан тул биет байдлын доголдолгүй гэж маргасан. Гэвч хариуцагчийн өөрийн тайлбарыг нотлохоор шүүхэд гаргасан баримтыг үзвэл 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу арилжааны гэрээ байгуулагдахаас өмнөх үйл явдал байх бөгөөд засвар үйлчилгээний дэвтрийн үзлэгээр тогтоосон онош хэсэгт тэмдэг дарагдаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. /хэргийн 90-102 дугаар тал/ Үүнээс гадна хариуцагчийн гаргасан эдгээр баримтын мөнгөн дүн зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

 

            Эдгээр баримтыг харьцуулан судлаад арилжааны гэрээний дагуу хариуцагчийн хүлээлгэн өгсөн *******УБТ улсын дугаартай Лексус GS450H маркийн авто машиныг биет байдлын доголдолтой байсан гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгөний доголдлыг арилгахад гарсан зардлаа худалдагчаас шаардах эрхтэй. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар авто машины хөдөлгүүрийн доголдлыг тухайн үед мэдэх боломжгүй юм. Үүнээс гадна авто машиныг хүлээлгэн өгөх үед техникийн үзлэг хийлгээгүй гэж зохигч хэн аль нь тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******УБТ улсын дугаартай Лексус GS450H маркийн авто машиныг засуулж, улмаар 4,058,000 төгрөгийн зардал гарсан талаарх “Mind” авто сервисийн зарлагын баримтыг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 87 дугаар тал/

            Хэдийгээр энэхүү зарлагын баримтын дагуу төлбөр төлсөн санхүүгийн анхан шатны баримтыг ирүүлээгүй боловч уг баримтад дурдсан үнэ бүхий зүйлийг эд хариуцагч хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурж, тэмдэг дарагдсан байна. Мөн уг эд зүйлийг хүлээн авсан этгээдэд нэхэмжлэгчийн нэрийг дурджээ.

            Иймд нэхэмжлэгчийг маргаж буй авто машиныг засварлуулахад 4,058,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэхээр байна.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ц.С-аас 4,058,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ц-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД