Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00316

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00316

 

 

УЕПГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч УЕПГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Д-д холбогдох,

Гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: С.Д-гээс хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн байгууллагын ашиг сонирхолд хохирол учруулсан 29,226,227 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах.

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дугаартай албан тушаал бууруулах тушаалаар ажлын албаны дарга Т.Ж-ыг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсан талаар Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан үндэслэлээр албан тушаал бууруулж, мөн өдрөөс Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улмаар тус хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай ажлаас халах тухай тушаалаар Т.Ж-ыг учруулсан хохирлоо арилгах арга хэмжээ аваагүй, ажилдаа ирж албан үүргээ гүйцэтгээгүй, ажилдаа ирэхийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил албан тушаалаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нийтийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Дээрх шийдвэрүүдийг Т.Ж- эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шийдвэрээр эдгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Ж-ыг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 29,226,227 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж 29,226,227 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооноос Т.Ж-ад олгосон тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 497 дугаар зүйлийн 497.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 29,226,227 төгрөг нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны буюу нийт 17 сарын тухайн албан ажлаа хийгээгүйтэй холбоотой цалингийн зардал. Миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд Т.Ж-ын албан тушаал буруулах тушаал шийдвэр гаргасан.Албан тушаал бууруулсан шалтгаан нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсээс гаргасан дүгнэлтийг үндэслэн гаргасан. Түүнийг албан тушаал бууруулах арга хэмжээ авсан боловч тэрээр цалин хөлс авч ажиллах боломжтой Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон. Тэрээр ажиллахаас татгалзсан.

Улмаар цалин хөлсөө авах эрхээ өөрийн эс үйлдэхүйгээс хамааралтай зөрчигдөж, хохирлын хэмжээ өсөхөд нөлөөлсөн.

Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрээр дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзсэн боловч илтэд болгоомжгүй, шууд санаатай үйлдэл биш гэж тусгагдсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломж надад олгогдоогүй. Учир нь шүүх хуралдаан болох үед 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түүнээс хойш 14 хоногийн дотор давж заалдах хугацаанд миний бие албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар ажлын албаны дарга нь ерөнхий менежер бөгөөд өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлж, хорооноос өгсөн үүрэг даалгаврыг хангаж байх ёстой албан тушаалтан.

Т.Ж-ыг албан тушаал бууруулах болсон үндэслэл нь 2018 оны эхний хагас жилийн байдлаархи тайлангууд хугацаа хоцруулах,хурлын тэмдэглэлийн баталгаажуулалт биелэлтийг хугацаа хоцруулах зөрчил гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа этгээд буюу төр хариуцан арилгахаар заасан.

Т.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 хоногийн дараа албан тушаалдаа томилогдсон, улмаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 29,226,227 төгрөгийг өөрийнхөө дансанд өөрөө тушаал шийдвэр гаргаж шилжүүлж авсан. Албан тушаал бууруулах шийдвэр гаргаснаар түүнд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: С.Д- нь улсын төсөвт хохирол учруулаагүй. н.Ж нь албан тушаал ашиглан хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Содномдаржаа овогтой Даваасүрэнгээс 29 226 227 /хорин есөн сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн УЕПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг шүүх зөрчсөн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Д-г өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хууль бус Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалыг гаргасан үйл баримтыг тогтоосон байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дахин үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

5.б Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг болно.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тал гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч УЕПГ- нь хариуцагч С.Д-д холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 444 дугаартай тушаалаар Т.Ж-ыг албан тушаал бууруулж, шүүхийн шийдвэрээр уг тушаал хүчингүй болж, ажилтны цалин олговорт 29,226,227 төгрөг олгогдсоныг С.Д-гээс буцаан гаргуулж улсын төсөвт оруулахаар шаарджээ./хх10-11/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор заасан.

 

Үндэсний аудитын газар нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 04/1756 тоот албан бичгээр прокурорт хүсэлт гаргасан байна. /хх14/ УЕПГ- нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасантай нийцжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд С.Д- нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 444 дугаартай тушаалаар ажилтан Т.Ж-ыг албан тушаал бууруулсан, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрээр 444 дугаар тушаалын 1 болон 3 дахь заалтыг хүчингүй болгох үед Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан үйл баримт тогтоогджээ. /хх10-11/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрээр Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 29,226,227 төгрөг гаргуулж олгосон. /хх 71-80/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт 444 дугаартай тушаалын талаар ... Т.Ж-ын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг дүгнээгүй, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал дүгнэлт гаргасан, хэзээ ямар үүрэг даалгаврыг өгсөн, түүнийг биелүүлээгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, Дотоод хяналтын дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, ажилтны тайлбар санал гаргах боломжийг хангаагүй талаар дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт үндэслэж гаргасан.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэр гарч байх үед хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хороог төлөөлөх эрхгүй болсон байсан тул Т. Жамбаажамцад хэзээ ямар үүрэг даалгаврыг өгсөн, түүнийг биелүүлээгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйд өөрөөр хэлбэл шүүхэд мэтгэлцэх үүргээ хангалтгүй биелүүлсэнд түүнийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт албан тушаалтан шууд санаатай буюу илтэд болгоомжгүй байхыг шаардсан. Шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нь гэм буруутай этгээдийн өөрийн үйлдэлд хандсан гэм буруугийн хэлбэр юм. Албан тушаалтан өөрийн шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан гэдэгт үйлдлийнхээ үр дагаврыг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэнийг хэлэх бөгөөд эрх зүйн харилцаанд зохих анхаарал болгоомжгүйн улмаас бусдын эрхэнд халдсан бол болгоомжгүй үйлдэл болох юм.

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Д-гийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 444 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрт С.Д-гийн үйлдлийг шууд санаатай, илтэд болгоомжгүй болох талаар шууд дүгнээгүй.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэр нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д-гийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 444 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн болохоос С.Д-гийн хувь этгээдийнх нь хувьд гэм буруугийн хэлбэрийг дүгнэсэн шийдвэр биш юм.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д-гийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дугаартай тушаал нь албан тушаал бууруулах тушаал байх бөгөөд ажилтан Т.Ж- хууль бус захиргааны актын талаар гомдол гаргах эрхтэй хэдий ч эрхийг нь сэргээх хүртэл уг тушаалд заагдсан албан тушаалд ажиллаж цалингаа авсан бол 29,226,227 төгрөгийн хохирол багасах боломжтой байсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд С.Д- нь төрийн байгууллагын нэрийн өмнөөс, албаны үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа Т.Ж-ыг шууд санаатайгаар, эсхүл илтэд болгоомжгүйгээр албан тушаал бууруулж төрийг 29,226,227 төгрөгөөр хохироосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэснийг шүүх зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр байгаа эсэх талаар хариуцагч маргах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД