Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/00984

 

 

 

 

           *******21        03          29

                                 101/ШШ2021/00984

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Э.М-т холбогдох,

 

7,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани анх хоёр үүсгэн байгуулагчтай байсан бөгөөд*******19 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Л.О-ээс 10,000,000.00 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн ба тухайн үед хариуцагч Э.М-ийг компанийн гүйцэтгэх захирлаар*******19 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс*******20 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллуулсан.

 

Гэвч хариуцагч нь*******20 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаа өгч, компанийн хувь эзэмшигчээс татгалзаж, бүх хувьцаагаа нэхэмжлэгчийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн боловч өөрийн ажил үүргийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, хуулийн этгээдийн татвар болон нийгмийн даатгалын код, вэб сайт, пэйж хуудас, мэйл хаяг, тухайн үед ашиглаж байсан эд хөрөнгө зэргийг хүлээлгэн өгөөгүйгээс компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэлх хугацаанд зогсонги байдалд орж, ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсгэн бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна.

 

Тухайн үед компанийн үндсэн хөрөнгийг “Г *******” ХХК-ийн дансанд байршуулсан байснаас хариуцагч Э.М нь чекээр данснаас гүйлгээ хийж тодорхой эд хөрөнгүүдийг худалдан авсан гэж тайлбарладаг боловч 8 төрлийн эд хөрөнгийг л компанид үлдээсэн. Үүнээс хариуцагчийн хэлсэн үнийн дүнгээр худалдан авсан эд хөрөнгийг тооцоход 5,500,000.00 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байдаг.

 

Бид, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхэд 10,000,000.00 төгрөгөөс 8,655,000.00 төгрөгөөр хариуцагчийн хэлсэн зарим зүйл нотлогдохгүй байгаа хэдий ч зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эд зүйлүүдийг худалдан авахдаа 2,878,180.00 төгрөгийг юунд зарцуулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зарим нэг тайлбарыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,621,820.00 төгрөгөөс татгалзаж байна.

 

Харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 1,400,000.00 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаагаа дэмжиж байна. Учир нь, бид хоёр энэ талаар зээлийн гэрээ байгуулсан боловч тус дүүргийн шүүхээс надад 40,000.00 төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Гэвч хариуцагч нь компанийн үйл ажиллагаа явуулах оффис түрээслэхдээ өөрөө амьдран суухаар 2 өрөө байр түрээслээд нэг өрөөнд нь амьдарсан тул үүнийг компанид зориулсан гэж хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие энэ үед гадаадад байсан тул энэ талаар Монгол Улсад ирээд мэдсэн.

 

Ийм учраас 1,400,000.00 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зүй зохистой зарцуулсан гэж үзэхгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан*******19 оны 06 дугаар сарын 19-ний хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагч нь цахим орчинд хөгжүүлсэн өөрийн вэб сайт, пэйж хуудсаар хөрөнгө оруулалт хийж компанийн өмч болгосон байдаг. Гэвч хариуцагч нь өөрийн ажлыг хүлээлгэн өгөлгүй хаяж явснаас манай компанийн “Р.мн”, “Р.сом” сайтын домэйн хаягийн хандах эрхийн хугацаа дуусч хаагдсан байсан. Үүнээс улбаалан компанийн веб сайтын үйл ажиллагааг дахин явуулах зорилгоор “19001700.сом”, “19001700.мн” гэсэн нэрийг өөрчлөн нийт 1,800,000.00 төгрөгийн зардлаар шинээр веб хуудас хийлгэсэн.

 

Иймд, хариуцагч Э.М-ээс баримтгүй зарцуулсан зардал 2,878,180.00 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс компанид учруулсан хохиролд 1,800,000.00 төгрөг, нийт 4,678,180.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие Л.О-тэй*******19 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум дээр танилцсан. Л.О нь өөрийгөө Төв аймгийн аялал жуулчлалын холбооны дарга гэж танилцуулсан бөгөөд тухайн үед би “R.mn”, “R.com” нэртэй монголын аялал жуулчлал амралт сувилалын нэгдсэн мэдээллийн лавлах веб сайтыг*******13 оноос үүсгэж ажллуулдаг байсан юм. Ингээд Л.О надад хамтарч ажиллах санал тавьж, бид хоёр*******19 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Р М” ХХК нэртэй компани байгуулсан юм.

 

Энэ үед Л.О нь 30,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьсан хэдий ч 10,000,000.00 төгрөг болж өөрчлөгдсөн бөгөөд*******19 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг “Г *******” ХХК дахь дансанд шилжүүлсэн. Би, компанийн дансыг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй ч 1,000,000.00 төгрөгөөс доош мөнгө авах боломжтой байсан. Ингээд би, 5,000,000.00 төгрөгийг данснаасаа авч Л.О бид хоёр хамт явж байгаад*******12 оны 27 инч, i7, imac компьютер 1 ширхэгийг 1,800,000.00 төгрөгөөр, 21.2 инч, i5 imac компьютерийг 2,500,000.00 төгрөгөөр, бусад хэрэглэгдэх залгуур, зай гэх мэт зүйлсийг худалдаж авсан. Намайг, ямар нэгэн зүйл худалдаж авах санал тавихад Л.О “Үнэгүй.мн” сайт руу орж хямдралтай зүйл худалдаж авч байх санал гаргасны дагуу хуучин эд зүйлсийг худалдаж авсан.

 

Шинээр худалдаж авсан зүйлс нь суурин утас болон оператор чихэвчийг баруун 4 замд байрлах itzone гэх компьютерын дэлгүүрээс худалдан авсан. Би, Л.О-тэй ярилцаж оффис түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд оффис байр маш үнэтэй байна хэмнэлт хийх хэрэгтэй тийм болохоор байр түрээслэх нь илүү ашигтай гэсэн тул Баянзүрх дүүрэгт байрлах *******,*******,******* тоот хаягт 2 өрөө байрыг 1 сарын 550,000.00 төгрөгөөр 3 сарын хугацаатай, 1 сарын барьцааны мөнгөний хамт*******19 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түрээсэлж эхэлсэн ба урьдчилгаа*******0,000.00 төгрөг шилжүүлж, үлдэх төлбөрийг мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000.00 төгрөг төлж, нийт 2,200,000.00 төгрөгийг байрны эзэн болох Б.Ш-ийн “Х *******” ХХК дахь дансанд шилжүүлсэн.

 

Мөн миний бие ганцаараа энэ компанийг ажиллуулах боломжгүй байсан тул хүний нөөцийн асуудал маш чухал байна гэж учирлан хэлэхэд Л.О нь Н.У гэж хүнийг надад санал болгон хамт ажллуулсан. Гэвч тун удалгүй надад Н.У нь ажиллах хүсэлгүй байгаагаа хэлж ажлаас гарсан бөгөөд хүний нөөцийн асуудлаас болж компани ажиллах боломжгүй болсон. Би, өөрөө цалингүй 5 cap гаруй ажилласан ба сүүлдээ цалин мөнгөгүй хэцүү байна, хоол унд унааны мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд Л.О надад цалин өгөөгүй учир цаашид ажиллахгүй гэдгээ хэлсэн. Би, хувьдаа мөнгө ашигласан зүйл байхгүй, өдий болтол хичээнгүйлэн ажиллаж маш их зүйл хийсэн.

 

Иймээс, байрны эзэнтэй ярилцаж үнэн байдлыг хэлж гэрээгээ цуцлах талаар гуйсан юм. Гэтэл надад байрны эзэн дараагийн түрээслэгчийн олсны дараа үлдэгдэл мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн ба 7 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл мөнгө авна гэж хэлсэн. Үүний дараа*******19 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000.00 төгрөгийг буцаан төлөхөд нь би Л.О-т өгсөн. Үүнээс гадна би*******19 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байрны мөнгө гэж 42,000.00 төгрөгийг байрны эзэнд шилжүүлж, үлдсэн 2,158,000.00 төгрөгийг байрны мөнгө гэж авсан.

 

2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Л.О-ийн өөрийн оффисоо *******,******* тоотод нүүж очсон боловч намайг байрны түрээсийг буцааж төл гэж хэлсэн. Гэтэл тухайн компанийг би ганцаараа ажиллуулж, ямар их хичээж байгаа гэдгийг ойлголгүй над руу удаа дараа хашхирч мөнгө төл гэж дарамталж байсан тул аргагүй байдлын улмаас зээлийн гэрээ байгуулсан.

 

Тус 5,500,000.00 төгрөгийг зарцуулсан баримтыг*******19 онд *******т нэг бүрчлэн шалгаж хүлээлгэж өгсөн. Компани байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, намайг компанийн захирал гэх албан тушаалд томилсон ч ямар ч эрх мэдэлгүй байсан. Миний чекээр гүйлгээ хийх мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 1,000,000.00 төгрөг байсан бол сүүлд Л.О чекээр мөнгө авах эрхийг 500,000.00 төгрөг болгож, давхар өөрийнхөө гарын үсэг зурж зөвшөөрөл өгснөөр гүйлгээ хийх эрх нээгддэг болсон. Дансанд үлдсэн 1,000,000.00 төгрөгийг мөн Л.О авсан ба би өөр компанид домэйн нэрний мөнгө гэж 113,000.00 төгрөгийг өгсөн. Хамтран ажиллах гэрээнд заасан веб сайт, твиттер хуудсыг компанид хүлээлгөн өгсөн.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Р” ХХК-иас хариуцагч Э.М-т холбогдуулан 7,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс*******20 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнийг “Р” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоод гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа үндэслэлгүй буюу баримтгүйгээр 5,500,000.00 төгрөгийн зардал гаргасныг буцаан нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 1,800,000.00 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Ингээд шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Л.О, Э.М нар*******19 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хамтран компани байгуулахаар шийдвэрлэн “Р” ХХК-ийг үүсгэн байгуулж,*******19 оны 06 дугаар сарын 24-ний өдөр уг компанийн 50:50 хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж, мөн 30 дугаар зүйлийн 30.1-д “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй” гэж тус тус зааснаар Л.О, Э.М нар нэг бүрийн үнийг*******0 төгрөгөөр нэрлэсэн 100 ширхэг хувьцаатай буюу*******,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй компанийн тус бүр нь 50 ширхэг хувьцааны эзэмшигч нар ажээ.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” мөн, 33 дугаар зүйлийн 33.1-д “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж зааснаар Л.О, Э.М нар гадаад худалдаа, аялал жуулчлал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэн явуулах зорилготой “Р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бөгөөд ийнхүү*******19 оны 06 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

 

Мөн уг компанийн хувьцаа эзэмшигч нарын*******19 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар хариуцагч Э.Мийг сонгосон байна. Иймд, хариуцагч нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар тухайн компанийг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх эрхтэй бөгөөд түүний бүрэн эрх нь 83 дугаар зүйлийн  83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж зааснаар тодорхойлогдох юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талууд*******19 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Л.О нь 25,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид оруулж, түүгээр 3 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, 2 ширхэг шкаф, 2 ширхэг ширээ, 6 ширхэг оффис сандал, 1 ширхэг том залгуур, 4 ширхэг жижиг залгуур, 1 ширхэг хөлтэй самбар худалдан авах бол, харин Э.М нь “r.mn”, “r.com” веб хуудас, инстаграм хуудас зэрэг нийгмийн цахим сүлжээг тус компанид шилжүүлэхээр болжээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Л.О 25,000,000.00 төгрөгөөс 10,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн бол хариуцагч Э.М-ийн хүлээлгэн өгсөн гэх цахим хаягийн домэйн нэрний хугацаа дууссан байсан тул ашиглах боломжгүй байснаас шинээр бусад этгээдээр веб хуудас хийлгэсэн гэж маргасан.

 

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, “Р” ХХК-ийг*******,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан боловч уг компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь мөнгөн хөрөнгөөр 10,000,000.00 төгрөг, биет бусаар “r.mn”, “r.com” веб хуудас, инстаграм хуудсыг тус тус мөн гэж үзэх хэдий ч зохигчид биет бус хөрөнгийг тухайлан үнэлээгүй байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Л.О, Э.М нар*******20 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Э.М нь өөрийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг Л.О-т худалдаж, улмаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.О-ийг*******20 оны 04 дүгээр 27-ны өдөр бүртгэжээ.

 

Энэ тохиолдолд Л.О нь гүйцэтгэх захирал болохын хувьд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, мөн компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд 86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус зааснаар тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Э.Мийг “Р” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нөгөө хувьцаа эзэмшигч надтай тохирч  10,000,000.00 төгрөгөөс 8,655,000.00 төгрөгөөр хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эд зүйлүүдийг худалдан авахдаа 2,878,180.00 төгрөгийг чухам юунд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байгаа тул үүнийг компанид веб сайт шинээр хийлгэхэд төлсөн 1,800,000.00 төгрөгийн зардлын хамт нийт 4,678,180.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2,621,820.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас компанид авч өгөөгүй буюу баримтгүй зардал 1,478,180.00 төгрөг, түрээсийн зардал 1,400,000.00 төгрөг, веб сайт шинээр хийлгэхэд төлсөн 1,800,000.00 төгрөг, нийт 4,678,180.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч татгалзаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хариуцагч Э.М-ийн “Р” ХХК-нд худалдан авсан эд хөрөнгөд үзлэг хийхэд хавтаст хэргийн 78-82 дахь талд авагдсан хөрөнгүүд байсан эсэх талаар зохигчид маргаагүй ба тэдгээрийн үнэлгээг 5,776,820.00 төгрөг гэснийг зохигчид хүлээн зөвшөөрч байна /8,655,000-2,878,180=5,776,820 төгрөг/

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан тул зохигчдыг хариуцагч Э.М-ийг нийт 5,776,820.00 төгрөгийн үнэтэй эд зүйлиийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргасан гэж үзэхгүй ба харин баримтгүй гэх 2,878,180.00 төгрөгийн эд хөрөнгийг компанид хүлээлгэн өгсөн эсэхийг шалган тогтоох шаардлага үүсч байна.

 

  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******20 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр Э.М-ээс 40,000.00 төгрөгийг гаргуулж Л.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,360,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар Э.М нь “Р” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай ажлын байрыг түрээслэхдээ нөгөө хувьцаа эзэмшигч Л.О-ийн сэтгэл санаанд нийцээгүй үл хөдлөх хөрөнгийг түрээслэснээс түрээсийн төлбөрт төлсөн 1,400,000.00 төгрөгийг хожим буцаан төлөхөөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулжээ. Гэвч тус шүүхийн шийдвэрээр Л.О-ийн нэхэмжлэлтэй Э.М-т холбогдох хэргийг нэгэнт хянан шийдвэрлэсэн тул зохигчид энэ талаар дахин маргах эрхгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг үндэслэн өмнө нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдэгдсэн маргааныг хянах үндэслэл байхгүй юм.

 

Нөгөө талаар талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг 1,400,000.00 төгрөгт холбогдох хэсгийг анхнаасаа зээлийн гэрээний харилцаа байгаагүй гэж тайлбарласан бөгөөд Л.О нь гадаадад зорчихдоо хариуцагч Э.М-т түрээслэх байрны байршил, талбайн хэмжээ, өнгө үзэмж гэх зэргийн талаар тухайлан санал, чиглэл өгөөгүй тул хариуцагчийн компанийн үйл ажиллагаанд ашиглахаар түрээслэсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрт төлсөн зардлыг компанид учруулсан хохирол гэж дүгнэхгүй боломжгүй юм.

 

Иймд, хариуцагч Э.М-ээс нэхэмжилсэн баримтгүй гэх 2,878,180.00 төгрөгт түүний компанийн нэрийн өмнөөс түрээслэсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрт төлсөн 1,400,000.00 төгрөг хамаарч байх тул үүнийг компанид учруулсан хохиролд тооцохгүй.

 

Харин 1,478,180.00 төгрөгийн хувьд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 113,000.00 төгрөг болон 40,000.00 төгрөгөөс бусад 1,325,180.00 төгрөгийг чухам юунд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” гэж, мөн 3.1.3-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо хэлнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Э.М нь “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа /*******ин дахь мөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан/ мөнгө хүлээн авсан болон гарсан зардлыг анхан шатны баримтаар нотлох үүрэг хүлээх бөгөөд үүнийг 3.1.4-т “журнал гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг хэлнэ” гэж зааснаар бүртгэж байх учиртай.

 

Энэ талаар дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна” гэж, мөн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” тус тус заасан.

 

Иймээс хариуцагчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй зардлаар гаргасан 1,478,180.00 төгрөгөөс түүний нэхэмжлэгчид төлсөн 113,000.00 төгрөг, мөн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болсон 40,000.00 төгрөгийг тус тус хасч тооцвол 1,325,180.00 төгрөгийг хохиролд тооцох боломжтой байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заажээ.

 

Тодруулбал, “Р” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.О-ийн компанид хөрөнгө оруулалтын зорилгоор шилжүүлсэн 10,000,000.00 төгрөгөөс хариуцагч Э.М нь ийнхүү 8,655,000.00 төгрөгөөр тус компанид эд хөрөнгө худалдан авахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй 1,325,180.00 төгрөгийг зарцуулсан нь мөнгөөр хөрөнгө оруулал хийсэн нөгөө хувьцаа эзэмшигч болон компанийн гүйцэтгэх захирлын эрх ашигт нийцэхгүй байгаа тул буцаан нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иймд, нэхэмжлэгч нь тус хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасны дагуу 1,325,180.00 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, хариуцагч Э.М нь хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч “Р” ХХК-нд хохирол учирсан бол тухайн хохирлыг төлөх учиртай боловч нотлогдсон байх ёстой.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э.М нь*******20 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Р” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.О-йн “Х *******” ХХК дахь дансанд 113,000.00 төгрөгийг домэйн нэрний хугацаа сунгах зориулалтаар шилжүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь “r.mn”, “r.com” веб хуудас, инстаграм хуудсын домэйн нэрний хугацаа дууссан байсан учраас “19001700.com, 19001700.mn” гэсэн веб хуудсыг Б.Ц-ээр хийж гүйцэтгүүлэхэд 1,800,000.00 төгрөгийн зардал гасан гэсэн.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “r.mn”, “r.com” веб хуудас, инстаграм хуудсыг Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд тус тус зааснаар зохиогчийн эрхээр хамгаалагдах обьект бөгөөд бодитоор үүссэн байсан эсэх, аль эсхүл аж үйлдвэрийн өмчийн эрхийн хүрээнд холбогдох төрийн байгууллагад бүртгүүлсэн эсэх талаар маргаагүй.

 

Гэвч домэйн нэр гэдэг нь интернет орчинд байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг бөгөөд нэхэмжлэгч нь ийм хаягийг дахин эрх бүхий этгээдээс авсан гэдгээ баримтаар нотлоогүй, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох “Г” ХХК-ийн*******21 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт дурдсанаар “r.mn” веб хуудасны домэйн нэрийг ашиглах хугацаа*******19 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан гэсэн байна.

 

Тодруулбал, талуудыг “Р” ХХК-ийг үүсгэн байгуулахаас өмнө энэхүү домэйн нэрийг ашиглах хугацаа дууссан бөгөөд хариуцагч нь компанид “r.mn”, “r.com” веб хуудас, инстаграм хуудсын ашиглах эрхийг шилжүүлсэн байхад Л.О, Э.М нар тус компанийг үүсгэн байгуулсан*******19 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш домэйн нэрийг ашиглах хугацааг сунгуулаагүй нь гагцхүү хариуцагчийн буруутай үйлдлээс хамааралтай гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн нэхэмжлэлд “r.mn”, “r.com” веб хуудас, инстаграм хуудсын ашиглах боломжгүй болсон байсан, үүнээс зайлшгүй шалтгаалан “19001700.com, 19001700.mn” гэсэн веб хуудсыг бусдаар хийлгэх шаардлага үүссэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээс хариуцагчаас 1,325,180.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,353,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1-д тус тус заасныг үндэслэн

ТОГТООХ нь

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.М-ээс 1,325,180.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,353,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,700.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36,153.00 төгрөгийг гаруулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНДАЛБАЯР