Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01757

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01757

 

 

РМ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/02718 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч РМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.М-т холбогдох

компанид учруулсан хохиролд 4 678 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Э.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэлийн агуулга: Манай компани анх хоёр үүсгэн байгуулагчтай байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Л.Оюунбилэгээс 10 000 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн ба тухайн үед хариуцагч Э.М-ийг компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллуулсан. Гэвч хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаа өгч, компанийн хувь эзэмшигчээс татгалзаж, бүх хувьцаагаа нэхэмжлэгчийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн боловч өөрийн ажил үүргийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, хуулийн этгээдийн татвар болон нийгмийн даатгалын код, вэб сайт, пэйж хуудас, мэйл хаяг, тухайн үед ашиглаж байсан эд хөрөнгө зэргийг хүлээлгэн өгөөгүйгээс компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэлх хугацаанд зогсонги байдалд орж, ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсгэн бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна. Компанийн Голомт банк ХХК-ийн данснаас хариуцагч Э.М- нь чекээр гүйлгээ хийж тодорхой эд хөрөнгүүдийг худалдан авсан боловч 8 төрлийн эд хөрөнгийг л компанид үлдээсэн. Үүнээс хариуцагчийн хэлсэн үнийн дүнгээр худалдан авсан эд хөрөнгийг тооцоход 2 878 180 төгрөгийг юунд зарцуулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зарим нэг тайлбарыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 621 820 төгрөгөөс татгалзаж байна. Харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 1 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Учир нь, бид хоёр энэ талаар зээлийн гэрээ байгуулсан боловч тус дүүргийн шүүхээс надад 40 000 төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Гэвч хариуцагч нь компанийн үйл ажиллагаа явуулах оффис түрээслэхдээ өөрөө амьдран суухаар 2 өрөө байр түрээслээд нэг өрөөнд нь амьдарсан тул үүнийг компанид зориулсан гэж хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие энэ үед гадаадад байсан тул энэ талаар Монгол Улсад ирээд мэдсэн. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 19-ний хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагч нь цахим орчинд хөгжүүлсэн өөрийн вэб сайт, пэйж хуудсаар хөрөнгө оруулалт хийж компанийн өмч болгосон байдаг. Гэвч хариуцагч нь өөрийн ажлыг хүлээлгэн өгөлгүй хаяж явснаас манай компанийн Resortsmongolia.mn, Resortsmongolia.com сайтын домайн хаягийн хандах эрхийн хугацаа дуусч хаагдсан байсан. Үүнээс улбаалан компанийн веб сайтын үйл ажиллагааг дахин явуулах зорилгоор 19001700.сом, 19001700.мн гэсэн нэрийг өөрчлөн нийт 1 800 000 төгрөгийн зардлаар шинээр веб хуудас хийлгэсэн. Иймд, хариуцагч Э.М-ээс баримтгүй зарцуулсан зардал 2 878 180 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс компанид учруулсан хохиролд 1 800 000 төгрөг, нийт 4 678 180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр РМ ХХК нэртэй компани байгуулсан юм. Энэ үед Л.Оюунбилэг нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг Голомт банк ХХК дахь 1405119395 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд би, 5 000 000 төгрөгийг данснаасаа авч Л.Оюунбилэг бид хоёр хамт явж байгаад 2012 оны 27 инч, i7, imac компьютер 1 ширхгийг 1 800 000 төгрөгөөр, 21.2 инч, i5 imac компьютерыг 2 500 000 төгрөгөөр, бусад хэрэглэгдэх залгуур, зай гэх мэт зүйлсийг худалдаж авсан. Л.Оюунбилэгтэй ярилцаж оффис түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд оффис байр маш үнэтэй байна хэмнэлт хийх хэрэгтэй тийм болохоор байр түрээслэх нь илүү ашигтай гэсэн тул Баянмонгол хороолол, 407 дугаар байр, 20 тоот хаягт 2 өрөө байрыг 1 сарын 550 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай, 1 сарын барьцааны мөнгөний хамт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түрээсэлж эхэлсэн ба урьдчилгаа 200 000 төгрөг шилжүүлж, үлдэх төлбөрийг мөн оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг төлж, нийт 2 200 000 төгрөгийг байрны эзэн болох Б.Шинэцэцэгийн Хаан банк ХХК дахь дансанд шилжүүлсэн. Л.Оюунбилэг нь Н.Ууганцэцэг гэж хүнийг надад санал болгон хамт ажиллуулсан. Гэвч тун удалгүй надад Н.Ууганцэцэг нь ажиллах хүсэлгүй байгаагаа хэлж ажлаас гарсан бөгөөд хүний нөөцийн асуудлаас болж компани ажиллах боломжгүй болсон. Би хувьдаа мөнгө ашигласан зүйл байхгүй, өдий болтол хичээнгүйлэн ажиллаж маш их зүйл хийсэн. Иймээс, байрны эзэнтэй ярилцаж үнэн байдлыг хэлж гэрээгээ цуцлах талаар гуйсан юм. Гэтэл надад байрны эзэн дараагийн түрээслэгчийн олсны дараа үлдэгдэл мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн ба 7 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл мөнгө авна гэж хэлсэн. Үүний дараа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 800 000 төгрөгийг буцаан төлөхөд нь би Л.Оюунбилэгт өгсөн. Үүнээс гадна би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байрны мөнгө гэж 42 000 төгрөгийг байрны эзэнд шилжүүлж, үлдсэн 2 158 000 төгрөгийг байрны мөнгө гэж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Л.Оюунбилэгийн оффис байрлах Астра Буйлдинг 1-102 тоотод нүүж очсон боловч намайг байрны түрээсийг буцааж төл гэж хэлсэн. Гэтэл тухайн компанийг би ганцаараа ажиллуулж, ямар их хичээж байгаа гэдгийг ойлголгүй, дарамталж байсан тул аргагүй байдлын улмаас зээлийн гэрээ байгуулсан. Тус 5 500 000 төгрөгийг зарцуулсан баримтыг 2019 онд Л.Оюунбилэгт нэг бүрчлэн шалгаж хүлээлгэж өгсөн. Компани байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, намайг компанийн захирал гэх албан тушаалд томилсон ч ямар ч эрх мэдэлгүй байсан. Миний чекээр гүйлгээ хийх мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 1 000 000 төгрөг байсан бол сүүлд Л.Оюунбилэг чекээр мөнгө авах эрхийг 500 000 төгрөг болгож, давхар өөрийнхөө гарын үсэг зурж зөвшөөрөл өгснөөр гүйлгээ хийх эрх нээгддэг болсон. Дансанд үлдсэн 1 000 000 төгрөгийг мөн Л.Оюунбилэг авсан ба би өөр компанид домайн нэрний мөнгө гэж 113 000 төгрөгийг өгсөн. Хамтран ажиллах гэрээнд заасан веб сайт, твиттер хуудсыг компанид хүлээлгэн өгсөн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Э.М-ээс 1 365 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 313 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36 792,88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт зарцуулсан хэмээн тайлбарлаж буй 1 400 000 төгрөг нь бодит байдал дээр компанийн үйл ажиллагааг явуулах бус өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилготой орон сууц хөлсөлсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч талаас тайлбарласан боловч шүүх зөв дүгнэлт хийгээгүй байна хэмээн үзэж байна. Мөн 2019 оны 8 дугаар сард Л.Оюунбилэг нь Монгол Улсад ирсэн даруй компани орон сууц түрээслэх шаардлагагүй байх тул үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болиулах үүнээс хойш хариуцагч нь тус түрээсийн орон сууцыг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан дээрх хугацаанаас хойш уг байранд компани үйл ажшшагаа явуулаагүйг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн атал анхан шатны шүүхээс түрээсийн хугацаанд бүхэлд нь компани үйл ажиллагаа явуулсан мэт дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт зардал 1 800 000 төгрөг гарган вэб сайт хийлгэсэн нэхэмжлэлийн шаардагагын холбогдох хэсгийг хэрэгсэлгүй болгосон тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс мөнгөө бус вэб сайт, фэйбүүк пэйж, групп зэргээр хувь нийлэн компанийн эд хөрөнгө болгон шийлжүүлсэн өгсөн ба хэдий гүйцэтгэх захирлын ажиллыг больсон боловч дээрх зүйлийг хүлээлгэн өгөлгүй ажлаа орхин үүнээс ашиг орлого олох боломжийг хангадаг орчин үгүй болсны улмаар нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт зардал гарган 1 800 000 төгрөгийг цахим хуудас буюу вэб сайт хийлгэсэн байдаг. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаарлагаас хэрэгсэхгүй болгосон 3 313 000 төгрөгийг хангаж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Л.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагын 1 365 180 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх ямар нотлох баримт тооцоололд тулгуурлан шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 950 дугаар магадлалаар ...нэхэмжлэгч РМ ХХК нь ямар үндэслэлээр хариуцагч Э.М-ээс төлбөр шаардаж байгааг тодруулах шаардлагатай компанийн эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид учруулсан хохирол шаардаж байгаа эсэх, мөн гэрээний бус үүрэг шаардсаны аль үндэслэл болохыг тодруулах гэсэн үндэслэл зааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба магадлалд дурдсан зөрчил арилаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан үндэслэлээ ...Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.6 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид учруулсан хохирол хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлжээ. / хх-ийн 242 /

Хариуцагч Э.М-ийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гаргасан гэм буруутай үйл ажиллагааны улмаас компанийн эд хөрөнгөд хохирол учирсан эсэх маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй юм. Компанийн эд хөрөнгөд буруутай үйлдлээр хохирол буюу гэм хор учруулсан тухай маргааныг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дангаараа хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/02718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67 958 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 36 800 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ