Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00940

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 210/МА2023/00940

 

 

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00071 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-, Б.Б- нарт холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн Ч.Д-гийн өмчлөлд бүртгүүлэхийг НШШГГ-т даалгах,

2016 оны 08 сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай Эрх сэргээж, өмчлөл шилжүүлэх тухай албан бичиг, 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/29 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах,

төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Д-д учирсан гэм хорын хохиролд 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулах

нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 880 тоот шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 сарын 16-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргасан тогтоол, мөн өдрийн 138/01 дугаартай төлбөр төлөгчөөс хураан авсан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт болон 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 431 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч С.Самъяа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх 3 өрөө орон сууцыг Ч.Д-гийн өмчлөлд буцаан шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн явуулах үүргээ биелүүлэхгүй байсан тул Ч.Д- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга Ж.Наранбаатарт 2017 оны 06 сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөх үүргээ мөн адил биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч дэд хурандаа С.Б-д хандан 2017 оны 11 сарын 15-ны өдөр гомдол гаргасан. С.Б- гомдлыг хүлээн авч, 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 5/2182 дугаартай албан тоотоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа С.Ц-д хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэж, иргэн Ч.Д-д өргөдлийн хариуг өгч, дүнг 2018 оны 01 сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг мэдэгдэх үүргийг өгсөн. Гэтэл дээрх үүргийг НШШГГ- биелүүлээгүй бөгөөд биелүүлээгүй шалтгаанаа ...шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлээгүй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье... гэх хариуг өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 12/258 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны тогтоол буюу төлбөр төлөгч Ч.Д-гийн өмчлөлийн орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон 100,000,000 төгрөгөөр үнэлэгдэн оруулах тухай 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 9/150 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн тул НШШГГ- шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин эхнээс нь явуулах үүрэгтэй гэж ойлгож байна. НШШГГ- цаашид Ч.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийх эрхгүй болсон үедээ дээрх 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 1/26100 дугаар албан тоотыг үйлдэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтэст хүргүүлсэн нь төлбөр авагч Б.Б-д хууль бусаар үйлчлэн давуу байдал олгосон үйлдэл болох юм. Иймд төлбөр төлөгч Ч.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000752 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Д-гийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас төлбөр төлөгч Ч.Д-д учирсан гэм хорын хохирол 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Харин 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс хойшхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоолгох шаардлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

 

2.   Хариуцагч НШШГГ- хариу тайлбартаа: 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 1857 дугаар захирамжаар Ч.Д-гээс 43,246,312 төгрөгийг гаргуулж, Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Д-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2014 оны 08 сарын 20-ны өдрийн 138/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2014 оны 10 сарын 08-ны өдрийн 138/02 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд эд хөрөнгөө харилцан тохиролцож 200,000,000 төгрөгөөр үнэлж буйгаа илэрхийлсэн. Талуудын тохиролцсон үнэлгээний дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2014 оны 12 сарын 19-ний өдөр хүргүүлж, дуудлага худалдаанд оруулсан ба тухайн дуудлага худалдааны үеэр ямар нэгэн үнийн санал ирээгүй. 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 3/32002 дугаар албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдсэн. Гэтэл төлбөр төлөгч Ч.Д- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 4048 дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 12 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд дахин 2015 оны 08 сарын 24-ний өдрийн 3/28608 дугаар албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 09 сарын 04-ний өдөр зохион байгуулах болон хөрөнгийн үнэлгээг хуульд зааснаар 100,000,000 төгрөгөөр тогтоосныг мэдэгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгө худалдан борлогдоогүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн хурлаар төлбөр төлөгч Ч.Д-д 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах хугацаа өгч, хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Б.Б-д шилжүүлэхээ мэдэгдсэн. Гэтэл төлбөрийг барагдуулаагүй тул 3 өрөө орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 3/42738, 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 3/1440, 3/25409 дугаартай албан бичгүүдээр төлбөр төлөгчид тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ч.Д- тухайн мэдэгдлүүдийг хүчингүй болгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03526 дугаар шийдвэрээр Ч.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь дээрх албадан дуудлага худалдааны комиссын хурлаас хойш 8 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 08 сарын 17-ны өдөр орон сууцыг султган чөлөөлж, төлбөр төлөгчийн төлсөн 1,446,312 төгрөгийг буцаан олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар 2016 оны 08 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрээр 2016 оны 08 сарын 16-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, мөн өдрийн төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай акт, 2016 оны 08 сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ энэхүү шүүхийн шийдвэрээр үндсэн ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа болон санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгоогүй. Дээрх шүүхийн шийдвэр, төлбөр авагчийн хүсэлт зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Б.Б- хариу тайлбартаа: 2013 оны 02 сарын 25-ны өдөр Ч.Д- надаас 21,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Ч.Д- зээл авснаасаа хойш элдэв шалтаг тоочиж, төлбөр төлөхөөс зайлсхийж байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шатанд буюу 2014 оны 06 сарын 28-ны өдрийн байдлаар үлдэгдэл 43,246,312 төгрөг төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Ч.Д- дээрх хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн ч төлбөрөө төлөхөөс зайлсхийсээр байна. Тухайн зээлийг авах үедээ Ч.Д- өөрийн барьцаанд бариулсан байраа 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж байсан ч бодит байдалд тийм ч өндөр үнэ хүрэх байр биш байсан. Ч.Д-гээс байраа зараад, мөнгөө хурдан төлөхийг удаа дараа шаардсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоёр ч албадан дуудлага худалдаанд ороод борлогдоогүй, ингээд санал болгосны дагуу би байраа хүлээн авсан. Ч.Д- ч гэсэн байраа өгье, зээлээ төлж чадахгүй юм шиг байна гэж хэлж байсан. Би өөрийнхөө мөнгийг гаргаж авахын тулд тухайн байрыг н.Б- гэх хүнд 41,000,000 төгрөгөөр худалдсан. н.Б- байрыг нэр шилжүүлэх үед шууд Ц.Р- гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Үүнээс цааш ямар процесс болсныг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Гуравдагч этгээд И.Л- хариу тайлбартаа: 2016 оны 09 сард Үнэгүй.мн сайтад тавигдсан зарын дагуу Ц.Р-той холбогдож, 2016 оны 10 сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 72,000,000 төгрөгийн үнэ бүхий Ц.Р-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, түүний хариуд өөрийн өмчлөлийн 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 89-р байр, 20 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 8,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилгын хамт шилжүүлсэн. Мөн 12,000,000 төгрөгийг бэлнээр харилцан шилжүүлсэн бөгөөд уг орон сууцны өмчлөгчөөр И.Л-, Б.У, Л.М, Л.А нар 2016 оны 10 сарын 05-ны өдөр бүртгэгдсэн. Гэрээ байгуулахаас өмнө Ц.Р-ын нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан ба ямар нэгэн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрыг албадан дуудлага худалдаанд оруулсан, санал болгосон, төлбөр авагчид шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр байсан. Түүнчлэн, бид Ч.Д-, Б.Б- нараас тухайн орон сууцыг худалдан аваагүй, үүнтэй холбоотой маргаан үүссэн болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Иймд гуравдагч этгээдийн хувьд тухайн орон сууцыг шударгаар олж авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч тул Ч.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны эзэмшигч нь тодорхой байна. Дараагийн эзэмшигч Б.Б-д асуудал байна. Шүүх хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай эрх сэргээж, өмчлөх шилжүүлэх тухай албан тоот, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгох тухай 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000752 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Д-гийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, хариуцагч НШШГГ-, Б.Б- нараас гэм хорын хохирол 42,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар НШШГГ- 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс хойшхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоолгох, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч.Д- татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 809,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

7.   Хариуцагч НШШГГ- давж заалдах гомдолдоо: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 сарын 21-ний 1857 дугаар захирамжаар Ч.Д-гээс 43,246,312 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.Д-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 40-р байрны 00 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 08 сарын 20-ны өдрийн 138/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 10 сарын 08-ны өдрийн 138/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-т зааснаар талууд харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгөө 200,000,000 төгрөгөөр үнэлж, дээрх үнэлгээг талуудад 2014 оны 11 сарын 24-ний өдрийн 3/28164 дугаар албан бичгээр мэдэгдсэн. 2014 оны 12 сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол мэдэгдлийг 2014 оны 2/24950 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдлийг 2014 оны 3/32002 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Ч.Д- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 4048 дугаар шийдвэрээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас Ч.Д-гийн өмчлөлийн орон сууцыг 100,000,000 төгрөгөөр доод үнийг тогтоон, мэдэгдлийг 2015 оны 4/28608 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Тус газраас зохион байгуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Ч.Д-д 14 хоногийн дотор төлбөр төлөх хугацаа өгч, хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Б.Б-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Орон сууцыг султган чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 3/42738, 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 3/1440, 3/25409 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ч.Д- нь дээрх мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 101/Ш32016/03526 дугаар шийдвэрээр Ч.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ч.Д- нь дэрх албадан дуудлага худалдааны комиссын хурлаас хойш 08 сарын хугацаанд төлбөр төлөөгүй тул 2016 оны 08 сарын 17-ны өдөр султган чөлөөлж, төлбөр төлөгчөөс төлсөн 1,446,312 төгрөгийг Ч.Д-гийн хүсэлтийн дагуу 2016 оны 08 сарын 29-ний өдөр Хаан банк дахь дансанд шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар 2016 оны 08 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрээр 2016 оны байр орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай акт, 2016 оны 08 сарын 17-ны өдрийн шийдвэрээр үндсэн ажиллагаа болох үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа, санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгоогүй тул дээрх шүүхийн шийдвэр, төлбөр авагчийн хүсэлт зэргийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол үндэслэлгүй. 2016 оны 08 сарын 16-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол, төлбөр төлөгчөөс төлбөр авагчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгосон. Мөн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 431 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолууд гарсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэр гараагүй байх үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 22 дугаартай албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоолыг үйлдсэн. 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 12/258 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 9/150 тоот тогтоолыг өөрсдөө хүчингүй болгосон. Энэ талаар тус шийдвэрт тусгагдсан, эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Уг ажиллагаанаас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага нь өөрөө тус шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. 2017 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоос татгалзаад 2017 оны 06 сарын 22-ны өдөр шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхнээс нь сэргээн явуулах үндэслэл бий болсон. Иймд 2017 оны 06 сарын 22-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан. Тус гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид эд хөрөнгийг шилжүүлж өгөхдөө хууль зөрчсөн, тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хүчингүй болсныг шүүхийн шийдвэрт тусгасан болон төлбөр төлөгч болон төлбөр авагчид эд хөрөнгө шилжүүлж өгсөн тухай тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгуулах зэрэг ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Улмаар 2017 оны 12 сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч дэд хурандаа С.Б-д гомдол гаргасан. 2017 оны 12 сарын 21-ний өдөр 5/2182 дугаартай албан бичгээр хариу өгсөн бөгөөд уг албан бичиг хэрэгт авагдсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа, н.Түмэндэлгэр нар 2018 оны 01 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг дахин явуулсан, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдээгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018 оны 01 сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон тогтоол, мөн өмчлөх эрхийг шилжүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг жич нэхэмжлэх эрхтэй гэж үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заанаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлж байгаа тохиолдолд тус хуулийн 48.11 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт хоёр дахь албадан дуудлага худалдаанаас санал болгосон үнэ, дуудлага худалдаанд холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгэгчээс шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна гэсэн болохоос төлбөр авагчийн төлбөрийн хэмжээгээр нь шилжүүлж өгнө гэсэн ойлголт байхгүй. Анхны албадан дуудлага худалдааг 200,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн, хоёр дахь албадан дуудлага худалдааг 100,000,000 төгрөгөөр, төлбөрийн шаардлага 43,24,312 төгрөг байгаа. Төлбөр төлөгч 1,900,000 төгрөгийг төлсөн. Тиймээс 58,000,000 төгрөгийн тухайд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яагаад хийгдээгүй нь ойлгомжгүй байна. Гэтэл НШШГГ- 2016 оны 08 сарын 16-ны өдөр хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлж өгсөн гэж үзэхэд тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг, мөн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт заасныг баримтлахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ажиллагаа хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэсэн талаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн Ч.Д-гийн өмчлөлд бүртгүүлэхийг НШШГГ-т даалгах, 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 1/26100 дугаартай Эрх сэргээж, өмчлөл шилжүүлэх тухай албан бичиг, 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/29 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Д-д учирсан гэм хорын хохиролд 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс хойшхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоолгох шаардлага болон хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

 

3.   Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 сарын 21-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1857 дугаар захирамжаар хариуцагч Ч.Д-гээс 43,246,312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоот 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 31-32/

Дээрх шүүгчийн захирамжид НШШГГ- 2014 оны 07 сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1хх 33/

4.   Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Эрх сэргээж, өмчлөл шилжүүлэх тухай 1/26100 тоот албан бичгээр ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 08 сарын 26-ны өдрийн 2/18400 дугаар албан бичгээр тавьсан хоригийг сэргээж, төлбөр авагч Б.Б-гийн өмчлөлд шилжүүлэх...-ийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст мэдэгдэж, 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/29 тоот тогтоолоор ...Төлбөр төлөгч Ч.Д-д холбогдох 14290324 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон... байна. /1хх 90, 115/

 

5. Дээр дурдсан албан бичиг, тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зөв. Учир нь:

5.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 22 дугаартай Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол-оор орон сууцыг битүүмжлэлээс болон хурааснаас чөлөөлж, мөн өдрийн 22 дугаартай Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол-оор үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 12/258 дугаар тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 9/150 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна... гэж дүгнэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 сарын 16-ны өдрийн Байр орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 138/01 дугаартай Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт, 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 431 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоол-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх 6-10, 54, 81, 201, 142-143/

Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө орон сууцыг битүүмжлэл, хурааснаас чөлөөлж, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанаас эхлэн явагдах учиртай гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Улмаар ...энэхүү шүүхийн шийдвэрээр үндсэн ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа ...-г хүчингүй болгоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн... гэсэн агуулгатай хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.б. НШШГГ- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00880 дугаар шийдвэрийн дагуу ямар нэгэн ажиллагаа явуулахгүйгээр дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь буруу гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Учир нь, дээр дурдсан шийдвэрт ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалт нь тухайн эд хөрөнгийн үнэ ямар байхаас үл хамааран уг эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон санал болгох эрх олгосон заалт биш... гэж санал болгох хурлын шийдвэр хуульд нийцээгүй тухай дүгнэжээ.

Иймд ...энэхүү шүүхийн шийдвэрээр ... санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 1/29 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн... гэсэн агуулгатай хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн Ч.Д-гийн өмчлөлд бүртгүүлэхийг НШШГГ-т даалгах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь:

6.а. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 7/4328 дугаартай албан бичигт ...Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 40-р байрны 00 тоот орон сууц нь 2016 оны 08 сарын 17-ны өдөр Б.Б-д, 2016 оны 08 сарын 23-ны өдөр Ц.Р-од, 2016 оны 10 сарын 05-ны өдөр И.Л-, Б.У, Л.М, Л.А нарын өмчлөлд тус тус шилжсэн... тухай дурджээ. /2хх 20-21/

6.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон И.Л-, Б.У нар дээр дурдсан орон сууцыг өмнөх өмчлөгч Ц.Р-оос 2016 оны 10 сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-ний үндсэн дээр худалдан авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 213-218/

Иймд И.Л-, Б.Ундраа нарыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэх тул нэхэмжлэгчийн гаргасан холбогдох шаардлагыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 23-т дурдагдсан ...нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай жич нэхэмжлэх эрхтэй... гэсэн агуулгатай дүгнэлт нь шударга эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн дүгнэлт болжээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Д-д учирсан гэм хорын хохиролд 42,500,000 төгрөгийг хариуцагч НШШГГ-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын найруулга ойлгомжгүй буюу өмчлөх эрхийг сэргээж байгаа мэт ойлгогдож байх тул найруулгын өөрчлөлтийг, мөн тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтад хууль хэрэглээний алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

9. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосонтой холбоотой өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад энэ магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00071 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх тухай 1/26100 дугаартай албан бичиг, 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/29 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн Ч.Д-гийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах тухай, хариуцагч НШШГГ-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас Ч.Д-д учирсан гэм хорын хохиролд 42,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...7.1.2... гэснийг ...7.1.4... гэж өөрчилж, ...56.1,... гэснийг хасч,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР