Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00197

 

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00779 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01229 дүгээр магадлалтай,\                                                          

 Б гийн нэхэмжлэлтэй,

             Г д холбогдох

     Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбэх, түүний өмгөөлөгч Ч.Анар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Г д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00779 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б гийн нэхэмжлэлтэй Г д холбогдох бэлэлглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01229 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00779 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б  болон Г  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх улсын бүртгэлийн Г-1416000673 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 4124032162 дугаартай, Төв аймаг, Лүн сумын 3 дугаар баг, Төв Сувраганы шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...7.1.1 дэх” гэснийг “...7.1.2 дахь” гэж, “...70,200“ гэснийг “...140,400” гэж, “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 210/МА2023/01229 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо, урьд анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэгдэхэд авагдаж байгаагүй, хариуцагч талын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар гаргуулан авсан нотлох баримт болох, нэхэмжлэгч Б  нь өөрөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх болохыг сануулсны үндсэн дээр өгсөн мэдүүлэгтээ, зээлийг эргүүлж төлөхөөс гадна нэмж шагналд мөнгө төлнө, түүнийхээ оронд газар бэлэглэхээ илэрхийлснийг үндэслэл болгон хэлцлийн агуулгыг хожим хүлээн зөвшөөрсөн болохыг Иргэний хуулийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч Б  эрүүгийн журмаар гаргасан гомдол шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө: “10,000,000 төгрөг, нэмж шагналд 4,000,000 төгрөг өгнө" гэсэн нь гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл, нотолгооны хэрэгслээр нотлогдсон байсан. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндсэн нотлох баримт болсон бөгөөд нэхэмжлэгч тухайн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах талаар нотолсон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, энэхүү шаардлага бүхэлдээ огт нотлогдоогүй тул нотлох баримтыг үнэлэх журмын дагуу хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, хянавал хэсгийн 4.2, 4.3-т дүгнэхдээ, “зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааны зүйл болж буй газрыг Г д шилжүүлсэн гэж үзэхээр байна, ... Г д үнэ төлбөргүйгээр бэлэглэх хүсэл зориггүй, үүнийг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байна” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн, хэрэгт хамааралтай үндсэн нотлох баримтыг үнэлэлгүйгээр, хэрэгт нотлогдоогүй үйл баримтыг хийсвэр байдлаар бий болгож дүгнэсэн дүгнэлт болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн хуулийн 172.2.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэх талаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайлбал, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргахдаа үнэлэлгүй бүхэлд нь орхигдуулсан, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудад:

 


Хэргийн 99 дэх талд 2018.02.09-ний өдөр Төв аймаг дахь цагдаагийн газарт Г гээс мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, "уг 10,000,000 төгрөгийг зээлэхдээ юу гэж хэлж авсан юм бэ?” гэх асуултад Г  хариулахдаа: “10,000,000 төгрөг зээлээч, өвсөө татаж зарчихаад тохирсон хугацаандаа мөнгийг чинь гаргаад өгнө, өвсөө татаж ирээд чамайг шагнана гэж гуйсаар байгаад авсан” хэмээн хариулсан баримт. Энэхүү мэдүүлэг нь Г гийн 2018.01.22-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт “Уугандаваа хугацаандаа мөнгийг чинь гаргаад өгнө, дээр нь 4,000,000 төгрөг нэмж өгнө гээд байсан юм” гэсэнтэй нийцдэг.

Монгол хэлний их тайлбар тольд “шагнал" хэмээх үгийг "Шан харамж болгож өгөх юм” хэмээн тайлбарласан. Монгол хэлний товч тайлбар тольд мөн үгийг “шагнаж олгох юм” хэмээн тус тус тайлбарласан байдаг. Иргэний хуулийн тусгай ангийн онолын тайлбарт бичсэнээр "бэлэглэлийн гэрээ нь хоёр талын гэрээ биш. Яагаад гэвэл бэлэглэлийн гэрээгээр зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээдэг. Бэлэглэлийн гэрээний элемент байна гэж үзэхийн тулд энэхүү гэрээний дагуу хүлээн авагч тал нь хариу үүрэггүйгээр хөрөнгөжих буюу хөрөнгө шилжүүлж авна гэдгийг анхнаасаа мэдэж байх явдал байдаг. Бэлэглэлийн зүйлээс хамаарч нотариатчаар гэрчлэгдэх хуулийн шаардлагыг хангаагүй бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна” гэж тайлбарлажээ. 2018.02.01-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-г Төв аймгийн Лүн сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн. Нотариатын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулах” ба Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1 дэх хэсэгт зааснаар “Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийг хийхдээ хууль, энэхүү зааврыг мөрдөнө” гэсэн тул гэрээ хэлцлийн үнэн зөвийг гэрчлэхэд, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална:

46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх;

46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх;

46.2.3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;

46.2.4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.

46.3.Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана” гэсэн үүргийг тусгайлан хүлээж гэрчилсэн үйл баримтыг дүгнэлгүй бүхэлд нь орхигдуулсан. Хариуцагч Г  энэхүү бэлэглэлээр шилжүүлэн өгч буй газар өмчлөх эрхийг иргэний ердийн ухамсар, сэтгэхүйгээр “шагнал” хэмээн ойлгож хүлээж авсан, Б нь ийнхүү шагнана гэдгээ өөрөө болон цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ байнга давтан илэрхийлсэн, тийнхүү өөрийн өмчлөлийн зүйл болсон хэмээх ойлголтдоо үндэслэн бусдад шилжүүлсэн боловч нэхэмжлэгч тал үүнийг хожим нь ямар нэгэн нотолгоогүйгээр, "зээлийн барьцаа, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой" мэтээр давж заалдах шатны шүүх тайлбарлан дүгнэсэн нь холбогдох нотлох баримтуудыг харьцуулан шинжилж дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх хянавал хэсгийн 4.1-т “нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сард бүрэн буцаан төлөхөөс өмнө буюу 2018.02.01-ний өдөр талуудын хооронд “Газар бэлэглэх гэрээ" байгуулагдсаныг тухайн бэлэглэлийн гэрээ халхавч хэлцэл гэж үзэх үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 66.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, буруу дүгнэлт болсон байна. Учир нь Иргэний хуулийн 41.2 дахь хэсэгт "Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана" гэж заасан бөгөөд Б  нь газар бэлэглэх гэрээг байгуулахдаа гаргасан идэвхитэй үйлдэл, шагнал болгож нэмж өгнө гэж удаа дараа мэдүүлсэн үйл баримт, түүнийгээ няцаах баримт гаргаж өгөөгүй зэргээс бэлэг, шагнал өгөх хүсэл зориг бодитой байсан нь нотлогдохоор байна. “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010.06.22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт “Хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан "хүсэл зориг" гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл" гэж ойлговол зохино”, 2.4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 42.41-т заасан “бусад этгээд” гэдэгт тухайн хэлцлийг гэрчлэх хуулиар бүрэн эрх олгогдсон этгээдийг ойлгоно" гэж, 5.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно”, 5.3 дахь хэсэгт “Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тус тус заасан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байдлаар дүгнэлт өгч, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэхдээ халхавч хэлцэл нь “Газар бэлэглэх гэрээ" гэж дүгнэсэн боловч Улсын дээд шүүхийн дээрх тайлбарт дурдсан ёсоор халхавчлуулж буй хэлцэл нь ямар хэлцэл болох талаар дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, халхавчлуулж буй хэлцэл нь өөрөө "шагнал" болгож өгөх хэлцэл байх тул бэлэглэлийн гэрээ болон шагнал өгөх агуулгын хооронд хүчин төгөлдөр бус байх түвшингийн ялгаа үүсэхээргүй байгаа нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулсан, үүгээрээ дээрх албан ёсны тайлбарын агуулга, шаардлагыг баримтлаагүй, өөрөөр тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т заасан үндэслэлд хамаарч байна. Давж заалдах шатны шүүх ийнхүү холбогдох албан ёсны тайлбарт тусгайлан дурдаж тусгасан агуулга, шаардлагыг баримтлахгүйгээр халхавчлуулж буй гэх хэлцлийн талаар дүгнэлт өгч чадаагүй нь энэхүү маргааны шийдэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, талуудын мэтгэлцээний хүрээнд нэг мөр дүгнэгдэхгүй үлдэх үр дагаврыг бий болгосон. Учир нь Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан бөгөөд ийнхүү халхавч ба халхавчлуулсан хэлцэл хийхэд хэний үйл ажиллагаа нөлөөлсөн, халхавчлуулсан хэлцэл хийгдсэн эсэх талаар дүгнэлгүй, хэргийн шийдэл ойлгомжгүй үлдсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох шийдэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байгааг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т заасныг удирдлага болгон магадлалаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон өөрчлөлт оруулсан тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01130 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбэхийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч нь хариуцагч Г д холбогдуулан “...Б  болон Г  нарын хооронд байгуулагдсан 2018.02.01-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, улсын бүртгэлийн Г-1416000673 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 4124032162 дугаартай, Төв аймаг, Лүн сумын 3 дугаар баг, Төв Сувраганы шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага гаргаж, үндэслэлээ “...Б  нь 2017 оны 11 сард Г гээс 10,000,000 төгрөгийг өвсөнд явж, худалдан борлуулан буцаан өгөх зорилготойгоор зээлж, өвсөнд явах ажил нь бүтэмжгүй болоход Б г залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үед 3,000,000 төгрөг өгсөн, үлдэгдлийг өгөх боломжгүй байхад Г  нь “...газраа шилжүүлээд өгчих, үлдэгдэл төлбөрөө төлсний дараа газраа буцааж авч болно” гэсний дагуу хүү У ын өмчлөлийн газрыг мөнгө зээлсэн зээлийн төлбөрт түр шилжүүлсэн, төлбөрөө төлсөн тул гэрээ хүчингүй, газрын өмчлөгчөөр тогтоолгоно” гэж тайлбарласан.

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, “... Б  нь 2017.11.21-ний өдөр Г гөөс 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж, шагналд нь 4,000,000 төгрөг өгнө гэсэн ч алга болсон тул 2019 оны 1 сард цагдаагийн газарт гомдол гаргасан, тэрээр зээлсэн мөнгөнийхөө оронд  энэ газрыг Г д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн газрыг 4,000,000 төгрөгөөр өгсөн. Өөрийн өмчлөлийн газраа 2020.03.31-ний өдөр Б.Сэргэлэн гэдэг хүнд зарсан” гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон  С  “...Төв аймгийн Лүн сумын 3 дугаар  баг, Төв Сувраганы шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбайтай газрыг 2020.03.31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу Г гээс худалдаж авсан. Дээрх газрыг худалдан авахад газрын хууль ёсны өмчлөгч нь Г  байсан бөгөөд тухайн газартай холбоотой ямар нэгэн маргаангүй, эрхийн зөрчилгүй байсан учраас миний бие холбогдох бүхий л баримт бичгийг хууль ёсны дагуу үйлдэж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргасан байна.

7.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талууд 2017.11.21-ний зээлийн гэрээг амаар байгуулж, 10,000,000 төгрөгийг Б  нэг сарын хугацаатай Г гээс зээлсэн, Г  нь Б г залилан мэхэлсэн гэж Төв аймгийн цагдаагийн газарт 2018.01.19-ний өдөр гомдол гаргасны дагуу шалгагдаж байх явцад 2018.02.01-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Б гийн хүү У ын нэр дээрх Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбай бүхий газрыг Г д бэлэглэсэн, зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн боловч Б  зээлийг төлөөгүй, улмаар мөнгө зээлүүлсний шагналд 4,000,000 төгрөг өгнө, төлбөрөө бүрэн төлсний дараа Г гийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж авахаар тохирсон боловч амлалтаа биелүүлээгүй, төлбөрөө дутуу төлсөн, дээрх газрыг хариуцагч бусдад худалдсан үйл баримт тогтоогджээ.

8.Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т ...Энэ хуулийн 56.1.1-56.1.4, 56.1.8 заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ... гэж заасан тул талуудын хооронд хийгдсэн газар бэлэглэх гэрээ нь хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. Г  нь дээрх бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг Б.Сэргэлэнд худалдсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлээр 101.1. дэх заалттай нийцэж байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.Давж заалдах шатны шүүх “...бэлэглэгч Б  нь газрыг бэлэг хүлээн авагч Г д үнэ төлбөргүйгээр бэлэглэх хүсэл зориггүй, үүнийг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар талууд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан” гэсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, харин маргааны зүйл болох газрыг хариуцагч Г  нь 2020.03.31-ний өдөр С тэй байгуулсан 0318 дугаартай, худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх Г гээс С д шилжсэн байх тул газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн хуулийн 172.2.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэх талаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх маргааны зүйл болж буй газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, зээлийн гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчлах үндэслэл, зорилгыг тогтоогоогүй, хэлцлээс үүсэх үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 11 сард мөнгө зээлсэн, шагнал өгөхөөр амласан, Б  тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс Г  цагдаагийн байгууллагад гомдол гаргаж нэхэмжлэгчийг шалгуулсан, нэхэмжлэгч нь хүү У ын нэр дээр байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2018.02.01-ний өдөр “Газар бэлэглэх гэрээ”-г хариуцагчтай байгуулснаар Г газрын өмчлөгч болсон үйл баримтууд тогтоогдсон, нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагыг 2020.10.21-ний өдөр шүүхэд гаргасан байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг болон амлалтын дагуу уг газрыг өмчлөлдөө авсан болохоо нотлож шүүхэд ирүүлсэн баримтуудыг нэхэмжлэгч үгүйсгэсэн баримт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч нь “Газар бэлэглэх гэрээ”-г үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хуульд заасан тусгайлсан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулсан, түүнчлэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох өөр бусад үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01229 дүгээр  магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН