Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/00514

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      2021         03         02

            182/ШШ2021/00514

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М

 

Хариуцагч: О.С

 

хашаа, байшин худалдаж авахаар шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөрт 3,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг бөгөөд 2016 оны 07 дугаар сард О.Саас 18,000,000 төгрөгөөр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 24 гудамж 434 тоот хаягт байрлах, хашаа байшинг худалдан авахаар тохиролцсон. Ингээд газрын төлбөрт 2017 оны 09 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 21-ний өдөр 6,400,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус дансаар, 1,200,000 төгрөгийг бэлнээр, нийт 12,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. 2017 оны 10 дугаар сараас хойш дээрх хашаа байранд амьдарч байгаад, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөөгдөн гарч, одоо айлын хашаа түрээслэн дамжин амьдарч байна. Иймд хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа тул хариуцагч О.Саас хашаа байшин худалдан авахаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.С хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд газрын төлбөрт шилжүүлсэн гэх 12,000,000 төгрөгөөс дансаар тодорхой хэмжээний мөнгө авч байсан. Бэлэн мөнгө аваагүй. Д.М, Б.Б нарт хашаа байшингаа худалдахаар болж 2017 оны 10 дугаар сарын 4,5-ны үед өөрийн амьдарч байсан байшингаа суллан өгч, хажуу дахь байшиндаа орсон. О.Сын том охин болох н.Баярцэцэг сэтгэцийн өөрчлөлттэй, байнгын эмчийн хяналтад байдаг ба хариуцагч болон дүү нар нь хичээлдээ явах үед гэртээ ганцаараа үлддэг. Д.Мийн нөхөр Б.Б нь О.Сын охиныг жирэмсэн болгосон байсан, энэ хэрэгтээ 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.  Мөн Б.Б, Д.М нарыг олон нялх хүүхэдтэй хүмүүс хариуцагчийн талийгаач нөхрийн нэр дээр байсан Соната 5 маркын авто машиныг та хоёр үнэ тохироод ав, эхний ээлжинд хүүхдийн сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг өгчих гэсэн боловч үүнээс өөр мөнгө өгөөгүй. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж хэлцэл хийгдсэн боловч, Д.Мийн нөхөр болох Б.Бийн буруутай үйлдлээс болж хариуцагчид хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 

Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тухайн амьдарч байсан байрандаа ачаа бараагаа үлдээгээд, цоожлоод явсан. Хүний тавилга, эд хогшил зэргийг гаргах боломжгүй байсан учраас хашаа байрыг суллаж өгөхийг шаардсаны эцэст 2018 оны 03 дугаар сард ирж хашаа байшингаас тавилга эд хогшлоо авч, дахин цоожлоод явсан. Д.М нь гэрээнээс татгалзсан боловч О.С нь байраа бусдад хөлслүүлээд орлого олох боломжийг олгоогүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.5-д заасны дагуу учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймд Д.Мээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300,000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3,900,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ер нь энэ гэрээг Б хийсэн ба М хийгээгүй, М нэхэмжлэх эрхгүй юм. Дансаар мөнгө орж ирсэн боловч Мийнх гэдэг нь мэдэгддэггүй. 2 сая төгрөг өгсөн боловч тэр нь эрүүгийн хэргийн хохиролд тооцогдсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч О.Ст холбогдуулан хашаа байшин худалдах, худалдан авах гэрээний дагуу дансаар шилжүүлсэн 10,800,000 төгрөг, бэлнээр 1,200,000 төгрөг өгсөн гэж нийт 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, О.С нь Д.Мт холбогдуулан хашаа байшингаа түрээслэн олох ёстой байсан орлого 3,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч худалдах, худалдан авах хэлцэл нь Д.Мтэй хийсэн хэлцэл биш, тэрээр нэхэмжлэх эрхгүй, Д.Мийн нөхөр Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

Д.М Б.Б нар гэр бүлийн гишүүд байсан ба хүүхдүүдийн хамт О.Сын хашаа байшинг худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд мөнгө шилжүүлж, хүүхдүүдийн хамт тухайн хашаа байшинд ирж амьдарсан байдал тогтоогдож байна. Д.Мийн Хаан банк дахь *** тоот данснаас О.Ст 2017 оны 09 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 21-ний өдөр 6,400,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөгийг, нийт 10,800,000 төгрөг шилжсэн нь дансны хуулгаас харагдаж байна.

 

Б.Б нь О.Сын охиныг жирэмсэн болгон эрүүгийн хэрэгт шалгагдсанаас болж тэд муудалцан 2018 оны 04 дүгээр сард Д.М хүүхдүүдийн хамт хашаа байшингаас явж, Б.Б 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, одоо дээрх хашаа байшин хариуцагчийн эзэмшилд байна.

 

Хариуцагч хашаа байшин худалдах худалдан авах тохиролцоог Б.Б хийсэн, Д.Мийг оролцоогүй гэж тайлбарлах боловч тухайн үед Д.М Б.Б нар гэр бүлийн гишүүд байсан ба гэр бүлийн гишүүдэд дундаа эзэмшиж ашиглах хашаа байшинг худалдан авахад Д.Мийг оролцоогүй гэж үзэх боломжгүй, тэд хүүхдүүдийн хамт О.Сын хашаа байшинд ирж суурьшсан, түүнчлэн мөнгийг Д.М төлсөн байдал тогтоогдож байна. Д.М Б.Б нар одоо салсныг нэхэмжлэгч тайлбарладаг ба хашаа байшин худалдан авахаар хариуцагчид шилжүүлсэн мөнгийг Д.М нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан ба талуудын хашаа байшин худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцэл нь бичгээр хийгдэж, нотариатаар гэрчлэгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заажээ.

 

Д.Мийн О.Ст дансаар шилжүүлсэн 10,800,000 төгрөг нь хашаа байшин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн 10,800,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна. Хашаа байшин О.Ст үлдсэн байна.

 

Харин Д.М О.Ст хашаа байшингийн үнэнд бэлнээр 1,200,000 төгрөг өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас 2 сая төгрөг өгсөн, энэ нь эрүүгийн хэрэгт өгсөн хохирлын мөнгө гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан хариуцагч О.Саас 10.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мт олгож, 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч О.С нь хашаа байшингаа түрээслэн олох ёстой байсан орлого 3,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөг, хариуцагч О.Сын сөрөг нэхэмжлэлд төлсөн 77,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Саас 187,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   С. БУД