Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00162

 

“ЧЛД” ХХК, Э.З

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00062 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00708 дугаар магадлалтай,

“ЧЛД групп” ХХК, Э.З нарын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

   Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, “Х банк” ХХК дахь Э.Згийн эзэмшлийн ККК тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭБСЭЖЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ЧЛД групп” ХХК, Э.З нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, “Х банк” ХХК дахь Э.Згийн эзэмшлийн ККК тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00062 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.Згийн Х банк дахь ККК дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах данснуудыг нээлгэхийг хүссэн Э.З болон “ЧЛД групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч “ЭБСЭЖЭ” ХХК, төлбөр төлөгч “ЧЛД групп” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/04803 дугаар захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 116,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00708 дугаар магадлалаар: Cүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь заасныг баримтлан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.Згийн Х банк дахь ККК дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансыг нээлгэхийг хүссэн Э.З болон “ЧЛД групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрээр “ЧЛДГ” ХХК-аас 345,470,316 төгрөг гаргуулж "ЭБСЭЖЭ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: НШШГГ "Х банк” ХХК дахь Э.Згийн эзэмшлийн ККК тоот данснаас 1,986,473 төгрөгийг татан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж нэхэмжлэгч Э.З нь “ЧЛДГ” ХХК-д оруулсан хөрөнгө компанийн хөрөнгөөс ялган зааглагдсан гэх байдал тогтоогоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч “ЧЛДГ” ХХК, Э.З нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, “Х банк” дахь Э.Згийн эзэмшлийн ККК тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж холбогдох банкны харилцах дансыг нээлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дурдсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.З болон “ЧЛДГ" ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.Згийн Х банк дахь ККК дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах данснуудыг нээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч “ЧЛД групп” ХХК нь 2014.03.09-ны өдөр тухайн үеийн Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай Концессын гэрээг гучин жилийн хугацаатай “Барих-Ашиглах-Шилжүүлэх” [ВОТ] нөхцөлтэйгөөр байгуулсан. Төслийн хүрээнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1,000 км хурдны авто замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодези, гидрометрологийн судалгааны ажлуудыг Олон Улсын 9 болон дотоодын 23 аж ахуйн нэгж компаниудын тусламжтайгаар иж бүрнээр нь Олон Улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Төслийн ажил хууль ёсны хэвийн үргэлжилж хөрөнгө оруулалт шийдэгдэж санхүүжилтээ бүрэн шийдвэрлэсэн байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Х 2022.11.29-нд БНХАУ-д төрийн айлчлал хийж хоёр Улсын эдийн засгийн коридор байгуулах хамтарсан тунхаг бичиг гаргасны дотор голлох төсөл болох манай компанийн санаачилсан “Талын Зам” төслийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан гүйцэтгэхээр тусгасан болно. Тус төслийг хэрэгжүүлэгч манай компанитай “ЭБСЭЖЭ” ХХК нь өөрсдийнх нь хүсэлтийн дагуу 2014.07.08-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн ажил улс төрийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас удааширч, саатах үед дээрх компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээний баталгаанд байршуулсан мөнгөө шаардсан.

Гэтэл 2020.09.14-ний өдрийн 181/Ш32020/11741 дугаар шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчин шийдвэр гүйцэтгэгч Т.Б нь хэт нэг талыг баримтлан иргэн Э.З миний банк дахь дансыг хааж, мөн гадаадад зорчих эрхийг ямар ч үндэслэлгүйгээр хязгаарлаж, шөнө, орой, үдшийн цагийг үл харгалзан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг над дээр байнга явуулж байна.

“ЭБСЭЖЭ” ХХК манай компанитай гэрээ байгуулах үед иргэн Э.З би гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан, мөн манай хэрэгжүүлж буй мега төсөлд хамтрахыг, хамтын ажиллагааны гэрээг байгуулахыг хэн нэгэн этгээдэд албадаагүй, тус компанийн захирал н.М-гийн хүсэлтээр гэрээ байгуулсан. Манай төслийн нийт хөрөнгө оруулалт 12 тэрбум ам.доллар бөгөөд нэхэмжлэгч байгууллагын 125 мянган ам.долларын нэхэмжлэлийг бүрэн барагдуулах чадамжтай, гагцхүү хөрөнгө оруулалтыг цаг алдахгүй оруулж ирэхэд иргэн Э.З миний бие хөрөнгө оруулагч нартай уулзах, нааш цаашаа явах зэрэг олон олон хийж хэрэгжүүлэх ажлууд байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын энэ хууль бус хоригуудыг цуцлах зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх нь авч хэлэлцэлгүй, нийт Улсын иргэний нийтлэг эрх ашгийг харгалзан үзэлгүй зөвхөн төлбөр авагчийн талд шийдвэр гаргаж, хуулийг зөрүүтэй хэрэглээд байна. Манай компанийн зүгээс дээрх төлбөрийг төлөх асуудал дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй төлбөрийг төлөх нь тодорхой, гэвч дээрх хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас болж иргэн Э.З миний төлбөр төлөх нөхцөл боломжийг хааж, хязгаарлаад байгаа учир энэ бүх асуудлын шалтгаан болоод байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.06.29-ний өдрийн 001ШХТ2023/00789 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Э.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч “ЧЛД групп” ХХК, Э.З нь НШШГГ-т холбогдуулан “Х банк” ХХК дахь Э.З-гийн эзэмшлийн ККК тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулах, холбогдох банкны харилцах данснуудыг нээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр шаардлагын үндэслэлээ “... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхээр “ЧЛД групп” ХХК-аас 345,470,316 төгрөгийг гаргуулж “ЭБСЭЖЭ” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн. ... Төлбөр төлөгч нь “ЧЛД групп” ХХК байтал Э.З-гийн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд халдаж Х банк дахь ККК тоот дансыг хааж 1,986,473 төгрөгийг татан авсан, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, данснуудыг нээлгэх үндэстэй” гэж тодорхойлсон байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй. ... холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоох шаардлагатай тул холбогдох баримтыг тогтоосон хугацаанд ирүүлэхийг 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.З-д мэдэгдэх талаарх 2020 оны 151/01 тоот мэдэгдлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.” гэж тайлбар ирүүлсэн.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭБСЭЖЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үеэс хойш төлбөрийг төлөөгүйгээс төлбөр авагч санхүүгийн хүндрэлд орсон. Э.З нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд шийдвэр гаргаж санхүүг нь захиран зарцуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заасныг үндэслэн хувьцаа эзэмшигчийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн нь үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

10. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасны дагуу ажиллагаа хийхэд төлбөр төлөгч “ЧЛД групп” ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, газрын мэдээллийн санд өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар бүртгэлгүй, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгөгүй нь тогтоогдсон. ... Э.З нь “ЧЛД групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ... түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан болохыг баримтаар нотлоогүй, өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй.” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх гомдол гаргах хугацааны тухай 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасныг баримталсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэжээ.

12. Зохигч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 181/ШШ2021/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1548 дугаар магадлалаар хариуцагч “ЧЛД групп” ХХК-иас 345,470,316 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,885,302 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч “ЭБСЭЖЭ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болон уг шийдвэрт 2020.09.14-ний өдөр 00814 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.10.21-ний өдрийн 20281020 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан үйл баримтын тухайд маргаагүй. Түүнчлэн төлбөр төлөгч “ЧЛД групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь тус хэргийн нэхэмжлэгч Э.З болох үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэн хүрээ, нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон үйл баримтад үндэслэн холбогдох хууль тогтоомжийг баримтлан шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар 2021.07.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2021.07.20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.07.20-ны өдрийн ... дугаартай  Иргэний хэрэг үүсгэх захирамжид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,986,473 төгрөг гаргуулах, данс битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг дурдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хэргийг 2022.12.26-ны хянан шийдвэрлэсэн. Зохигчийн тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах буюу данс битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, хувийн данснаас татан авсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах агуулгаар тодорхойлон мэтгэлцсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан нэхэмжлэлийн шаардлага гэх нэхэмжлэгч Э.Згийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч мэтгэлцээгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй, үйл баримтын талаар хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.   

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” гэж дурдсаныг нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус, харин Э.Згийн хувийн дансыг битүүмжилсэн, данснаас 1,986,473 төгрөг татан авсан гэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж ойлгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдан тайлбарлаагүйн улмаас хоёр шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, зохих нотлох баримт бүрдээгүй байх тул зорчих эрхийг хязгаарласан эсэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухайд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

14. Хоёр шатны шүүх “ЧЛД групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Згийн хувийн өмч хөрөнгөөс компанийн хөрөнгө зааглагдаагүй гэж үзэн түүний Х банк дахь хувийн данснаас  1,986,473 төгрөгийг татан авч “ЧЛД групп” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсныг хууль ёсны гэж үзэн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь холбогдох хуульд нийцсэнгүй.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэх заалт нь компани буюу гишүүд нь хязгаарлагдмал хариуцлага хүлээх хувийн эрх зүйн хуулийн этгээд гишүүдээсээ бие даан хийсвэр оршиж эрх зүйн субьект болох үндсэн мөн чанараас гажих онцгой тохиолдол бөгөөд хуулийн этгээдийн гишүүний хязгаарлагдмал хариуцлагыг эвдэн гишүүний хувийн өмчид халдах үндэслэл болсон зохицуулалт байдаг.

Тус зохицуулалт нь компани гэх хуулийн этгээдийн үндсэн мөн чанарыг өөрчлөн, хувь хүн өөрөө, эсхүл хуулийн этгээд байгуулан аж ахуй эрхлэх ялгаа заагийг үгүйсгэх хууль зүйн онцгой үр дагавартай тул хувьцаа эзэмшигч гишүүний хариуцлагын хүрээг тэлэх хангалттай үндэслэл бүрдсэн байвал зохино. Өөрөөр хэлбэл, гишүүний хувийн өмчид халдаж, компанийн хариуцлагыг хувийн өмчөөрөө хүлээх урьдчилсан нөхцөлийг компани хөрөнгөтэй эсэх лавлагааг бусад этгээдээс гаргуулах, шийдвэр гүйцэтгэлийн шатанд хувьцаа эзэмшигч дангаараа нотолгооны үүрэг хүлээлгэх төдийгөөр хангагдсан гэж тайлбарлах боломжгүй.

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байна. Шийдвэр гүйцэтгэгч дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийн өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглах, хуулийн этгээдийн санхүү, тайлан бүртгэл зэрэг тодорхой баримтаар хуулийн этгээд ба хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө зааглагдаагүй нь бүрэн дүүрэн нотлогдсон байх учиртайг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааны талаар хуульчилсан байх ба шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг олж тогтоох талаар нотолгооны үүргийг дан ганц төлбөр төлөгчид даатган, ийнхүү нотлоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хувийн өмчөөс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэх нь зохимжгүй. Шийдвэр гүйцэтгэгч энэ тухай дүгнэлт өгөхөөс өмнө эдгээр болон бусад ажиллагааг өөрийн санаачилгаараа авч хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч санаачилгатай, идэвхтэй хандах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна.

Энэ үндэслэлээр “ЧЛД групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөд халдаж, нэхэмжлэгч Э.Згийн хувийн данснаас 1,986,473 төгрөг гаргуулсан Э.Згийн хувийн дансыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасантай нийцнэ.

16. Нэхэмжлэгч Э.З түүний хувийн данснаас суутган авсан 1,986,473 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон боловч ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг хяналтын шатны шүүхээс тодруулах нь зүйтэй. Хэдийгээр Э.З-гийн хувийн данснаас 1,986,473 төгрөгийг гаргуулж төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Энэ мөнгөн дүнг НШШГГ хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэгч Э.З нь холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг үндэслэн зохих этгээдээс мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх нээлттэй байна. Энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,986,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээв.

17. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баттогтохын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00708 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг,

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг баримтлан Э.З-гийн Х банк дахь ККК дугаар данснаас 1,986,473 төгрөгийг татан авсан, холбогдох банк дахь Э.З-гийн хувийн эзэмшлийн харилцах дансыг битүүмжлэн, зарлагын хөдөлгөөнийг хаасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.З-гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,986,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч “ЧЛД групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын улмын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Зд олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан Э.З нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД