Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00240

 

    Г.И-н нэхэмжлэлтэй

                                                                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00072 дугаар магадлалтай,

Г.И-н нэхэмжлэлтэй

Б.У-д холбогдох

Д аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотсууцыг Б.У-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-*** дугаартай орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр Г.И-г бүртгэсэн бүртгэлээс Г.И-г хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Д.А болон Г.И нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Б байрны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Б нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Б.У, түүний өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.И нь Б.У-д холбогдуулан Д аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотсууцыг Б.У-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, Б.У нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-*** дугаартай орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр Г.И-г бүртгэсэн бүртгэлээс Г.И-г хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Д.А болон Г.И нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Б байрны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4-т тус тус заасныг баримтлан Г.И-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.У-н хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-*** дугаартай Д аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод байрлах орон сууцны өмчлөгч, тус хаягт байрлах нэгж талбарын 4*********3 дугаар бүхий 2** мкв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр Г.И-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өөрчлөлт оруулахыг Д аймгийн УБХ, Д аймгийн ГХБХБГ тус тус даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д.А болон Г.И нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан Б байрны гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.И-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Б.У-д олгохоор шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00072 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.И-н давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг ТС орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б хяналтын гомдолдоо: ...2.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хүсэл зоригоо илэрхийлээгүй тохиолдолд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” болно гэж тайлбарласан нь Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.3 дахь хэсэгт “Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж заасныг илтэд зөрчиж, өөрөөр тайлбарлаж байна.

...3.Мөн ямар ч хоёр хэлцэл байхгүй байхад талуудын хооронд байгуулсан гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж УДШ-ийн дээрх тогтоолд зааснаас буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл дээрх хууль хэрэглээний зөрчлийг давж заалдах шатны шүүх анхаарахгүй харин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байхад тодруулаагүй гэж хэргийг үндэслэлгүйгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Хоёр.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах чиг үүргээ гүйцэтгээгүй болно. 1.Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон үндэслэл нь тодорхойгүй байхад шүүх түүнийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэг нь утгын зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх нь хуралдаан эхлэх үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Энэ нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.

Тодруулбал, шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэлийн шаардлагыг /нэг дор хэд хэдэн удаа/ тодруулахад хариуцагч “Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн учраас улсын бүртгэлээс И-н нэрийг хасуулах гэсэн шаардлага явж байгаа”, “Өмчлөгчөөс хасуулах шаардлага байгаа”, “И-г улсын бүртгэлээс хасаж өгөөч гэж байгаа” гэж хариулсан /хуралдааны тэмдэглэлийн 16 дахь тал/ байдаг. Өөрөөр хэлбэл “И-г улсын бүртгэлээс хасуулах” шаардлага гаргасан байдаг. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан нь хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй буцааж байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна.

...Гурав.Давж заалдах шатны шүүх нь сөрөг нэхэмжлэл гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцож дуусгавар болгох боломжгүй асуудлыг, “харилцан тооцогдохоор байна” гэж сөрөг нэхэмжлэл гэж хүлээн авч шийдвэрлэсэн. Тодруулбал, орон сууцнаас албадан гаргуулахыг Иргэний хуулийн 106.1-д зааснаар шаардан үндсэн нэхэмжлэл гаргасан байхад сонирхогч этгээдийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдсан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлэсэн ч сөрөг нэхэмжлэлийг зөвтгөх боломжгүй бөгөөд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудал нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй буюу хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 209/МА2023/00072 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

4.1.Хариуцагчийн өмгөөлөгч П.Б хяналтын гомдолдоо: ...Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох Д.А, Г.И нарын хооронд хийгдсэн гэрээн дээр Г.И гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцлийн шинжийг, Г.И нь өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориггүй, зээл авахын тулд зөвхөн худалдах-худалдан авах гэрээний гадаад илэрхийллийг бий болгосон тул Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг тус тус агуулдаг. ...Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн Д.А, Г.И нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.И-г бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг УБХ-т даалгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь тодорхойгүй байхад шүүх түүнийг тодруулаагүйгээс шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг нь зөрүүтэй ойлгомжгүй гэж дүгнэхдээ, дүгнэлтийнхээ бодит үндэслэлийг заалгүй, орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч, улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлсэн тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. Хариуцагч уг улсын бүртгэл нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн тул “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.И-г бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагч болон УБХ-т тус тус даалгах” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцэл, уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлтэй холбогдох тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдохоор байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй гэж дурджээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.11.10-ны өдрийн 001/ШХТ2023/01363 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан зохигчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг агуулгаар нь хангаж, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч Г.И, хариуцагч Б.У-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Д аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хувийн сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан ба уг сууцыг 2018.10.16-ны өдөр Г ХХК-ийн ипотекийн зээлээр худалдан авч, өмчлөгч болсон, Б.У нь 2018 онд хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж, орон сууцны ашиглалтын зардал, сард төлөх зээлийг төлөөд түрээсийн хэлбэрээр сууна гэж тус орон сууцанд амьдарсан бөгөөд зээлээ төлөөгүй, одоог хүртэл өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Б.У нэхэмжлэлийг маргаж, хувийн сууцыг авах үед би зээлтэй байсан учир харилцан тохиролцсоны үндсэн дээр Г.И надад тусалж өөрийн нэр дээр зээл авсан, би тэр зээлийг 2-3 жилийн хугацаанд төлж дуусган банкны барьцаанаас чөлөөлж, өөрийн нэр дээр байраа шилжүүлж авах бөгөөд тухайн байрны урьдчилгаа төлбөр болон зээлийг би төлж, 2016 оноос хойш одоог хүртэл ээж, хүүгийн хамт амьдарч байна. Энэ байр миний өмч..., Г.И, Д.А нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдэд Г.И гарын үсэг зураагүй, түүний өмнөөс би нэрийг нь бичиж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гээд сөрөг нэхэмжлэлээ “Д.А болон Г.И нарын байгуулсан 2018.08.10-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр бүртгүүлсэн Г.И-г бүртгэлээс хасч, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Д.А болон Г.И нарын хооронд 2015.04.01-ний өдөр байгуулагдсан Б байрны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...худалдах-худалдан авах гэрээнд Г.И гарын үсэг зураагүйг хүлээн зөвшөөрч байгаа боловч Г.И Б.У-д төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон, үүнийг төлөөлүүлэгч маргаагүй байхад хариуцагчийн тайлбар ач холбогдолгүй, уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн алинд ч хамаарахгүй, харин Б байрны гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрнө, энэ нь хэргийн байдалд нөлөөлөхгүй тул ямар нэгэн ач холбогдолгүй...” гэж тодорхойлжээ.

9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...2018.08.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Г.И нь Д аймгийн ... сумын ... баг, ... хороолол, Б байрны ... тоот сууцны өмчлөгчөөр, тус хаягт байрлах нэгж талбарын 4*********3 дугаар бүхий 2** мкв газрын эзэмшигчээр бүртгүүлсэн, Г.И, хамтран зээлдэгч Д.Г нар Г ХХК-тай байгуулсан 2018.10.16-ны өдрийн зээлийн гэрээгээр 79,200,000 төгрөгийг хувийн сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатай зээлж, тухайн хувийн сууц болон газар эзэмших эрхийг барьцаалан мөн өдрөө ипотекийн гэрээ байгуулсан, хуваарийн дагуу сар бүр төлөх төлбөрийг хариуцагч Б.У нь 2022 оны 11 сар хүртэл төлж байсан, тухайн хувийн сууцанд Б.У нь гэр бүлийн хамтаар одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд хувийн сууцны урьдчилгаа төлбөр 41,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Г.И нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үлдэгдэл төлбөр болох 69,211,077.15 төгрөгийг 2023.03.17-ны өдөр төлж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж авсан боловч худалдах-худалдан авах гэрээнд нэхэмжлэгч Г.И гарын үсэг зураагүй, хариуцагч Б.У түүний нэрийг бичсэн, мөн улсын бүртгэлийн газарт Б.У нь Г.И-н өмнөөс түүний нэрийг бичиж мэдүүлэг гаргасан зэрэг байдал нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.И өөрийн өмчлөлд худалдан авах хүсэл зориг байгаагүй, 2016 оноос хойш одоог хүртэл тус байранд хариуцагч Б.У нь амьдарч байгаа, урьдчилгаа төлбөр болон орон сууцны ипотекийн зээлийг төлж байсан, гэрч Д.А-н “...манайх энэ байрыг 2014 билүү 2015 онд байх бичиг цаас харахгүй болохоор санахгүй байна, Б.У-д худалдсан. Б.У нь тухайн байранд ороод мөнгөө цувуулан өгсөн.

110,000,000 төгрөгөөр зарсан санагдаж байна. ...Г.И-г танихгүй, хараагүй. ...Б.У-тай гэрээ байгуулсан. Г.И гэх хүний иргэний үнэмлэхийг хуулбарлан аваад надтай гэрээ хийсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ундрахын “...Б.У банкинд зээлтэй байсан тул орон сууцны зээл авах боломжгүй байсан. Тэгээд найзынхаа нэр дээр зээл гаргуулж болох уу гээд Г.И-н нэр дээр зээл гаргасан. Зээлийг Б.У төлж байгаа...” гэсэн мэдүүлгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл Б.У, Д.А нарын хооронд амаар хийгдсэн, энэхүү хэлцлийн дагуу үнийг төлөхөөр банкнаас зээл авах зорилгоор Г.И-н зөвшөөрснөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хэлцлийг түүний нэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар зээл авсан нь дээрх хэлцэл хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь мөн ижил байдлаар Г.И-н нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир Г.И нь хууль ёсны өмчлөгч болохгүй, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй..., харин сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах агуулгатай бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хангана...” гэх дүгнэлтийг хийжээ.

10.Давж заалдах шатны шүүх “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна” гэж зааснаар хариуцагч Б.У сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь тодорхойгүй байхад шүүх түүнийг тодруулаагүй, шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг нь утгын зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн харилцан тооцогдох нь тодорхойгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

11.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлийн хүрээнд хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг хянан үзэх үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэх шаардлагатай тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан журамд нийцсэнгүй.

Нэхэмжлэгч Г.И нь маргаж буй хувийн сууцны өмчлөгч мөн эсэхийг хариуцагч Б.У маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хамтруулан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Энэ утгаар гаргасан зохигчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсэг үндэслэлтэй. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд тодорхойлох боломжтой байна.

Хариуцагчийн “Д.А болон Г.И нарын байгуулсан 2018.08.10-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үр дагаврыг арилгуулах” сөрөг шаардлага нь шууд утгаараа гэрээний талууд болох Д.А болон Г.И нарын хооронд хамааралтай, эдгээр этгээдийн хооронд үр дагаврыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй боловч “...уг сууцыг Г.И бус Б.У нь өөрөө Д.А-тэй тохиролцож, урьдчилгаа төлбөрөө төлөөд худалдаж авсан бөгөөд 2015 оноос эзэмшиж байгаа, зээл авахын тулд л худалдах-худалдан авах гэрээнд Г.И-г оролцуулсан...” гэх сөрөг нэхэмжлэлийн нэг үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээний худалдан авагч нь Б.У гэх агуулгатай байгааг анхаарч, шаардлага, үндэслэлийг нь дүгнэх, мөн “Г.И-г бүртгэлээс хасч, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлагыг хариуцагч Б.У-н “гэрээнд би гарын үсэг зурсан” гэх тайлбартай уялдуулан дүгнэх боломжтой. Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, маргааны зүйлээр мэтгэлцсэн тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах чиг үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00072 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Г.И-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                              Н.БАТЧИМЭГ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД