Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00226

 

С.Б-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 211/МА2023/00046 дугаар магадлалтай,

С.Б-н нэхэмжлэлтэй

А аймгийн ЗД-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.З нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.Б нь А аймгийн ЗД-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-с А аймгийн ЗД-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Б-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 211/МА2023/00046 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч С.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.З нар хяналтын гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч С.Б нь А аймгийн ЗД-н 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/***дугаартай захирамжаар “АУУ” ХХК-ийн захирлаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр томилогдон ажиллаж байгаад А аймгийн ЗД-н 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/***6 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн болно. С.Б нь “АУУ” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил дутагдал гаргаагүй байхад А аймгийн ЗД-с МУЗГ-с 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ХЗГ/***5 дугаартай чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9-д зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/***6 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан байх бөгөөд нэхэмжлэгч С.Б-н хувьд хуулийн энэхүү заалтад хамаарахгүй ба харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1, 29.2.2-т тус тус заасны дагуу сануулах, албан тушаалын цалинг 30 хувь хүртэл бууруулах сахилгын шийтгэлийг хүлээлгэхээр хуульд заасан байна.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч АТГ-т хүргүүлэх үүрэгтэй байхад ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна. Түүнээс хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй үндэслэлээр ажилтныг шууд ажлаас нь халах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг хангаагүй. Нэхэмжлэгч С.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор багтаан гаргаж ажил олгогчид хүргүүлсэн байдаг бөгөөд харин хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаагүй гэдгийг нь баримтаар тогтоогоогүй атал хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гуравдугаарт: Давж заалдах шатны шүүхээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт “энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэлсэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл хуулийн дээрх заалтад урьдчилсан биш зөвхөн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй үндэслэлээр ажилтныг халж болохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь тухайн албан тушаалд томилогдоод хуулийн хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргасан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 211/МА2023/00046 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.З нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч А.З нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.11.03-ны өдрийн 001/ШХТ2023/01357 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч С.Б, хариуцагч А аймгийн ЗД-д холбогдуулан 2023.04.04-ний өдрийн Б/***6 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, “АУУ” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...А аймгийн ЗД шинээр томилогдсон Б.Ц нь 2023.04.04-ний өдөр Б/***6 тоот захирамж гарган Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг АТГ-аар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Миний бие 2022.04.21-ний өдөр анх томилогдсоны дараагаар 2022.05.20-ны өдөр буюу 30 хоногийн хугацаанд багтаан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 11 хуудас бүхий мэдүүлгийг АТГ-н /https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн. Энэ захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг С.Б миний бие бус А аймгийн ЗД өөрөө хуулийн дагуу АТГ-т хүргүүлж хянуулах үүрэгтэй. Гэтэл намайг өөрөө хянуулаагүй томилогдсон мэтээр захирамж гарган ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...нийтийн албанд томилогдохын өмнө заавал “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг АТГ-аар хянуулна. Тус газраас хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн этгээдийг томилохоор хуульчилсан. МУЗГ-н ХЭГ-ын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг АТГ-аар хянуулаагүй томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023.04.06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэлийг ирүүлсэн бөгөөд уг албан бичгийн хүрээнд ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсгийн шалгалтаар “АУУ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Б-г томилохдоо “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг АТГ-аар хянуулаагүй болох нь тогтоогдсон тул албан тушаалаас нь чөлөөлсөн...” гэсэн үндэслэл заасан байна.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтан хүлээн авч АТГ-т хүргүүлнэ гэж заасан. Нийтийн албанд нэр дэвшигч нь урьдчилсан мэдүүлэг гарган өгөх, томилох эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, нэр дэвшиж буй этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ мэдүүлэх үүрэгтэй болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд ажилд томилох эрх бүхий албан тушаалтан шаардаагүй гэдгээр хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч нар биелүүлэхгүй байх үндэслэлгүй..., нэхэмжлэгч С.Б-г ажлаас чөлөөлсөн А аймгийн ЗД-н 2023.04.04-ний өдрийн Б/***6 тоот захирамжид заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогдоогүй..., харин Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэл буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг мэдүүлээгүй томилогдсон этгээдийг ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон, иймд С.Б-г ажлаас чөлөөлсөн А аймгийн ЗД-н Б/***6 тоот захирамж үндэслэлтэй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан зохицуулалтыг зөрчиж, тухайн албан тушаалд томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаагүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халахаар зохицуулсан...” гэж дүгнэжээ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” Улсын дээд шүүхийн бүрэн эрх нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснээс гадна хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хууль хэрэглээний зөрүүг арилгах нөхцөл байдал мөн адил хамаарах учир нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

11.С.Б-г ажлаас чөлөөлсөн А аймгийн ЗД-н 2023.04.04-ний өдрийн Б/***6 тоот захирамжид Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ЗГ-н ХЭГ-н даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/***5 дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалтуудыг баримталжээ.

11.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд үүнд 78.1.1.талууд харилцан тохиролцсон; 78.1.2.ажилтан нас барсан; 78.1.3.хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон; 78.1.4.эрх бүхий байгууллага шаардсан; 78.1.5.тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон; 78.1.6.ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; 78.1.7.ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон; 78.1.8.өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон; 78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж нийт 9 үндэслэлийг нэрлэн заасан.

Хуулийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэдгийг хариуцагч нь ЗГ-н ХЭГ-н 2023.03.17-ны өдрийн ХЭГ/***5 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзнэ. Уг албан бичигт “...төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Ш” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож, үүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил хамаарна...” гэж дурджээ.

ЗГ нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаар нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд хууль зөрчсөн үйлдлийг мэдэгдэх эрхтэй боловч хувь этгээдүүдийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцож, гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Мөн хуулийн 78.1.9-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж заасан нөхцөлийг гэрээг дуусгавар болгох үндэслэл гэж үзсэн бөгөөд энэ нь хуулийн 79-д заасан ажилтны санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах журмаар хэрэгжих учиртай. Хариуцагч А аймгийн ЗД Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлаагүй тул хуулийн 78.1.9-т заасан хэм хэмжээ тушаалыг үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд хамааралгүй байна.

11.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халахыг хуульчилсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах”, 23.2-т “мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж, 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтан хүлээн авч АТГ-т хүргүүлнэ” гэж тус тус заажээ. Энэ мэдүүлгийг АТГ хянан үзээд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, нэр дэвшсэн этгээд нь ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах үүргийг хүлээж бичгээр баталгаа гаргах, үүний дараа түүнийг нийтийн албанд томилох журмыг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-23.9-д тус тус заажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, А аймгийн ЗД-н 2022.04.21-ний өдрийн Б/***дугаар захирамжаар С.Б-г төрийн өмчит “АУУ” ХХК-ийн захирлын ажилд томилохдоо дээрх журмыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд тухайн албанд томилогдоод нэг жил гаруй ажилласны дараа ажил олгогч нь 2023.04.04-ний өдөр уг зөрчлөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж буюу ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг эрх бүхий байгууллагаар шалгуулахгүйгээр нийтийн албанд томилогдсон бол нийтийн албанаас халах үр дагаврыг хуулийн 29.2.4-т заасан байх боловч нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдоод 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг байгууллагаар дамжуулан АТГ хүргэгдсэн байв.

11.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч АТГ хүргүүлнэ” гэж заажээ.

Хоёр шатны шүүх энэ хуулийн 23.5-д заасан хэм хэмжээг тайлбарлахдаа уг зохицуулалтад нийтийн албанд томилогдож буй этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэг, нөгөө талаас мэдүүлгийг хүлээн авч АТГ-т хүргүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны үүрэг аль аль нь хамаарна гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хуулийн 23.5-д заасан дээрх үүргээ биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтанд “албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах, “хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй” бол ажилтанд “нийтийн албанаас халах шийтгэл ногдуулах”-ыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.2, 29.2.4-т тус тус заажээ.

Хуулийн 29.2.4-т заасан “хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй” зөрчил нь нийтийн албанд томилогдох гэж буй этгээдийн хувьд мэдүүлгийг гаргаж өгөхгүйн тулд санаатай, зориуд гэм буруутай үйлдэл гаргасан, мэдүүлгийг гаргаж өгөөгүй томилогдсоноор нийтийн албаны үйл ажиллагаа, нийтийн ашиг сонирхолд сөрөг үр дагавар бий болгосон шинжийг агуулах учраас нийтийн албанаас халах хатуу үр дагаврыг хуулиар тогтоосон байна.

Аливаа зөрчилд ногдуулах сахилгын шийтгэл нь хүний эрхийг хязгаарлаж байгаа учир зөрчил гаргагчийн гэм буруу, хууль бус үйлдэл /эс үйлдэл/, учруулсан хохиролд нийцсэн, зохистой тэнцвэртэй байх зарчмыг хангасан байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч С.Б-г ажилд томилох үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож байх боловч үүнд нэхэмжлэгч ямар буруутай, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй шалтгаан нөхцөл тодорхой бус, түүнийг яагаад нийтийн албанд томилсон нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй учир хуулийн 29.2.4-т заасан зөрчилд зөвхөн ажилтныг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд ажлаас чөлөөлсөн А аймгийн ЗД-н 2023.04.04-ний өдрийн Б/***6 тоот захирамжийг процессын хувьд болон материаллаг хууль хэрэглээний хувьд зохистой гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 1,430,000 төгрөг, 1 өдрийн цалин 66,512 төгрөг байх ба ажилгүй байсан 2023.04.04-2023.11.16 хүртэл хугацааны олговор 10,375,872 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЗД-н ажлын албанд даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 211/МА2023/00046 дугаар магадлал, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг баримтлан С.Б-г АУУ ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10,375,872 төгрөгийг А аймгийн ЗД-н ТГ-с гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ТГ-т үүрэг болгосугай.” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Н.БАЯРМАА

                      ШҮҮГЧИД                                                   Н.БАТЗОРИГ

                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН