Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01074

 

 

2021 оны 05 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2021/01074 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бүгд .................. давхарт оршин суух, Франц улсын иргэн Д ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1............ тоот хаягт оршин суух, Б овогт С-ийн М /РД:........./-д холбогдох,

 

2013 оны 07 сарын 10-ны өдрийн .......... дугаар худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан Хан-Уул дүүрэг,..... тоот орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл хариуцагч С.М-ыг тус байрнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 405 596 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ........... тоот 179 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцыг 322 200 ам.доллараар худалдан борлуулахаар С.М-тай харилцан тохиролцож, .......... тоот худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд байрны төлбөрийг 100 хувь төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхэлнэ гэж заасны дагуу С.М орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг ашиглах эрх үүсэх байсан боловч, хариуцагч байрны мөнгөө удахгүй өгнө байрандаа орж байя хэмээн удаа дараа гуйсан тул итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй, гэрээ болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл Хан-Уул дүүргийн ..............тоот орон сууцнаас хариуцагчийг албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хан-Уул дүүргийн .............. тоот 179 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний бие Хан-Уул дүүргийн .................тоот 179 м.кв талбай орон сууцыг худалдан авч, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Нэгэнт нэхэмжлэгч нь байрнаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа, уг байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь байр мөөгөнцөртэй, хариуцах эзэнгүйн улмаас доголдлыг арилгуулах боломжгүй зэрэг шалтгаантай байсан. Одоо ч энэ шалтгаан арилаагүй байгаа тул миний бие дээрх гэрээнээс татгалзаж, байранд ороход төлсөн 166 160 ам.долларын сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 441 төгрөгөөр тооцож нийт 405 596 560 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ..С.М  нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234 000 ам.доллар нэхэмжилснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/........ дугаар шийдвэрээр С.М-аас 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөгийг гаргуулан Д  олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүх өөрчлөлт оруулан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2017/........... дугаар тогтоолоор 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч мөн л хариуцагч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байсан учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл тус байраас албадан гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч худалдан авсан байрныхаа үнийг бүрэн төлж дуусгаагүй байж нэхэмжлэгчээс 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/......... дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч С.М-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ...................... орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл тус орон сууцнаас албадан гаргуулах, хариуцагч С.М нь орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, түүний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт "Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй" гэж заасны дагуу худалдагчийн саатуулах эрхийн хүрээнд шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 07 сарын 10-ны өдрийн 2012/09/46Б-1 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Д нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ............................ 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 322 000 ам.доллароор худалдахаар тохиролцож, хариуцагч С.Мөнхзул орон сууцны төлбөрт 166 160 ам.доллар төлсөн, нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр орон сууцыг 2013 оны 07 сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа, тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д  бүртгэлтэй байгаа үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч С.М-аас дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д  олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/.......... дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/.... дугаартай тогтоол тус тус хэрэгт авагдсан, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 25-33/

 

Нэхэмжлэгч ...шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хариуцагчийг орон сууцнаас түр албадан гаргуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэнэ... гэх тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах хүсэл зориг агуулаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой гэж үзэхээр байна.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь иргэн хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна нэгэнт зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээх зорилготой бөгөөд ийнхүү сэргээх аргуудыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт тодорхойлсны дотор мөн зүйлийн 9.4.10-т хуулиар тогтоосон бусад аргаар хамгаалж болохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болж буй Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан худалдагч худалдсан эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрх нь мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад аргад хамаарах тул тухайн зохицуулалтын хүрээгээр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл төсөөтэй хэрэглэх боломжгүй зохицуулалт юм.

 

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй гэж заасан ба худалдагч энэхүү эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь худалдан авагчийн эд хөрөнгө худалдагчийн эзэмшилд байх, саатуулан барих зүйл нь худалдсан эд хөрөнгө байх учиртай. Өөрөөр хэлбэл худалдагчийн саатуулах эрхийн дээрх зохицуулалт нь зөвхөн түүний мөнгөн төлбөрийн үүргийг хангуулах хүртэл эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх эрхийн зохицуулалт болно.

 

Иймд нэхэмжлэгч Д нь худалдагчийн саатуулах эрхийг үндэслэн хариуцагч буюу худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө болох орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгааг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс үүдсэн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэж, хариуцагч С.М-аас гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх сэргээгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй юм.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах зэргээр хуульд заасан журмыг баримтлах учиртай.

 

Хариуцагч С.М  маргааны зүйл болох орон сууц доголдолтой гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэх үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд тус шийдвэрээр хариуцагч С.М-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэж, гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг анзын хамт тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх-25-33/

 

Иймд шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар зохигч маргах эрхгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны гол үр дагавар юм.

 

Дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 185 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 258 дугаар зүйлийн 258.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д  Луис Роландын хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ............... орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл тус орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.М-ын орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгч Д-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 185 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ