Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00205

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00205

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ч.Батчимэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: П

 

Нэхэмжлэгч: Т

 

Хариуцагч:  Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Я.Ө

Хариуцагч С.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Д нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 444 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалаар тус уг хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Ж-ыг Хорооны даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсаар байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан, мөн нэр бүхий 2 албан хаагчийг ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах тухай Улсын дээд шүүхийн тогтоолыг цаг хугацаанд биелүүлээгүйн улмаас Хороонд 4,777,523 төгрөгийн хохирол нэмж учруулсан гэх үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулж, тус хорооны Ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Т.Ж-ыг мөн өдрөөс эхлэн Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улмаар тус хорооны Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар уг хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ж-ыг Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалуудыг Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дугаартай, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай тогтоолуудаар эрх зүйн зөрчилтэйд тооцож хүчингүй болгосон шийдвэрүүд болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00967 дугаартай, мөн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01630 дугаартай шийдвэрүүдээр нийт 23,043,754 төгрөгийг Хорооноос гаргуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг биелүүлсний улмаас Хороонд 23,043,754 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлоо арилгах арга хэмжээг аваагүй, ажилдаа ирж албан үүргээ гүйцэтгээгүй ба ажилдаа ирэхийг шаардсан мэдэгдлийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй ажлаа 3-аас дээш өдрөөр тасалсан гэх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон нийтийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Дээрх шийдвэрүүдийг Т.Ж эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д-ийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 444 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал, тус хорооны Ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай Ажлаас халах тухай тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаал болох Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, 2018 оны 9 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдад олгосон 2,000,000 төгрөгийн урамшууллыг гаргуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаартай шийдвэрээр Төрийн албан тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1, 16.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Албан тушаал буруулах тухай 444 дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүний ажилгүй байсан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 29,226,227 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасаж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны ажлын албаны дарга нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдад олгосон 2,000,000 төгрөгийн урамшууллыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 585 дугаартай ажлын албаны даргын тушаалд эргүүлэн томилох тухай тушаалаар Т.Ж-ыг тус хорооны ажлын албаны даргаар мөн өдрөөс эхлэн эргүүлэн, томилж, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29,226,227 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг Санхүү, хөрөнгө оруулалтын албанд даалгаснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Үндэсний аудитын газраас прокурорт гаргасан хүсэлтэд ...Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхийн шийдвэрийн дагуу 29,226,227 төгрөгийг гаргуулсан нөхцөл байдалд учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасны дагуу прокуророор нэхэмжлэл гаргуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Д-гээс шүүхийн шийдвэрийн дагуу Т.Ж-д олгосон нөхөн олговрыг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлаагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр, хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь, даргаар ажиллаж байсан С.Д нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд төрийн албан хаагч Т.Ж-ыг албан тушаал бууруулах хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан С.Д-гээс шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 29,226,227 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Ж-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас бууруулж халсан байдаг. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд Т.Ж нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн байгаа. Ингээд 588 тогтоолоор эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгсон байна гэж үзсэн хэрнээ төлбөрийн хүсэлт гэдэг баримтаар 29,226,227 төгрөгийг олгосон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Тухайн үед ажиллаж байсан уг тушаалыг гаргасан албан тушаалтан нь С.Д юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд п- гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Буруутай этгээд болох С.Д-гээс 29,226,227 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчаас 29,226,227 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс хүлээн зөвшөөрч байна. П байгууллагын зүгээс холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шаардах эрх үүсээгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. П-ын газраас хохирол нэхэмжлэх болсон үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасныг үндэслэл болгожээ. Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсан хариуцлагыг хэн хэрхэн, хэр хэмжээнд хариуцах талаар нарийвчлан зохицуулсан. 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн Т.Ж-ад шүүхийн шийдвэрийн дагуу цалинг нөхөн олгосон байдаг. Тухайн хэргийн тохиолдолд миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Ж-д шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэх үндэслэл үгүй. Учир нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалаар Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалаас бууруулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг хуулиар тогтоосон чиг үүргийнхээ дагуу Дотоод хяналтын хэлтсээс шалган тогтоосон дүгнэлт дээр үндэслэн гаргасан болно. Энэ нь түүнд миний бие шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэдгийг үгүйсгэх хангалттай үндэслэл болно гэж үзэж байна. Т.Ж-ыг албан тушаал бууруулах шийдвэрийг би гаргасан боловч тэрээр цалин хөлс авч ажиллах боломжтой Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон ч ажиллахаас татгалзсаны улмаас түүний цалин хөлс авах эрх өөрийнх нь эс үйлдэхүйгээс хамааралтайгаар зөрчигдсөн бөгөөд ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсөө авч хохирлын хэмжээ өсөхөд шууд нөлөөлсөн болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх Т.Ж-ын нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан тул шүүхийн шийдвэрийг давж заалдах боломж надад олгогдоогүй болно. Т.Ж-д хохирол учруулсан гэж үзэж байгаа шийдвэрт давж заалдах боломж олгогдоогүй тус шийдвэрээр надаас хохирол нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, шударга ёсонд үл нийцнэ хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Т.Ж-цын албан тушаалыг бууруулсан шийдвэр нь хожим Т.Ж шүүхэд хандаж, шүүх түүнийг нь хууль бус болохыг тогтооно гэдгийг би урьдчилан харах боломжгүйн дээр түүнд нөхөн олгосон цалин буюу хохирлыг би шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ учруулсан гэх үндэслэл үгүй. Т.Ж нь Санхүүгийн зохицуулах хорооны шинээр томилогдсон дарга Д.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар Ажлын албаны даргын албан тушаалд эргүүлэн томилогдож, улмаар Т.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 25-нд өөрөө тушаал, шийдвэр гаргаж 29,226,227 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан байдаг. Т.Ж-ыг тушаал бууруулсан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаал нь Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтээр Т.Ж-ыг албан тушаал бууруулах үндэслэл болсон бөгөөд уг дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг шүүхээс бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэх үндэслэлээр үгүйсгэхийг миний бие урьдчилан тооцоолж мэдэх боломжгүй юм. Түүнчлэн нэр бүхий 2 албан хаагчийг ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн авах тухай Улсын Дээд Шүүхийн тогтоолыг цаг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Хороонд 4,777,523 төгрөгийг хохирол нэмж учруулсан зөрчил нь дан ганц Т.Ж-ын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаатай хамааралтай гэж үзээгүй байх тул албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дурджээ. Иймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллаагүйн улмаас Санхүүгийн зохицуулах хороонд хохирол учруулсан Т.Ж-ад хариуцлага хүлээлгэж албан тушаал бууруулсан үндэслэлийг хожим нь шүүхээс дээрх байдлаар дүгнэхийг миний бие мэдэх боломжгүй буюу тухайн үндэслэлээр албан тушаал бууруулсныг түүнд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэр нь гэм хорын ерөнхий зохицуулалтын үндсэн бүрэлдэхүүний нэг болох болгоомжгүй хэлбэрээс ялгаатай. Судлаач Б.Буянхишиг Гэм буруугийн хэлбэрийг санаатай болон болгоомжгүй гэж хуваах бөгөөд үйлдлийнхээ үр дагаврыг хууль бус гэдгийг мэдсээр байж, хүсэж үйлдсэн нөхцөлд санаатай гэж үзэх ба эрх зүйн харилцаанд зохих болгоомжгүйн улмаас бусдын эрхэнд хандсан бол болгоомжгүй үйлдэл гэж тайлбарлаж болно гэжээ. Эрх зүйн ойлголтод Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэхийг хэлдэг. Иргэний хуульд болгоомжгүй, илтэд болгоомжгүй, санаатай, шууд санаатай гэх үйлдэл, эс үйлдэхгүйн сэдлийг зааглан авч үзэж буй нь учирсан хохирол, гэм буруу хоёр хоорондоо шалтгаант холбоог тогтоох, цаашлаад хэн хэр хэмжээнд хохирлыг хариуцан барагдуулахыг тогтооход чухал ач холбогдолтой байна. Онолын хувьд илтэд болгоомжгүй үйлдлийг санаатай үйлдэлтэй ижил гэж тайлбарлан хэрэглэдэг. Энэ ч агуулгаар Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт төрийн албан хаагчийн болгоомжгүй бус харин шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төрийн байгууллага шаардан гаргуулахаар заажээ. Иймд дээрхээс нэгтгэн дүгнэж үзвэл тухайн тохиолдолд миний бие Т.Ж-ыг албан тушаал бууруулах шийдвэр гаргаснаар түүнд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

4. Нэхэмжлэгч П газраас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4/5866 тоот албан бичиг /хх 6/, С.Д-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 7/, төлбөрийн хүсэлт /хх 8/, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 585 тоот Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хх 9, 66/, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 444 тоот Албан тушаал бууруулах тухай тушаалын хуулбар /хх 10-11, 67/, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрий 118 тоот Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх 12, 68/, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот Ажлаас халах тухай тушаалын хуулбар /хх 13, 69/, Үндэсний аудитын газрын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 04/1756 /хх 14/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрийн хуулбар /хх 15-34, 71-80/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/22567 тоот албан бичиг /хх 64/, төлбөрийн хүсэлт /хх 65/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/4239 тоот албан бичиг /хх 70/.

 

5. Нэхэмжлэгч Т-с дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 168/.

 

6. Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгсөн /хх 39-41/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д-ийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3 дугаар зүйлийн 3.1, 3.3.1, 4.1, 4.3.3, 4.4, 5.3 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 60 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн ...хорооны даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсаар байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан, мөн нэр бүхий 2 албан хаагчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн авах тухай Улсын дээд шүүхийн тогтоолыг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Хороонд 4,777,523 төгрөгийн хохирол нэмж учруулсан гэсэн үндэслэлээр Т.Ж-цыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулж, Т.Ж-ыг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын тушаалд томилохоор шийдвэрлэжээ.

 

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар тушаалаар Т.Ж-ыг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсныг Т.Ж нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гарган хандсан байна.

 

Т.Ж-ын нэхэмжлэлийг шүүхээс хянан шийдвэрлэх явцад Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас халах тухай 292 дугаар тушаал гарч, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ж-ыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон нийтийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

 

Ингэснээр Т.Ж нь шүүхэд анх гаргасан шаардлагаа ...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас халах тухай 292 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах-аар ихэсгэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/шш2019/0865 тоот шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1, 16.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Т. Ж-н ажилгүй байсан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт олгох 29,226,227 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны Ажлын албаны дарга нарт даалгаж шийдвэрлэсэн, энэхүү үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй байна.

 

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр П газар нь хариуцагч С.Д-нд холбогдуулж гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т хамтран нэхэмжлэгчээр оролцсон.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулсан ба хариуцагч гэм буруугийн талаар маргаж байгаа.

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг Улсын их хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилдог ба Хорооны дарга нь төрийн тусгай албан хаагч байхыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.8, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3 дахь хэсгүүдэд заасан. Тодруулбал, хариуцагч С.Д нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалыг гаргах үедээ төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байжээ.

 

Дээр дурдсанчлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/шш2019/0865 тоот шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалтуудыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргаангүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй. Ийм учраас хууль бус тушаал, шийдвэр гаргасны хувьд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон, гэм буруугаас үүдэн гарсан хохирлыг хариуцан арилгах этгээд нь хариуцагч С.Д мөн гэж шүүхээс дүгнэлээ.

 

Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бус харин зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч талаас гэм буруугийн хохирлын хэмжээг 29,226,227 төгрөгөөр тодорхойлсон ба шаардлагын үндэслэлээ ...хариуцагч С.Д нь Хорооны даргаар ажиллаж байхдаа Т.Ж-ыг албан тушаалаас нь бууруулах хууль бус шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалж Т.Ж-д шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлсийг нь төрийн сангаас гаргаж олгосон. Ийм учраас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан тушаал бууруулсан тушаал гарснаас Т.Ж-ыг шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нэхэмжилнэ гэсэн.

 

Шүүхээс нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг үндэслэл муутай гэж үзэв. Учир нь С.Д нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаал гаргасан. Уг тушаал хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхээс хянан шийдвэрлэж байх явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Ж-ыг Ажлаас халах тухай 292 дугаар тушаал гарсан, уг тушаалыг хариуцагч С.Д гаргаагүй.

 

Иймд хариуцагч С.Д-ээс 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаал гаргасан өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас халах тухай 292 дугаар тушаал гарах хүртэл хугацаагаар Т.Ж-д олгосон цалингийн олговрыг хувь тооцон гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/шш2019/0865 тоот шийдвэрт ...Т.Ж-ын ажилгүй байсан хугацааг ...358 өдрөөр тооцож нийт 29,226,227 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна гэжээ. Үүнээс үзэхэд Т.Ж-н нэг өдрийн цалин 81,637.5 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа 114 хоног буюу хариуцагчийн хариуцан арилгах хохирлын хэмжээ 9,306,675 төгрөг болно.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Д-ээс 9,306,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пгазар болон Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,919,552 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Д-ээс 9,306,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П газар болон Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,919,552 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Д-ээс 163,857 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

Т.ГАНДИЙМАА