Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2023/00062

 

 

 

 

 

2022 12 26

181/ШШ2023/00062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.З,

Нэхэмжлэгч: Ч ХХК  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.З гийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансуудыг нээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.З болон Ч ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.З гийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансуудыг нээлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1548 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/Ш32020/11741 дүгээр шүүгчийн захирамж, мөн өдрийн 00814 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Чингис девеломент групп ХХК-иас 345,470,316 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална, мөн хуулийн 20 дугаар зүйлд гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага гээд, ... 20.1.4-т төлбөр авагч-хуулийн этгээд, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, оршин байгаа хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон ажпын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, регистрийн дугаар, ... 20.1.9-т гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэр, магадлал, гүйцэтгэх хуудсаар Чингис девеломент групп ХХК-иас 345,470,316 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгох тухай тодорхой заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт ..., шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээдээс шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг гаргуулж, хэрэв төлбөр төлөгч данстай бол дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүргүүлнэ., 50.5 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт заасан шаардлагыг биелүүлэхэд хүрэлцэхээргүй бол банк, эрх бүхий хуулийн этгээд төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжилж, шийдвэрийг хүчингүй болгох хүртэл битүүмжилсэн дансны орлогыг гүйцэтгэх баримт бичигт заасан дүнгийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үргэлжлүүлэн биелүүлнэ. гэж тус тус заасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1548 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/Ш32020/11741 дүгээр шүүгчийн захирамж, мөн өдрийн 00814 дүгээр гүйцэтгэх хуудсаар тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч төлбөр төлөгч нь хуулийн этгээд буюу Чингис девеломент групп ХХК байтал 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч а/а Т.Баттүшиг нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж иргэн Э.З гийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон өмчлөх, эзэмших эрхэд хууль бусаар халдаж түүний эзэмшлийн Хаан банкны 5024156433 дугаар дансыг хааж, 1,986,473 төгрөгийг хууль бусаар авсан байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Баттүшигийн хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, иргэн Э.З гийн зөрчигдсөн эрхийг сэргээж, 5024156433 дугаар данснаас авсан 1,986,473 төгрөгийг буцаан олгож, холбогдох банкны харилцах данснуудыг нээж өгч шийдвэрлэж өгнө үү. гэв.

1.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрээр Ч ХХК-иас 347,355,618 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч хуулийн этгээдийн зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй, холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй.

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-т эрх үүрэг болон хувийн хэргийг танилцуулж, 2020 оны 151/01 тоот мэдэгдэл гардуулж уг мэдэгдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байгаа тул холбогдох баримтыг тогтоосон хугацаанд ирүүлэх талаар 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.З гийн нэр дээр мэдэгдэл гардуулсан боловч хариу ирүүлээгүй.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ., Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна. гэж тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмчимэг нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Сүхбаатар дуургийн Иргэний хэргнйн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрээр "Ч ХХК-иас 345,470,316 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,885,302 төгрөгийн хамт гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болсон байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үеэс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөрийг бид авч чадаагүй бөгөөд тус компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж чадахгүй, өдийг хүрсэн бөгөөд улмаар санхүүгийн чадваргүй хүнд байдалд байгаа билээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж үзэж байгаа бөгөөд тус компанийн захирал Э.З нь бидэнтэй бүхий л харилцаанд бие даан шийдвэр гаргаж, санхүүгийн захиран зарцуулалтыг компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хариуцаж 100 хувь хувьцаа эзэмшиж байгаа тэрээр тус компанийг төлөөлөх бүрэн чадамжтай болох нь лавлагаа бүхий бусад бичиг баримтаар нотлогдсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 4/24 дүгээр тогтоолыг хангаж бидний хохирлыг барагдуулах боломжийг хангаж өгнө үү. гэв.

4.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ201/8552 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хувилсан хувь/, Хаан банк дахь Э.З гийн эзэмшлийн 5024156433 дугаар төгрөгийн дансны хуулга /англи хэл дээрх хувилсан хувь/, Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.З гийн иргэний үнэмлэх /хувилсан хувь/, Шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Э.З д ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04/1482 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан бичиг /хх 6-16/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4.2. Хариуцагчаас нотлох баримтаар: Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн 20281020 дугаартай материалаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/11741 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00814 дүгээр гүйцэтгэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1548 дугаар магадлал, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20281020 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, иргэний болон хуулийн этгээдийн лавлагаа мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэлүүд, 2020 оны 10 дугаар сарын 30, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлан дуудах, шүүхийн шийдвэр биелүүлэх, баримт бичиг гаргуулах тухай мэдэгдлүүд, 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 20281020/151-43 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Нийслэлийн дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадууд болон арилжааны банкуудаас ирүүлсэн лавлагаанууд, төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 24-65/ зэргийг хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн.

 

4.3. Гуравдагч этгээдээс нотлох баримтаар: Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 90/-г шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч Э.З болон Ч ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.З гийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансуудыг нээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд гуравдагч этгээд Э ХХК нь хариуцагчийн татгалзлыг дэмжсэн байна.

Үүнээс үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ. 

6. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1548 дугаар магадлалаар хариуцагч Ч ХХК-иас 345,470,316 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,885,302 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 00814 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20281020 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна.

7.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151-01 дүгээр мэдэгдлээр Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Ч ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоогдоогүй үндэслэлээр хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр төлбөр барагдуулахыг мэдэгдснийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр хүлээн авчээ.

7.3. Улмаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн арилжааны банкууд дахь дансыг битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Э.З гийн Хаан банк дахь 5024156433 дугаарын данснаас 1,986,473 төгрөгийг төлбөрт суутгасан байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. гэжээ.

           9. Шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай холбогдох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Ч ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, газрын мэдээллийн санд өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар бүртгэлгүй, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгөгүй зэрэг нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, газар зохион байгуулалтын албадууд, арилжааны банкуудаас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдсон байна.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төрбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ. гэж заасан.

11. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Ч ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон үйл баримтыг үгүйсгээгүй болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 онд үүссэн боловч энэ хугацаанд шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх ажиллагаа хийгдээгүй, төлбөр төлөгчийн эд хөрөнгөтэй болох нь тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Ч ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоогдоогүй үндэслэлээр үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгч Э.З д төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлж, данс битүүмжлэх ажиллагааг явуулжээ.

12. Нөгөөтээгүүр, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн хувьцаа эзэмшигчийн хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулсан байдаг бөгөөд хуулийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ., хуулийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. гэжээ.

Төлбөр төлөгч Ч ХХК нь 2010 онд байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Э.З бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллээр тогтоогдож байна.

            13. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч Э.З д төлбөр төлөгч Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоохоор холбогдох баримтуудыг шаардаж байсан боловч эдгээр баримтыг ирүүлэх ажиллагаа хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.З нь төлбөр төлөгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч боловч түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан болохыг баримтаар нотлоогүй, өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй.

14. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн төлбөр төлөгч Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч этгээд болох нэхэмжлэгч Э.З гийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх ажиллагаа хийж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрт гаргуулан авсан нь хууль зөрчөөгүй, тухайн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

  15. Иймд нэхэмжлэгч Э.З болон Ч ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.З гийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансуудыг нээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 116,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, Э.З гийн Хаан банк дахь 5024156433 дугаар данснаас татан авсан 1,986,473 төгрөгийг буцаан гаргуулж, холбогдох банкны харилцах дансуудыг нээлгэхийг хүссэн Э.З болон Ч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч Э ХХК, төлбөр төлөгч Ч ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 11ий өдрийн 181/ШЗ2022/04803 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 116,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН