Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00202

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 206/МА2023/00022 дугаар магадлалтай,

Б-ын нэхэмжлэлтэй

Ч-т холбогдох

... газрыг Ч-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... газрын өмчлөгчөөр Ч-ийг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагч Ч, хариуцагчийн өмгөөлөгч Т, Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б-аас хариуцагч Ч-т холбогдуулан ... газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус газрын өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар .... газрыг Ч-ийн эзэмшлээс чөлөөлүүлж,

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ... газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай Ч-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б, хариуцагч Ч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож шийдвэрлэжээ.

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 206/МА2023/00022 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ч-ийн” гэснийг “Ч-ийн хууль бус” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б нь ... газрын хууль ёсны өмчлөгч болох нь кадастрын зураг, 2020.04.20-ны өдрийн 00041003 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.02.28-ны өдрийн 000473895 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагч Ч миний бие тухайн маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь би тухайн газрын шударгаар Иргэний хуулийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан гэж маргаж мэтгэлцэж байгаа бөгөөд энэ үндэслэлээ нотлохоор шүүхэд нэр бүхий гэрчүүд болох ... мэргэжилтэн Бо, худалдах-худалдан авах гэрээг Ч-той хийсэн Ба, бэлэглэлийн гэрээг Б-тай хийсэн гэж газрын албанд өргөдөл бичиж өгсөн Бл нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байхад хүсэлтийг хангахгүй шийдвэрлэснээс хариуцагч дээрх татгалзал тайлбараа нотлох боломжгүй болж Иргэний хуулийн 25.2.2, 38.1, 38.6 дахь хэсэгт заасан эрхийг хангаагүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт гэж байж болохгүй гэж заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн “...нэхэмжлэгчийн гаргасан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна” гэж дүгнээд хариуцагчийн шүүхэд нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж дотоод итгэлээрээ үнэлэн хэргийн бодит байдлыг тогтооно. Хэргийн бодит байдлыг үнэн зөв бүрэн гүйцэд тогтоосны дараа хууль зүйн дүгнэлтийг хийж шийдвэрээ гаргадаг.

Гэтэл хэргийн бодит байдлыг бүрэн тогтооход тухай гэрчийн мэдүүлгүүд ач холбогдолтой, хамааралтай байсан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хууль ёсны өмчлөгч буюу тухайн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар олж авсан этгээдийн хэрэгжүүлэх шаардах эрх байдаг. Өөрөөр хэлбэл тухайн өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд байна.

Харин нэхэмжлэгч Бын нэр дээр газрын гэрчилгээ байгаа боловч тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа хуурамч нотлох баримт бүрдүүлэн гаргуулж авсан байх магадлалтай тул энэ талаарх нотлох хүмүүс нь Бо, Бл, Ба нар байсан.

Маргаан бүхий газрыг анхны өмчлөгч этгээд нь Б байна гэж дүгнэсэн бөгөөд хэрвээ хэний ч эзэмшил өмчлөлийн газар анхнаасаа биш байсан бол газрын хувийн хэрэгт авагдсан Бл З нарын Бт тухайн газрыг олгоход татгалзах зүйлгүй, бэлэглэлийн журмаар өгч байна гэсэн өргөдлийг үндэслэн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргасан үйл баримтын талаар нэг ч дүгнэлт хийгээгүй байж нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг л үнэлж хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайн газрын гэрчилгээг Б Иргэний хуульд заасан гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан уу эсхүл өөр хуульд заасан бусад үндэслэлээр шилжүүлж авсан уу гэдгийг газрын албаны мэргэжилтэн Богаас асуух нь хэрэгт ач холбогдолтой байсан.

-Тухайн газрыг Ч худалдан авсан болохыг тухайн үед нэхэмжлэгч Б, гэрч З нар мэдсэн, хүлээн зөвшөөрч байсан,

-Газрын гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргалгүй олон жил болсон шалтгаан нь Газрын албаны мэргэжилтэн Богийн үйлдэлтэй холбоотой гацаж байсан эсэх,

-Худалдах худалдан авах гэрээг тухайн үед хийх эрх бүхий этгээд нь Ба мөн байсан эсэх,

-Газар болон байшинг хамтад нь худалдсан эсэх.

Дээрх маргаж буй үйл баримтыг тогтоосноор тухайн газрыг өмчлөх эзэмших эрхийг хариуцагч нь шударгаар олж авсан бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг мэдсээр байж хуйвалдан гэрчилгээ гаргуулан авч байгаа нь нотлогдох байсан.

Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тодруулахаар гэрч Ба, Газрын албаны мэргэжилтэн Бо, Бл нарыг асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон нь хариуцагчийн мэтгэлцэх, нотлох баримтыг шүүхээр гаргуулах эрхийг ноцтой зөрчиж хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох боломжгүй болгосонд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан газрын албаны болон улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Б нь З болон Бл нараас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан тул гэрчилгээг Бын нэр дээр гаргаж өгөхийг хүссэн баримт авагдсан байдаг.

Дээрх хүсэлтийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн байгаа бөгөөд энэхүү бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлсэн эсэх, гэрчилгээгүй газар энэ олон жил хариуцагч Чийнх амьдарч байхад энэ талаар судлалгүй яагаад нэхэмжлэгчид гэрчилгээ гаргуулсан зэрэг асуудлыг газрын албаны мэргэжилтэн Богаас асууж тодруулах нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх нотлох баримт болж чадах байсан.

Мөн гэрч З нь тухайн газар анхнаасаа миний өмчлөлийн газар байсан, ах Ба худалдах-худалдан авах гэрээ хийх эрхгүй байсан. Тухайн газрыг зарсан гэдгийг тухайн үед мэдээгүй, 2-3 жилийн өмнө мэдсэн. Бт газар шилжүүлж өгсний дараа манай ээжид мөнгө өгсөн гэх утгатай мэдүүлэг өгдөг бөгөөд энэ үйл баримтыг үгүйсгэхээр Баийг гэрчээр асуулгах хүсэлт мөн шүүхэд гаргахад өмнө гаргах боломжтой хүсэлт гэж үндэслэлгүйгээр татгалзсан.

Тухайн гэрчийг асуулгах хүсэлтүүдийг гэрч З, Бичигтбагийн Засаг дарга, Улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хэрэгт шинээр цугларсантай холбоотойгоор нэмж гаргасан бөгөөд дээрх баримтууд хавтаст хэрэгт цугларснаас 5 хоногийн дотор хүсэлтээ гаргасан байхад үндэслэлгүйгээр татгалзсанд гомдолтой байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...105 тоотод байрлах байшинг УАЗ-469 машинаар сольж худалдаж авсан байна, ...Ба байшинг худалдах үед байшин түүний өмчлөлийн байшин биш, төрсөн ах Згийн өмчлөлийн байшин байжээ. Ч нь газрыг байшингийн хамт худалдаж авсан гэж тайлбарласан ч тухайн үед газрын эзэмшигч, өмчлөгчөөр хэн ч бүртгэгдээгүй байна.” гэж дүгнэсэн бөгөөд тухайн гэрчилгээг Б нь ямар арга замаар олж авсан үйл баримтын талаар нэг ч дүгнэлтийг хийгээгүй нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нэхэмжлэгч болон зарим нэг гэрчүүд, цаашлаад газрын албаны мэргэжилтнүүд хуйвалдаж тухайн газрын гэрчилгээг гаргуулсан байх магадлалтай буюу шударга өмчлөгч, эзэмшигч биш байх магадлалтай гэж маргаж мэтгэлцэж байхад энэ талаар нэг ч дүгнэлт хийлгүйгээр шууд гэрчилгээ нэхэмжлэгч Бын нэр дээр байгаа тул тэрл шударга эзэмшигч, өмчлөгч гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг баримталж хуулийг буруу тайлбарласан өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргасан Б нь аав ээжийнхээ хамт тухайн хашаанд амьдарч багаад 2011 онд манайхыг тухайн хашаанд нүүж очиход хашааг сайн дураараа чөлөөлж өгч байсан. Тухайн хашааг манайх худалдаж авч байгааг бүрэн мэдэж байсан. Хашааны газрыг надад мэдэгдэлгүйгээр хоорондоо хуйвалдаж нэгэндээ шилжүүлж авсныхаа дараа над руу залгаад 8,000,000 төгрөг өгье хашааг буцааж худалдаж авмаар байна гэхэд нь би зөвшөөрөөгүй.

Гэтэл энэхүү хашааг худалдсан этгээдүүд болон нэхэмжлэгч нар нь миний хууль мэдэхгүй байдлыг ашиглан хоорондоо хуйвалдаж, багийн Засаг даргаас хуурамч тодорхойлолт гаргуулж аваад Газрын албан дээр очиж газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авчихаад одоо намайг хашаанаас хөөж байгаа нь дэндүү ёс суртахуунгүй үйлдэл болж байна. Хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу би гэр бүлийнхээ хамт тухайн газрыг худалдан авч 11 жилийн туршид амьдарч байна.

Иймд ... газрын өмчлөгчөөр Б намайг мөн болохыг тогтоолгохын тулд хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоосноор хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэх учраас гэрчээр Ба, Бо, Бл нарыг асуулгах хүсэлтийг хангахаас үндэслэлгүй татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Ч-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.09.22-ны өдрийн 001/ШХТ2023/00982 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Миний бие ...газрын эзэмшигч болсон, улмаар 2022.02.28-ны өдөр ... дугаар гэрчилгээгээр тус газрын хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Ч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, тухайн газарт ямар нэг хамааралгүй атлаа миний өмчлөлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж уг хашаанд амьдарч байна, иймд тус газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү...” гэж тодорхойлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч Ч тайлбартаа: “...тус хашааг 2011 онд Батэй аман тохиролцоо хийж, өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн ... ХОА улсын дугаартай автомашинаар сольж худалдаж авсан, тухайн үед Б тус хашаанд амьдарч байгаад хашааг худалдаж авсныг хүлээн зөвшөөрч, ямар нэг гомдол гаргалгүй, суллан нүүж чөлөөлж өгсөн, Ба, Б нар нь ах дүү, төрөл садан хүмүүс бөгөөд хашаагаа зарсныг мэдсээр байж үгсэн хуйвалдаж, намайг хохироохыг санаархаж байгаа нь илт залилан мэхлэх шинжтэй бөгөөд нэхэмжлэгч нь хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд Газрын алба, үл хөдлөх бүртгэлийн албатай хуйвалдаж, гэрчилгээ гаргуулж авснаар надаас хашааны газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргаж, улмаар сөрөг нэхэмжлэл гарган, “...2011 онд уг хашааг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, хашааны эзэмшигчийн нэрийг шилжүүлэх гэхээр нэр дээр байх хүн нь Улаанбаатар хотод байгаа гээд шилжүүлж өгөхгүй явсаар байсан, ...ах дүү нар хоорондоо хуйвалдаж, газар өмчлөх эрхийг надад мэдэгдэлгүйгээр Бт шилжүүлж өгсөн байх тул тус хашааны газрын өмчлөгч нь  Ч намайг  мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 8. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаж буй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Бын нэхэмжлэлийг хангаж, тус хашааны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр, магадлалыг хариуцагч Ч эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хянаж, гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

9. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Ч 2011 онд Батэй аман хэлцэл хийж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ... газрыг өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн ... ХОА улсын дугаартай автомашинаар сольж, худалдаж авсан, энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт тухайн хаягт амьдарч байгаа, нэхэмжлэгч Б 2020.04.20-ны өдрийн Иргэний газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээгээр тус хаягт байрлах нэгж талбарын газрыг гэр, орон сууцны хашааны  зориулалтаар эзэмших эрхтэй болж, улмаар 2022.02.28-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээгээр тус газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

10. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Б нь тус газрын өмчлөгч болох нь баримтаар нотлогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

11. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

11.1 Нэхэмжлэгч Бын хариуцагч Чт холбогдуулан гаргасан ... газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасанд хамаарч байгаа талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

11.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна  тухайн газрыг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага хангагдана.

Нэхэмжлэгч Б маргааны зүйл болсон газрын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон байна.

Хариуцагч Ч тухайн хашааг 2011 оноос хойш эзэмшиж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсхүл хууль бус болохыг шүүх тогтоох учиртай, хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

11.3. Хариуцагч Ч нь “...2011 онд тус хашаанд амьдарч байсан Баээс уг хашаа бүхий газрыг автомашинаар сольж, худалдан авсан, ...хашааны бичиг баримтыг Ба шилжүүлж өгөөгүй тул бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй...”  гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан баримтаар Ба, Ч нарын хооронд эд хөрөнгө  харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохирч, Ба хашаа бүхий газрыг Чийн эзэмшилд, Ч УАЗ-469 маркийн автомашиныг Баийн эзэмшилд тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Маргааны зүйл болсон ... хашааг 2007 оноос З эзэмшиж байсан ба хариуцагч Ч хашаа бүхий газрыг худалдаж авах үед Згийн төрсөн эх Д, төрсөн ах Ба нар тус хаягт амьдарч байсан, 2011 онд Ба нь хашаа бүхий газрыг Чийн эзэмшлийн автомашинаар арилжсан талаар гэрч Д, Ба нар мэдүүлсэн бөгөөд тэдний энэ тохиролцоог тухайн үед З мэдэж байсан байна.

Үүнээс хойш хариуцагч Ч тус хашаа бүхий газрыг эзэмшиж, өнөөдрийг хүртэл 12 жил амьдарч байгаа тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй, хууль ёсны  гэж үзнэ.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.

 11.4.  Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул ... газрыг хариуцагч Чийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Бын нэхэмжлэлийг хангахгүй.

12. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

  Хариуцагч Ч ... газрын өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэдийгээр хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзсэн боловч “өмчлөгчөөр тогтоолгох” хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан зохицуулалтыг зөрчинө.

Нэхэмжлэгч Б нь маргаж буй газрын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-1617005158 дугаарт бүртгэж, 2022.02.28-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000473895 дугаар гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Дээрх улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

Газар өмчлөх харилцаа нь нийтийн эрх зүйн шинжийг агуулж, Иргэний хуулиас бусад хуулиар зохицуулагдах нь нийтлэг тул газар өмчлөх эрхийг олгосон төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, мэдээлэлгүйгээр газар өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэхээр шууд тогтоох боломжгүй.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хүчин төгөлдөр байдал, өмчлөх эрхийг хүчингүй болгох асуудлаар нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийг маргаж буй газрын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг өөрчилнө.

13. Харин өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсний дараа хариуцагч нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд дээр дурдснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 206/МА2023/00022 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ... газрыг хариуцагч Ч-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар маргаж буй хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагч Ч-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...үлдээж, хариуцагч Ч-оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгосугай.” гэснийг “...үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтын хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Чийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ч-оос 2023.06.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД