Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00069

 

МАГАДЛАЛ

2020.01.04 Дугаар 69

 

 

 

 

 

 

Ө.Цын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03632 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ст холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 590 300 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх худалдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл арилжааны гэрээг байгуулж автомашин сольсон. Миний зүгээс өөрийн өмчлөлийн тоёото приус 30 маркийн 94-45 УБЧ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг Ц.Сын өмчлөлд, Ц.С нь Лекус GS 450 H маркийн 48-86 УБТ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг миний өмчлөлд шилжүүлсэн. Гэвч Ц.С хэд хэдэн удаа моторыг задалж засаж байсан биет байдлын доголдолтой автомашин шилжүүлсэн болох нь унаж байх үед илэрсэн. Засварын газарт үзүүлэхэд 3 цилиндр ажиллахаа больсон, кришиг эвдрэлтэй байсан. Тухайн автомашин асаж байгаа боловч цагт 20 км илүү хурдтай явах боломжгүй хүчгүй болж унтрах болсон. Засварын газар үзүүлэхэд мотор солих, засварын ажиллагаа хийгдэх хөлсөнд 4 590 300 төгрөг төлөх шаардлагатай тул уг мөнгөн хөрөнгийг Ц.Саас өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Цын өмчлөлд шилжүүлсэн Лекус GS 450 H маркийн 48-86 УБТ улсын дугаар бүхий 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашин нь биет байдлын доголдолгүй замын хөдөлгөөнд саадгүй оролцож байсан. Автомашиныг унаж хэрэглэсний дараа ийм гомдол гаргаж байгаад эргэлзэж байна. Хэрэв 7 хоногийн дараа эвдрэл гэмтэл гарсан бол нэн даруй мэдэгдэж хамт засварын газар очиж үзүүлэх бүрэн боломжтой байсан. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш одоо бүтэн 3 сар өнгөрөхөд засуулсан гэсэн баримт байхгүй зүгээр засварын үнэ 4 590 300 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Цогтбаатарын Сандуйжав /рд:СТ93121510/-аас 3 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нирун овогт Өлзийн Цогт/рд:УХ94083031/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 090 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Цоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 717 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 3 500 000 төгрөг төлөх боломж байхгүй. Хэн аль нь автомашинаа 10 000 000 төгрөгөөр үнэлсэн. Ө.Ц автомашиныг шилжүүлэн авч хэрэглэсний дараа их хэмжээний засварын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ө.Цын нэхэмжлэлийг үндэслэн маргааныг шууд шийдвэрлэсэн. Автомашиныг бодитоор засуулсан бол асуудал өөрөөр яригдах байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Ц нь хариуцагч Ц.Сд холбогдуулан Лекус GS 450H маркийн автомашиныг засуулах зардалд 4 590 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талууд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл арилжааны гэрээг байгуулж, гэрээний А тал болох Ц.С нь өөрийн өмчлөлийн Лекус GS 450H маркийн 2007 онд үйлдвэрлэсэн, 48-86 УБТ улсын дугаартай автомашиныг Б тал болох Ө.Цод шилжүүлэх, Ө.Ц нь өөрийн өмчлөлийн Тоёото приус маркийн 2010 онд үйлдвэрлэсэн 94-45 УБЧ улсын дугаартай автомашиныг Ц.Сын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Ц нь Лекус GS 450H маркийн автомашины доголдлыг арилгахад 4 590 300 төгрөг шаардлагатай гэж тайлбарлан анхан шатны шүүх хуралдаанд Акума-Эрин ХХК болон Твин пи сервис ХХК-ийн нэхэмжлэх болон засвар үйлчилгээний дэвтрийн хамт 5 хуудас нотлох баримт өгснийг шүүх хариуцагчид танилцуулаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасанд нийцэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.С нь дээрх баримттай танилцаж, үүнтэй холбоотой няцаасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлэх боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 71 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА