Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00950

 

 

 

 

 

 

 

 

 

Р- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/00984 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р- ХХК-ийн хариуцагч Э.М-т холбогдуулан гаргасан 4 678 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх хоёр үүсгэн байгуулагчтай байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Л.Б- ээс 10 000 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн ба тухайн үед хариуцагч Э.М-ийг компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллуулсан. Гэвч хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаа өгч, компанийн хувь эзэмшигчээс татгалзаж, бүх хувьцаагаа нэхэмжлэгчийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн боловч өөрийн ажил үүргийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, хуулийн этгээдийн татвар болон нийгмийн даатгалын код, вэб сайт, пэйж хуудас, мэйл хаяг, тухайн үед ашиглаж байсан эд хөрөнгө зэргийг хүлээлгэн өгөөгүйгээс компанийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл зогсонги байдалд орж, ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайн үед компанийн үндсэн хөрөнгийг Голомт банк ХХК-ийн дансанд байршуулсан, хариуцагч Э.М- нь чекээр данснаас гүйлгээ хийж тодорхой эд хөрөнгүүдийг худалдан авсан гэж тайлбарладаг боловч 8 төрлийн эд хөрөнгийг л компанид үлдээсэн. Үүнээс хариуцагчийн хэлсэн үнийн дүнгээр худалдан авсан эд хөрөнгийг тооцоход 5 500 000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байдаг. Бид хариуцагчийн хэлсэн зарим зүйл зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эд зүйлүүдийг худалдан авахдаа 2 878 180 төгрөгийг юунд зарцуулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зарим нэг тайлбарыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 621 820 төгрөгөөс татгалзаж байна. Харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 1 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардана. Хариуцагч нь компанийн үйл ажиллагаа явуулах оффис түрээслэхдээ өөрөө амьдран суухаар 2 өрөө байр түрээслээд нэг өрөөнд нь амьдарсан тул үүнийг компанид зориулсан гэж үзэхгүй. Миний бие энэ үед гадаадад байсан тул энэ талаар Монгол Улсад ирээд мэдсэн. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 19-ний хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагч нь цахим орчинд хөгжүүлсэн өөрийн вэб сайт, пэйж хуудсаар хөрөнгө оруулалт хийж компанийн өмч болгохоор тохиролцсон боловч хариуцагч нь өөрийн ажлыг хүлээлгэн өгөлгүй хаяж явснаас манай компанийн домэйн хаягийн хандах эрхийн хугацаа дуусч хаагдсан байсан. Компанийн веб сайтын үйл ажиллагааг дахин явуулах зорилгоор 19001700.сом, 19001700.мн гэсэн нэрийг өөрчлөн нийт 1 800 000 төгрөгийн зардлаар шинээр веб хуудас хийлгэсэн. Иймд хариуцагч Э.М-ээс баримтгүй зарцуулсан зардал 2 878 180 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс компанид учруулсан хохиролд 1 800 000 төгрөг, нийт 4 678 180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б- надад хамтарч ажиллах санал тавьж, бид хоёр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Р- ХХК компанийг байгуулсан. Л.Б- нь 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг Голомт банк ХХК дахь 1405119395 тоот дансанд шилжүүлсэн. Би компанийн дансыг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсгийн эрхтэй ч 1 000 000 төгрөгөөс доош мөнгө авах боломжтой байсан. Ингээд би 5 000 000 төгрөг авч, Л.Б- ийн хамт офиссийн тоног төхөөрөмж авахаар явж, компьютер, залгуур, зай, суурин утас, чихэвч зэргийг авсан. Би Л.Б- тэй ярилцаж оффис түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд оффис байр маш үнэтэй байна хэмнэлт хийх хэрэгтэй тийм болохоор байр түрээслэх нь илүү ашигтай гэсэн тул Баянзүрх дүүрэгт байрлах Баянмонгол хороолол, 407 дугаар байр, 20 тоот хаягт 2 өрөө байрыг 1 сарын 550 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай, 1 сарын барьцаатай, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түрээсэлж эхэлсэн ба урьдчилгаа 200 000 төгрөг шилжүүлж, үлдэх төлбөрийг мөн оны 7 дугаар сарын 24-ний өдөр байрны эзэн болох Б.Шинэцэцэгт төлсөн. Би хувьдаа мөнгө ашигласан зүйл байхгүй, өдий болтол хичээнгүйлэн ажиллаж маш их зүйл хийсэн. Байрнаас хугацаанаасаа өмнө гарч 800 000 төгрөгийг Л.Б- т өгсөн. 5 500 000 төгрөг зарцуулсан баримтыг 2019 онд Л.Б- т нэг бүрчлэн шалгаж хүлээлгэж өгсөн. Компани байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, намайг компанийн захирал гэх албан тушаалд томилсон ч ямар ч эрх мэдэлгүй байсан. Хамтран ажиллах гэрээнд заасан веб сайт, твиттер хуудсыг компанид хүлээлгөн өгсөн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.М-ээс 1 325 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 353 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36 153 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт зарцуулсан гэх 1 400 000 төгрөг нь бодит байдалд компанийн үйл ажиллагааг явуулахад бус өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилготой орон сууц хөлсөлсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч талаас тайлбарласан боловч шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Компани шинээр үүсгэн байгуулагдсан, нэг ч ажилчингүй байсан тул оффис түрээслэх ямар ч шаардлагагүй байсан. Гэвч хариуцагч нь компанийн үйл ажиллагааг явуулах нэрийн дор байгууллага үйл ажиллагаа явуулах зорилгоор бус өөрөө амьдрах зориулалттай орон сууцыг компанийн хөрөнгөөр түрээсэлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн зүгээс 2019 оны 8 сард Л.Б- нь Монгол Улсад ирсэн даруй компани орон сууц түрээслэх шаардлагагүй байх тул үйл ажиллагааг зогсоон үүнээс хойш хариуцагч нь тус түрээсийн орон сууцыг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан атал анхан шатны шүүхээс түрээсийн хугацаанд бүхэлд нь компани үйл ажиллагаа явуулсан мэт дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Мөн тус түрээсийн 1 400 000 төгрөгийг өмнө шүүх шийдвэрлэсэн байх тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2523 тоот шүүхийн шийдвэр нь гагцхүү иргэн Э.М-, иргэн Л.Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шийдвэр атал одоогийн үүсээд байгаа иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн өөр шаардлага бүхий маргаантай нэгтгэн үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт зардал 1 800 000 төгрөг гарган вэйсайт хийлгэсэн. Хариуцагч нь гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн боловч дээрх зүйлийг хүлээлгэн өгөөгүй, үүнээс үүдэн компанийн өөрийн үйл ажиллагааг цахим орчинд суртчилан таниулж ашиг орлого олох боломжийг хангадаг орчин үгүй болсон. Улмаар нэхэмжлэгч нэмэлт зардал гарган 1 800 000 төгрөгийг цахим хуудас буюу вэйсайт хийлгэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 3 353 000 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р- ХХК нь хариуцагч Э.М-т холбогдуулан 7 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган 4 678 180 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх учиртай.

 

Нэхэмжлэгч Р- ХХК нь нэхэмжлэлдээ хариуцагч Э.М-ийг тус компанийн захирлаар ажиллаж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийлүүлсэн 10 000 000 төгрөгөөс тодорхой хэмжээний мөнгийг ямар ч баримтгүй зарцуулсан, мөн тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл заасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний бус үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсгийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэх гэрээг нэг талаас иргэн Л.Б- , нөгөө талаас Р- ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Э.М- нар байгуулсан байхад нэхэмжлэгч Р- ХХК нь ямар үндэслэлээр хариуцагч Э.М-ээс төлбөр шаардаж байгааг тодруулах шаардлагатай. /хх-ийн 66-69-р тал/. Өөрөөр хэлбэл, нэг талаас иргэн Л.Б- дээрх гэрээг байгуулсан байхад тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх Р- ХХК-д байгаа эсэх, нэхэмжлэгч Р- ХХК нь хариуцагч Э.М-ээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хохирол нэхэмжилсэн эсэх, эсхүл компанийн эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид учруулсан хохирол шаардаж байгаа эсэх, мөн гэрээний бус үүрэг шаардсаны аль үндэслэл болохыг тодруулах, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлснээр холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/00984 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ