Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 0432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Т.Мөнхжаргал,

шүүгдэгч Н.Т, Б.Н, тэдний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Оргил овогт Нын Т

Түмэн овогт Бгийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0213 61756 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Оргил овогт Нын Т, Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1051 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, хорих ялыг шүүхээс нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

Түмэн овогт Бгийн Н, Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

3.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Т нь Б.Нтай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ... тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Hisense” маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Тоёота Спринтер” маркийн ___ УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн,

Б.Н нь Н.Ттай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ... тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Hisense” маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Тоёота Спринтер” маркийн ___ УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Цайз захын автобусны буудал дээр зогсож байхад Н.Т “таксинд явах уу, Баянхошуунд байрлах нэг айлд очмоор байна” гэхээр нь явсан. Замдаа явж байгаад дэлгүүрийн харалдаа зогсож, Н.Т 20.000 төгрөг түр өгчих гээд надаас аваад дэлгүүр ороод гарч ирэхдээ нэг ундаатай гарч ирсэн. Тэгээд Баянхошуунд очоод дүүгийнх рүүгээ орно гээд машинаас буусан. 10 минутын дараа зурагт барьчихсан гарч ирээд машинд хийсэн. Би хэний ямар учиртай зурагт болохыг лавлахад Н.Т “манай дүү мөнгөгүй байна, зурагтыг нь ломбарданд тавиад мөнгөө авчих” гэсэн. Тэндээс хөдлөөд 100 айлын гэрлэн дохио өнгөрөөд зүүн эргээд зогссон. Н.Т нь машинаас буугаад хоёр ломбард руу орчихоод, эргэж ирж зурагтаа аваад явсан. Гарч ирээд надад таксины мөнгө гэж 80.000 төгрөг өгсөн. Би энэ хүнийг хулгай хийж байгааг мэдээгүй, зурагт аваад гарч ирэхэд нь би ямар учиртай зурагт болохыг асуусан. Ломбард руу хамт ороогүй гэв.

Шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: Архи уучихсан явж байсан. Б.Ныг таксинд явах уу гэхэд явъя гэсэн. Замдаа Б.Наас 20.000 төгрөг авч архи уусан. Тэгээд очих гэж байсан айлынхаа урд айл руу орсон юм шиг байгаа юм. Зурагт аваад гараад ирсэн. Зурагтаа ломбардад тавьсан гэв.  

Хоёр. Эрүүгийн 1908 0213 61756 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг 30 минутаас 08 цаг 55 минутын хооронд хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 30-16 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дугаар тал),

 

2. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан С.Долгорсүрэнгээс 320.000 төгрөгийн үнэ бүхий “Hisense” брэндийн хар өнгийн 49 инчийн зурагтыг хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн, иргэн Д.Нт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дүгээр тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг буюу “Цахим алт” барьцаалан зээлүүдэх газраас зурагт хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

3. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 30-16 тоотод оршин суух Д.Нийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж зурагт хулгайд алдагдсан хэрэгт Б.Н нь бусадтай бүлэглэж, гэмт хэрэг үйлдэх явцдаа ашигласан гэх иргэн А.Ишжамцын эзэмшлийн ___ УНН дугаартай “Toyota Sprinter” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-25 дугаар тал),

4. Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:

 “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 30-16 тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагт ажилдаа явахаар хүүхдээ дагуулаад хаалгаа цоожлоод гэрээс гарсан. Энэ өдрөө гэртээ ирж хонолгүйгээр ахынхаа гэрт хоноод 2019 оны 4 дүгээр сарын 20-ны 08 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, гэрийн хойморт байсан 49 инчийн “Hisense” маркийн зурагт алга болсон байсан учир цагдаад хандсан. Зурагтыг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Next” худалдааны төвөөс 850.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би зурагтаа эргүүлэн авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:

“...Манайхаас ганцхан зурагт алдагдсан байсан. Хохирол барагдсан, зурагтаа бүрэн, бүтэн хүлээж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дугаар тал),

-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...Зурагтны тавиурыг хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө худалдаж авсан, худалдаж авсан байгууллагын хүмүүсээр угсруулсан. Тухайн үед ямар хүмүүс угсарсны мэдэхгүй. Тэдгээр хүмүүсийн гарын мөр үлдсэн байж магадгүй. Тэрнээс өөрөөр гарын мөр үлдэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 181 дүгээр тал),

 

5. Иргэний нэхэмжлэгч С.Долгорсүрэн /Цахим алт барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5б-40 тоотод байрлалтай “Уран баялаг арвижих” ХХК-ийн “Цахим алт” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт би ажиллаж байтал 14-15 цагийн үед гаднаас 30-40 орчим насны, шар царайтай эрэгтэй хар өнгийн зурагт барьж орж ирээд “надад мөнгөний хэрэг гараад байна, барьцаанд тавих гэсэн юм, хүүхэд өвдчихсөн” гэж хэлсэн. 320.000 төгрөгөөр уг зурагтыг барьцаалж авсан. Би зурагт барьж орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй. Гэхдээ 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Т гэдэг хүн манайд ирж “Самсунг нөүт 4” маркийн гар утас барьцаалж 120.000 төгрөг авсан байсан. Тэгээд утасныхаа төлбөр болох 120.000 төгрөгийг төлөөд 200.000 төгрөг манайхаас аваад гарсан. Манай барьцаалан зээлдүүлэх газарт 100.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдэх 200.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-“Уран баялаг арвижих” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрээ, “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаалт зээлийн гэрээ (хавтаст хэргийн 134-136 дугаар тал), тус компанийн итгэмжлэл (хавтаст хэргийн 137 дугаар тал),

 

6. Иргэний нэхэмжлэгч А.Ишжамцын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Н надад “чи найздаа машинаа өгөөч, би өдрийн 15.000 төгрөгөөр түрээсэлж, халтуур хийх гэсэн юм” гэсэн. Би зөвшөөрөөд ___ УНН улсын дугаартай Srinter маркийн машинаа Нт өгсөн. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Наас машинаа авахаар утас руу нь маш олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Н над дээр өөрөө ирээд “хөгшин чинь баларсан, зурагт ачиж явсан чинь нөгөө зурагт нь хулгайн зурагт байж таараад цагдаа машиныг чинь хураагаад авчихлаа” гэж хэлсэн. Би машинаа 2017 онд П.Пүрэвхүү гэдэг хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Төлбөр мөнгийг нь өгөөд дууссан хэдий ч одоог болтол өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч амжихгүй яваад байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

7. Гэрч П.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...___ УНН улсын дугаартай “Toyota Sprinter” маркийн автомашиныг би 2017 онд Ишжамц гэдэг залууд 800.000 төгрөгөөр зарсан. Ишжамц нь миний машиныг худалдаж авчихаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваагүй яваад байгаа. Энэ машин Ишжамцын нэр дээр шилжээгүй байгаа ч надаас худалдаж авсан учир Ишжамцын эзэмшлийн машин юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),

-2497 УНН улсын дугаартай “Тoyota Sprinter” загварын машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 143 дугаар тал),

 

8. Шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Цайз” захын урд талд байдаг дэлгүүрээс нэг шил архи авч гудамж руу орж уусан. Тэгээд харих гээд автобусны буудал дээр автобус хүлээгээд байж байсан. Манай найз Дорж манайхаар хэсээч гэж хэлсэн. Би зогсож байтал Н автобусны буудлын түцнээс гарч ирсэн. ...Би Нт “чи таксинд явах уу, би Баянхошуу руу явмаар байна” гэж хэлсэн чинь Н “тэгье” гээд би суугаад явсан. Найз Доржийнд очтол хүн байхгүй байсан, гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд найзынхаа гэрийн ойролцоох дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад гудамжинд уучихаад байж байтал цоожтой айл харагдахаар нь цоожийг нь чулуугаар цохиод, гэрт нь байсан зурагтыг аваад гараад ирсэн. Тэгээд Нын машинд очсон. Тэгсэн чинь Н “та айлаас хулгай хийчихэж байгаа юм биш үү, буцаагаад аваачиж тавь” гэж хэлэхээр нь би “битгий хуцаад бай, хурдан яв” гэж хэлсэн. Би авсан зурагтаа ломбарданд тавиад, Нт таксины мөнгө гээд 100.000 төгрөг өгөөд салсан. Би тухайн үед согтуу байсан болохоор архи уух зорилгоор айлын зурагт хулгайлсан юм. ...Б.Н намайг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Бидэнд зурагт хулгайлах талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

 

9. Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:

“... Түмээтэй 11 цагийн үед “Цайз” зах дээр тааралдаад уулзахад ахад нь мөнгө төгрөгний хэрэг байна гэж ярьсан. Би ч гэсэн мөнгө төгрөгний хэрэг гарчихаад байгаа талаараа хэлсэн чинь за тэгвэл хоёулаа эндээс хол явъя гээд хэлсэн. Цаад санаа нь бол хулгай хийж мөнгө ольё гэж би ойлгосон. Түмээ ахын хэлснээр явсаар байгаад Баянхошуунд ирээд тойргийн уулзвар газарт ирээд хойшоо салсан засмал замаар нь намайг наадахаараа салаад явчих гэхээр нь би машинтайгаа уг замаараа нилээд явсаар байгаад автобусны буудлын эцэс дээр ирсэн. ...нэг хөгшин эмэгтэй гар өргөөд хойшоо зуслан хүргүүлээд буцаж явж байх үед Түмээ ах түр зогсож бай гэж хэлээд өөрөө машинаасаа буугаад зам хөндлөн гараад зүүн хойшоо алхаж явсан. 10 миниутын дараа араас нь машинаа эргүүлээд явж байтал Түмээ ах нэг том хар өнгийн лсд зурагт бариад хашаанаас гараад ирсэн. Би тосож аваад машиндаа суулгаад наад зурагтыг чинь авч болох юм уу, камертай юм биш үү гэхэд чи битгий ийм аймхай бай, хийсэн юмандаа битгий айж бай гэхээр нь за за нэгэнт зурагт хулгайлчихсан юм чинь гээд шууд яваад өгсөн. Машинд сууж байхдаа би энэ зурагтыг чинь яах юм бэ гэсэн чинь Түмээ ах зуун айлд аваачиж ломбардад тавина гэхээр нь тийшээ явсан. 11 хороолол дөнгөж эргээд зуун метр яваад үсчинтэй нэг давхар ломбарданы гадна очоод Түмээ ах би ороод  тавьчихаад ирье гээд машинаас зурагтаа аваад буусан. Тэгээд нөгөө хулгайн зурагтаа 200.000 төгрөгөөр тавьчихлаа гээд надад 100.000 төгрөг өгч хувааж авсан. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

яллагдагчаар 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны хавар, /өдрийг нь санахгүй байна/ Цайз зах орчмоор танил Ишжамцын машинаар таксинд явж байсан чинь Ттай таарахад “ах нь таксины мөнгө өгье, манай дүүгийнх рүү ойрхон явчихаад ире” гэхээр нь би “за” гэж хэлээд явсан. Тэгээд явж байгаад Баянхошууны орчим ирсэн. Би “хол явчихлаа шүү дээ” гэсэн чинь дэлгүүр ороод ундаа аваад гараад ирсэн. Цааш явж байгаад зам дээр зогссон чинь Т “би дүүгийнх рүүгээ орчихоод гараад ирье, чи наанаа байж бай” гэж хэлээд замын хажуу талд байх хашаа руу явж орсон. ...Тын орсон хашааны харалдаа зогсож байсан чинь Т хаалга татаад арын суудал дээр зурагт хийх гээд бариад зогсож байхаар нь би юун зурагт юм бэ гэж асуусан чинь “манай дүүд мөнгө байхгүй гэнэ, зурагтыг тавиад мөнгөө авчих гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм уу гэсэн чинь тийм гэж хэлсэн. Тэгээд бид хөдлөөд явсан. Зурагтаа яах талаар асуухад ломбарданд тавина гээд 100 айлд байдаг ломбарданд тавьсан. Ломбард руу ороод гарч ирэхгүй байгаад байсан. Би яваад ортол нөгөө хүн нь зурагтаа шалгаж байхаар нь машиндаа ороод байж байтал Т нилээн удаж байгаад орж ирж машинд суугаад ломбарданд тавьчихлаа гээд надад 20.000 төгрөг өгөөд, “би явлаа, чи таксиндаа яв” гэж хэлээд явсан.

Ас: Та өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр Т хамт яваад зурагтаа 200.000 төгрөгт тавьсан, 100.000 төгрөгөөр нь хувааж авсан гэж мэдүүлсэн байна. Одоо болохоор 20.000 төгрөг авсан гэж хэлээд байна. Энэ хоёр мэдүүлгийн аль нь зөв юм бэ?:

Хариулт: Би үнэнээ хэлье, би энэ хэргийг Ттай хамт үйлдсэн нь үнэн. Т надад хэлэхдээ “хоёулаа баруун тийшээ явж мөнгөтэй болчихоод ирье” гэж хэлэхээр нь би “тэгье” гээд бид Баянхошууны орчим хаягийг нь мэдэхгүй зам дээр зогсоож байгаад Т “би ийшээ орчихоод ирье, чи байж бай” гэж хэлээд нэг хашаа руу яваад орсон. Удалгүй зурагт барьж гарч ирээд миний машины ард хийгээд “за хөдөлье” гээд хөдлөөд явж байгаад “одоо зурагтаа яах уу” гээд Таас асуусан чинь “ломбарданд тавья” гэж хэлсэн. Тэгээд 100 айлд байдаг ломбарданд зурагтыг тавьсан.  Надад 80.000 төгрөг өгсөн. Надад Т зурагтаа хэдэн төгрөгөнд тавьсан талаар хэлээгүй. Би өмнө нь Гарамболд гэдэг залуутай хамт дээрмийн гэмт хэрэгт холбогдсон учраас хохирлын мөнгө төлөх шаардлагатай болоод уг гэмт хэргийг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201 дүгээр тал),

 

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2331 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Гарын мөр 2 ширхэг, гарын дардас 1 ширхэг

Дүгнэлт:1. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөр, Б.Нын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөр, Б.Нын гарын дардас Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. /Шинжээч Б.Мөнхбат/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),

 

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 86 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Гарын мөр 1 ширхэг, гарын хээний дардас 1 ширхэг

Дүгнэлт:1. Шинжилгээнд 2 гэж дугаарлсан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр Гарын хээний нэгдсэн санд 2019-9033-СХД гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна.

2. 2019.4.19-нд СХД-ийн 25-р хороо, Одонтын 30-16 тоотод иргэн Д.Нийн эзэмшлийн монгол гэрт хулгай орсон гэх хэргийн 2019-9033-СХД гэсэн бүртгэлийн дугаартай 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд ирүүлсэн Нын Тын гарын хээний дардастай тохирохгүй байна.

3. 2019-9033-СХД гэсэн бүртгэлийн дугаартай 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. Нын Тын гарын хээний дардас нь MN000520002263, MN000310021664 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй. /Шинжээч О.Золзаяа/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-62 дугаар тал),

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/217 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Мөрдөгчийн тогтоол 2 хувь, Гарын хээний дардас 1 хуудас. Дүгнэлт:Хохирогч Д.Нийн гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа хохирогч Д.Нийн гарын хээний дардас нь санд хадгалагдаж байгаа “2019-9033-СХД” гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна. /Шинжээч Г.Анхзаяа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 178-179 дүгээр тал),

 

13. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19/024 дугаартай “... “Toyota” фирм, “Sprinter” маркийн автомашины үнийг 800.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),

 

14. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19/024 дугаартай “... “Hisense” фирмийн 49 инчийн 2018 онд худалдан авсан гэх зурагтын үнийг 850.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 78 дугаар тал),

 

15. “Toyota Sprinter” маркийн автомашины эзэмшигчээр Пүрэвдоржийн Пүрэвхүү бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 143 дугаар тал), уг автомашиныг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 203-204 дүгээр тал),

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1411 тоот дүгнэлтэд: Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүхээ товч ярина. Болсон хэргийн талаар ярина.

Сэтгэцийн онош: Оюуны хөнгөн хомсдол.

Дүгнэлт: “...Н.Т нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Н.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь цаашид эдгэрэх боломжгүй эмгэг болно. Өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл багатай байна. Өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодож чадвартай байна. Н.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. Н.Тт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, Б.Соёлмаа, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал),

 

17. Гэрч Н.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн“...Миний дүү Т нь 1973 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. 1 дүгээр ангид сураад, түүнээс хойш сургуульд огт сураагүй, эрхэлсэн ажилгүй. Өмнө нь эхнэртэй байж байгаад салсан. Одоо гэр бүлгүй, 83 настай эхийн хамт манай хашаанд тусдаа гэрт амьдардаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

 

18. Шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 105 дугаар тал), шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 108-110 дугаар тал), Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 125 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх,  үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 126-127 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дүгээр тал),

 

19. Гэрч Б.Барсболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Б.Н нь 1988 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Бага насаа эмээгийн гар дээр хүмүүжиж байгаад 1996 онд аймгийнхаа сургуульд элсэн суралцаж, 2006 онд 10 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш Улаанбаатар хотод ирж ажиллаж амьдарч байгаа. Н нь Шархүүхэн гэж эмэгтэйтэй 2009 онд гэр бүл болсон, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183 дугаар тал),

 

20. Гэрч Я.Шархүүхэний мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн“...Б.Н нь Бгийн ганц хүү болж төрсөн. Бага насаа эмээ, эхийн гар дээр хүмүүжсэн. 1996 онд аймгийн бүрэн бус дунд сургуульд элсэн суралцаж, 2006 онд 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд барилгын компаниудад ажил хийдэг байсан. Бид 2007 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш дундаасаа 2 хүүхэдтэй болсон, том хүүхэд 9 настай, бага хүүхэд 5 настай. Н ...согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, хэрэглэхээрээ янз бүрийн ааш гаргаад байдаггүй. Урьд ял шийтгэл эдэлж, торгох ял авч байсан. Тэгээд сая дээрмийн хэрэгт холбогдож, шүүхээр таслагдаад ял эдэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185 дугаар тал),

 

21. Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 94-95 дугаар тал), шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 100-103, 187-191 дүгээр тал), Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дугаар тал), түүний нэр хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр тал), “Төрийн банк”, “Хаан банк”-нд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 92-93 дугаар тал)

 

22. Хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 196 дугаар тал),  Б.Ныг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн захирамж  (хавтаст хэргийн 195, 211 дүгээр тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 413 дугаар ангийн ялын тооцоо (хавтаст хэргийн  198 дугаар тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Т, Б.Н нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Н, Н.Т нар бүлэглэж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ... тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Hisense” маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Тоёота Спринтер” маркийн ___ УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах саналтай.

Шүүгдэгч нарт мөнгө олох хэрэгцээ байсан учраас бусдын орон байранд нэвтрэх шалтгаан болсон. Шүүгдэгч нар Цайз захаас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хүртэл хамт явсан, хамт явах хугацаандаа “хол газар явах хэрэгтэй байна” гэсэн шүүгдэгч Н.Тын мэдүүлгээр Одонтын 30 дугаар гудамж хүртэл явсан. Мөн Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо хүртэл хамт явсан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар таксинд жолоочийн хөлс төлсөн асуудлаар тохиролцсон талаараа нэг ч мэдүүлэг өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “жолоочийн хөлс өгсөн” гэх утга бүхий зүйл ярьсан, мөн өөрийнхөө үйлдлийг нотолж ярьж чадахгүй байгаа учир хулгайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзсэн. Машин ашигласан нь хангалттай тогтоогдсон. Хэрвээ тээврийн хэрэгсэлгүй бол Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүрэг хүртэл явахгүй байсан”  гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ “Тухайн гэмт хэрэг нь нэг гүйцэтгэгчтэй ба, гүйцэтгэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээсэн. Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж заасан. Б.Нын хувьд Н.Тын хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг тухайн үедээ ойлгож мэдээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Б.Нын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Шүүгдэгч нарын хувьд бол өөрсдийгөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй. Б.Н нь таксинд явсан асуудалд огт маргадаггүй. Хулгайн гэмт хэрэгт үйлдэгдэж байгааг мэдээгүй, хохирогч Нийн гэрт орох үйлдэлд болон ломбардад тавьсан үйлдэлд оролцоогүй, Н.Тын оч гэсэн газар нь очоод хүргэж өгч дуусаад таксины хөлс, өөрийнхөө зээлүүлсэн мөнгийг авсан нь тогтоогддог. Улсын яллагч машиныг ашиглаж тухайн гэмт хэргийг хийхээр урьдаар тохиролцсон гэдгийг нотлох ёстой. Хангалттай нотолж чадаагүй, гагцхүү шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зарим нэг мэдүүлэг дээр үндэслэж гэм буруутайд тооцуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан машин механизм ашигласан гэдэг хүндрүүлэх шинжээр яллаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь “бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээ, өөрсдийн биеэр авч чадахгүй зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж зориуд ашигласан” гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Ш.Ишжамцын мэдүүлгээр 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Б.Н нь тухайн тээврийн хэрэгслийг түрээслэн авч ажилуулсан нь нотлогддог. Иймээс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хулгайн гэмт хэргийг үйлдэх зорилгоор Б.Н машин олж ашигласан зүйл байхгүй. Хэрэг гарахаас 9 хоногийн өмнө мөнгө олох зорилгоор хөрш хүнийхээ машиныг авч ашиглаж байсан нь тогтоогдсон.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх шинж агуулагдаагүй гэж үзэж, энэ шинжийг хэрэгсэхгүй болгох саналтай. Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын орон байранд нэвтэрч хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Харин Б.Нын хувьд тухайн өдөр гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй байсан учир түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Н.Т гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргасан.

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Т, Б.Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Т, Б.Н нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ... тоотод байрлах иргэн Д.Нийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, “Hisense” маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Нт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Тоёота Спринтер” маркийн ___ УНН улсын дугаартай автомашин буюу машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт нь:

- Хэрэг учралын газар болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 30-16 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дугаар тал), 49 инчийн зурагтыг хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дүгээр тал),

-хохирогч Д.Нийн мөрдөн шалгах өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 30-16 тоотод 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагт ...хаалгаа цоожлоод гэрээс гарсан. ...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байдалтай, гэрийн хойморт байсан 49 инчийн Hisense маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-иргэний С.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5б-40 тоотод байрлалтай “Уран баялаг арвижих” ХХК-ийн “Цахим алт” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байтал 14-15 цагийн үед гаднаас 30-40 орчим насны, шар царайтай эрэгтэй хар өнгийн зурагт барьж орж ирсэн. ...“надад мөнгөний хэрэг гараад байна, барьцаанд тавих гэсэн юм, хүүхэд өвдчихсөн” гэж хэлсэн. 320.000 төгрөгөөр уг зурагтыг барьцаалж авсан. ...Гэхдээ 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Т гэдэг хүн манайд ирж Самсунг нөүт 4 маркийн гар утас барьцаалж 120.000 төгрөг авсан байсан. Тэгээд утасныхаа төлбөр болох 120.000 төгрөгийг төлөөд 200.000 төгрөг манайхаас аваад гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-иргэний нэхэмжлэгч А.Ишжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н “чи найздаа машинаа өгөөч, би өдрийн 15.000 төгрөгөөр түрээсэлж, халтуур хийх гэсэн юм” гэхээр нь зөвшөөрөөд би ___ УНН улсын дугаартай Srinter маркийн машинаа өгсөн. ... 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Н ...ирээд “хөгшин чинь баларсан, зурагт ачиж явсан чинь нөгөө зурагт нь хулгайн зурагт байж таараад цагдаа машиныг чинь хураагаад авчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

-шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нт “чи таксинд явах уу, би Баянхошуу руу явмаар байна” гэсэн. Н “тэгье” гээд би суугаад явсан. ...цоожтой айл харагдахаар нь цоожийг нь чулуугаар цохиод, гэрт нь байсан зурагтыг аваад гараад ирсэн. Тэгээд Нын машинд очсон. ...авсан зурагтаа ломбарданд тавиад, Нт таксины мөнгө гээд 100.000 төгрөг өгөөд салсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

-шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “... Түмээтэй 11 цагийн үед “Цайз” зах дээр тааралдаад уулзахад ахад нь мөнгө төгрөгний хэрэг байна гэж ярьсан. Би ч гэсэн мөнгө төгрөгний хэрэг гарчихаад байгаа талаараа хэлсэн чинь за тэгвэл хоёулаа эндээс хол явъя гээд хэлсэн. Цаад санаа нь бол хулгай хийж мөнгө ольё гэж би ойлгосон. Түмээ ахын хэлснээр явсаар байгаад Баянхошуунд ирээд тойргийн уулзвар газарт ирээд хойшоо салсан засмал замаар нь намайг наадахаараа салаад явчих гэхээр нь би машинтайгаа уг замаараа нилээд явсаар байгаад автобусны буудлын эцэс дээр ирсэн. ...Түмээ ах түр зогсож бай гэж хэлээд өөрөө машинаасаа буугаад зам хөндлөн гараад зүүн хойшоо алхаж явсан. 10 миниутын дараа араас нь машинаа эргүүлээд явж байтал Түмээ ах нэг том хар өнгийн ЛСД зурагт бариад хашаанаас гараад ирсэн. Би тосож аваад машиндаа суулгаад наад зурагтыг чинь авч болох юм уу, камертай юм биш үү гэхэд чи битгий ийм аймхай бай, хийсэн юмандаа битгий айж бай гэхээр нь за за нэгэнт зурагт хулгайлчихсан юм чинь гээд шууд яваад өгсөн. ...ломбардын гадна очоод Түмээ ах би ороод тавьчихаад ирье гээд машинаас зурагтаа аваад буусан. Тэгээд нөгөө хулгайн зурагтаа 200.000 төгрөгөөр тавьчихлаа гээд надад 100.000 төгрөг өгч хувааж авсан. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

 яллагдагчаар өгсөн “...Би үнэнээ хэлье, энэ хэргийг Ттай хамт үйлдсэн нь үнэн. Т надад “хоёулаа баруун тийшээ явж мөнгөтэй болчихоод ирье” гэж хэлэхээр нь би “тэгье” гээд бид Баянхошууны орчим хаягийг нь мэдэхгүй зам дээр зогсож байгаад Т “би ийшээ орчихоод ирье, чи байж бай” гэж хэлээд нэг хашаа руу яваад орсон. Удалгүй зурагт барьж гарч ирээд миний машины ард хийгээд “за хөдөлье” гээд явсан. ...зурагтаа яах уу” гээд Таас асуусан чинь “ломбарданд тавья” гэсэн. 100 айлд байдаг ломбардад зурагтыг тавьсан.  Надад 80.000 төгрөг өгсөн. ...Би өмнө нь Гарамболд гэдэг залуутай хамт дээрмийн гэмт хэрэгт холбогдсон учраас хохирлын мөнгө төлөх шаардлагатай болоод уг гэмт хэргийг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201 дүгээр тал), 

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19/024 дугаартай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 78 дугаар тал), “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаалт зээлийн гэрээ (хавтаст хэргийн 134-136 дугаар тал) ___ УНН дугаартай “Toyota Sprinter” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-25 дугаар тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан “...шүүгдэгч Б.Нт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Учир нь:

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Н.Т, Б.Н нарын хэн алинд нь мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа талаар тэд хоорондоо ярилцсан, мөнгө олох зорилгоор хулгай хийхээр, ингэхдээ хол газар очихоор тохиролцож, Сүхбаатар дүүргийн Цайз захаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Баянхошуунд Одонтын 30 дугаар гудамжинд очсон. Улмаар эзэнгүй харагдсан айлын хашаагаар орж монгол гэрээс зурагт аваад гарсан, уг зурагтыг шүүгдэгч Н.Т нь урьд зээл авч байсан “Цахим алт” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, өмнөх зээлийн өрийг төлж, илүү гарсан мөнгийг Б.Нтай хуваасан үйл баримт нь тогтоогдсон. Шүүгдэгч нар энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ, мөн Б.Н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Наас гэрчийн мэдүүлэг авахад “өөрийн эсрэг, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” талаар түүнд тайлбарлахад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, өмгөөлөгчгүй өгөх талаар мэдүүлж, мэдүүлэг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд яллагдагч, шүүгдэгчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан С.Долгорсүрэнгийн мэдүүлэг болон бусад эх сурвалж баримтаар хангалттай тогтоогджээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гүйцэтгэгч” нь нэг хүн байна гэх ба, гэмт хэргийг бүлэглэж үйлдэхэд орон байранд хамтдаа орохыг, хулгайлсан эд хөрөнгийг ломбардад тавихад зайлшгүй хамтдаа орсон байхыг хуульд шаардахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба, тухайн хэргийн хувьд шүүгдэгч нар анхнаасаа гэмт хэрэгт үйлдэл, санаа зорилго, сэдэлт зэргээрээ нэгдэж үйлдсэн нь тэднийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “...шүүгдэгч Б.Н нь Н.Таас “таксины хөлсийг авах зорилгоор л түүний оч гэсэн газар очсон” гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч Б.Н яллагдагчаар“...Гарамболдын хамт дээрмийн гэмт хэрэгт холбогдсон тул хохирлоо төлөх шаардлага гарч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж” мэдүүлсэн байдаг ба, тэрээр Б.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа тул энэхүү үйл баримт нь тогтоогджээ. Иймээс өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт “...Учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, машин механизм ашиглах гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдож, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилж бэлтгэхийг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд “...хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр...” гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.Т, Б.Н нар бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэрэгтээ учрах саадыг арилгах зорилгоор буюу үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, хулгайлсан эд хөрөнгөө зөөвөрлөх зорилгоор ___ УНН улсын дугаартай “Toyota Sprinter” маркийн автомашиныг ашигласан байх тул дээрх үндэслэлээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна. Харин энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаас шүүгдэгч Н.Т, Б.Н нар нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг  бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Т, Б.Н нар нь хохирогчийн гэрээс авсан “Hisense” маркийн зурагтыг “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 320.000 төгрөгт барьцаалсан байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тус байгууллагаас хураан авч, хохирогч Д.Нт биетээр нь хүлээлгэн өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй байна.

Харин тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт буюу С.Долгорсүрэнд 320.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100.000, 220.000 төгрөгөөр нийт 320.000 төгрөгийг шүүгдэгч Н.Т нөхөн төлсөн, энэ талаар хохирлын мөнгө хүлээн авсан тухай бичгээр иргэний нэхэмжлэгч С.Долгорсүрэн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон баримтыг шүүхэд ирүүлсэн /хх-219/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Т, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч Б.Нт энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн ялыг нэмж, түүний эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, иргэний нэхэмжлэгч Ш.Ишжамцын ___ УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан эзэмшигчид нь олгох  тухай дүгнэлтийг гаргасан.

            Өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Т нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн гэж үзэж байгаа учраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн, хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү,

            Шүүгдэгч Б.Нын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 7 сар 15 хоногийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа, шүүгдэгч Б.Н нь гурван удаа тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүгдэгч Б.Н нь хорих ял эдэлж байгаа байх ба ялын тооцоо хэрэгт ирсэн байна.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1411 тоот дүгнэлтээр “...Н.Т нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байх боловч, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй талаар дүгнэсэн (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал) тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Иймд шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.Нт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ял / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 413 дугаар ангийн ялын тооцоо /-ыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Нын биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Н.Т нь хулгайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан дээрх хуулийн заалтыг түүнд хэрэглэх шаардлагагүй байна.

 

4. Бусад асуудлаар:

А/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн:

1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”,

3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдэхдээ ашигласан ___ УНН “Toyota Hisense” загварын тээврийн хэрэгсэл нь гэрчилгээгээр П.Пүрэвхүүгийн нэр дээр бүртгэлтэй боловч гэрч П.Пүрэвхүү, А.Ишжамц нарын мэдүүлгээр “А.Ишжамц нь П.Пүрэвхүүгээс худалдан авсан, А.Ишжамцын хөрөнгө” болох нь тогтоогджээ. Иймд ___ УНН “Toyota Hisense” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч А.Ишжамцад буцаан олгох үндэстэй. Харин “Toyota Hisense” маркийн автомашины үнийг “Мастер үнэлгээ” ХХК нь 800.000 төгрөгөөр (хх-73) тогтоосон үнэлгээг үндэслэн шүүгдэгч тус бүрээс 800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 400.000 төгрөгийг гаргуулж, 

-мөн  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 320.000 төгрөгийг тус бүрийн хуваан авсан хэмжээгээр буюу шүүгдэгч Н.Таас 220.000 төгрөг, шүүгдэгч Б.Наас 100.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Б/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тоооцохоор заасан.

Б.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 413 дугаар ангид хорих ял эдэлж байсан байх ба түүнийг хулгайлах гэмт хэрэгт прокурор 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан,  Б.Ныг хорих анги шилжүүлэх, яллагдагчаар цагдан хорих шүүхийн захирамж 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хорих 413 дугаар анги нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Б.Нын ялын тооцоог хийж, түүнийг хорих 461 дүгээр ангид 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 31 минутад шилжүүлэн цагдан хорьсон байна. Иймээс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тооцох үндэстэй ба, шүүгдэгч Б.Нын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Тт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Оргил овогт Нын Т, Түмэн овогт Бгийн Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг тус бүрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Нын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 (жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Н.Т цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Д.Н, иргэний нэхэмжлэгч “Цахим алт” барьцаалан зээлдүүлэх газарт буюу  С.Долгорсүрэнд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Тус хэрэгт ___ УНН улсын дугаартай “Toyota Hisense” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Ишжамцад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800.000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Таас 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Наас 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 320.000 төгрөгийг буюу шүүгдэгч Н.Таас 220.000 (хоёр зуун хорин мянга) төгрөг, шүүгдэгч Б.Наас 100.000 (нэг зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА