Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00708

 

 

 

Ч ХХК, З.О-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00062 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч ХХК, З.О- нарын хариуцагч ИШ газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, ХААН банк ХХК дахь Э.Золзаяагийн эзэмшлийн 5024156433 тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1548 дугаар магадлалыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, гүйцэтгэх хуудсаар Чингис девеломент групп ХХК-аас 345,470,316 төгрөгийг гаргуулж Эй Би Си Эм Жи Эл ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь Чингис девеломент групп ХХК байтал Э.Золзаяагийн хуулиар олгогдсон өмчлөх, эзэмших эрхэд халдаж ХААН банк ХХК дахь 5024156433 тоот дансыг хааж 1,986,473 төгрөгийг авсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, ХААН банк ХХК дахь 5024156433 тоот данснаас авсан 1,986,473 төгрөгийг буцаан олгож, тус данснуудыг нээж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрээр Чингис девелопмент групп ХХК-аас 347,355,618 төгрөгийг гаргуулж Эй Би Си Эм Жи Эл ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй, холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоох шаардлагатай тул холбогдох баримтыг тогтоосон хугацаанд ирүүлэхийг 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Золзаяад мэдэгдэх талаарх 2020 оны 151/01 тоот мэдэгдлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үеэс хойш төлбөрийг төлөөгүйгээс төлбөр авагч санхүүгийн хүнд байдалд орсон. Э.Золзаяа нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд шийдвэр гаргаж санхүүг нь захиран зарцуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заасныг үндэслэн хувьцаа эзэмшигчийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.Золзаяагийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансуудыг нээлгэхийг хүссэн Э.Золзаяа болон Чингис лэнд девелопмент групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч Эй Би Си Эм Жи Эл ХХК, төлбөр төлөгч Чингис лэнд девелопмент групп ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/04803 дугаар захирамжийг хүчингүй болгож,

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 116,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Ч ХХК, З.О- нарын ИШ газарт холбогдуулан гаргасан хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, ХААН банк ХХК дахь Э.Золзаяагийн 5024156433 тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг гаргуулах, данс нээлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч тухайн маргаантай харилцааг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч Ч ХХК, З.О- хариуцагч ИШ газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, ХААН банк ХХК дахь Э.Золзаяагийн эзэмшлийн 5024156433 тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрээр Чингис лэнд девелопмент групп ХХК-аас 345,470,316 төгрөг гаргуулж Эй Би Си Эм Жи Эл ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. (хх-ийн 27-33)

 

Төлбөр төлөгч Чингис лэнд девелопмент групп ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өдрийн 181/ШЗ2020/011741 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00814 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн ИШ газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. (хх-ийн 25, 26,34)

 

1.2. ИШ газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20281020/151-43 дугаар төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор Чингис лэнд девелопмент групп ХХК-ийн эзэмшиж байгаа дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл болох 345,470,316 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,885,302 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 700,000 төгрөг, нийт 348,055,618 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасан боловч тус компанийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоогдоогүй байна. (хх-ийн 40-43)

 

Иймд ИШ газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151-01 дугаар мэдэгдлээр Чингис лэнд девелопмент групп ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяад тус компанийн татварын болон санхүүгийн тайлан, арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг компанийн эд хөрөнгөөс тодорхой заагаагүй гэж хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр төлбөрийг барагдуулах мэдэгджээ. (хх-ийн 49) Мөн Э.Золзаяа төлбөр төлөгч Чингис лэнд девелопмент групп ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.

 

Тиймээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр газар ХААН банк ХХК дахь Э.Золзаяагийн эзэмшлийн 5024156433 тоот данснаас 1,986,473 төгрөгийг татан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тул нэхэмжлэгч Э.Золзаяа нь Чингис лэнд девелопмент групп ХХК-д оруулсан хөрөнгө компанийн хөрөнгөөс ялган зааглагдсан гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч ХХК, З.О- нарын хариуцагч ИШ газарт холбогдуулан гаргасан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, ХААН банк ХХК дахь Э.Золзаяагийн эзэмшлийн 5024156433 тоот данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж холбогдох банкны харилцах дансыг нээлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж төлбөр төлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг зохицуулсан мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасныг баримталсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Cүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь заасныг баримтлан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.Золзаяагийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансыг нээлгэхийг хүссэн Э.Золзаяа болон Чингис лэнд девелопмент групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ