Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00157

 

МУЕПын газар болон ТАЗийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00924 дүгээр магадлалтай,

МУЕПын газар болон ТАЗийн нэхэмжлэлтэй С.Дд холбогдох  

Гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч МУЕПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Иын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ерөнхий прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Б.И, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч МУЕПын газар, ТАЗ нь хариуцагч С.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Дгээс 9,306,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУЕПын газар болон ТАЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,919,552 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Дгээс 163,857 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00924 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч С.Дгээс 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МУЕПын газар, ТАЗийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Дгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч МУЕПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.1, 176.2.3 дахь заалтад тус тус зааснаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг ижил төрлийн маргаан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэл нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой байх тул уг харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт зохигчийн маргаанд хамааралтай, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт албан тушаал бууруулах агуулгатай буюу хуульд заасан төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар: Хариуцагч С.Д нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах байхдаа 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” тушаалаар тус хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Жыг 2018.07.06-ны өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулж, тус хорооны Ажлын албаны даргын 2018.07.06-ны өдрийн 118 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Т.Жыг мөн өдрөөс эхлэн Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Дээрх шийдвэрүүдийг Т.Ж эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018.07.06-ны өдрийн “Албан тушаал бууруулах” 444 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2018.07.30-ны өдөр ТАЗд гомдол, 2018.10.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь Т.Жыг ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас халсан. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б.А нь төрийн албан хаагч Т.Ж албан тушаал бууруулах тушаалыг эс зөвшөөрч ТАЗд гомдол гаргаж, улмаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байхад түүнийг ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас халсан. Энэ тушаал нь Т.Жын хувьд шууд үр дагавар үүсгээгүй гэж үзнэ. Иймд хариуцагч төрийн албан хаагч С.Дгийн “албан үүргээ зөрчсөн” гэм буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас Т.Жын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан. Иймд уг хууль бус шийдвэрийн улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар: С.Д нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах байхдаа 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” тушаалаар тус уг хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Жыг 2018.07.06-ны өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулж, тус хорооны Ажлын албаны даргын 2018.07.06-ны өдрийн 118 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Т.Жыг мөн өдрөөс эхлэн Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бус болохыг тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны данснаас 2019.12.25-ны өдөр 29,226,227 төгрөгийг Т.Жын дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа С.Д нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...хууль дээдлэх...” төрийн албаны нийтлэг зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчмыг хэрэгжүүлэх ёстой ба хэрэв хууль бус шийдвэр гаргасан бол түүний үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй байна. Хариуцагч С.Д нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу “захиргааны чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэхдээ Т.Жыг хууль бусаар албан тушаал буруулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр захирлын ажлыг хийж гүйцэтгээгүй Т.Жад “ажилгүй байсан хугацааны” цалинтай тэнцэх нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “...өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус зохицуулсан. Хариуцагч төрийн албан хаагч “албан үүргээ зөрчсөн” буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас Т.Жын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан, уг хохирлыг Санхүүгийн зохицуулах хороо нь “нөхөх олговор” олгох байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ. Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн “хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах” албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг (санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нь байж болно) “гэм буруугүй” гэж үзэхгүй ба тухайн гэм буруутай үйлдлийн улмаас Иргэний хуулиар хамгаалагдсан тодорхой эрх, ашиг сонирхол (хөдөлмөрлөх эрх) зөрчигдөж, хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул хохирлыг шаардах эрхтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.2 дахь заалтын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханаж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.04-ний өдрийн 001/ШХТ2023/00822 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч МУЕПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Иын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч МУЕПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Б.Иын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч МУЕПын газар, ТАЗ нь хариуцагч С.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.1. Нэхэмжлэгч МУЕПын газар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Д нь 2018.07.06-ны өдрийн 444 дугаар тушаалаар ажлын албаны дарга Т.Жын албан тушаалыг бууруулж, мөн өдрийн 118 дугаар тушаалаар хяналт, шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. ... Тус хорооны Ажлын албаны даргын 2018.12.19-ний өдрийн 292 дугаар тушаалаар ... үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ... Т.Ж холбогдох тушаалуудыг эс зөвшөөрч шүүхээр марган ... түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. ... шийдвэрт 2018.07.06-ны өдрөөс 2019.12.03-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,226,227 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулан Т.Жад олгохоор заасан. ... шүүхийн шийдвэр биелэгдсэн. ... Захиргааны ерөнхий хуулийн 103.3, 103.1, Иргэний хуулийн 497.1, 498.2, 498.5-д зааснаар 29,226,227 төгрөгийг С.Дгээс гаргуулна.” гэж тайлбарласан.

7.2. Нэхэмжлэгч ТАЗ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. ... Тухайн үед ажиллаж байсан, уг тушаалыг гаргасан буруутай албан тушаалтан нь С.Д тул түүнээс 29,226,227 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгох үндэстэй” гэж тайлбарласан.

8. Хариуцагч С.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Иргэний хуулийн 498.5-д заасан гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэр нь гэм хорын ерөнхий зохицуулалтын үндсэн бүрэлдэхүүний нэг болох болгоомжгүй хэлбэрээс ялгаатай. ... Тухайн хэргийн тохиолдолд миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа 2018.07.06-ны өдрийн 444 дугаар тушаалаар Т.Жыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалаас бууруулах шийдвэрийг ... хуулиар тогтоосон чиг үүргийнхээ дагуу Дотоод хяналтын хэлтсээс шалган тогтоосон дүгнэлт дээр үндэслэн гаргасан тул Т.Жад шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэх үндэслэл үгүй. ... Т.Жын албан тушаалыг бууруулсан шийдвэрийг шүүх хууль бус болохыг тогтооно гэдгийг урьдчилан харах боломжгүй. ... Захиргааны хэргийн шүүх Т.Жын нэхэмжлэлтэй хэргийг 2019.12.03-ны өдөр хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан тул шүүхийн шийдвэрийг давж заалдах боломж олгогдоогүй. Давж заалдах боломж олгогдоогүй шийдвэрээр надаас хохирол нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, шударга ёсонд үл нийцнэ. ... Т.Жыг албан тушаал бууруулах шийдвэрийг би гаргасан боловч тэрээр цалин хөлс авч ажиллах боломжтой Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон. Уг албан тушаалд ажиллахаас татгалзсаны улмаас түүний цалин хөлс авах эрх өөрийнх нь эс үйлдэхүйгээс хамааралтайгаар зөрчигдсөн бөгөөд ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсөө авч хохирлын хэмжээ өсөхөд шууд нөлөөлсөн” гэж маргасан.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 9,306,675 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ “... хууль бус тушаал, шийдвэр гаргасан хариуцагчийн гэм буруу тогтоогдсон тул үүдэн гарсан хохирлыг хариуцан арилгана, ... С.Дгийн 2018.07.06-ны өдөр гаргасан Албан тушаал бууруулах тухай 444 дугаар тушаал нь хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхээс хянан шийдвэрлэж байх явцад буюу 2018.12.19-ний өдөр Ажлаас халах тухай 292 дугаар тушаал гарсан. ... уг тушаалыг хариуцагч С.Д гаргаагүй. ... 2018.07.06-ны өдрөөс 2018.12.19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа 114 хоног буюу хариуцагчийн хариуцан арилгах хохирлын хэмжээ 9,306,675 төгрөг /114*81,637.5/-ийг гаргуулах нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т нийцнэ.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... Захиргааны ерөнхий хуулийн 103.3-т заасан нэхэмжлэл нь ерөнхий гэм хор буюу иргэн, хуулийн этгээдэд нөхөн төлсөн хохирлын тухайд яригдаж байгаа үндэсний аудитын газрын гаргах нэхэмжлэл тул төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хамаарахгүй. Нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 497, 510 дахь заалтыг баримталсан анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, ... Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсгээр төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх тухай заасан. ... Санхүүгийн зохицуулах хорооны даргын 444 дугаартай тушаал нь ажлаас халах, чөлөөлөх бус албан тушаал бууруулах агуулгатай тул дээрх тохиолдолд хамаарахгүй” гэж дүгнэсэн.

11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д нь 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай тушаалаар Ажлын албаны дарга Т.Жыг албан тушаал бууруулж, мөн өдрийн 118 дугаартай тушаалаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, уг тушаал хуульд нийцсэн эсэх талаар шүүхэд хандан маргах хугацаанд буюу 2018.12.19-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 292 дугаар тушаалаар Т.Жыг ажлаас халсан, эдгээр тушаалыг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээр хянаж Т.Жыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн томилж, зохих хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй, энэ нөхцөл байдал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.

12. Дээрх шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,226,227 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Т.Жад олгохоор заасан байх ба шийдвэр биелэгдэж тус олговрыг Т.Ж хүлээн авчээ. Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулж Т.Жад олгосон 29.226,227 төгрөгийг 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай тушаал гаргасны улмаас хариуцагч С.Дгийн төрд учруулсан хохирол гэж үзэх эсэх талаар зохигч маргаж байна.

13. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн зөрчил буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдвал зохих эрх, хууль ёсны ашиг сонирхлын төрлийг тодорхойлсноороо нийтлэг зохицуулалт болох хэдий ч зөрчил гаргасан этгээд зайлшгүй гэм буруутай байхыг шаарддагаараа энэ шаардлагыг тавьдаггүй тусгай зөрчлүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж зааснаас үзвэл энэ зүйлд хамаарах зөрчлийн бүрэлдэхүүнд гэм буруугийн аль нэг хэлбэрийг заавал шаардаж байгаагаараа нийтлэг бус, нарийвчилсан зохицуулалт болдог онцлогтой. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна.  Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.

14. Энэ маргааны тухайд хариуцагч С.Д нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жыг байгууллагын холбогдох нэгжээс гаргасан дүгнэлтэд суурилан албан тушаал бууруулсан явдалд гэм буруугүй гэж мэтгэлцсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч С.Д нь Албан тушаал бууруулах тухай 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай тушаал гаргаснаар төрийн байгууллагад 29,226,227 төгрөгийн гэм хорыг шууд санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин хариуцагч С.Д нь маргаан бүхий дээрх актыг гаргах явцад төрийн удирдах албан хаагч бүрийн мэдвэл зохих хуулийн эн тэргүүний шаардлагыг хангаж ажиллаагүй эс үйлдэлдээ болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаартай шийдвэрт “...дүгнэлт гаргасан мөн өдөр ... сонсох ажиллагаа хийгдсэн, ... сонсох ажиллагааны явцад уг дүгнэлтийг танилцуулж, Хорооны даргаас Т.Жыг албан тушаал бууруулах шийдвэр гаргахаар төлөвлөж байгаагаа танилцуулж, мөн өдрөө маргаан бүхий 444 дугаартай тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасантай нийцээгүй шийдвэр болжээ.” гэж дүгнэснээс үзвэл хөрөнгийн болон банк бус санхүүгийн зах зээлийг хянан зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагыг удирдах, мэргэшсэн албан тушаалтан бүр мэдвэл зохих, захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн үйл явцын/процессын шаардлагыг эс биелүүлсэн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзнэ.

Хариуцагч түүний гаргасан тушаалыг шүүхийн шийдвэрээр хууль бус гэж тогтоосонд гэм буруугүй хэмээн тайлбарлаж байна. Гэвч Т.Ж зөрчил гаргасан нь тогтоогдсон эсэх, уг зөрчилд Т.Ж буруутай эсэх талаар байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхийн хууль зүйн мэргэшлийн шинжтэй дүгнэлтүүд ялгаатай гарсанд хариуцагчийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, Т.Ж нь сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн материаллаг эрх зүйн шинжтэй үндэслэлийг урьдчилан харж чадаагүйд хариуцагч С.Дг гэм буруутай гэж үзсэнгүй. Гагцхүү төрийн эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой анхан шатны шинжтэй захиргааны акт гаргахын өмнө сонсгол хийх, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн байр суурийг сонсох, өөрийгөө хамгаалах, буруугүй болохоо тайлбарлах боломж олгох зэрэг процессын хэм хэмжээний хэрэглээний асуудалд илтэд хайхрамжгүй хандан хууль зөрчин захиргааны акт гаргасанд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан “буруутай”, тодруулбал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “илтэд болгоомжгүй” хэлбэрийн гэм буруутай гэж үзэв. Иймд төрийн албан хаагчийн илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцан арилгасан бол энэ хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх боломжтой.

Иймд давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай тушаал нь албан тушаал бууруулах агуулгатай тул тус маргаанд хамааралгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

15. Нэхэмжлэгч нар хариуцагч С.Дгийн хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас төрд 29,226,227 төгрөгийн гэм хор учирсан гэж үзэн энэ хэмжээгээр хохирлыг арилгуулахаар шаардсан. Хариуцагч С.Дгийн төрд учруулсан хохирлын хэмжээг 9,306,675 төгрөгөөр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Учир нь хариуцагч С.Д нь 2018.07.06-ны өдөр 444 дугаартай албан тушаал бууруулах тушаал гаргасан бөгөөд Т.Жыг ажлаас халах шийдвэрийг хариуцагч гаргаагүй байх тул 2018.07.06-ны өдрөөс 2018.12.19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 9,306,675 төгрөгөөр хохирлын хэмжээг тодорхойлно.

16. Түүнчлэн тус хэрэг маргаанд МУЕПын газар, ТАЗ нь тус тус нэхэмжлэгчээр оролцож байх боловч эдгээрийн нэхэмжлэгч байх эрх зүйн үндсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулах тул эдгээр байгууллага нь тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан этгээд байна. Ажилтны учруулсан хохирлыг хуульд заасан журмын дагуу арилгасан ажил олгогч-төрийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо нь гэм хорыг шаардах эрхтэй этгээд тул дээр дурдсан хохирлын мөнгөн дүнг төлөөлөн нэхэмжлэл гаргасан МУЕПын газар, ТАЗд бус Санхүүгийн зохицуулах хороонд олгох нь зүйтэй.

17. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Иын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00924 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

              “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Дгээс 9,306,675 төгрөгийг гаргуулан Санхүүгийн зохицуулах хороонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,919,552 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Улсын Ерөнхий прокурорын газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                         

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД