Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 542

 

Н.Т, Б.Н  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч С.Ууганбаяр, шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч И.Чимэдбадам, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 880 дугаар магадлалтай, Н.Т, Б.Н  нарт холбогдох 1908021361756 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1051 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан О овогт Н.Т,

 

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, Т овогт Б.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н  нарыг тус бүр 2 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Н-ын хорих ялын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж иргээгүй, шүүгдэгч Н.Т цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Д.Н, иргэний нэхэмжлэгч “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт буюу С.Д-д төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Тус хэрэгт 24-97 УНН улсын дугаартай “Toyota Hisense” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.И-д буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Т-аас 400,000 төгрөг, шүүгдэгч Б.Н-аас 400,000 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 320,000 төгрөгийг буюу шүүгдэгч Н.Т-аас 220,000 төгрөг, шүүгдэгч Б.Н-аас 100,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н гаргасан гомдолдоо “...Би өөрийн төрсөн эх н.Б болон эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг. Эхнэр маань ажил хийдэггүй. Миний 2 хүүхэд маань бага настай. Би такси үйлчилгээ үзүүлж мөнгө олдог. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Т гэх хүн таксигаар үйлчлүүлээд очих газраа очоод зурагт аваад гараад ирсэн. Би ямар учиртай зурагт болохыг асуухад “манай дүүд мөнгө байхгүй, энэ зурагтыг ломбарданд тавиад мөнгөө өгнө” гэж хэлэхээр нь би үнэн эсэхийг тодруулахад үнэн гэж хэлээд намайг хурдан яв гэсэн. Ломбард руу би дагаж ороогүй. Н.Т нь өөрөө зурагтаа бариад 20 минутын дараа гарч ирээд надад таксины мөнгө өгсөн. Улмаар би тэр хүнээс салаад явсан. Гэтэл хулгайн хэрэг болон хувирсан. Надад хулгай хийх санаа огт байгаагүй. Байцаагчийн дарамт шахалтад орж хийгээгүй хэрэг хүлээлгэсний улмаас хорих ял шийтгэгдсэндээ гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн байцаагч н.Б намайг “чи хэргээ хүлээ, тэгэхгүй бол хүндрэх болно” гэж сүүлийн мэдүүлгийг өөрчлөн хэлүүлсэн. Мэдүүлэг өгөхдөө зарим зүйлсийг буруу ойлгуулж өгснөөс шалтгаалан эрх зүйн байдал маань дордож байна. Иймд энэ хэргийг буцааж, дахин мэдүүлэг өгч шийдвэрлүүлмээр байна” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй. Энэхүү гэмт хэрэг нь нэг гүйцэтгэгчтэй бөгөөд Н.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн зорилго нь үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэх ёстой. Б.Н нь хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн. Гэрч болон шүүгдэгч нар нь анхнаасаа мэдүүлэхдээ гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцсон гэж үзэх шинж байдаггүй. Найз н.И-с машиныг нь өдрөөр түрээсэлдэг байсан. Тус хэргийн хувьд Н.Т хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Н “мөнгө хэрэгтэй байна, хол явна” гэх үгнээсээ болж гэм буруутайд тооцогдсон. Б.Н хулгайлах гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго байгаагүй, такси үйлчилгээнд явахдаа хол явж, мөнгө олох үүднээс уг хэрэгт холбогдсон. Мөн хохирлыг төлж барагдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч И.Чимэдбадам шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх учир С.Ууганбаяр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Н.Т нь бичиг үсэг мэддэггүй, сэтгэцийн хөнгөн зэргийн эмгэгтэй хүн. Хулгайлах гэмт хэргийг Н.Т үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирлыг төлж барагдуулсан. Харин түүнд оногдуулсан ялыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н, Н.Т нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, нотлох баримтуудыг үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жил хорих ял оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч нар нь автомашинаар хол явж хулгай хийх талаар харилцан тохиролцож, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор автомашин ашигласан ба хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Н.Т, Б.Н  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Т, Б.Н  нар нь бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Одонтын 30 дугаар гудамжны 16 тоотод байрлах иргэн Д.Н-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, “Hisense” маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Н.Т, Б.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарын зүгээс хулгайлах гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго байгаагүй, такси үйлчилгээнд явахдаа хол явж, мөнгө олох үүднээс л уг гэмт хэрэгт холбогдсон гэх агуулга бүхий гомдлыг шат шатны шүүхүүдэд гаргаж байжээ.

 

Тэгвэл хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь Н.Т-тай мөнгөний хэрэгцээ шаардлагатай байгаа талаараа харилцан ярилцаж, хол газар очиж хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, эзэнгүй айлаас зурагт авч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийгээ ломбарданд барьцаалах үйл ажиллагаанд нэгдсэнээс гадна үлдэгдэл мөнгийг хуваан авсан зэрэг дэс дараалалтай үйлдлүүдээр тэрээр энэ гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч Б.Н “мөрдөгч дарамт шахалт үзүүлсний улмаас хилс хэрэгт гүтгэгдсэн” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан боловч эрх бүхий албан тушаалтны зүгээс түүнийг дарамталсан, хилс хэрэгт гүтгэсэн байж болзошгүй ямар нэгэн баримт сэлт хэрэгт авагдаагүй байх тул түүний гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт буюу С.Д-д 320,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Т нь 100,000, 220,000 төгрөгөөр нийт 320,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгө хүлээн авсан /хх-ийн 219 хуудас/ баримтаар нотлогдсон байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого биет болон биет бус байдлаар шүүгдэгч нарын эзэмшилд үлдсэн гэж үзэхгүй бөгөөд өмнө төлсөн хохирол, төлбөрийг шүүх тэдгээрээс дахин гаргуулсан нь буруу юм.

 

Тиймээс шийтгэх тогтоолын 8 дахь заалтад шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 320,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Т-аас 400,000 төгрөг, шүүгдэгч Б.Н-аас 400,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод шилжүүлсүгэй.” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               

                                       ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР