Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

                        

  2020           7             7                                           2020/ДШМ/880

 

Н.Т, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч И.Чимэдбадам,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,

шүүгдэгч Н.Т, Б.Н нарын өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Т, Б.Н нарт холбогдох 1908021361756 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Оргил овгийн Намжилын Т, 1973 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Алтан-Өлгийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1051 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Түмэн овгийн Баярмаагийн Н, 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Н.Т нь Б.Нтай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 30 дугаар гудамжны 16 тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Hisense” загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нандинцэцэгт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Тоёота Спринтер” загварын 24-97 УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Б.Н нь Н.Ттай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны нутаг дэвсгэр, Одонтын 30 дугаар гудамжны 16 тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Hisense” загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нандинцэцэгт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Тоёота Спринтер” загварын 24-97 УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Т, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Оргил овгийн Намжилын Т, Түмэн овгийн Баярмаагийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Нын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Б.Нандинцэцэг, иргэний нэхэмжлэгч “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт буюу С.Долгорсүрэнд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тус хэрэгт 24-97 УНН улсын дугаартай “Toyota Hisense” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийг хэрэгслийг эзэмшигч А.Ишжамцад буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800.000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Таас 400.000 төгрөг, шүүгдэгч Б.Наас 400.000 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 320.000 төгрөг буюу шүүгдэгч Н.Таас 220.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Наас 100.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Н.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдолдоо: “Миний бие жирийн малчин айлд төрж өссөн, муу зуршилгүй, бага боловсролтой. Өндөр настай ээжийн хамт амьдардаг. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний энэ байдлыг харгалзаж үзэж, надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Т нь орон байранд нэвтрэн Д.Нандинцэцэгт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч Д.Нандинцэцэгт Nisense загварын зурагтыг биетээр хүлээлгэн өгсөн. Гэмт хэргийн улмаас “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт 320.000 төгрөгийн хохирол учруулсан. Н.Т нь уг хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна. Н.Т нь гэм буруугийн талаар маргаагүй боловч бүлэглэн үйлдсэн, орон байранд нэвтэрч үйлдсэн, машин механизм хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилснийг бүрэн ойлгоогүй байна. Учир нь,

Н.Т нь боловсролгүй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой байх тул Хууль зүйн туслалцааны төвд албан бичиг явуулсан. Үүнээс өмнө хийгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.6 дугаар заалтуудыг зөрчсөн байна. Өмгөөлөгч Баттулга нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Н.Тын өмгөөлөгчөөр оролцсон мэт хэргийн материалд нотлох баримт бэхжүүлэгдсэн боловч өмгөөлөгч Баттулга үйлчлүүлэгчтэй огт уулзаагүй, 2 удаа таарсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар ч зүйлийг тайлбарлаж өгөөгүй гэдэг. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хууль зүйн туслалцааны төвд Ныг өмгөөлөгчөөр хангах тухай албан тоот явуулсан боловч шүүхийн шатнаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн нотлох баримт байна. Энэ нь харилцан эсрэг сонирхолтой өмгөөлөгчийг оролцуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийг хэрэглэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэт нэг талыг барьж ажиллагаа явуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Н.Тт оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хулгай хийх гэж байгаа гэдгийг мэдээгүй. Н.Т “дүүгийндээ очоод ирнэ” гэж хэлээд надтай хамт явсан. Гарч ирэхдээ нэг зурагт аваад гараад ирсэн. “Дүү маань надад мөнгөний өртэй болохоор энэ зурагтыг зараад мөнгөө ав гэж хэлсэн” гэсэн. Би тэр айл руу хулгай хийх гэж хамт ороогүй” гэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Баттулга шүүхийн шатнаас оролцсон тул шүүгдэгч Б.Н нь хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёр шүүгдэгч уулзахдаа хулгай хийх гэж уулзаагүй, таксинд явах санаа зорилготой уулзсан. Хулгай хийхдээ урьдчилж тохиролцон бүлэглэсэн зүйл байхгүй. Мөн гэрч Жамцын мэдүүлгээр таксинд явах гэж өдрийн 15.000 төгрөгөөр уг машиныг авсан нь тогтоогддог. Иргэний нэхэмжлэгч Долгорсүрэнгийн мэдүүлгээр ломбарданд Н.Т нь ганцаараа зурагтыг авч ирсэн. Б.Н оролцоогүй болох нь нотлогддог. Шүүгдэгч Н.Т нь сэтгэцийн эмгэгтэй болох нь хавтас хэргийн 68-69 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдсон. Сэтгэцийн эмгэгтэй хүн ямар нэг хэрэг хийснээ ойлгож ухаараад түүнийгээ илэрхийлэхдээ “Б.Нтай хамт хулгай хийсэн юм” гэж анхны мэдүүлгээр хэлэх боломжгүй. Сэтгэцийн эмгэгтэй хүний онцлог нь дайрах, эсвэл бодит байдлыг дүгнэх чадваргүй байдаг. Б.Нын авсан 80.000 төгрөгийн тухайд хэлэхэд Цайзаас ирж, очих зардалд 40.000 төгрөг, машинд суухаасаа өмнө 20.000 төгрөг, хүлээж зогссоны 20.000 төгрөг, нийт 80.000 төгрөг авсан. Түүнээс хулгай хийж авсан зүйлээс хувааж авсан зүйл харагддаггүй” гэв.

Шүүгдэгч Н.Т, Б.Н нарын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө хоёр шүүгдэгч эсрэг ашиг сонирхолтой байгаагүй. Би анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байр сууриа дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Н.Т гэм буруу дээр маргаагүй тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэх боломжтой тул 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б.Н энэ гэмт хэрэг үйлдэгдэхийг мэдээгүй буюу тухайн өдөр таксинд явж байсан гэдгээ мэдүүлдэг. Энэ нь гэрч Жамцын өгсөн мэдүүлгээр нотлогддог. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд айлын болон ломбардны гадаа машинаасаа огт буугаагүй нөхцөл байдлууд тогтоогддог. Иймд Б.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй. Мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй” гэв.

Прокурор А.Тунгалагтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар Цайз зах дээр уулзаад нэг санаа зорилготой мөнгөний хэрэгцээтэй явж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Шүүгдэгч Б.Н нь “өмнөх дээрмийн хэргийн хохирлыг төлөх гэж байсан” гэж мэдүүлсэн. Анхнаасаа нэг санаа зорилготой явж байгаа учраас бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Өмгөөлөгчийн гаргаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Т, Б.Н нар бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 30 дугаар гудамжны 16 тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Hisense” загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нандинцэцэгт 850.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг “Тоёота Спринтер” загварын 24-97 УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

хохирогч Д.Нандинцэцэгийн “...би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагт ажилдаа явахаар хаалгаа цоожлоод гэрээс гарсан. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байдалтай, гэрийн хойморт байсан 49 инчийн “Hisense” загварын зурагт алга болсон байсан. ...” /хх 28/,

иргэний нэхэмжлэгч С.Долгорсүрэнгийн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 56-40 тоотод байрлалтай “Уран баялаг арвижих” ХХК-ийн “Цахим алт” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхад буюу 14-15 цагийн үед гаднаас 30-40 орчим насны шар царайтай, эрэгтэй хар өнгийн зурагт барьж орж ирсэн. ...“надад мөнгөний хэрэг гараад байна, барьцаанд тавих гэсэн юм, хүүхэд өвдчихсөн” гэж хэлсэн. 320.000 төгрөгөөр уг зурагтыг барьцаалж авсан. ...” /1хх 31-32/,

иргэний нэхэмжлэгч А.Ишжамцын “...Б.Н “чи найздаа машинаа өгөөч, би өдрийн 15.000 төгрөгөөр түрээсэлж, халтуур хийх гэсэн юм” гэхээр нь зөвшөөрөөд би 24-97 УНН улсын дугаартай машинаа өгсөн. ... 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Н ирээд “хөгшин чинь баларсан, зурагт ачиж явсан чинь нөгөө зурагт нь хулгайн зурагт байж таараад цагдаа машиныг чинь хураагаад авчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 35/,

 

шүүгдэгч Н.Тын яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би Б.Нт “чи таксинд явах уу, би Баянхошуу руу явмаар байна” гэж хэлсэн чинь “тэгье” гэхээр нь би суугаад явсан. Би найз Доржийнд очиход манай найзын гэрт хүн байхгүй байсан. Би найзынхаа гэрийн ойролцоо байж байхад цоожтой айл харагдахаар нь цоожийг нь чулуугаар цохиод гэрт нь байсан зурагтыг аваад гараад ирсэн. Тэгээд Б.Нын машинд очсон. Би авсан зурагтаа ломбарданд тавиад Б.Нт таксины мөнгө гээд 100.000 төгрөг өгөөд салсан. ...” /1хх 159/,

 

шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн “...би энэ хэргийг Ттай хамт үйлдсэн нь үнэн. Т надад “хоёулаа баруун тийшээ явж мөнгөтэй болоод ирье” гэж хэлээд Баянхошууны орчим зам дээр зогсож байхад  Т нэг хашаа руу ороод зурагт барьж гарч ирээд миний машины ард хийгээд явсан. Зурагтаа 100 айлд ломбарданд тавиад надад 80000 төгрөг өгсөн. Би дээрмийн гэмт хэрэгт холбогдсон учир хохирлын мөнгө төлөх шаардлагатай болоод уг гэмт хэргийг үйлдсэн...” /1хх 201/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-7/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх 16/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/024 дугаартай үнэлгээний тайлан /1хх 78/, “Тоёота Спринтер” загварын 24-97 УНН дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-25/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан яллах, өмгөөлөх  талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Т, Б.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдний үйлдсэн гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх, шүүгдэгч Н.Т, Б.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч нарт 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Б.Нын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон нь үндэслэлтэй, шударга ёсны зарчим, ялын зорилгыг хангасан, тэдний гэм бурууд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Тын “...оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч И.Чимэдбадамын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Н.Тт оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Н.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдоогүй нөхцөл байдалд гэрчээр мэдүүлэг авахаар байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Т, Б.Н нараас үйлдсэн хэргийн талаар гэрчээр мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн байгааг анхааруулж байна.

Хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Тын яллагдагчаар өгсөн “...Б.Н намайг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй...” гэж Б.Ныг хамгаалсан байдлаар өгсөн  мэдүүлэг /1хх 159/-ээс үзэхэд шүүгдэгч Н.Т, Б.Н нар хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Н.Т, Б.Н нар нь автомашинаар хол явж хулгай хийх сэдэл төрж хоорондоо ярилцан тохиролцсон байх тул хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ