Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00158

 

Ч.Дгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00071 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00940 дүгээр магадлалтай,

Ч.Дгийн нэхэмжлэлтэй

НШШГГ, Б.Бнарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн Ч.Дгийн өмчлөлд бүртгүүлэхийг НШШГГт даалгах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Дд учирсан гэм хорын хохирол 42.500.000 төгрөгийг НШШГГ, Б.Бнараас хувь тэнцүүлэн гаргуулах, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойших шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББ, хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Анарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ч.Д нь НШШГГ, Б.БББ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Дгийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Дд учирсан гэм хорын хохирол 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ, Б.Бнараас хувь тэнцүүлэн гаргуулах, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойших шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00071 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар хариуцагч НШШГГрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж, өмчлөх шилжүүлэх тухай албан тоот, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгох тухай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХ дугаарт бүртгэлтэй, ........од байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Дгийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, хариуцагч НШШГГ, Б.Бнараас гэм хорын хохирол 42,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар НШШГГ 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойших шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоолгох, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч.Д татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 809,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГраас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Дд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00940 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГрын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх тухай 1/26100 дугаартай албан бичиг, 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/29 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн Ч.Дгийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах тухай, хариуцагч НШШГГ, Б.Бнарт холбогдуулан гаргасан төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Дд учирсан гэм хорын хохиролд 42,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...7.1.2... гэснийг ...7.1.4... гэж өөрчилж, ...56.1,... гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч НШШГГрын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119-р зүйл, 119.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох” гэсэн хуулийг хэрхэн үгүйсгэх ямар баримт байгааг анхаарахгүйгээр, энэ тухайд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй шууд гуравдагч этгээд И.Л, Б.Унарыг шударга эзэмшигч мөн гэж дүгнэсэн нь илт хууль бус шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон 2019.10.28-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс удаа дараа шүүхэд хандан гаргаж байсан “гуравдагч этгээд И.Л, Б.Унар нь хариуцагч, төлбөр авагч Б.БББтай холбоотой, гуравдагч этгээдүүдийн арилжаагаар шилжүүлсэн орон сууцны өмчлөгчөөр хариуцагч төлбөр авагч Б.БББгийн эхнэр Л.М, Б.БББгийн охин Баясгалангийн Анударь нар бүртгэлтэй байгаа тухай мэдээллийг шалгуулахаар шүүхэд хандан гаргасан” хүсэлтүүдийг нэгийг нь ч хүлээн авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тухайд хянан үзэж үндэслэл бүхий дүгнэлтийг гаргах үүрэгтэй байсан.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уын хүсэлтээр шүүхэд 2019.09.27-ны өдөр гэрчээр Ц.Рмэдүүлэг өгөхдөө “нэхэмжлэгч Ч.Дгийн орон сууцыг хариуцагч Б.БББгаас биш харин н.Батбаяр, н.Батбаатар гэх хүмүүсээс худалдан авсан, ... тус орон сууцыг 45,000,000 төгрөгөөр авсан гэх боловч хэрэгт 25,000,000 төгрөгөөр авсан гэрээ авагдсан, гуравдагч этгээд И.Лгээс 2 өрөө байрыг дээрх 45,000,000 төгрөг дээр 12,000,000 төгрөгийн зөрүү нэмж өгч арилжиж аваад уг 67,000,000 төгрөгт тооцогдох байрыг буцаагаад н.Мөнхөө гэх эмэгтэй хүнд 35,000,000 төгрөгөөр зарсан, аль аль байрандаа огт амьдраагүй, ус дээврээс нь гоождог, эсхүл цонхоор нь ариутгах байгууламжийн өмхий үнэр үнэртдэг учраас байранд амьдрах хүсэлгүй болсон” гэж илтэд бодит үнэнд нийцэхгүй зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн нэхэмжлэгч талаас гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх гэрчээр асуухаас татгалзсан Б.Ч нь гуравдагч этгээд нарын Ц.Р-той арилжсан гэх байранд очиход тэр байранд хариуцагч Б.БББгийн эхнэр Л.М, охин Б.А нар байж таарсан гэх мэт үйл баримтаас хариуцагч Б.Бгуравдагч этгээд болон гэрчүүд санаатайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 48-р зүйлд заасан “өмчлөх эрх шилжүүлэх тогтоолд гомдол гаргах” хугацаанаас өмнө орон сууцыг яаравчлан дамжуулан худалдсан мэт дүр үзүүлэх зорилготой байсан гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд нарын үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Б.БББгийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй эсэх тухай лавлагааг шүүхийн журмаар гаргуулах ажиллагааг хийлгэхээр шийдсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний анхан шатны шүүхэд хандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд И.Л, Б.Унараас Ц.Р-од арилжааны гэрээгээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ....... хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.М, Б.А гэх иргэд бүртгэлтэй байгаа эсэх тухай лавлагааг гаргуулах, хариуцагч Б.Бнь Л.М, Б.А нартай төрөл садангийн холбоотой эсэх, хариуцагч Б.Бнь Ц.Р-той төрөл садны холбоотой эсэх тухай лавлагааг гаргуулах хүсэлтийг 2019.10.22-ны өдөр гаргасныг анхан шатны шүүх 2019.10.28-ны өдрийн №183/ШШ2019/012411 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзаж, 2021.12.16-ны өдөр дээрхийн ижил хүсэлт гаргасныг анхан шатны шүүх мөн хүлээн аваагүй.

Дээрх ажиллагааг хийлгэхээр гаргасан хүсэлт нь маргаан бүхий иргэний хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд болон нэхэмжлэгч Ч.Дгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас хохирсон хохирлыг НШШГГ, эсхүл хариуцагч Б.БББ, гуравдагч этгээд И.Л, Б.Унар хариуцаж арилгах эсэх талаар шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн, 38.6 дахь хэсэгт заасан “өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн ажиллагаагаар гаргуулах эрх нь зөрчигдсөн үйл баримт байсан" боловч анхан шатны шүүх энэ тухайд шийдвэрлээгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлж хохирол гаргуулах, өмчлөх эрх сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхийг нэхэмжлэгчид нээлттэй орхисон гэж үзээд давж заалдах журмаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

Хэрвээ давж заалдах шатны шүүх “гуравдагч этгээдийн хувьд эзэмшил нь шударга эзэмшигч гэж үзэх дүгнэлтийг гаргах бол хэргийг бүхэлд нь хянаж үзэн нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдүүд дүр үзүүлсэн гэрээгээр орон сууцыг арилжсан эсэх тухай нотлох баримтыг гаргуулах, гэрчийг асуулгах, хамтран нэхэмжлэгч оролцуулах хүсэлтийг нь хангаагүй орхисон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт хийж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх “буюу тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” байдал нэг бус удаа хэрэгт авагдсан шүүгчийн захирамжуудаар тогтоогдсон үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүргээ давж заалдах шатны шүүх биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг үүсгэж байна гэж үзээд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.04.21-ний өдрийн 1857 дугаар захирамжаар Ч.Дгээс 43,246,312 төгрөгийг гаргуулж Б.БББд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ч.Дгийн өмчлөлийн 44м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014.08.20-ны өдрийн 138/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2014.10.08-ны өдрийн 138/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгөө 200,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар хүсэлт ирүүлсэн.

Энэ үнэлгээг талуудад 2014.11.24-ний өдрийн 3/28164 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ болох 200,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2014.12.19-ний анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол мэдэгдлийг 2014 оны 2/24950 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирээгүй тул төлбөрийн шаардлагын хэмжээгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдлийг 2014 оны 3/32002 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ч.Д нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2015.06.05-ны өдрийн 4048 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014.12.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас Ч.Дгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...... хаягт байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 200,000,000 сая төгрөгийн 50 хувь болох 100,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015.09.04-ний өдрийн хоёрдахь албадан дуудлага оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2015 оны 4/28608 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар Албадан дуудлага худалдааны комиссын 2015.11.18-ны өдрийн хурлаар төлбөр төлөгч Ч.Дд 14 хоногийн дотор төлбөр төлөх хугацаа өгч, хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Б.БББд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж барагдуулаагүй тул ...... хаягт байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг султган чөлөөлөх мэдэгдлийг 2015.12.08-ны өдрийн 3/42738, 2016.01.12-ны өдрийн 3/1440, 3/25409 дүгээр албан бичгээр төлбөр төлөгчид тус тус мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Ч.Д нь дээрх мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016.04.21-ний өдрийн 101/Ш32016/03526 дугаар шийдвэрээр Ч.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Д нь дэрх албадан дуудлага худалдааны комиссын хурлаас хойш 8 сарын хугацаанд төлбөр төлөөгүй тул 2016.08.17-ны өдөр султган чөлөөлж, төлбөр төлөгчөөс төлсөн 1,446,312 төгрөгийг төлбөр төлөгч Ч.Дгийн хүсэлтийн дагуу 2016.08.29-ний өдрийн Хаан банк дахь дансанд шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар 2016.08.17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрээр 2016 оны байр орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай акт, 2016.08.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндсэн ажиллагаа болох Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа, санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгоогүй. Иймд дээрх шүүхийн шийдвэр, төлбөр авагчийн хүсэлт зэргийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.01.04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. 2015.11 дүгээр сарын 84 тоот албадан дуудлага худалдааны санал болгох комиссын хурал нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт /Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гаргасан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана/ заасны дагуу төлбөр төлөгч Ч.Дд төлбөр төлөх 14 хоногийн хугацаа өгч, төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн ........ 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж, төлбөр төлөгчөөс төлсөн 1,446,312 төгрөгийг төлбөр төлөгчид буцаан олгосон шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.04-ний өдрийн 001/ШХТ2023/00821 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББгийн гомдлыг, 2023.09.15-ны өдрийн 001ШХТ2023/00915 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Анарын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Анарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч Ч.Д нь НШШГГ, Б.БББ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна:

- Эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай 2016.08.17-ны өдрийн 1/26100 дугаартай албан тоотыг хүчингүйд тооцуулах,

- Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2018.01.04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХ дугаарт бүртгэлтэй, ........од байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Дгийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах,

- Төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Дд учирсан гэм хорын хохирол 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ, Б.Бнараас хувь тэнцүүлэн гаргуулах.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Төлбөр төлөгч Ч.Д Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.04.21-ний өдрийн 1857 тоот захирамжийн дагуу тус албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа илт хууль бус явагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.03.28-ны өдрийн 880 тоот шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.08.16-ны өдрийн байр орон сууцнаас албадан гаргасан тогтоол, мөн өдрийн 138/01 дугаартай төлбөр төлөгчөөс хураан авсан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт, 2016.08.17-ны өдрийн 431 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг тус тус хүчингүй болгосон. ... НШШГГ нь 2017.08.17-ны өдрийн 22 дугаартай албан тоотоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014.12.05-ны өдрийн 12/258 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2015.08.14-ний өдрийн 9/150 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг тус тус өөрөө хүчингүй болгосон. ... шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийн дүнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явуулах үүрэгтэй. ... гэтэл шийдвэрт заасан үүргийг НШШГГ биелүүлээгүй ба шалтгаанаа эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүх хүчингүй болгоогүй гэж тайлбарладаг. ... улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2016.08.17-ны өдрийн 1/26100 дугаар албан тоотоор Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтэст хүргүүлж орон сууцны өмчлөх эрх шилжих нөхцөл бүрдсэн. ... 2018.01.04-ний өдөр 1/29 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус болсон. ... 2016.08.17-ны өдрөөс хойш бусдын байрыг түрээсэлж амьдарсан нь шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанаас болж учирсан хохирол тул энэ хохиролд 42,500,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

9. Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.04.21-ний өдрийн 1857 дугаар захирамжаар Ч.Дгээс 43,246,312 төгрөгийг гаргуулж, Б.БББд олгохоор шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулсан. ... энэ ажиллагааны талаар төлбөр төлөгч хэд хэдэн удаа маргаан үүсгэж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.05-ны өдрийн 4048 дугаар шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016.04.21-ний өдрийн 101/ШШ2016/03526 дугаар шийдвэр гарч байсан. ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрээр ... үндсэн ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа болон санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгоогүй тул шүүхийн тус шийдвэр, төлбөр авагчийн хүсэлт зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2018.01.04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Ер нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанаас хойш явагдсан санал болгох, төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэх, төлбөр авагчид эд хөрөнгийг шилжүүлсэн ажиллагаа тус тус хуульд заасан журмын дагуу явагдсан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрээр энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж мэтгэлцсэн байна.

10. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоёр ч албадан дуудлага худалдаанд ороод борлогдоогүй, ... надад санал болгосны дагуу би зөвшөөрч байраа хүлээн авсан. Ч.Д ч байраа өгье, зээлээ төлж чадахгүй юм шиг байна гэж хэлж байсан. Би мөнгөө гаргаж авахын тулд тухайн байрыг н.Батбаяр гэх ченж залууд 41,000,000 төгрөгөөр зарсан. ... би өөрөө 5,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. ... н.Батбаяр байрыг нэр шилжүүлэх үед шууд Ц.Ренчинтогтох гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Үүнээс цааш ямар процесс болсныг мэдэхгүй.” гэж маргажээ.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Л, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөн тайлбар гаргасан ба тайлбартаа “... 2016.09 дүгээр сард үнэгүй.мн сайтад тавигдсан зарын дагуу Ц.Ренчинтогтохтой холбогдож, 2016.10.05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 72,000,000 төгрөгийн үнэ бүхий Ц.Ренчинтогтохын өмчлөлийн ........од байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, түүний хариуд өөрийн өмчлөлийн 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 89 дүгээр байр, 20 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 8.0 сая төгрөгийн үнэ бүхий тавилгын хамт, мөн 12,000,000 төгрөгийг бэлнээр харилцан шилжүүлсэн. ... И.Л, Б.Ундраа, Л.Мишээл, Л.Ариунгоо нар нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болж 2016.10.05-ны өдөр бүртгэгдсэн.” гэж тайлбарласан байна.

12. Анхан шатны шүүх 2016.08.17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх тухай албан тоот, 2018.01.04-ний өдрийн 1/29 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ маргаан бүхий сууцыг хураасан, төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэр гарснаас хойш ямар нэгэн ажиллагаа явуулахгүйгээр 2016.08.17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж, өмчлөх шилжүүлэх тухай албан тоотод үндэслэн 2018.01.04-ний өдөр 1/29 дүгээр тогтоол дахин гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус болсон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, шаардах эрхгүй гэж үзжээ.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын чанартай өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын найруулга ойлгомжгүй буюу өмчлөх эрхийг сэргээж байгаа мэт ойлгогдож байх тул “акт ба тогтоолыг хүчингүй болгов” гэх агуулгаар найруулгын өөрчлөлтийг, мөн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4, 122.2 дахь хэсгүүдийг баримтлах нь зүйтэй гэж үзэн хууль хэрэглээний алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна.

14. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББгийн гаргасан гуравдагч этгээд эд хөрөнгийг шударгаар олж авсан гэх үндэслэлгүй гэх агуулга бүхий гомдол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдсан гэх агуулга бүхий гомдлын хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцэв. 

15. Талууд хэрэгт ач холбогдол бүхий зарим үйл баримтын тухайд маргаагүй. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.04.21-ний өдрийн 1857 дугаартай захирамжаар Ч.Дгээс 43,246,312 төгрөг гаргуулан Б.БББд олгох, барьцаа хөрөнгө болох маргаан бүхий сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, тус захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2014.07.31-ний өдөр үүсгэсэн байна. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Дгийн гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.03.28-ны өдөр 181/ШШ2017/00880 дугаартай шийдвэр /цаашид 880 дугаартай шийдвэр гэх/-ээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэд хэдэн тогтоолыг хүчингүй болгосны дотор 2016.08.17-ны өдрийн 431 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг мөн хүчингүй болгосон байна. Энэ тухайд зохигч маргаагүй.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоол болон түүний үндэслэл болсон анхан болон хоёр дахь дуудлага худалдааны тогтоолууд хүчингүй болсон нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхны дуудлага худалдаа, эсхүл түүнээс өмнөх шатнаас дахин эхлүүлэх үндэслэл болно гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол хариуцагч НШШГГ дуудлага худалдааны зүйлийг төлбөр төлөгчид санал болгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчинтэй хэвээрээ гэж дүгнэн энэ үеэс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цааш үргэлжилнэ гэж маргасан байна.

16. Хоёр шатны шүүх НШШГГрын 2016.08.17-ны өдрийн эрх сэргээж, өмчлөлийг шилжүүлэх тухай 1/26100 дугаартай албан тоот, 2018.01.04-ний өдрийн 1/29 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.04.21-ний өдрийн 1857 дугаартай Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар хангасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг анхаарсангүй.

Тодруулбал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.04.21-ний өдрийн 1857 дугаартай захирамжаар хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг зохих хэмжээнд зөвшөөрөн эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба эвлэрлийн дүнд 43,246,312 төгрөгийг Ч.Дгээс гаргуулан Б.БББд олгох, барьцаа хөрөнгө болох маргаан бүхий сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн эвлэрсэн боловч төлбөр төлөгч Ч.Д шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа 4 жил орчим хугацаанд үргэлжлэн шийдвэр биелэгдэж төлбөр авагчийн 43,246,312 төгрөгийн үндсэн шаардлага хангагдан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бодит байдалд дуусгавар болжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 880 дугаартай шийдвэрт барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулах тухай 2014.12.05-ны өдрийн 12/258 дугаартай анхны албадан дуудлага худалдаа, 2015.08.14-ний өдрийн 9/150 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө хүчингүй болгосныг дүгнэсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг шүүхийн шийдвэрээр хууль бус гэж тогтоосноор тус ажиллагаа дуудлага худалдааны өмнөх шатнаас дахин үргэлжлэх тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй боловч дээр дурдсан шалтгаанаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх барьцааны шаардлагыг биелүүлэх бодит боломжгүй болсныг анхаарах шаардлагатай.  

17. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 880 дугаартай шийдвэрийн дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа аль шатнаас эхлэх тухай талаар дүгнэлт өгөх нь үр дүнгүй буюу барьцааны зүйлийг худалдан борлуулах ажиллагааг дахин явуулах бодит боломжгүй. НШШГГрын 2016.08.17-ны өдрийн эрх сэргээж, өмчлөлийг шилжүүлэх тухай 1/26100 дугаартай албан тоот, 2018.01.04-ний өдрийн 1/29 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолууд хууль ёсны эсэх нь маргаан бүхий сууцны тухайд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг албадан дуудлага худалдааны журмаар хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулахад нөлөөлөхгүй.

Учир нь тус хэргийн хариуцагч, төлбөр авагч Б.БББгийн маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нэгэнт дуусгавар болж, түүнээс хойш хэд хэдэн удаагийн хэлцлийн эцэст гуравдагч этгээд И.Л, Б.Унарын өмчлөлд шилжиж иржээ. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гуравдагч этгээд өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тэдгээрийн өмчлөх эрхийг эдийн баялгийн эрх зүй дэх итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд хууль ёсны буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас Б.Бба Ц.Р нарын хамаарлын байдлыг тогтоох ажиллагааг хийж чадаагүй гэх гомдлыг хангах үндэсгүй байна. Учир нь гуравдагч этгээд, төлбөр авагч Б.Бнь н.Б гэх орон сууцыг дамлан худалддаг хүнээр дамжуулан Ц.Ренчиндоржид өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарласныг Ц.Р зөвшөөрөн мэдүүлсэн байх ба Ц.Ренчинтогтох орон сууцыг И.Лгийн гэр бүлд өөр орон сууцаар арилжсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймд И.Л, Б.У нар орон сууцны өмчлөх эрхийг шударга бусаар олж авсан гэж үзэхгүй тул уг орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар дахин дуудлага худалдаанд оруулах бодит боломжгүй болжээ.

 18. Нэхэмжлэгч Ч.Дгийн гаргасан НШШГГрын 2016.08.17-ны өдрийн эрх сэргээж, өмчлөлийг шилжүүлэх тухай 1/26100 дугаартай албан тоот, 2018.01.04-ний өдрийн 1/29 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХ дугаарт бүртгэлтэй, ........од байрлах үл хөдлөх эд хөрөнгийн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Дд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино

19. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч НШШГГ, Б.Бнараас гэм хорын хохиролд 42,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тус шаардлагын үндэслэлээ барьцааны зүйл болох орон сууцыг төлбөр төлөгчид шилжүүлснээр бусдын орон сууцыг хөлсөлсний улмаас учирсан хохирол гэж тайлбарласан. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг биелүүлсний дүнд барьцааны зүйл өмчлөгчийн эзэмшилд үлдэх хууль зүйн боломжгүй, шийдвэрийг албадан гүйцэтгэх эсэхээс үл хамааран орон сууцыг бусдад худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах эрх зүйн үр дагаврыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.04.21-ний өдрийн 1857 дугаартай захирамж бий болгожээ. Иймд маргаан бүхий сууцыг бусдын эзэмшилд шилжүүлсний улмаас хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгчид 42,500,000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

20. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ББгийн гомдлыг хангахгүй орхин, хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Анарын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бодитойгоор дахин эхлүүлэх боломжгүй гэх агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00071 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00940 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.Дгийн хариуцагч НШШГГ, Б.БББ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай 2016.08.17-ны өдрийн 1/26100 дугаартай албан тоот, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай 2018.01.04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХ дугаарт бүртгэлтэй, ........од байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Дгийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Дд учирсан гэм хорын хохирол 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ, Б.Бнараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.ББ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ хяналтын жумаар гомдол гархадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД