Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00993

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00927 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Ц-ын хариуцагч Ц.С-т холбогдуулан гаргасан арилжааны гэрээний зүйлийн биет байдлын доголдлыг арилгах зардалд 4 058 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.С-тай 2020 оны 05 сарын 08-ны өдөр “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ” байгуулж, Ө.Ц- нь өөрийн өмчлөлийн 94-45 УБЧ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн ZVW300136786 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн хариуцагч нь 48-86 УБТ улсын дугаартай Lexus GS450H маркийн 2007 онд үйлдвэрлэсэн автомашиныг Ө.Ц-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн болно.

Гэвч хариуцагч нь дээрх гэрээний 3.1-т заасныг зөрчин өмнө хэд хэдэн удаа моторыг бүтэн задалж засаж байсан биет байдлын доголдолтой автомашин арилжсан болох нь тогтоогдсон. Тухайн автомашинаар замын хөдөлгөөнд оролцоод 7 хоногийн дотор хэвийн бус ажиллагаатай нь мэдэгдэж, авто засварын газар үзүүлэхэд 3 цилиндр ажиллахаа болсон, киришиг эвдрэлтэй гэсэн. Тухайн автомашин нь асж байгаа боловч цагт 20 км-ээс дээш хурд авахгүй, шууд унтрах болсон. Автозасварын газрын зүгээс эхний ээлжид хэвийн ажиллуулахын тулд моторыг шинээр солих шаардлагатай ба материал, ажлын хөлс зэрэг нийт 4 590 300 төгрөг болно гэж байсан боловч бодитоор 4 058 000 төгрөгийн зардал гарсан. Доголдлын талаар мэдэгдэж байсан ба сүүлд фэйсбүүк хаягийг блоклосон байсан.

Иймд хариуцагчаас хүлээн авсан автомашиныг биет байдлын доголдолгүй болгон засварлах шаардлагатай зардал 4 058 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдаж, автомашинуудыг солилцсон. Ө.Ц-од хүлээлгэн өгсөн 48-86 УБТ улсын дугаар бүхий Lexus GS450H маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашин нь замын хөдөлгөөнд ямар нэгэн саадгүй оролцдог, биет байдлын доголдолгүй байсан. Хэвийн ажиллаж байсан автомашиныг хэрэглэснийхээ дараа доголдолтой гэж байгаад эргэлзэж байна. Хэрэв 7 хоногийн дараа эвдрэл гарсан бол нэн даруй хариуцагчид мэдэгдэж, хамт засварын газар очих бүрэн боломжтой байсан. 2020 оны 05 сарын 08-ны өдрөөс хойш 3 cap өнгөрсөн байхад засвар хийлгэсэн талаар баримтгүй, засварын үнийн саналаар 4 590 300 төгрөг нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Ямар эвдрэл юунаас болж хэзээ үүссэн зэрэг нөхцөл байдлыг тогтоох учиртай. Одоогоор энэ их хэмжээний мөнгө төлөх төлбөрийн чадваргүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт ...хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар зохицуулсан. Уг эд хөрөнгийн зориулалт нь хүн сууж явах суудлын буюу явган зорчигчийг зөөх зориулалт бүхий автомашин юм. Зориулалтын дагуу л ашиглагдаж байсан. Шатахууныг нь сольвол зүгээр байх. Нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.С-аас 4 058 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ц-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Ө.Ц-ын өмчлөлд дээрх автомашиныг шилжүүлэхээс өмнө нь замын хөдөлгөөнд саадгүй оролцож, ямар нэгэн биет байдлын доголдолгүй байсан ба тухайн үед нэхэмжлэгч шалгаж үзээд харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Энэ нь арилжааны гэрээ, засвар үйлчилгээний дэвтрийн үзлэгийн баримт, мөнгө тушаасан баримтаар тогтоогддог. Ө.Ц- нь автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлснээс 3 сарын дараа доголдол үүслээ гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан байтал нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ө.Ц- нь Lexus GS450H 48-86 УБТ улсын дугаартай автомашиныг засуулсан гэх төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул              4 058 000 төгрөгийг зардал гарсан гэж үзэхгүй байна.

Иймд тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.Ц- нь хариуцагч Ц.С-д холбогдуулан арилжааны гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгахад шаардлагатай зардал 4 590 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн гарсан бодит зардал 4 058 000 төгрөгийг гаргуулна гэжээ. /хх1, 110/

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ, “биет байдлын доголдолгүй автомашин хүлээлгэн өгсөн, үүнээс хойш 3 сарын дараа доголдолтой гэсэн нь үндэслэлгүй, эд хөрөнгө хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан, бодит зардал гарсан талаар баримтгүй байна” гэх агуулгаар тайлбарлаж, маргасан байна. /хх15/ 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 05 сарын 08-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ”, “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” /хх4/ зэргээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 48-86УБТ улсын дугаартай 10 000 000 төгрөгийн үнэ бүхий Lexus GS450H маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Харин дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээн авсан автомашин биет байдлын доголдолтой байсан эсэх, улмаар уг доголдлыг арилгахад нэхэмжлэгчээс зардал гарсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хэрэгт авагдсан “Засвар үйлчилгээний дэвтэр” /хх37-48/, “Акума-Эрин” ХХК-ийн “Нэхэмжлэх”, тус компанид явах эд ангийн оношилгоо хийлгэсэн төлбөр төлсөн баримт /хх50-52/ “Маянд” автосервисийн “Зарлагын баримт”-уудыг талуудын гаргасан тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, маргаан бүхий автомашиныг биет байдлын доголдолтой буюу мотор солиулах, түүнтэй холбоотой ажлын хөлсний зардал зэрэгт нийт 4 058 000 төгрөг гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр төлбөр төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч автомашинд хийсэн оношилгоо, засвар үйлчилгээний талаарх дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна. 

 

Түүнчлэн, автомашины мотор хэсгийн доголдол нь мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарахгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 878 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                       

                                                ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                                                              Д.НЯМБАЗАР