Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 211/МА2023/00046

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2023/00046

 

                                        

                             

          С.Б нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэртэй

Б овогт С Б нэхэмжлэлтэй

А аймгийн З даргад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн

Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Золжаргал /ондайн/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  1. 1. Нэхэмжлэгч С.Б ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны

цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            

    1. Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С овогтой

Б миний бие Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 тоот захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “А” ХХК-ий захирлаар анх томилогдон тухайн өдрөө тус компани Төлөөлөн Удирдах зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Миний бие тус албан тушаалд томилогдсоны дараагаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бурийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. ’’ гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу томилогдсон өдрөөс хойш хуулийн хугацаанд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн болно. /Нотлох баримтыг хавсаргав./ Миний бие тус албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж, тус компани дүрэм журмыг чанд баримтлан ажиллаж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Б.Ц нь Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас чөлөөлөх тухай Б/16 тоот захирамж гарган намайг тус албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалд намайг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр Монголын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЗГ/595 дугаартай албан бичиг, хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 79.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр анх томилогдсоны дараагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 30 хоногийн хугацаанд багтаан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 11 хуудас бүхий мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын /https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн байтал намайг “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэж үзэн тус албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. А аймгийн З даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг зөрчин гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн түүнчлэн төрийн албаны тухай хуулийн хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь А аймгийн З дарга нь ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 78.1.9 дэх хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон ба уг зохицуулалт нь 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан, 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг гаргасан гэж хуульчлан зохицуулсан байх бөгөөд ямар нэгэн эрх бүхий байгууллагаас С.Баатархуягийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго гэж шаардсан үйлдэл, үйл явдал, шаардлага огт гараагүй. Мөн түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга бид хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах талаар санал санаачилгыг хэн аль нь гаргаж тавиагүй атал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг нь харуулж байна. Мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг С.Б миний бие бус А аймгийн З дарга нь өөрөө хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах үүрэгтэй. Гэтэл намайг өөрөө хянуулаагүй томилогдсон мэтээр захирамж гарган ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй юм. Иймд А аймгийн З даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэг байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.  

 

1.2 Хариуцагч А аймгийн З даргын шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.”, 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.”, 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана.”, 23.9-т “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ.’’гэж заасан. Өөрөөр хэлбэл нийтийн албанд томилогдохын өмнө заавал “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулна. Тус газраас хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тухайн этгээдийг томилохоор хуульчилсан. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэлийг манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичгийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/159 дугаартай захирамжаар аймгийн хэмжээнд хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэрийг сум, байгууллага, нэгж бүрд шалган тогтоох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар “А” ХХК-ний захирлаар ажиллаж байсан С Б “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон болох нь тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар иргэн С Б “А” ХХК-ний захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Иймээс С.Б ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулж, захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

1.3 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой Б миний бие Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 тоот захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “А” ХХК-ий захирлаар анх томилогдон тухайн өдрөө тус компани Төлөөлөн Удирдах зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Миний бие тус албан тушаалд томилогдсоны дараагаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бурийн 02 дугаар сарын 15-ны дотоо шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй’’ гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу томилогдсон өдрөөс хойш хуулийн хугацаанд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн болно. Миний бие тус албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж, тус компани дүрэм журмыг чанд баримтлан ажиллаж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Б.Ц нь Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас чөлөөлөх тухай Б/16 тоот захирамж гарган намайг тус албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалд намайг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр Монголын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЗГ/595 дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 79.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр анх томилогдсоны дараагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 30 хоногийн хугацаанд багтаан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 11 хуудас бүхий мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын /https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн байтал намайг “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэж үзэн тус албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг зөрчин гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн түүнчлэн төрийн албаны тухай хуулийн хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 78.1.9 дэх хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон ба уг зохицуулалт нь 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан, 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг гаргасан гэж хуульчлан зохицуулсан байх бөгөөд ямар нэгэн эрх бүхий байгууллагаас С.Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго гэж шаардсан үйлдэл, үйл явдал, шаардлага огт гараагүй. Мөн түүнчлэн А аймгийн З дарга бид хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах талаар санал санаачилгыг хэн аль нь гаргаж тавиагүй атал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг нь харуулж байна. Мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг С.Б миний бие бус Архангай аймгийн Засаг дарга нь өөрөө хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах үүрэгтэй. Гэтэл намайг өөрөө хянуулаагүй томилогдсон мэтээр захирамж гарган ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй юм. Иймд А аймгийн З даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “А” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв. 

 

1.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай талаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй байна.  Нийтийн болон нийтийн ашиг сонирхлоос ур 23 дугаар зүйлд 23.1.Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална. 23.2.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй. 23.3.Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. 23.4. Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол уг мэдүүлгийг гаргаж өгөөгүйд тооцно. 23.5.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. 23.6.Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ. 23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана. 23.8.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална. 23.9.Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гэж заасан. Үүнтэй холбогдуулан МУЗГ-аас А аймгийн З даргын тамгын газрын даргад чиглэл ирүүлсэн. Тухайн албан бичгийн 3 дахь хэсэгт шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хуульд заасан журмын дагуу үүрэг чиглэл болгож байна гэсэн. Тухайн тушаалын 6 дахь хэсэгт хувийн ашиг сонирхлыг авлигатай тэмцэх газарт шалгуулаагүй гэсэн заалт байгаа. Үүнтэй холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ ажлын хэсгийн хяналт шалгалтаар тухайн томилох шийдвэрийг гаргахдаа авлигатай тэмцэх газарт хянуулаагүй байж томилсон зөрчил илэрсэн учир А аймгийн З даргаас Б/19 дугаар захирамж гаргасан. Хуулийн холбогдох заалтыг удиртгал болгож Засгийн газраас ирсэн чиглэлийн дагуу ажлаас чөлөөлсөн. Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Н нь хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлсэн бүх мэдээллийг харах боломжтой байдаг. Манайх тухайн нөхцөл байдлыг тогтоож байж тухайн захирамжийг гаргасан. Өөрөө мэдүүлгээ гаргаж байж манайхаас бүртгээд манайх цааш нь явуулах ёстой. Ийм учраас нэхэмжлэгч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгсөн талаар ямар нэг баримт байхгүй. Засаг дарга өөрийн захирамжаа хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрийн гаргасан захирамжаа буцаагаад хүчингүй болгох албан тушаал байхгүй. Энэ асуудал нь Хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой асуудал биш, Захиргааны процессын асуудал байгаа гэжээ.

 

1.5  Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг

баримтлан нэхэмжлэгч С.Б Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

 

1.6 Нэхэмжлэгч, болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: С.Б нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Тухайлбал,

Нэгдүгээрт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй

нэхэмжлэгч С Б нь Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай захирамжаар "А” ХХК-ийн захирлаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр томилогдон ажиллаж байгаад Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн болно.

С.Б нь ‘А” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд дутагдал гаргаагүй байхад Архангай аймгийн Засаг даргаас Монгол улсын Засгийн газраас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ХЗГ/595 дугаартай чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1 9-д зааснаар 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн

Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан байх бөгөөд нэхэмжлэгч С.Б хувьд хуулийн энэхүү заалтад хамаарахгүй ба харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1, 29.2.2-д тус тус заасны дагуу сануулах, албан тушаалын цалинг 30 хувь хүртэл бууруулах сахилгын шийтгэлийг хүлээлгэхээр хуульд заасан байна

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 5-д нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүрэгтэй байхад ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Түүнээс хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй үндэслэлээр ажилтныг шууд ажлаас халах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шийдвэрийг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг хангаагүй.

Нэхэмжлэгч С.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор багтаан гаргаж ажил олгогчид хүргүүлсэн байдаг бөгөөд харин хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаагүй гэдгийг нь баримтаар тогтоогоогүй атал хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч биечлэн оролцох тул шүүх хурлын товыг урьдчилан мэдэгдэнэ үү.гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг өөрөө урьдчилсан мэдүүлгээ хянуулаагүй гэж хэлж  байгаа нь ямар учиртай тэгж хэлж байгааг мэдэхгүй байна. Гэтэл би найзтайгаа ажилд орох хүсэлтээ өгсөн байсан. Ар-Ус Ундарга ХХК-ын захирал нь ажлаа өгөх гэж байгаа, Түвшинтөгс гэдэг хүн нь өөрийн хүсэлтээр ажлаа өгөх гэж байгаа учраас  яаралтай дарга удирдлагыг шинээр томилох шаардлагатай болсон тул энэ ажлыг хийх үү гэж надад санал тавьсан.  Тэгээд би тэгье гээд зөвшөөрөөд явсан. Тэгэхэд надад ямар нэгэн байдлаар хууль зүйн туслалцаа авч үзүүлэх болон Тамгын газраас та одоо урьдчилсан мэдүүлгээ хянуулаа гэж хэлээгүй. Би тэрийг мэдэхгүй анх удаа захирлын албан тушаалд томилогдож байсан учраас тэрийг сайн мэдээгүй, надад тухайн үед зөвлөгөө өгсөн төрийн байгууллагын албан тушаалтан байгаагүй гэнэт нэг өдөр Аймгийн Засаг дарга томилогдонгуутаа 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу намайг урьдчилсан мэдүүлэг өгөөгүй гэж чөлөөлсөн байгаа. Энэ нь миний буруутай үйлдэл биш байх гэсэн үндэслэлээр би шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа. Хууль энд дурдсанаар Ашиг сонирхлын хууль намайг чөлөөлсөн үндэслэлгүй  гэв.

1.8 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн ярьсан тайлбарыг бүрэн дэмжиж байна гэв

1.9 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийтийн болон нийтийн албыг чөлөөлөх ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч  хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө гаргах үүрэгтэй  гэдгийг зааж өгсөн. Тэрнээс биш тухайн мэдүүлэг гаргагч нь мэдээгүй гэдэг үүднээс ч юм уу? хуулийн  ямар нэгэн мэдлэггүй гэдгээс үүдэн хуулиар тогтоож өгсөн үүргийг ямар нэгэн байдлаар биелүүлээгүй учраас ямар нэгэн хөнгөрүүлэх зүйл байж болохгүй. Нийтийн болон нийтийн албыг чөлөөлөх ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалд томилогдох эрх бүхий этгээд албан тушаалаа хүлээн авч Авилагтай тэмцэх газар хүргүүлнэ гэсэн байгаа. Үүнээс харахад нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шаардаж аваад явуулна гэсэн зүйл байхгүй. Мэдүүлэг гаргагч өөрөө мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй байтал тэрхүү үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй  байж бусдад би мэдээгүй гэдэг байдлаар нялзааж байгаа нь ямар нэгэн хуулийг хэрэгжүүлээгүй байдлаа хаацайлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хувьд ямар нэгэн байдлаар чөлөөлөх талаар хэлээгүй ярилаа. Сонсох ажиллагааны хүрээнд яагаад хийж байгаа бэ? ямар ажиллагаа хийж байгаа бэ?  гэдгийг бүгдийн хэлсэн. Засгийн газраас ирүүлсэн чиглэлийг Баатархуягт танилцуулж байсан. Тус чиглэл дээр тодорхой зааж өгсөн байгаа, ажил үүргээ дуусгавар болгоно уу? ийм зөрчилтэй шийдвэр байх юм бол дуусгавар болгож хариу мэдэгдэнэ үү? гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Тус Засгийн газраас ирүүлсэн чиглэлийг Баатархуягт танилцуулж байсан, өөрөө танилцсан байдаг гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

А аймгийн З даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн Б/16 дугаарын захирамжаар С.Б Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан  “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр “А” ХХК-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч С.Б2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу томилогдсон өдрөөс хойш хуулийн хугацаанд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн” гэсэн үндэслэлээр хариуцагч А аймгийн З даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

 

Хариуцагч А аймгийн З дарга  “Нийтийн албанд томилогдохын өмнө заавал “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулна. Тус газраас хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн этгээдийг томилохоор хуульчилсан. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэлийг манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичгийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/159 дугаартай захирамжаар аймгийн хэмжээнд хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэрийг сум, байгууллага, нэгж бүрд шалган тогтоох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар “А” ХХК-ний захирлаар ажиллаж байсан С Б “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон болох нь тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар иргэн С Б “А” ХХК-ний захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Иймээс С.Б ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулж, захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн боловч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нар “хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй үндэслэлээр ажилтныг шууд ажлаас халах хууль зүйн үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаагүй гэдгийг нь баримтаар тогтоогоогүй атал хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 4.1-д заасан хийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахаар, мөн хуулийн 23.6-д Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч С.Б А аймгийн З даргын 2022 оны 04 сарын 21-ний өдрийн Б/18 дугаарын захирамжаар “А” ХХК-ийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2020 оны 05 сарын 20-ны өдөр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн байна.

 

Харин тухайн албан тушаалд томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаагүй болохоо нэхэмжлэгч С.Б хүлээн зөвшөөрсөн ч, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг урьдчилж гаргах ёстойг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нийтийн албаны удирдах албан  тушаалд ажиллахаар нэр дэвшиж буй этгээд хувийн ашиг  сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газар мэдүүлэх үүрэгтэй болох  нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд ажилд томилох эрх бүхий албан  тушаалтан шаардаагүй гэдгээр хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч нар биелүүлэхгүй байх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халахаар зохицуулсан тул хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй үндэслэлээр ажилтныг шууд ажлаас халах хууль зүйн үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ урьдчилж гаргаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэгэнт тогтоогдож байгаа учир хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ урьдчилж гаргаагүй гэдгийг нотлох шаардлагагүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болго

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2023/00305 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                              Н.ЭНХМАА